• Өнөөдөр 2024-05-08

ЛЕГИОНЫ АРМИЙН ЦЭРЭГ Г.ХҮРЭЛ-ЭРДЭНЭ: ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТУСГАЙ АЛБАНЫ ЦЭРЭГ БОЛСОНДОО ҮРГЭЛЖ БАХАРХДАГ

          Олон орны аавын хүүгийн тэсэж үлдэх гэж хичээж, зүтгэдэг Франц Улсын Легионы армид монгол залуучууд бахархалтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Тэдний нэг болох Г.Хүрэл-Эрдэнэтэй ярилцлаа. Сонирхуулахад, 1831 онд Францын хаан Луи Филиппийн зарлигаар Легионы арми бий болжээ. Тэр цагаас өнөөг хүртэл Легионы армийн бие бүрэлдэхүүний 89 хувь нь гаднын улс орнуудын цэрэг байдгаараа онцлог.

-Легионы армийн хөлсний цэрэг болж байсан талаар нь яриагаа эхлэх үү. Та эх орноосоо хэзээ мордож байсан юм бэ?

            -Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Ажил хийж, амьдралаа босгохоор 2019 онд гэргийтэйгээ Чех Улсыг зорьсон. Бусдын л адил хичээх, илүү сайн ажиллах шаардлага бидэнд тулгарсан. Хүүхэдтэй болсон хүмүүст орох оронгоос эхлээд хэрэгцээ мундахгүй шүү дээ. Чехэд ирээд удаагүй байхад эхнэр маань бие давхар болж, Монгол руугаа буцлаа. Би  үлдэж, шуудайны үйлдвэрт ажилласан юм. Үнэндээ, Чехэд мөнгө хураана гэж байхгүй юм байна лээ. Бидний зорилго чинь ердөө л гадаадад ажиллаад богино хугацаанд, их мөнгөтэй болоод эх орон, гэр бүлдээ очих шүү дээ. Найман сарын дараа Чехэд байдаг их сургуулийн ангийн найз руугаа залгаад “Чи надад цалин өндөртэй өөр ажил олж өгөх боломжтой юу. Эсвэл чиний ажиллаж байгаа газарт ажил байна уу. Цалин нь арай өндөр байдаг гэж сонслоо” гэсэн. Найз маань “Францад Легионы арми гэж байдаг. Биеийн хөгжил сайтай, спортлог, гадаад улсын залуусыг шалгаруулж, сонгож авдаг юм байна лээ. Чи намайг бодвол биеийн тамираар хичээллэдэг, биеийн хөгжил сайтай юм чинь тийшээ явах уу. Очоод шалгалт өгөөд үз. Цалин өндөртэй юм байна лээ” гэсэн. Би үнэндээ өмнө нь Легионы армийн тухай огт сонсож байгаагүй, мэдэхгүй. Тэр бүү хэл Монголдоо цэргийн алба ч хаагаагүй, цэрэг болно гэж төсөөлж ч үзээгүй байлаа. Тэгээд Легионы армийн талаар судалж үзлээ. Авах шалгалт, гэрээний хугацаа, цалин гээд бүгдийг нь ажлынхаа зай завсраар судлаад л байсан чинь Легионы армид орох хүсэлтэй болчихсон. Тэгээд л “Би ер нь явна. Тэнд очиж шалгалт өгнө. Яагаад би чадахгүй гэж. Манай Монголын залуус байдаг юм байна” гээд биеэ бэлдэж эхэлсэн. Чехэд халууны амралт гэж өгдөг юм. Долдугаар сард 14 хоног амрах эрх өгөхөөр нь Франц руу шууд ниссэн. Легионы армийн тухай дуулгаж, санал болгосон найз маань намайг гаргаж өгсөн. Хоёр цүнхтэй хувцсаа айлд үлдээгээд, амьдарч байсан байраа суллаад гарсан. Тэгээд найздаа “Хэрэв намайг холбоо барихгүй бол сайн явж байна гэж бодоорой. Тэнд тэнцчихвэл эхний дөрөв, таван сар гар утас байхгүй. Хаалгаар нь алхаад ороход л хамаг эд хөрөнгө хураагаад авчихдаг гэсэн” гэж хэлээд ниссэн. Ингэж л би эх орноосоо Европ руу гарч, энд ирсэн юм даа.

-Гэр бүлийнхэндээ хэлсэн үү?

                -Хэлэлгүй яах вэ, эхнэр маань зөвшөөрч, намайг дэмжиж, “Өөрийгөө сориод үз. Чадна гэдэгт нь итгэж байна” гэсэн. Легионы армид орохын тулд бид хоёр талд хэд хоног судалгаа хийсэн. Нисдэг өдөр эхнэрийн найзын найз залуу Легионы армид байдаг гэж мэдлээ. Нөгөө залуу руу онгоцны буудал дээр байхдаа “Би Легионы армид шалгалт өгөхөөр Чехээс Францын Марсель хот руу нисэх гэж байна. Чи намайг онгоцны буудлаас тосож аваад, шалгалт авах газар руу хүргээд өгч чадах уу” гэж зурвас бичсэн. Өнөөх залуу маш хурдан хариу өгөөд, “Би нэг хүнтэй ярьчихаад хариу хэлье. Чиний очих гэж байгаа хотод Легионы армид алба хааж байсан монгол ах байдаг. Завтай байгаа эсэхийг нь асуугаад хэлье” гэж хэлээд л онгоц хөөрсөн. Онгоцны буудал дээр буугаад интернэт  орсон чинь нэг ах намайг хүлээгээд зогсож байсан. Легионд ирэх миний ажил маш хурдан бүтсэн. Тэгээд тэр ахынд нэг хоноод, шалгалт өгөх газартаа очсон доо.

-Төсөөлж байснаас өөр орчин угтсан уу. Дөрвөн сарын сургалтад сууж байж жинхэнэ цэрэг нь болдог гэсэн шүү дээ?

               -Шалгалт өгөх байрны хаалгаар ороод л бүх зүйл өөр болж эхэлсэн. Эхний өгөх сорилууд амархан байсан ч сарын хугацаанд тэр хашаанд түгшүүрийн байдалтай байдаг байлаа. Байнгын түвшин ахисан биеийн тамир, эрүүл мэнд, IQ тестийн шалгалт авч, хоёр удаа ярилцлагад ордог юм. Тэгээд хүмүүсийн нэрийг дуудахдаа миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй сонин, түгшүүрийн ая явдаг. Шалгалтдаа бүдэрсэн хүмүүсийн үүргэвчийг нь үүрүүлээд, хувцсыг нь өмсгөөд хашаанаас гаргана. Миний нэрийг дуудах болгонд нь “Тэнцээгүй, бүдэрчихсэн бол яана аа” гэж айна. Чехээс гарсан амралтын маань хугацаа дуусчихсан учраас “Виз хүчингүй болчихсон байгаа. Эндээс гарахаар Европт хууль бусаар амьдрахаар болно. Эсвэл Монгол руу хоосон гуяа ганзагалаад явна” гэх бодол намайг сарын хугацаанд барьж “идэж” байгаа юм шиг л санагддаг байлаа. Заримдаа биднийг амралт, үйлчилгээний газарт туслахын ажил хийлгээд, хэд хонуулаад нөгөө хашаандаа буцаана. Буцаад ирэхээр хамт шалгалт өгөөд, хариугаа хүлээж байсан залуус “Чамайг ойрд харагдахгүй болохоор нь хасагдаад явчихаж гэж бодлоо” гээд зогсож байдаг. Тэр сарын хугацаа үнэхээр түгшүүрийн, сэтгэл санаа тайван бус, дарамттай, айдастай байсан даа. Легионы армид ороход гэр бүлтэй байхыг зөвшөөрдөггүй учраас би эхнэр, хүүхдүүдээ нуусан. Тэнцэхийн өмнөх шалгалтад шалгагчаас гадна биднийг үнэн, худлаа ярьж байгааг тогтоодог харгалзагч хажууд суудаг. Франц хэл огт мэдэхгүй, англи хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй орчуулагч байхгүй үе таарчихсан. Англиар ээрч муураад арай гэж хариулж байхад өөдөөс харгалзагч нүд рүү маань цоо ширтээд суучихна. Харцнаас нь далдирах боломж байхгүй. “Гэр бүлтэй юү” гэж асуухаар нь “Байхгүй, ганц бие” гэж хариулахад хэчнээн хэцүү байсан гэж санана. Арай л гэж тэнцсэн. Дөрвөн сар бусад аавын хүүгийн туулдгийг туулаад л Легионы армийн цэрэг болсон.

-Дөрвөн сарын дараа ар гэрийнхэнтэйгээ холбогдсон уу. Яаж хүлээж авсан бэ. Тэр үеийн бэрхшээлийг хэрхэн даван туулсан бэ?

                -Зургаан сарын дараа л тухтай холбогдсон. Дөрвөн сарын сургалт дуусаад утас тарааж өгөхөөр нь гэр бүлийнхэнтэйгээ ярьсан. Эхнэрийн маань төрөх хугацаа дөхчихсөн гэдгийг мэдлээ. Хоёр сарын дараа холбогдсон чинь хүү төрчихсөн, бид дөрвүүлээ болчихсон байлаа. Намайг залгасан чинь бөөн баяр, сэтгэл нь амарцгаасан. Дөрвөн сарын хугацаанд хамгийн хэцүү нь охиноо их санасан. Легионы армийнхан гар утас шалгадаг, шалгаад гэр бүлтэй гэдгийг нь тогтоодог гэдгийг би очихоосоо өмнө нь уншсан юм. Хаалгаар орохынхоо өмнөхөн эхнэр, охиныхоо бүх зураг, бичлэгийг устгасан. Тэр үед надад охиноо “алдаж” байгаа юм шиг хэцүү байсан. Өмрөөд, сэтгэл харанхуйлаад, хоосроод л ирсэн. Гэхдээ эцсийнхээ дүнд би “Охиныхоо, гэр бүлийнхээ л төлөө юм чинь” гээд шүд зуусан. Дөрвөн сарын хугацаанд охиныхоо нэг ч зургийг харахгүй байх л бэлтгэлээс илүү хэцүү байсан даа. Хөөрхөн үг хэлж, хөдөлгөөн сурч байсан бүгдийг нь сэтгэлдээ зураад, өдөр болгон л охиндоо яарч, тэмүүлж байсан. Дөрвөн сарын сургалтад надтай хамт хоёр монгол залуу байсан. Бид нэгэндээ дэм болж, сэтгэл санаагаа тайвшруулж, хань болцгоосон. 20, 30 километр алхана, буугаа бариад, ачаагаа үүрээд явахаар хүн заримдаа шантарна. Заримдаа болиод, буцмаар санагдана. Тэр болгонд л бид гурав “Энэ япон, солонгос чадаад байхад монгол цустай бид яагаад чаддаггүй юм” гээд л нэгнээ зоригжуулдаг байлаа. Хээрийн марш, гүйлт, алхалтын дараа бид гадаа хоноцгоодог юм. Өндөр, өндөр уулсын голд түүдэг асаагаад, орон орныхоо дууг дуулцгаана. Тэнд л жинхэнэ гадаад, дотоод гэдгээрээ ялгарах юмгүй хүн гэдгээ мэдэрцгээдэг. Бид гурав МУГЖ С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг тэдэнд зориулж дуулж өгнө. Бүгдийнх нь нүдэнд нулимс цийлгэнээд, эх нутгаа, элгэн саднаа санаад, уяраад ирдэг. Монголчуудын хоолой, үг тэс ондоо, онцгой байдаг шүү. Монгол хүн болж төрснөөрөө эрхгүй бахархаж, хэдийгээр мөнгөний төлөө энэ армид алба хааж байгаа ч гэсэн “Би шилдэг армийн бэлтгэгдсэн цэрэг” гэж мэдрэх л хамгийн сайхан мэдрэмж байдаг. Бас бусад орны зарим цэрэг биднийг “Чингис” гэж дууддаг. Харин Легионы арми намайг аавын минь нэрээр нэрлэсэн юм. Эзэн хаан, аав хоёрынхоо нэрээр дуудагдаж явах сайхан байдаг. Легионы арми хүнд хоёр дахь амьдралын боломж гэж олгодог. Энэ армид гэмт хэрэг хийж, гэмээ ухаарсан олон аавын хүү бий. Нэг үгээр бол, гэмт хэрэгт холбогдсон хүмүүс Легионы арми руу дүрвэж, цэрэг болохыг хүсдэг. Ийм хүсэлтэй хүмүүсийг тэнцвэл авч, өөр нэрээр нэрлэж, шинэ амьдрал эхлүүлэхэд нь тусалдаг. Тэгээд Легионы армийн цэрэг болсон бол аль ч улсын гэмт хэрэгтэн байсан Легион цэргээ өгдөггүй. Хатуу чанга хуультай, шаардлага өндөртэй газар.

-Легионы аль ангид үүрэг гүйцэтгэж байна вэ. Үүргийнхээ талаар ярьж  болох уу?

                      -Явган цэргийн ангид дөрөв дэх жилдээ зүтгэж байна. Монголоор бол тасгийн пулемётчин гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, манай цэргүүд 300 метрийн тусгалтай буу барьж явдаг бол би 600 метрийн доторх ямар ч дайсныг устгах чадвартай буу барьж, үүрэг гүйцэтгэдэг. Би одоогоор жолооны сургалтад ангилал ахиулахаар суралцаж байна. Сургалтаа төгсөөд хуягт техник жолоодох эрхтэй болно. Бид өдөр тутамдаа байнгын бэлтгэгдэж, сургалтад хамрагддаг. Тухайлбал, газрын зурган дээр хэрхэн ажиллах, тэсрэх бөмбөг хэрхэн илрүүлэх, дайсныг хэрхэн устгах, галаар довтлох, хамгаалах гэх мэт сургалтад хамрагдаж, бэлэн байдалд байдаг гэсэн үг. Гэхдээ зүгээр ч сургалт биш, тэсвэр тэвчээр шаардсан хамгийн хүнд бэлтгэлийг өдөр бүр л даван туулах хэрэгтэй байдаг.  Легионы армийнхан очих шаардлагатай, цэрэг очих хэрэгтэй газар хаана байна тэнд л үүрэг гүйцэтгэхийн тулд бид бэлтгэгдэж байдаг.

-Террорист халдлагад өртөж байсан уу. Дайн, тулаан, халдлага болсон газарт үүрэг гүйцэтгэж байсан уу?

                 -Миний Легионы армид орсон цаг хугацаа тайван, энхийн цаг байж таарлаа. Одоогоор террорист халдлагад өртөөд, буудалцаж, хүний амь хөнөөж, хамгаалсан ажиллагаанд оролцоогүй. Бид чинь тайван байхыг л хүсэж байдаг шүү дээ. Цаашид ч тайван байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ манай монгол цэргүүд террорист халдлага, дайн самуунтай бүс нутагт очиж үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол зөндөө бий. Халдлагад өртөх эрсдэл маш өндөр байдаг. Харин бид зарим үед Францын аюулгүй байдал, түүхт газруудыг нь хамгаалж, эргүүлд гарч, үүрэг гүйцэтгэдэг. Хаана ч буудалцаан, хэрэг гарч магадгүй эрсдэл дунд ажилладаг.

-Легионы армийн монгол цэргүүд онцгой юу?

           -Бид зоригтой, хүчтэй. Бусдаар бол бусад орны цэргүүд бидэнтэй яг адилхан. Бүгд л нэгнийхээ чадах зүйлийг чадна. Монгол цэргүүд онцгой, тасархай гэж ярих нь өрөөсгөл ойлголт. Легионы армид зүтгэж байгаа аль ч орны цэрэг бэлтгэгдсэн, шигшигдэж, шалгарсан жинхэнэ цэрэг байдаг юм шүү.

-“Монгол руугаа буцъя. Монголынхоо Зэвсэгт хүчинд зүтгэе” гэж бодож байсан уу. Гэрээний хугацаагаа дуусгаад эх орондоо ирэх үү?

                 -Легионы туг дор 100 гаруй монгол цэрэг зүтгэж явна. Судалгаагаар гэрээний хугацаа нь дууссан, сунгасан, дундаас нь хаясан гээд Легионтой ямар нэгэн байдлаар амьдрал нь холбогдсон 1500 орчим монгол хүн байдаг юм билээ. Үүнээс ердөө 500 гаруй нь таван жилийн гэрээндээ хүрсэн байгаа юм. Тэгэхээр ямар чанга, хатуу дэглэмтэй алба гэдэг нь тодорхой байгаа биз. Шигшигдээд л үлддэг. Яах вэ, хүний сонголт л тэр шүү дээ. Энд ирсэн, энхийг сахиулж байгаа бүх залуугаараа бахархаж явдаг. Монгол хүн л юм чинь эх орон руугаа яаралгүй яах вэ. Санана, нисээд очмоор санагдах үе бишгүй л байлаа. Аав, ээж, эхнэр, хүүхдүүдтэйгээ сайхан амьдаръя гэж бодно, мөрөөднө. Миний гэрээний таван жилийн хугацаа дараа жил дуусна. Тэр үед би цол ахисан байвал гэр бүлээ энд авчраад, Легионы армид хэсэгтээ зүтгэнэ. Хэрэв миний санаснаар болохгүй бол Монгол руугаа буцаж ч магад. Одоогийн байдлаар яг төлөвлөсөн, тогтсон шийдвэр байхгүй байна. Хэрэв Монголд очвол эрх зүйчийн мэргэжлээрээ амьдралаа залгуулах байх даа. Бидэнд эх орондоо сайхан амьдрах боломж, хангалттай цалин, ажлын байр байсан бол энд юу гэж ирэх билээ дээ. Хэдийгээр дэлхийн шилдэг Легионы армийн цэрэг гэдэг нь бахархалтай ч сайхан залуус маань хамаг залуу насаа бусдын армийн төлөө, өөр улсын туган дор зүтгэж өнгөрүүлж байна гэдэг миний хувьд харамсалтай санагддаг. Нийгэм минь өөрчлөгдөөсэй л гэж хүсэж байна. Сүүлийн гурван жил амралтаараа Монгол руугаа очсон. Очих бүрд л юмны үнэ өсөөд, авлига, хахууль нь нэмэгдээд байхаар урам хугараад байх юм. Гэхдээ бид л энэ гаж тогтолцоог засна даа.

-Баярлалаа, амжилт хүсье.

             -Баярлалаа. Сайхан нийгмийн төлөө зүтгэх өдөр ирнэ гэдэгт итгэж байна.


 

 


ЛЕГИОНЫ АРМИЙН ЦЭРЭГ Г.ХҮРЭЛ-ЭРДЭНЭ: ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТУСГАЙ АЛБАНЫ ЦЭРЭГ БОЛСОНДОО ҮРГЭЛЖ БАХАРХДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-04 14:48:38
    zochin: Frants ulsiin Legionii armid baigaa mongol zaluusdaa amjilt xusie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-04 12:48:25
    Цэрэг: Энэ бол бахархал биш, ирээдүй залуу үед үзүүлж муу маш хортой үлгэр, сурталчлах огт хэрэггүй шүү, зүгээр л мөнгөний төлөө амиа бодоод явж бга улсууд. Эх орныхоо төлөө хүчин зүтгэж байгаа мянга мянган цэрэг эрс, хилчин, аврагчдааа суртлчлаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-04 09:32:02
    Мхн: Сүүлийн өгүүлбэр таалагдлаа. Амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188