• Өнөөдөр 2024-04-25

ДУУГ МЭДРЭМЖЭЭРЭЭ ЭСГЭЖ, ХООЛОЙГООРОО УРЛАДАГ С.СЭРЧМАА

2023-07-08,   2301

        Хамгийн сайхан хайрын дуунуудыг тэр мэдрэмжээрээ эсгэж, хоолойгоороо урладаг. Түүний эсгэж, урласан “Би явлаа”, “Эрх саран”, “Надад итгээч”, “Ангир ижий”, “Үүрд минийх гэж амлаач”, “Чиний бодолд би байгаасай”, “Сэтгэл буруугүй”, “Чамдаа зориулья”, Чи ойлго”, Шинэ жил ирлээ”, “Гэнэт ирсэн чи”, “Зүрхний эрэл”, “Сэтгэлийн драм”, “Хайрын цас минь”, “Бүхнийг чамдаа үлдээе” зэрэг дуу өнөөдөр ч хэн бүхний зүрх сэтгэлд эгшиглэж, нандин гэгээн цаг хугацааных нь гэрч болсоор байна.

           Хэн нэгэнд хэлж чадаагүй үгээ эл дуунуудаар төлөөлүүлэн хэлж, мэдрэмжээ илэрхийлж ч болох. Ерөөс тэр мэдрэмжээс мэдрэмжийн хооронд нүүж, бууж, айлсаж урлагт өөрийн өнгө төрхөөрөө алхаж яваа уран бүтээлч. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, поп дива С.Сэрчмаа ийм л дуучин. Адтай, сэргэлэн, авхаалжтай, цоглог, гал дөлтэй гээд олон сайхан шинж чанар бүрдсэн сайхан ч эмэгтэй. Мөнхүү өөрийнхөөрөө юунд баригддаггүй, зоргоороо нэгэн. Түүний ийм л зан чанар хүний сэтгэл зүрхэнд хүртэл дуулах өртөө болдог гэмээр.

Өөрийгөө бүрэн дүүрэн аялгуу эгшиг, үгийн утгад өгч, буй биеэрээ дуугаа мэдэрч, нарийн тансаг өнгөөр шаглаж дуулсаар хэн бүхний сэтгэлдээ үгүйлэн, нэхдэг уран бүтээлийн эзэн болж чадсан.

-ТЭР ХИЙЛ ХӨГЖМӨӨС ЭХЭЛСЭН-

       Зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага охин тэрбээр “Манай гэрт урлагийн хүн байхгүй юм чинь ааваа, би Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид шалгалт өгөөд үзье” гэснээр шалгалт өгч, тэнцэж байсан гэдэг. Аав нь ч мөнхүү их баярлаж, хоёул бөөн баяр болсоор цасан дээр халтиран гэртээ харьж байсан тухай яриа бий. Тэд ийн явахдаа Монголын урлагт цахиур хагалсан уянгын дуучин болох эхлэл байсныг аав, охин хоёр мэдээгүй л явсан аж. С.Сэрчмаа ингээд л хөгжмийнхөө хичээлийг бэлдэхийн сацуу дуулж, үеийнхээ охидуудтай хамтлаг байгуулж, дууны тэмцээн, уралдаанд орж явсаар цойлон гарч, өөрийнхөөрөө товойсон. Урт үстэй, том нүдтэй туранхай шар охин хамтлагт бүжиглэж, дуулж, бүр жүжиглэж эхэлсэн. Тухайн үед тэрбээр  “Sweet Emotion” хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа, Б.Ганболор нартай хамтран охидын  “Эмоушн” гэх хамтлагийг байгуулж, Монголын Залуучуудын Соёлын төв болон Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн дуулах вэ” тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж байжээ.

Ингээд хэсэгтээ хамтлагт байсан тэрбээр дангаар уран бүтээл хийхээр болж, Сити их сургуулийн эстрадын дууны ангид суралцаж төгсжээ. Тэгээд л уянгын хайрын дууг ар араас нь төрүүлж, ёстой чиг ид мандаж, ид гарч ирэх нь тэр. Анхны уран бүтээл нь нэгэн залууд зориулсан “Би явлаа” дуу нь.

“...Би явлаа, баяртай

Битгий намайг дуудаарай...” гэж шүлгийг нь бичээд, өөрөө дуулж, тэр үедээ л сонин содон, зоримог өнгө төрхийг илэрхийлж. Адтай хэрсүү, ааль ялдам, нарийн тансаг хоолойтой түүнийг хэдийнэ архаг хөгжмийн зохиолчид нь олж харж, “Энэ л С.Сэрчмаад тун зохицоно доо” гэж дуу өгч байсан нь онож, хит болсон. Үүний эхний эгнээнд орох бүтээл бол “Эрх саран”. Дүрс бичлэгийн хувьд  тэсрэлт болж, хит парадыг удаа дараа тэргүүлж, хүмүүс даган дуурайж, “амьсгалж” байж. Мөнхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа түүний талаар “Энэ нэрийг цээжилж яваарай. Эргээд та нар санах болно. Энэ их юм дуулгах хүүхэд шүү. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” гэж хэлсэн байдаг. Үнэхээр өөрийн гэсэн өнгө төрх үзэсгэлэн гоо, дуу хоолойны сайхнаар урлагт салхи татуулан орж ирж, өдгөө ч өөрийнхөөрөө салхилсаар байгаа уран бүтээлч бол тэр. Эрх сарангаар үргэлжилж, хөгжмийн зохиолчдын хамаг уянгын хайрын дууг хит болгож, бүр хүн бүрийн аманд аялагдаж, хаана ч явсан дуулах дуртай дуу нь болгон хоногшуулсан. Тэрбээр “Уран бүтээлээсээ би “Эрх саран” дуундаа хамгийн их хайртай. Намайг тамгалдаг уран бүтээлийн нэг яах аргагүй мөн” гэж ярьсан байдаг. Дуу хөгжимд дуртай, өөрийн сонирхолтой зүйлээ л хийж яваа жаахан охин гэнэт олны анхааралд орж, хүн бүр таньж байсан нь гэнэтийн байсан гэдэг. Мэдээж эхлэл амаргүй байсан ч хүсэл мөрөөдөлдөө тууштай байж, уран бүтээлийн тоглолтоо толилуулж, ид мандаж байв.

Тэгээд “Ганцхан чинийх”, “Sally-1”, “Sally-2”, “Хайраасаа асууя”, “Making me crazy” “Цагаан сүүний домог”, “ зэрэг цомгийг гаргасан.

-КИНОНД Ч ТОГЛООД АМЖСАН-

        Тэр мөн кинонд тоглосон. Учир нь С.Сэрчмааг хүмүүс дуугаар нь мэдэхээс дүрээр нь төдийлөн мэддэггүй. Мэдээж мэргэжлийн жүжигчин биш ч түүний дүр төрх, урлагийн хүний мэдрэмж, сэргэлэн цовоо байдал найруулагч нарын нүдэнд тусаж, цөөнгүй уран бүтээлд тоглосон. Түүнээс онцолж өгүүлбэл,  хайртай залуудаа үнэнч байгаа “Удам” киноны Цасчингийн дүрд тоглосон бол "Уучлаарай хайрт минь”, “Тэнгэрийн ивээл” гэх кинонууд ч бий. Тэр дундаа түүний дүр төрх зөөлөн дөлгөөн зан чанартай залуухан хатны дүрд яв цав нийцсэн байдаг. Энэ тухай тэрбээр “Залуухан байхдаа кинонд тоглосон минь оносон гэж боддог. “Удам” кино бол юу ч мэдэхгүй хотын охин Сэрчмааг монгол соёл, ахуйтай их ойртуулж, таниулж өгсөн. Үнээ сааж, морь унасан гээд хөдөөний ахуй соёлыг өөрийн биеэр мэдэрсэн” гэсэн байдаг. Нэг ёсондоо хотын ганган, хээнцэр охин эл кинонд тоглосноор олон зүйлийг мэдэж, туршлагажиж.

-ЖҮЖГИЙН ДУУГ “АМИЛУУЛАГЧ-

"Гадаа байгаль дэлхий амь орж байна

Гартаа хуучин цүнхтэйгээ

Хамгийн сүүлчийн удаа би

Дасал болсон сургууль руугаа алхаж байна

Харин замыг хамгийн анхны бороо угааж байна..."гэх “Нууц амраг чинь больё” жүжгийн дуу байна. Хачин торгон мэдрэмжээр, сайхан ч дуулсан. Нэг тийм гэгэлзэн догдолж, хайрлан уярч, мөнхүү бүхнийг орхимоор болтол дуулна. Дууны утга агуулга, өнгө аязыг бүрэн мэдрэх нь сонсож буй хэнд ч илхэн. Нэг хэсэг жүжгийн дууг бол амилуулж, амьдруулж, жүжгээсээ илүү бараг түүний дуулсан уран бүтээл илүүтэй хүмүүст хүрч, тэр үеийн жүжгийг дуугаар нь мэдэх нь олон. Тэр жүжгийн дууг сэтгэл сэмэртэл, өмөртөл, бүр санаа алдтал, хөндүүрлэж, шаналтал дуулна. Үгүйлэн санаж, хайрлан энэртэл дуулна. Уран бүтээлийнх нь гол цөм аялгууны нэг нь жүжгийн дуу.

Өөрөө ч мөн хамаг сэтгэл зүрхээ сэмэртэл мэдэрч дуулсан нь  ч лавтай.

-АРВАНХОЁРДУГААР САРЫГ ТҮҮНИЙ “ШИНЭ ЖИЛ ИРЛЭЭ” ДУУГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХ АРГАГҮЙ

     Түүний шинэ жилийн дуугүйгээр арванхоёрдугаар сарыг төсөөлөх аргагүй. "Шинэ жилийн үдэш ширхэг цасан хаялаад..." гээд шинэ амьдрал, шинэ бүхний эхлэлийг дуулна. Б.Сэрчмаа энэ дуугаа дуулаад эхлэхэд хэдийнэ шинэ оны уур амьсгал орж, цаанаасаа нэг догдолдог сон. Өдгөө ч он гарахад цөөн хэд хоног үлдсэн эл өдрүүдэд түүний шинэ жилийн дуу хамгийн түрүүнд санаанд бууж байна. Тэгэхээр шинэ жилийн хамгийн сайхан дурсамж түүний дуу хоолойтой хамт эгшиглэж, тэр өөрөө үзэгч, сонсогчийнхоо өмнө үргэлжийн шинэ, содон байж чаддаг уран бүтээлч. 


ДУУГ МЭДРЭМЖЭЭРЭЭ ЭСГЭЖ, ХООЛОЙГООРОО УРЛАДАГ С.СЭРЧМАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-09 19:48:44
    zochin: ene yashka bugsuuruu ulaan tugiin odon avsan l da uur yu hiisen buteesen gej enuund uguh uu dee haltar peezduu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-09 06:42:14
    zochin: сайхан бүсгүйдээ урлагийн охин тэнгэр үргэлж ивээх болтугай гэж ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 16:23:46
    hun : Олон жио найзалж амьдарч бсан залуугийнхаа байрыг өөрийн нэр дээрболгоод салдаг адтай бүсгүй хүүхэдтэй болох бэлтгэл хийж бна гэж молиго үмхүүлээд шүү тэгээд өвөр монголбаяныг сонгосон чин өнөөх нь өмнөх паянгий нь сонсоод урвасан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 14:45:23
    zochin: Denduu tsarailag denduu xuurxun denduu goe busgui shuu Uralgiin tenger iveex boltugai Olon saixan duugaaraa ard tumniixee sonoriig myalaaj yavaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 12:19:13
    Zochin: Bayr hvrgej,az jargal sain saihan bvhnig hvsii!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-07 21:19:44
    Orgilmaa: Serchmaag l harj humuujij hubtsaslaj duulj biye abch yabah soyold sursan bdiim bidnii ueiin ohiduud. Bayar hurgey.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188