2012 оны тавдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймрийг унтраахаар яваад эрэлхэгээр амь үрэгдсэн Г.Багабишийн эхнэр А.Далайсайхантай ярилцлаа.
-Сайн байна уу. Та хэд Дорноддоо амьдарч байгаа юу?
-Тийм ээ, бид аймагтаа, хуучиндаа амьдарч байгаа. Том хүү маань ахлагчийн сургууль төгсөөд, эхнэртэй, гурван хүүхэдтэй, өнөр айл болоод тусдаа гарсан. Харин бага хүү, охин хоёр минь бага, дунд сургуулийн сурагч болсон. Би аймгийн Татварын газарт ажилладаг. Бид гурав яах вэ, өдөр хоногийг өнгөрөөж л байна даа.
-Та осол болох үед жирэмсэн үлдэж байсан юм билээ. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярьж болох уу?
-Тогоон чинээ гэдэстэй л хоцорч байлаа. Нөхөр маань эмнэлэгт 13 хоноод 2012 оны тавдугаар сарын 21-нд амьсгал хураасан. Би долдугаар сарын 28-нд амаржиж, охин маань төрсөн юм. Хань минь охиноо, охин минь аавыгаа харж чадаагүй хагацсан даа. Тухайн үед үнэхээр хэцүү байлаа. Цочролын байдалтай, жирэмсэн эмэгтэй яах учраа үнэхээр олдоггүй юм билээ. Дэмий л нааш, цааш алхахаас, ханиасаа нууцаар уйлахаас өөрийг хийж чадаагүй.
-Галын тухай дуудлага ар гэрийнхэнд нь хэзээ ирсэн байдаг юм бэ?
ТАЛИЙГААЧ АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ГЭР БҮЛИЙН ЗУРАГ. ОХИНЫГОО ТӨРӨХӨӨС ӨМНӨ БУРХАН БОЛСОН ТУЛ ЭЛ ЗУРГИЙГ ЭВЛҮҮЛЖ, ТЭД "БҮТЭН" БОЛЖЭЭ. 2013 ОН
-Осол болсны маргааш өглөө нь буюу тавдугаар сарын 9-нд ирж байсан. Энэ аймшигт дуудлага яг арван жилийн өмнөх энэ өдөр ирж байжээ. Тэр өглөө “Баяндунгийн түймэрт явсан албан хаагчид галд өртжээ” гэх яриа сонсогдохтой зэрэгцээд л Онцгой байдлын газраас залгаж, хэл дуулгасан. Гүйхээрээ Онцгой байдлын газарт очиход бүгд үнэн байсан. Тэгээд манай ажлаас унаа гаргаж өгөөд, ах, дүүгээрээ бид Баяндун руу явсан юм. Баяндунд очиход гурван албан хаагч бурхан болж, ар гэрийнхэн нь уй гашууд автсан байлаа. Харин азаар хань минь, дэд ахлагч А.Болорсүх хоёр амьд байсан. “Амьд байгаа нь аз” гэж бодоод асгартлаа уйлж билээ. Ханийн минь хоёр гарнаас бусдыг нь бинтээр боочихсон байсан.
-Шууд Улаанбаатар руу аваад явсан юм уу?
-Биднийг очсоны маргааш онгоцоор аймаг руу тээвэрлэсэн. Аймагт нэг хонуулаад хот руу авч явсан юм. Би хоёр хүүгээ аваад Улаанбаатар руу хамт ирж байсан юм. Хамт түлэгдсэн А.Болорсүхийг ч бас бидэнтэй хамт тээвэрлэсэн байх. Тухайн үед Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн Сэргэлэнбаатар эмчтэй хамт олон анхан шатны тусламжийг маш сайн үзүүлж байсан. Мөн аймагт ирээд АНХ-ын эмч нартай тааралдаж, амьсгалын зам чөлөөлөх эмчилгээг хийлгэсэн. Тэр их азтай хувь тохиол болсон. Сэргэлэнбаатар эмчид маш их баярлаж явдаг даа.
-Таны очиход ухаантай байсан уу?
Баяндунгийн түймэрт амиа алдсан дэслэгч Ч.Намжилдаш, ахлах ахлагч Г.Багабиш, ахлагч Ж.Одбаяр, С.Бат-Эрдэнэ нар
-Хань минь байдгаасаа ч илүү сэргэлэн, цовоо, ухаантай байсан. Биднийг очиход “Одоо бүх зүйл сайхан болно. Эмнэлгийн бараа харсан юм чинь санаа зоволтгүй” гээд сууж байсан. Ер нь шоконд орж, ухаан алдаж, ухаан нь балартаагүй. Эцсийн амьсгал хураатлаа л бидэнтэй ярьж, хөөрч байсан шүү дээ.
-Гэмтлийн эмнэлэгт ирээд ямархуу байдалтай байсан бэ. Гадаад руу явах боломж байгаагүй юу?
-Өөрөө гадаад явж эмчлүүлэхийг их хүсэж байж дээ?
-Тэгэлгүй яах вэ, тэнд очвол эрэмдэг ч гэсэн гурван үрдээ дуу хоолойгоо сонсгоод амьд байж байна гэдэгтээ итгэлтэй байсан. Хэрэв амьд байсан бол ач, зээгээ үзээд, гавьяаныхаа амралтад гарчихсан байх байлаа. Биднийг Улаанбаатар хотод очоод гурав, дөрөв хоноход гадаад руу явуулах тухай яригдаагүй. Би арга ядаад хурандаа Д.Намсрай гэж хүнтэй очиж уулзсан. “Би нөхрийгөө аваад гадаад руу явмаар байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч” гэж хэлсэн. Намайг очиж уулзснаас хойш гадаад руу явуулах талаар хөөцөлдөж эхэлсэн. “Хөөцөлдөж байна” гэсээр байгаад л харамсалтай нь миний хань бурхан болсон. Тэгээд бүр зогсохгүй хоёр, гурван хүн ирж уулзаад “Та энэ асуудлыг олон хүнд ярих хэрэггүй. Битгий асуудал үүсгээд байгаарай” гэж хүртэл хэлж байсан шүү дээ.
-Таны бага хүү ааваасаа хэдэн настай өнчирч үлдэж байсан юм бэ?
-Миний хүү дөрвөн настай байлаа. Хань минь хүүтэйгээ ч уулзаж чадаагүй. Хүүгээ айчих байх гэсэндээ өрөө рүүгээ оруулдаггүй байсан юм. Жаахан болохоор санаа зовоод би ч аавынх нь үгэнд ордог байсан. Харин том хүү минь аавтайгаа уулздаг байсан. Бага хоёр маань аав гэдэг хүний нөмөр нөөлөгийг мэдрэхгүй, ямар хүн байсныг нь зурган дээрээс л харж өсөж байна даа. Энэ л миний хувьд хамгийн хэцүү, сэтгэл хөндүүрлэдэг зүйл.
ЭЭЖИЙНХЭЭ ХЭВЛИЙД ААВААСАА ӨНЧИРЧ ХОЦОРСОН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ОХИН Б.БАТЧИМЭГ 10 НАС ХҮРЧЭЭ
-Гал руу явахаас нь өмнө та нөхөртэйгөө уулзсан уу?
-Уулзаж чадаагүй. Над руу залгаад “Чи хүрээд ир ээ. Би чиний ажлын ойролцоо байна. Би түймэрт явахаар боллоо. Явахаасаа өмнө уулзъя” гэж хэлсэн. Харамсалтай нь, би тухайн үед ажил ихтэй байсан учраас “Амжихгүй нь ээ, чи явчихаад ир дээ” гэж хэлээд л явуулсан даа. Тэгээд л гэртээ эргэж ирээгүй.
-Таны нөхөр нэгэн залууд амьдрал бэлэглэсэн шүү дээ. Энэ талаараа танд ярьж амжсан уу?
-А.Болорсүхийн дээрээс дарж унаад, амийг нь аварсан. Миний хань чинь тийм л эрэлхэг, зоригтой, хүний төлөө хүн байсан шүү дээ. Баяндунгийн эмч нар нөхрөөс минь “Яагаад та ийм үйлдэл хийсэн юм бэ” гэж асуухад “Арай залуу нь амьдраг гэж бодсон” гэж хэлсэн байна лээ. Насаараа л бусдын төлөө гэж явсаар амиа алдсан даа. Тангараг өргөсөн хүн учраас эх орон шатаж байхад явахгүй гээд ч яах юм билээ. Гэхдээ хожим түймэр гарсан газар очиход тэнд ногоо байдгаасаа илүү ургаад, сайхан болсон байна лээ. Харин олон айл хагацал амсаж, олон үр өнчирч хоцорсныг харах л хамгийн хэцүү юм билээ.
-Гал юунаас болж гарсан гэдгийг тогтоосон бил үү?
-Нэг залуу татаж байсан тамхиа унтраахгүй хаяснаас болж түймэр гарсан гэдгийг тогтоосон. Унтраагүй үлдээсэн тамхины иш ямар их хор уршиг дагуулдагийг хүмүүс ойлгож, ухаарах хэрэгтэй. Олон зуун га талбайг шатаагаад, дөрвөн айлын амьдралыг үгүй хийж байна шүү дээ.
-Хань нь танд ямар нэгэн зүйл хэлж амжсан уу?
-Эх орныхоо төлөө эрэлхэгээр зүтгэж яваад амиа алдсан албан хаагчдыг нэхэн шагнасан уу?
ШҮХРИЙН СПОРТЫН ДЭД МАСТЕР АХЛАХ АХЛАГЧ Г.БАГАБИШ ШҮХРЭЭР БУУЖ БАЙГАА НЬ. 2020.10.17 ДОРНОД АЙМАГ
-Би ханийгаа сайн хүн, сайн албан хаагч байсан гэдгийг хэнд ч бардам хэлж чадна. Тэд эх орноо хайрлаж, хамгаалж явсан баатар шүү дээ. Би сүүлд хань минь нэгэнт байхгүй болсон ч гэсэн үр хүүхэд нь ааваараа бахархаж явах ёстой гэсэндээ нэхэн шагнахыг хүссэн өргөдөл бичсэн. Онцгой байдлын газрын хамгийн дээд шагнал болох “Цагаан морь” шагналыг аваагүй байсан юм. "Ядаж “Цагаан морь”, “Шударга журам” медалиар нэхэн шагнаж өгөөч” гэхэд ханиас минь тэр шагналаа харамласан. “Нас барсан хүнийг нэхэж шагнах боломжгүй” гэх бичиг ирсэн байна лээ. Харин Онцгой байдлын газраас мөнгөн тэтгэмж олгосон. Бид тухайн үед байрны зээлтэй байсан учраас хагасаар нь төлөөд, үлдснээр бага хүү, охиндоо зээлээр байр авсан.
-Нөхрийгөө ямар үед илүү үгүйлдэг вэ?
-Баяр бүрээр л үгүйлж, өдөр бүр л гэр эзгүйрч байна. Гэрийн эзэн байхгүй учраас бид ямар ч баярыг тэмдэглэхээ больсон. Манай гэр бүлийн баяр тэр хүнтэй хамт байхгүй болсон доо. Онцгойгийн хувцастай хүн харахаар сэтгэл өвдөөд, уйлчихдаг байсан. Цагийн эрхээр одооноос овоо гайгүй болж байна. Уг нь хань минь байсан бол бид дөрвөн хүүхэдтэй болоод, хамт гавьяаныхаа амралтад гарчихсан байх байлаа. Хоёрхон жилийн дараа гавьяаныхаа амралтад гарна, тэгээд гэртээ сайхан амарна гэж ярьдаг байлаа даа...
-Хүүхдүүдээс тань аавынхаа мэргэжлийг сонгосон хүн байгаа юу?
-Том хүү маань нэг жил онцгойд ажиллаад гарсан. Өөрийнхөө хүсэл сонирхлоор явах учраас би хориогүй. Харин бага хүү маань онцгойд орох их сонирхолтой байгаа. Би ч дэмжинэ гэж бодож байгаа. Баатар аавынхаа үйл хэргийг гүйцээхэд надад татгалзах зүйл байхгүй. Өөрсдийнхөө хүслээр л амьдрах хэрэгтэй гэж боддог.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.
-Ханийн минь эх орон, хамтран ажиллагсдынхаа төлөө хийсэн эрэлхэг, баатарлаг үйлсийг мартаагүй та нарт харин баярлалаа. Мөн бид жил бүрийн тавдугаар сарын 21-нд ханийнхаа гэгээн дурсгалд зориулж хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг юм. Сүүлчийн жилүүдэд цар тахлаас болоод зохион байгуулж чадаагүй. Энэ жил нэрэмжит тэмцээнийг нь зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний хань чинь таван ахтай, айлын бага хүү байсан шүү дээ. Ах нар нь энэ тэмцээнийг гардаж, зохион байгуулдаг. Миний хань хөлбөмбөгийн хорхойтон, яггүй сайн тамирчин хүн байсан.
Г.БАГАБИШ АГСНЫ НЭРЭМЖИТ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙНХЭН.
"Ядаж “Цагаан морь”, “Шударга журам” медалиар нэхэн шагнаж өгөөч” гэхэд ханиас минь тэр шагналаа харамласан. “Нас барсан хүнийг нэхэж шагнах боломжгүй” гэх бичиг ирсэн байна лээ.
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |