УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын шадар туслах учир битүүлгээр амиа алдаж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ухуулагч амиа егүүтгэв. Харамсалтай нь, Д.Өнөрболор, Ч.Ундрам хоёрын хэн хэн нь түмний өмнө толгой бөхийх байтугай, ёсыг бодож ар гэрт нь эмгэнэл илэрхийлж ч харагдсангүй. Уг нь 2020 онд Д.Өнөрболор, Ч.Ундрам хоёрын хэн хэн нь аав, ээжийгээ магтан дуулж, хүний сайн хань, хүүхдийн сайн ээж, тиймдээ ч түмний зовлонг өөрийн мэт ойлгох өр нимгэн сэтгэлтэй эмэгтэйчүүд гэж өөрсдийгөө сурталдан Сэлэнгийн сонгогчдын саналыг халааслан сонгогдож байлаа. Атал өөрсдийг нь дахин сонгуулахын төлөө өдөр, шөнийг алгасалгүй зүтгэж асан шадар туслах, ухуулагч хоёрынх нь амь нас, ар гэрийнхнийх нь өнчрөл хагацал өнөөх өр нимгэн сэтгэлийг нь хөдөлгөсөнгүй.
Асуудлын гол нь, Д.Өнөрболор, Ч.Ундрам хоёр шадар туслах, ухуулагч хоёрынхоо амиа алдсан хэргийг анхаарлын сэдэв болгож дэвэргэхгүйгээр дарж байгаад сэмхэн сонгогдох санаа агуулж буй бололтой юм. Өөрөөр бол, амь золиод ч хамаагүй ахиад сонгогдох асар их шунал хүсэл тэдэнд байна гэсэн үг.
Тэгвэл өнгөрсөн дөрвөн жил Сэлэнгэчүүдийг биш, Солонгосчуудыг “төлөөлсөн” Д.Өнөрболор, хөгжлийн асуудал ярьж биш, “хөнжил”-ийн асуудалд яригдаж танигдсан Ч.Ундрам хоёрын дахиад сонгогдох гэсэн шуналын цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ.
Д.ӨНӨРБОЛОР “ГАЗРЫН ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭС ЯЛ ЗЭМГҮЙ ГЭТЛЭХ, ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗҮҮДЭЭ АШИГЛАЛТЫН БОЛГОЖ АВАХ, ТӨР ХУРАХЫН АМЫГ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОНООР ДҮҮРГЭХ АШИГ СОНИРХОЛ ТЭЭЖ, ДАХИН СОНГОГДОХООР УЛАЙРЧ БАЙНА УУ
ИРЭХ НАМАР ОЛОН ХҮНИЙ ДЭЭЛИЙГ НӨМӨРГӨЖ МЭДЭХ "ГАЗРЫН ХУЛГАЙ"-Н СОНСГОЛООС ЯЛГҮЙ МУЛТРАХ ГАНЦ ГАРЦ НЬ ДАХИАД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ
Хатуухан хэлэхэд, УИХ бол “хэрэгтэн”-үүдийн хувьд хамгийн аюулгүй, бас хамгийн тухай хорогдох цайз. Авлига, албан тушаалын, басхүү хулгай, зэлгийний хэрэгтэй олон хүн УИХ хэмээх хана хэрмээр хамгаалуулж суугааг бид мэднэ.
УИХ-д суугаа “хэрэгтэн”-үүдийн эхний ээлжнийхэн “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголоор илчлэгдсэн. Дараагийн ээлжнийхэн нь “газрын хулгай”-н нээлттэй сонсголоор илчлэгдэх байсан ч газраар хөлжсөн АН, МАН-ын “акул”-уудын “лобби”-гоор гацаж, сонгуультай золгоод буй. Гэхдээ энэ сонгуулиар аль нам олонх болохоос үл хамааран УИХ-аас “газрын хулгай”-н нээлттэй сонсголыг намартаа багтаан зохион байгуулж таарна. Олон нийт ч шинэ УИХ-аас хамгийн түрүүнд тэрийг л шаардана. Тэгээд ч хууль хяналтынхан 1999 оноос хойших үе үеийн хотын дарга нарын гарын үсэгтэй “газрын хулгай”-н боть зузаан баримтуудыг хянаж нягтлаад, хэн хэнийг хэрэгтнээр татахаа “товлочихсон” гэх.
“Газрын хулгай”-н нээлттэй сонсголд “газрын хулгайн эцэг” гэгдэж “хүндлэгддэг” М.Энхболд, түүний зуучлагч “Мон-Уран”-ы Б.Наранхүү хоёртой хөтлөлцөөд дуудагдах хүн бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор. Нэгдүгээрт, хотын “А” зэрэглэлийн бүсийн газруудыг М.Энхболдоос Б.Наранхүүгээр зуучлуулж авсан, хоёрдугаарт, Богдхан уулын Зайсагийн амыг “отог” нэртэй тансаг зэрэглэлийн хотхон хорооллоор дүүргэсэн. Тэгэхээр яалт ч үгүй гэсэн үг л дээ.
Баримт сөхвөл, Хотын дарга М.Энхболд 2001 оны гуравдугаар сарын 1-нд 36 тоот захирамжаар өөрийн жолооч явсан Б.Наранхүүгийнхээ “Мон-Уран” ХХК-д БЗД-ийн I хороо буюу Сансарын “Чингис хаан” зочид буудлын ард 2.1 га газар олгосон байдаг. Харин Б.Наранхүү энэхүү 2.1 га газрынхаа 1.0 га-г нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” ХХК-д шилжүүлсэн. Улмаар Д.Өнөрболор 1.0 га газар дээрээ тансаг зэрэглэлийн “Рояал кастле” хотхон, “Сөүл” оффис хоёрыг барьснаар барилгын бизнесээ эхлүүлж, дараа нь Зайсангийн амыг тансаг зэрэглэлийн хотхонуудаар дүүргэж, хөлжсөн түүхтэй.
Бас нэгэн жишээ, СБД-ийн I хороо, Хүүхдийн паркийн хашаан дотор хувь хүний хоёр хашаа байдгийн нэг нь “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийнх, нөгөө нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорынх. Саяхан Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын Хүүхдийн паркийн хашаан доторх “Сөүл” рестораны 2225м2 газрыг автомашины зогсоол болгох гээд хүчрээгүй. Д.Өнөрболорын “Сөүл” ХХК-ийнхан Х.Нямбаатартай зарлагдан хэвлэлийн хурал хийж, “сошиал бослого” гаргаснаар энэ асуудал түрдээ намжаа буй. Ноцтой нь, Б.Наранхүү, Д.Өнөрболор хоёрын Хүүхдийн паркийн хашаан доторх хашааны гарал үүслийг хөөвөл өнөөх л М.Энхболд дээр хөтөлж очно. Энэ бүхнийх нь хариуд Д.Өнөрболор М.Энхболдыг Хотын даргаас буусных нь дараа жил буюу 2005 онд Солонгосоор зугаалуулж, тэр байтугай М.Энхболдыг Сөүл хотын Хүндэт иргэн болгож байлаа.
М.Энхболд, Д.Өнөрболор хоёрын “газрын хулгай”-н хоршил сүүлдээ улс төрд өрнөсөн. Эргэн санавал, 2016 онд МАН олонх болж, МАН-ын дарга М.Энхболд өөрийн “цэрэг” Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгож, улмаар Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Өнөрболорыг дэвшүүлж байв. Гэвч АТГ-аас Д.Өнөрболорыг ашиг сонирхлын зөрчилтэй гээд буцааж байлаа. Улмаар 2020 онд Д.Өнөрболор УИХ-ын гишүүн болсноор төрд орох хүслээ гүйцээсэн түүхтэй.
Нэгэнт М.Энхболд төрийн тайзнаас буучихсан учраас УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дахин сонгогдож байж “газрын хулгай”-н нээлттэй сонсгол мэтээс өөрөө өөрийгөө хамгаалах боломжтой болно. Товчхондоо, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дахин сонгогдохоор улайрч буйн цаадах эхний ашиг сонирхол бол энэ.
УУЛ УУРХАЙН "ШИНЭХЭН" БИЗНЕСЭЭ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХОД ТҮҮНД МӨНГӨ, БАС УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ МЭДЭЛ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын нөхөр Д.Ганбаяр нь “Зэндмэнэхурх” ХХК-ийг эзэмшдэг. “Зэндмэнэхурх” ХХК нь БЗД-ийн XI хороо, Богдхан уулын Төр хурахын аманд 10.9 га газар эзэмшдэг. “Зэндмэнэхурх” ХХК-ийг анх Ж.Гантөмөр гэгч иргэн байгуулж, эзэмшиж байсан. Гэвч Ж.Гантөмөр нас барж, “Зэндмэнэхурх” ХХК нь Төр хурахын амны 10.9 га газартайгаа хамт хуулийн дагуу эхнэр, хүүхдүүдэд нь өвлөгдөх ёстой байсан ч хууль хяналтынхны оролцоотойгоор төрсөн дүү Ж.Алтанцэцэг нь өөрийн болгож авсан гэдэг. Ингээд Ж.Алтанцэцэг “Зэндмэнэхурх” ХХК-ийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорт өгсөн мэдээлэл бий. Лавлавал, Ж.Алтанцэцэг гэгч нь ЦЕГ-ын дарга асан, Хойд солонгост Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан М.Ганболдын эхнэр гэх. Илүү ноцтой нь, М.Ганболд нь УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, түүний хүү Н.Эрдэнэтэй “Нью даун таун” ХХК-ийг эзэмшиж байсан. Одоо М.Ганболд, Б.Наранхүү хоёр “Дорнын говийн уран” ХХК-ийг эзэмшдэг. Ингэж харвал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Төр хурахын аманд 10.9 га газартай “Зэндмэнэхурх” ХХК-ийг өнөөх л “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн оролцоотойгоор өөрийн болгосон байж болзошгүй дүр зураг харагдаж буй юм. Мөн М.Ганболд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байхдаа Д.Өнөрболорын барьсан “Рояал кастле” хотхонд амьдардаг байсан гэх мэдээлэл ч бий.
Гол нь, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Төр хурахын амны 10.9 га газар дээрээ гэр амралтын бааз барих нь бараг л ойлгомжтой. Зайсангийн амыг “отог” нэртэй хотхонуудаар дүүргэсэн арвин туршлага түүнд бий. Тэгэхээр Төр хурахын амыг хотхоноор дүүргэж болзошгүй гэсэн үг. Тэгэхийн тулд түүнд УИХ-ын гишүүний эрх мэдэл, нэр нөлөө хэрэгтэй болж таарна.
Энэ бол УИХ-ын гишүүн болон дараагийн ашиг сонирхол гэж хардаж байна.
ЗАЙСАНГИЙН ТУРШЛАГАА ТӨР ХУРАХЫН АМАНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТҮҮНД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ МЭДЭЛ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор сүүлийн жилүүдэд уул уурхай сонирхох болсон. Зайсангийн амыг тансаг зэрэглэлийн хотхонуудаар дүүргэж, хангалттай мөнгө хураасан болохоор арга ч үгүй байх л даа. Нөгөөтээгүүр, Д.Өнөрболорын “Сөүл” ХХК-ийн Солонгос дахь толгой компани болох “Seoul group”-ийн албан ёсны веб сайтад ч “Монгол дахь барилгын бизнесээ уул уурхайгаар өргөжүүлж байгаа” тухай дурджээ.
Судалж үзвэл, УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын Зайсангийн аманд барьсан хотхонуудын борлуулалтыг “Кито проперти менежмент” ХХК хариуцаж ирсэн. Харин “Кито проперти менежмент” ХХК-ийг Д.Өнөрболорын төрсөн дүү Д.Өнөржаргал эзэмшиж, удирддаг. Тэгвэл Д.Өнөрболорын төрсөн дүү Д.Өнөржаргал нь “Жаско” ХХК-ийг эзэмшдэг. “Жаско” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт XV-019505 дугаартай, 326.66 га талбайтай “Модот” хайгуулын лиценз, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт XV-015079 дугаартай, 1081.89 га талбайтай “Дэрст хотгор” хайгуулын лицензийг тус тус эзэмшдэг.
Мөн Д.Өнөрболорын төрсөн дүү д.Өнөржаргал нь “Эмералд-Экспедишн” ХХК гэх уул уурхайн компанитай. “Эмералд-экспедишн” ХХК нь Ховд аймгийн Алтай суманд 1295.54 га талбайтай “Нарийн хар” хайгуулын лицензийг эзэмшиж байгаад 2021 онд Сингапурын “Kratos mining corporation” компанид шилжүүлжээ.
Энэ мэтээр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор барилга барьж хураасан мөнгөө уул уурхайд оруулж эхлээд буй. Гэхдээ одоогоор эзэмшиж буй уул уурхайн лицензүүд нь хайгуулынх. Хайгуулын лицензээ ашиглалтынх болгоход нөлөө, ашиглалтынх болгосныхоо дараа ухаж олборлоход дахиад нөлөө, нэмээд мөнгө хэрэгтэй.
Энэ бол түүний УИХ-ын гишүүнээр дахин сонгогдохоор улайрч буй дараагийн ашиг сонирхол гэж хардаж байна.
Ч.УНДРАМ ААВ Ч.ЧИНБАТЫНХАА “ЦАГААН ДЭЛ УУЛ” БООМТЫН 270 КМ НҮҮРСНИЙ ЗАМЫН “ЛОББИ”-Г ГҮЙЦЭЛДҮҮЛЭХИЙН ТУЛД ДАХИН СОНГОГДОХООР УЛАЙРЧ БАЙНА УУ
УИХ-ын гишүүн Ч.Ундрам аав Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Хүрэн шанд хэмээх нүүрсний аварга уурхайтай. Хүрэн шандын нүүрсний уурхайд 500 техник тогтмол ажиллаж, жилд 2.5-3 сая тонн нүүрс олборлож, урагш нь гаргадаг. Тэгэхээр аргагүй л аварга уурхай. Цаашилбал, Ч.Чинбат “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Ч.Чинбатын хамтрагч БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь хувьдаа “Жунхаовэйеэ” ХХК-ийг эзэмшдэг. “Жунхаовэйеэ” ХХК нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай Хүрээ дэл нүүрсний ордыг эзэмшдэг. Ахиад ухахад бэлэн уурхайтай гэсэн үг.
Гол асуудал нь, Ч.Чинбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэн шандын нүүрсний уурхайгаасаа ухаж олборлосон нүүрсээ урагш нь зүүн талаараа Гашуунсухайт, баруун талаараа Шивээхүрэн боомтоор гаргаж ирсэн. Гэхдээ аль аль боомт нь уурхайгаас нь зайтай учраас тээврийн зардал их. Иймд Ч.Чинбат “Ундрах говь” ХХК-аараа 2019 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Тавантолгойн уурхайгаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байх “Цагаан дэл уул” хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамыг барих концессын төслийн гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулж байв. Ингээд дараа жил нь Ч.Ундрам УИХ-ын гишүүн болсон. Тухайн үед Ч.Чинбатыг энэхүү 270 км автозамын концессын төслөө гацаагүй урагшлуулахын тулд охин Ч.Ундрамыгаа УИХ-ын гишүүн болгосон гэх яриа улс төрийн тогоонд гарч байлаа. Учир нь, Ч.Чинбатын Цагаандэл уул боомт руу нүүрс тээврийн замтай болсноор хамгийн их хожих хүн бол Хүрэн шандын уурхайн эзэн Ч.Чинбат өөрөө. Өөрөөр бол, Тавантолгойн нүүрс болон Ч.Чинбатын Хүрэн шандын уурхайн нүүрс арай дөт замаар, хямд зардлаар урагшаа гарах боломжтой болно гэсэн үг. Дээрээс нь, Ч.Чинбаттай “Ундрах говь” ХХК-ийг хамтран эзэмшигч БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчийн ““Жунхаовэйеэ” ХХК нь “Цагаан дэл уул” боомтын хажууханд байх Хүрээ дэлийн нүүрсний ордыг эзэмшдэг. Тэгэхээр Ч.Чинбатад мөн л ялгаагүй ашигтай гэсэн үг.
Гол асуудал нь, “Цагаан дэл уул” боомт хүртэлх 270 км нүүрсний замын төсөл Өмнөговь аймгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, гацаанд ороод байгаа. Тиймдээ ч Ч.Чинбат Цагаан дэл уул боомт хүртэлх 270 км замын төслийг гацаанаас гаргах “лобби”-г хийлгүүлэх зорилгоор охин Ч.Ундрамыгаа дахиад УИХ-ын гишүүн болгох гэж байна гэх хардлага байгаа юм.
ТАНИЛЦ: АМЬ ЗОЛИОД Ч ХАМААГҮЙ АХИАД СОНГОГДОХ ШУНАЛЫН ЦААНА НУУГДСАН АШИГ СОНИРХОЛ |
|