• Өнөөдөр 2024-05-03

ДОГОО МАСТЕР

2022-03-02,   1331

    Түүнийг Догоо мастер гэнэ. Хорь дөнгөж гараад л зүрх сэтгэл, амь, амьдралаа холбосон үйлдвэрийн мастерийн ажлаараа тэр ийнхүү овоглогдсон юм. Харин эцэг, эхээс өгсөн нэр нь Г.Гандолгор.

 Баянхонгор аймгийн уугуул, таван хүүхэдтэй айлын том охин хэмээн өөрийгөө танилцуулах чанга дуутай, өндөр нуруутай түүнтэй одоогоос таван жилийн өмнө танилцсан юм. Ээжийн маань ажилладаг үйлдвэрийн мастераар ажиллах энэ эмэгтэй надад ихэд сонирхолтой санагдаж, үйлдвэрийн буйдхан өрөөнд өрнөх нөр их ажлыг нь хүмүүс төдийлөн мэддэгүй нь харамсалтай санагддаг байв. Тэгээд л түүний ажлыг хүмүүст танилцуулж, үйлдвэрийн өрөөнд нэгэн насны амьдралаа бат бөх гагнасан ажил мэргэжлийнх нь тухай хүмүүст хүргэх сэн гэх бодол битүүхэн төрж, сэтгүүлч болохоороо эгэл даруухан эрхэлсэн ажилдаа цэх шулуун, үнэнч тууштай энэ эмэгтэйн тухай бичнэ гэж бодсон минь өнөөдөр биелэлээ олж, уншигч тантай түүнийг уулзуулж байна.

 Тэрбээр Үйлдвэр кабенитийн чимээ шуугиантай үйлдвэрийн байранд хоногийн хорин дөрвөн цагийн ихэнх хугацааг өнгөрүүлж, үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн бүртээ үр хүүхэд шигээ хандана. Харин гэртээ амрах үлдсэн хугацаандаа шинэ санааны эрэлд гарч, эхлүүлсэн бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг хийж, шинээр төрөх цайн бүтээгдэхүүн нь туршилтын явцад яагаад гашуун амттай байсан, ямар учраас цайных нь хандлалт муу байсныг эргэцүүлэн суудаг нэгэн. Товчхондоо, Догоо мастерийг ажил, мэргэжлийнхээ төлөө төрсөн хүн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Багаасаа бусдын л адил олон дүүтэй эгчийн үүрэг хариуцлагыг нэр төртэй үүрч, ажлыг гүнд нь орж хийдэг ясны занг тэр багш ээжээсээ өвлөжээ.

   Эм найруулагч, эм, эмнэлгийн мэргэлжилтнийг сонирхон харж, битүүхэн эм найруулагч болох хүслээр жигүүрлэж явсан охин, арван жилийн сургуулиа төгсөөд, Анагаахын шинжлэх ухааны коллежийн эм найруулагчийн ангийг сонгон суралцсан нь түүнийг өдгөө "Монос" хэмээх айлын тулах багана, галыг нь өрдөх хувь тавилан руу хөтөлжээ. Ийм нэг энгийн бөгөөд сонирхолтой түүхийн эзнийг уншигч тантай уулзуулах болсон өөр нэг шалтгаан бол тэрбээр Монголын хамгийн анхны жимстэй цайг бүтээсэн төдийгүй, өдгөө Монос хүнс ХХК-ны үйлдвэрээс гарах цай болон үрлэн бүтээгдэхүүний мастераар ажилладаг юм.

Бүр тодорхой танилцуулбал, Монос хүнс ХХК-ийн энхжин, эко уусдаг цай, ааруултай болон үзэмтэй үрэл, жимстэй шахмал ааруул буюу тугал шахмал зэрэг бүтээгдэхүүнийг тэр өөрийн гараар өлгийдөн авсан ээж нь юм.

   Түүнтэй уулзаж ажил, амьдралынх нь түүхийг хуваалцахаар ажлын цаг эхлэхтэй нь зэрэгцэн очиход,  тэр хэдийн үйлдвэрийн цагаан халадаа өмсчихсөн инээмсэглэн угтлаа. Түүний ажил 08:30 цагаас эхэлдэг бөгөөд өглөө ирээд үйлдвэрийн ажилчидтайгаа 10 минут хуралдан, өдрийнхөө ажлыг ярилцаад, үйлдвэрийн ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг нь танилцуулж, гарын үсэг зуруулснаар ажлаа эхлүүлдэг байна. Тэгээд тухайн өдрийн үйлдвэрлэх хэсэг дээр цай болон үрэл, ус, ундааны хэсэг дээр хэн, ямар үүрэг чиглэлтэй ажиллахыг хувиарлаж, ажлын чиглэл өгөөд, сая нэг амсхийн өрөөндөө орсноор бидний яриа эхэлсэн юм.

  Тэрбээр “Ажлын туршлага гэж айхтар зүйл юм. Одоо би үйлдвэрийнхээ ажлыг арван хуруу шигээ мэддэг болсон. Үйлдвэр рүү гээ ороод гарахад л өнөөдөр ямар бүтээгдэхүүн гарах, бүтээгдэхүүн маань ямар түвшинд явж байгааг нүдээрээ гүйлгээд л харчихна. Мөн агуулахаа нээхэд хэчнээн тонн цай, үрэл байгааг хараад, хэдэн өдөр болоод дуусахыг нь барагцаалдаг. Ингэж л хүний ажил гэдэг гар, нүд, сэтгэлд орчихдог юм байна” хэмээн өгүүлнэ. Биднийг ярилцаж суухад, гарын үсэг зуруулах, ажил асуух гэсэн хүмүүс цөм “Догоо мастераа” хэмээн орж ирэх бөгөөд түүний нэр энэ буйдхан үйлдвэрийн байранд өдөр хэдэн мянгаараа дуудагдаж, түүнгүйгээр үйлдвэрийн ажил өрнөхгүй байгаа нь ажиглагдав. Ерөөс үйлдвэрийн  ажил гэдэг мастер шалгагчийн зохион байгуулалт, ур ухаанаар урагшилдаг гэмээр.

 -МОНОСТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ-

    Анагаахын шинжлэх ухааны коллежийн эм найруулагчийн ангид суралцсан тухай эхлэл хэсэгт цухас дурдсан бол "Монос" хэмээх их айлд хөл тавьж, өдгөө хорь гаруй жил үйлдвэрийн халуун талбарт ажилласан ажил, амьдралынх нь өрнөлөөр бидний яриа үргэлжилсэн юм.  Хувь тавилан хүнийг хөтөлдөг гэдэг. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй тэрхүү хувь тавилан гэгч чухам хаана байдгийг мэддэг хүн нэгээхэн ч үгүй мөртлөө хаана очиж, юу хийх, хэрхэн амьдрахыг нь чиглүүлдэг нэгэн зүйл бий гэдэг итгэл хэн бүхэнд бий. Догоо мастер ч мөн тэрхүү далд оршигч хувь тавилангийнхаа замд хөтлөгдөн Анагаахын шинжлэх ухааны коллежийн эм найруулагчийн ангийг гурван жилээр 2001 онд төгсөөд тухайн үедээ л эмийн үйлдвэрүүд дотроо мандаж явсан "Монос" эмийн үйлдвэрт дадлага хийхээр хувиарлагджээ. Оюутан байх хугацаандаа  өөрт тааралдсан боломжийг алдахгүйг хичээдэг, их мэриймтгий хүүхэд байж. Тэгээд бүр "Монос" эмийн үйлдвэрийн шахмал цехэд дадлага хийжээ. Тухайн үед эмийн үйлдвэрт мэргэжлийн хүн байдаггүй байсан болохоор дөнгөж сургуулиа төгссөн шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэн авч, сайн ажилласныг нь сонгон ажилтнаар авч үлдэх, шийдвэр гарчээ. Тэр ч утгаар дадлагаар орсон арван хүүхдээс тавыг нь сонгон үйлдвэртээ үлдэж ажиллах шийдвэр гарч, тэрбээр шахмал эмийн цехдээ ажилтнаар үлджээ. 

  Энэ тухай тэрбээр “Монос" эмийн үйлдвэрт биднийг дадлагад гарч байх үед мэргэжлийн хүн байдаггүй байсан. Тэгээд бидний дундаас таван хүүхэд сонгон ажиллуулахаар болж,  дөнгөж сургуулиа төгссөн болохоор гэртээ очиж сар амраад, тухайн жилийнхээ  долдугаар сараас эхлэн “Монос” эмийн үйлдвэрт ажиллах санал тавьж байсан нь саяхан мэт санагдаж байна. Ингээд "Монос" эмийн үйлдвэрт ажилд орж, шахмал эмийн найруулагчаар ажиллаж эхэлж байсан” хэмээн ярьсан юм. Ингэж тэр Монос хэмээх айлтай бат бөх холбогдож, анхдагч ажилчдын эгнээнд орж ажиллажээ.

Тэр "Цэл залуу наснаасаа би "Монос"-ын соёлоор хүмүүжсэн. Өөр салбарт би ажиллаж үзээгүй хэмээн" хэдэнтээ давтан өгүүлнэ. Хүн ажил, амьдралаа эхэлж байсан үеэ, анхлан ажилд орж байсан мөчөө ярихдаа хэчнээн жаргалтай, догдлол дүүрэн байгаа нь түүний царайнаас илт.

-МИКРОНД КОНДУКТАР ХИЙСЭН НЬ-  

     Ингээд цэл залуухан хорин настай Догоо мастер "Монос" эмийн үйлдвэрт ажиллаж байгаад 2001 оны намар нөхөртэйгээ танилцаж, 2002 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

   Тэрбээр энэ талаараа "Хүүхдээ төрүүлээд, буцаад ажилдаа ороход, хамт ажилд орсон таван хүн цөм хувийн амьдралаа зохиогоод ажлаасаа гараад явсан байсан. Тэгээд сургуулиа төгсөөд ажилд хувиарлагдсан хүүхдүүдээс ганцхан би л үйлдвэртээ үлдсэн байдаг юм. 2001 оноос "Монос" эмийн үйлдвэртэй эм найруулагчаар зургаан жил ажиллачихаад дээд мэргэжлээр суралцах хүсэлтийг байгууллагынхаа захиралд тавьж байлаа.  Тэгээд захирал намайг "Монос" эмзүйн дээд сургуульд 2007 онд оруулж өгч байсан юм.  Үүнтэй зэрэгцээд хувийн амьдрал минь мөн өрнөж, 2009 онд би хоёр дахь хүүхдээ төрүүлж, 2010 онд сургуулиа эмзүйч мэргэжлээр төгсөж байв. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх хугацаанд оюутан байсан болохоор ажил завсардсан үе таарсан. Тэгээд микрондоо хичээлийнхээ хувцсыг хийчихээд, кондуктор хийж байсан ч үе бий" хэмээн ярьсан юм. Ингээд тэр хүүхдээ төрүүлэн, сургуулиа ч төгсөөд" Монос" эмийн үйлдвэртээ 2010 оны тавдугаар сард ажилдаа эргэн орж, Цай, Чацаргана цехийн мастераар ажиллажээ. Энэ үед эмийн үйлдвэрт мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олноо ахалж ажиллах үүрэг авсан нэг хамгийн хэцүү байсан. Үйлдвэрийн мастер, бүхэл бүтэн нэг цех ахалж ажиллаж байгаа хүн болохоор найзлаад, дундаа ороод байж болохгүй байсан. 2011 оны зургадугаар сард  "Монос хүнс" ХХК байгуулагдах,  ургамлын гаралтай цай, үрлэн бүтээгдэхүүн, жимс боловсруулалтаа тусгай болгохоор шийдвэрлэснээр гурван удирдлага, нэг мастер,12 ажилтантайгаар  "Монос-фарм"-аас  шилжин ажиллах болсон байна. Түүний  хувьд мастераар нь ажиллахаар томилогджээ.

    Энэ тухай тэрбээр  "Анх "Монос3 хүнс үйлдвэрийнхээ барилгатай ирж танилцахад, нэг давхар нь хуучин ус, ундааны архины үйлдвэр байсан бол хоёр давхар нь Есүсийн хүмүүс байрладаг нөхцөл байдалтай байсан. Тэгээд хүнсний үйлдвэрт зориулсан засвар үйлчилгээ эхэлж, зургаан сараас засвар хийж эхэлсэн. Анх байсан үе одоо ч кино шиг нүдэнд харагддаг.  Тухайн үед гурав дахь хүүхэд минь гэдсэнд байсан болохоор гурван сарын дотор "Монос-фарм"-аас шилжин ирсэн баг хамтаар бүх үйлдвэрлэлээ жигдрүүлж дуусаад жирэмсний амралтаа авсан" хэмээн ярьсан.

Энэ хугацаанд ажил, амьдрал минь баяр гунигаар өрнөж, үүрээр гарч, шөнө гэртээ орсоор хорин жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Одоо би хүүхдүүдийнхээ бага насыг сайн санадаггүй юм. Байнгын ажилтай байсан болохоор нөхөр минь л тэднийгээ өсгөсөн" гэж хуучилна.

Үүгээр тэр Моносын төлөө төрчихсөн гэдэг нь батлагдахаас гадна тэр ажилдаа хамаг сэтгэл зүрхээ зориулж, хоёр дахь гэр бүл мэт бодож явдгаа онцлон ярьж байлаа.

Тэр мөн "Намайг шахмал эмийн үйлдвэрт ажиллаж байхад тухайн үед байсан дарга "Гандолгороо чи жаахан дуу муутай, ноомой шүү. Хүн даруу төлөв байж болно. Гэхдээ дандаа дуугүй даруу төлөв байж болохгүй. Одоо удирдагч хүн болж байгаа юм чинь хүнд хэлэх гэсэн үгээ хэлчихдэг байгаарай" гэж хэлсэн нь өдгөө түүнийг өөр Гандолгор болгожээ. Тэр үйлдвэрийн мастер болсноор олон хүнтэй харилцаж, илүү өөрийгөө нээж, задалж, хөгжүүлэх суурь болсон байна.

   Догоо мастерийн мөн нэг хийх дуртай, дурладаг зүйлийн нэг бол спорт. Тэр дундаа волейбол бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг. Тавдугаар ангиасаа воллейболоор хичээллэж есдүгээр ангидаа өсвөрийн аймгийн аварга болж улсад Шоовдорын нэрэмжит  гар бөмбөгийн тэмцээнд оролцож Анагаах ухааны коллежид шигшээ багийн тамирчинаар гурван жил хичээллэсэн бөгөөд "Монос" группын шигшээ багийн тамирчнаар арав гаруй жил амжилттай оролцсон тухайгаа мөн бахархан ярьж байлаа. Одоо харин  "Монос хүнс" байгууллагынхаа гар бөмбөгийн шигшээ багийн тамирчнаар ажиллаж байгаа аж. 

-ЭКО УУСДАГ ЦАЙГ ГАРГАХ САНАА ТӨРСӨН НЬ-

   Үйлдвэрт мастераар ажиллахаас гадна тэр мөн шинийг санаачлагч байж. Түүнийг ингэж тодорхойлохын учир нь, эм найруулагч мэргэжлийнхээ хэргийг гаргаж Монголын хамгийн анхны жимстэй цайг бүтээсэн. Тус цайг бүтээх санааг тэр ажлаа хийж байхдаа олсон байна. Үйлдвэрийн агуулахад хураагдаад байгаа жимсний боловсруулалтаас гарах хагас бэлэнгээр мөхлөг үүсгэн цай хийсэн нь онож, түүгээрээ тэр эко уусдаг цайг бүтээжээ. Энэ талаар тэрбээр "Үйлдвэрийн жимс боловсруулалтаас гарах үр жимс, хальс зэрэг хагас бэлэн бүтээгдэхүүн гардаг байсан. Үүгээр бүтээгдэхүүн хийх санаа анх төрсөн. Харин "Ямар бүтээгдэхүүн хийх вэ" гэж бодож байгаад шахмал технологиор би зуурмаг зуурч мөхлөг үүсгэж, цай хийсэн. Монголд жимстэй цай байдаггүй, гадаадаас орж ирдэг гэж бодоод,  анх 2013 онд эко уусдаг цайгаа зуурсан, зураад мөхлөг үүсгэсэн чинь болдог юм. Тэгээд би бүр өөрийгөө гайхаж, би бүтээгдэхүүн гэдгийг хийчихдэг юм байна гэж бодсон. Тэгээд удирдлагадаа үзүүлсэн чинь "Хүүеээ энэ чинь цай болчихсон байна" гэж гайхаж байсан. Ингэж анх эко уусдаг цай "мэндэлсэн" юм. Тухайн үед группээс  шинэ санааны уралдаан зарлагдаад, эко цайгаараа уралдаанд орж байр эзэлсэн.  Тэгээд 2015 онд одоогийн гүйцэтгэх удирдлага болох А.Отгондарь захирал уусдаг цайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санал гаргаж 2016 онд зах зээлд амжилттай нэвтэрсэн байдаг. 2017 онд группын болон компанийн удирдлагаас эко-уусдаг цайны хүрээнд 18 сая төгрөгөөр урамшуулсан байдаг" хэмээн тэр өөрийн бүтээсэн зүйлийнхээ талаар бахдалтай ярьж байв. Түүнд орц зохиох өөрийн мэдрэмж байдаг байна. Тэр түүгээрээ хөглөгдөн, орц зохиож, шинэ санаа бодож бүтээгдэхүүн гаргах дуртай гэнэ. 

Гэхдээ сүүлийн жилд мэргэжлийн, гадаад хэлтэй технологич ажилд авснаар түүний дуртай бүтээгдэхүүн санаачилж, хөгжүүлэлтийг нь хийх ажил өөр хүний гарт шилжээд байгаад Догоо мастер жаахан сэтгэл дундуур сууна лээ. "Нисэж", шатаж, цаг хугацааг мартуулдаг дуртай ганц ажил нь хумигдахаар ажил, амьдрал нь амтгүй санагдаж байгаа тухай тэр яриандаа цухас дурдсан. Гэвч амьдралынхаа хорин жилийг зарцуулсан мастерын ажил нь түүний хүндэт ажил гэдгийг тэр мөн онцолж, бахархал дүүрэн ажилдаа өглөө бүр ирэхдээ жаргалтай байдгаа ч сэтгэл дүүрэн ярьж байсан юм. 

   Ингэж хийж байгаа зүйлийнхээ гүнд орж, угт нь хүрч ажилладаг хүн бидний дунд хэд бол. Монголын үйлдвэрүүдэд түүн шиг мөн ажилдаа гаршиж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ дурлаж ажилладаг мастер шалгагч хэд бол... Үүнийг би уншигч танд болон өөртөө асуулт хэвээр үлдээмээр байна. Хариулт нь магад байхгүй ч байж мэдэх, эсвэл бидний хэрэглэдэг эд юмс, бүтээгдэхүүний ард яг түүн шиг олон  Догоо мастер байж ч мэдэх.

     Бидний яриа өндөрлөж, түүний өрөөнөөс гарахад үйлдвэрийн машины шуугих чимээ сонсогдож, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт ид явагдаж байх бөгөөд Догоо мастер ч өнөөдрийн төлөвлөгөө нь хэр биелэлттэй явааг шалгахаар үйлдвэр рүү гээ орохоор зэхэж, "Үйлдвэрийн ажил мастер шалгагчгүйгээр явдаггүй. Мастер шалгагч байж үйлдвэрийн ажил явна. Би мастерийн ажлаараа бахархдаг. Одоо тэтгэвэрт гарахад арван жил дутуу байна, үйлдвэртээ ажилласаар тэтгэвэртээ гарна гэж боддог" хэмээн ирэхэд угтсан шиг ээ инээмсэглэсээр үдсэн юм.


ДОГОО МАСТЕР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 14:59:23
    Г.Энхмаа: Хүүхэд байхын сурлага,хүмүүжил сайтай,нямбай,чамбай охин байж билээ.Ёстой бахархал юм даа.Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажилдаа эзэн байхын үлгэр болсон бахархам сайхан амжилттай яваа дүүдээ эрүүл энхийг хүсьё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 21:16:24
    Ганцэцэг : Сайхан нийтлэл болжээ. Үнэхээр л ажилдаа бүхнээ зориулдаг хүн дээ. Баярлалаа та бүхэндээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:23:57
    Ш.Хүрэлчулуун: Догоо маань хүүхэд байхын л мундаг хэрсүү хүүхэд байсан. Догоотойгоо 1 р ангид анх сурч байлаа. Түүнээс хойш өдийг хүртэл холбоотой явдаг даа. Мундаг найздаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188