• Өнөөдөр 2024-05-13

БАЙР СУУРЬ: Зэсийн үнэ Монголын “ирээдүй” мөн үү

2021-05-18,   924

          Улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг, экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ өсөлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийн байдлаар зэсийн үнэ нэг тонн нь 10253 ам.доллараар хаагджээ. Зэсийн үнийн уг өсөлтөд цахилгаан машины үйлдвэрлэл ихэссэн болон Хятад Улс сэргээгдэх эрчим хүчинд анхаарлаа хандуулж байгаа нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор зэсийн нийлүүлэлт хумигдсанаар эрэлт нэмэгдэж, үнэ нь өсчээ. “Citi” группийн шинжээчдийн үзэж буйгаар зэсийн үнэ 15 мянган ам.доллар хүрнэ хэмээн таамаглаад байгаа. Энэ нь металлын зах зээлд томоохон найдвар төрүүлээд байна.

Баялгын үнийн уг өсөлт манай улсад эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Гэвч үр ашгийг нь зөвөөр ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Манай улсын хувьд тээвэрлэлтийн тухайд асуудал байхгүй. Харин нэг асуудал нь “засаглал” юм. Тодруулбал, цар тахлын энэ хүнд үед экспортын голлох бүтээгдэхүүний үнэ 10 мянган ам.доллар давсан нь сайн хэрэг боловч төр, засаг үүнийг хэрхэн ашиглах нь гол асуудал болоод байгаа юм. Энэ тухайд эдийн засагчдын байр суурийг сонслоо.


Эдийн засагч Г.РАГЧААСҮРЭН: Цар тахлын хүнд үед зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүртлээ өссөн нь манай улсад “азтай” явдал

          -Зэсийн үнийн энэ өсөлтийг ашиглаж чадах эсэх дээр хоёр зүйл яригдаж байна. Нэгдүгээрт, богино хугацааны эдийн засгийн сэргэлт гэх юм уу, мөчлөгийн өрнөлийн үе гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, зэсийн үнийн энэ өсөлт түр зуурийнх байж магадгүй. Одоо байгаа 10 мянган ам.доллар ирэх жилд хэвээр байх уу, үгүй юу. Эсвэл үнийн өсөлт өндөр байж байгаад гэнэт унаад, дахиж сэргэх үү гэх мэтээр түүхий эдийн үнэ тогтворгүй байдаг. Тэгэхээр нэг тонн зэс 10 мянган ам.доллар байгаа ч хэр удаан тогтвортой байх вэ гэдэг асуулт гарч ирэх нь байна. Гэхдээ зэсийн үнийн өсөлт манай улсад мэдээж эерэг нөлөөтэй. Ялангуяа, Засгийн газар энэ өсөлтөөс хамгийн их үр ашиг хүртэж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”-гоос авч байгаа татварын орлого өндөр байгаа болов уу.

Хөл хорио тогтоосон хугацаанд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер зэрэг халамж олгож буй хэрнээ төсвөө тодотгохгүй гэх шийдвэрээс харвал “Зэсийн үнийн өсөлт улсын төсөвт хувь нэмэр оруулж байна” гэж болно. 

 

Манай улс эдийн засгаа цаашид тогтвортой, өсөлттэй байлгая гэвэл “сайн засаглал”-тай байх хэрэгтэй

Харин цар тахлын энэ хүнд үед зэсийн үнийн өсөлт эдийн засагт эерэгээр нөлөөлж байна. Харин үүнийг хэрхэн зөв ашиглах вэ, урт хугацааны эдийн засгийн өсөлтөө яаж хангах вэ гэдэг нь 2-3 хүчин зүйлээс хамаарч байгаа юм. Манай улс эдийн засгаа цаашид тогтвортой, өсөлттэй байлгая гэвэл “сайн засаглал”-тай байх хэрэгтэй. Зэсийн үнэ өндөр байх тусмаа төсвийн орлого өндөр байх боломжтой. Ингэснээр төсвөөрөө эдийн засгаа дэмжих, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудаа хөгжүүлэх бололцоо үүсэх болов уу. Хэрэв зэсийн үнэ тогтвортой байх юм бол шүү дээ.

Хүмүүс зэсийн үнийн энэ өсөлтийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Жишээ нь, Хятадууд эрчим хүчний салбарт гол анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдсэн учир зэсийн үнэ өссөн гэх мэтээр тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр “Ковид-19”-ийн улмаас зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал болсон учир үнэ нь өссөн. Ирэх жил “Ковид-19” халдвар намжихад зэсийн нийлүүлэлт өсөж, үнэ нь буцаад буурч магадгүй. Цар тахлын үед зэсийн үнийн өсөлт өндөр байгаа нь азтай явдал юм.

Эдийн засагч С.ДАВААСҮРЭН: Зэсийн үнийн өсөлтийг зөвөөр ашиглахын тулд ажлын байрыг бий болгох чиглэлээр бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй

             -Зэсийн үнийн өсөлт ДНБ-ийг нэмэгдүүлж байгаа гол үзүүлэлт юм. Өрх гэрийн орлого нэмэгдэхэд санхүүгийн хувьд хүчирхэг болж, хямд талх авдаг байсан бол арай олон төрлийн талх авах хэмжээнд очдог. Үүнтэй адил улс орны орлого нэмэгдэх тусам нийгмийн бодлого сайжирч, иргэдэд үр ашиг олгох хөрөнгө улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэр ч утгаараа зэсийн үнийн энэ өсөлтийг зөв ашиглаж чадах юм бол хамгийн эерэг нөлөөтэй.

Харин нийгмийн халамж маягаар тараагаад байх юм бол үр ашгаа өгөх нь бүү хэл иргэдийг залхуу байдал, бэлэнчлэх сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэхгүй байх зэрэг асуудал үүсгэнэ. Тэгэхээр баялагын энэ өсөлтийг зөвөөр ашиглах буюу ажлын байрыг яаж бий болгох вэ гэсэн чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр вакцин хийлгэлээ гэж 50 мянга, дэмжлэг 300 мянган төгрөг зэрэг халамж тараагаад байгаа нь хүмүүсийн ажил эрхлэх сонирхлыг бууруулчихаж байгаа юм. Угтаа бол ийм байдлаар улс орноо удирдаж болохгүй.

          Зэсийг хэн бий болгоод байна вэ гэвэл Эрдэнэт, Оюутолгой зэрэг компани шүү дээ. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмалыг төрийн өмчит компаниуд олборлож байгаа. Тийм учраас энэ орлого төрийнх гэсэн үг. Хувийн компаниудын талаар энд ярьсангүй. Өмч нь төрийнх учир баялгын үр ашгийг зөв ашиглахын тулд сайн засаглалтай байх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Өөрөөр хэлбэл, удирдах болон гүйцэтгэх засаглал ил тод, эрх үүргийн уялдаа холбоо ямар вэ, үнэхээр шударга ажиллаж чадаж байна уу, үгүй юу, төрийн өмч гэдэг нэрийн дор орлогоо нууж байгаа эсэх зэрэг нь засаглалтай шууд холбоотой асуудал.

Баялгын өсөлттэй холбоотойгоор төрийн өмчит компаниудын орлого, зарлага болон улсын төсөвт оруулж байгаа орлого хэр байна вэ гэдгийг хянадаг байх ёстой. 


           Дээр хэлсэнчлэн түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд тогтворгүй байдаг. Учир нь дэлхийн зах зээлд гол тоглогч орнуудын бодлого шийдвэрээс улбаалж түүхий эдийн үнэ ханш хэлбэлзэж байдаг. Иймд зэсийн үнийн одоо байгаа өсөлт хэр удаан тогтвортой байхаас хамаарч манай улсын эдийн засагт урт хугацаандаа үр өгөөжөө өгөх юм. Харин богино хугацаандаа цар тахлын энэ үед элгээрээ хэвтээд байгаа эдийн засгийг “өндийлгөх” хэмжээний эерэг нөлөө үзүүлэх юм.


БАЙР СУУРЬ: Зэсийн үнэ Монголын “ирээдүй” мөн үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188