• Өнөөдөр 2024-05-10

Монгол Улсын гавьяат тамирчин Г.БОЛОР-ЭРДЭНЭ: Таеквондогийн спорт намайг дэлхий, ертөнцтэй танилцуулсан

2022-11-28,   841

        Пара таеквондогийн Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга Зэвсэг хүчний “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн билээ.

      Тулаантай кино үзэх дуртай хүү сонирхлыг нь татсан таеквондогийн дугуйланд явж эхэлжээ. Таеквондогийн спортоор хичээллээд долоохон хонож байсан тэрбээр аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэнээр эргэж буцалтгүй таеквондогийн спортод дурласан гэнэ.

-Монгол Улсын гавьяат тамирчин болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Үнэхээр их баярлаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг цол миний өөртөө итгэх итгэлийг нэмж, намайг хурцалж өглөө. Надад одоо миний хөдөлмөрийг үнэлсэн төр, багш дасгалжуулагч, найз нөхдийнхөө итгэлийг алдахгүй, Монгол Улсын нэр хүнийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага нэмэгдлээ.

-Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэх болсон талаарх мэдээгээ сонсох үед ямар мэдрэмж төрсөн бэ?

                - “Төр надад хайр хишгээ хүртээж Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм цолыг олгох гэж байна” гээд их баярласан. Гэр бүл болон дасгалжуулагч, багш нарын маань хөдөлмөр ч үнэлэгдэж байна шүү дээ.

-Таеквондогийн спортоор анх хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу. Тус спортын юу нь таны сэтгэлийг тэгж их татсан юм бол?

                -Таеквондогийн спорттой 13 настайдаа танилцаж, хичээллэж эхэлсэн. Тулаантай кино их үздэг хүүхэд байлаа. Ингээд л дуртай төрлөөрөө хичээллэхээр шийдэж, анхны дасгалжуулагч Н.Нэргүй багшаараа таеквондо заалгасан даа. Тэр цагаас хойш тасралтгүй 14 жил хичээллэсэн байна. Таеквондогийн спорт намайг дэлхий, ертөнцтэй танилцуулсан даа.

-Хичээллэж эхлээд хамгийн анхны оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Амжилт гаргасан уу?

                -Н.Нэргүй багшийнхаа удирдлага доор долоо хоног таеквондогоор хичээллэж, бэлтгэл хийгээд Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч байлаа.

-Долоо хоног хичээллээд медаль авсан нь цааш үргэлжлүүлэх урам болсон уу ?

                - Тэгэлгүй яах вэ, цааш үргэлжлүүлэх урам авсан. Медаль авсны дараа багш маань намайг ээж, аавд “Миний шавь олимпын аварга болно оо” гэж хэлсэн байсан.

-Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга гэх цолонд хүрэхийн тулд их тэсвэр тэвчээр гаргаж бэлтгэл хийсэн байх даа?

                -Олон саад давааг туулсан даа. Таеквондо бол хүмүүжил, хүндлэлийг эрхэмлэдэг, гайхалтай спорт. Анхны багш маань намайг хатуужуулж, зоригжуулсан хүн. Багшаасаа хатуу үг ч сонсоно, урам ч авна. “Больё” гэх бодол төрсөн ч гэсэн давж гараад бэлтгэлээ таслахгүй хийгээд явах л чухал. Хүнд “За би ингээд л үхдэг юм байж” гэмээр, тэвчээр тасарлаа гэх бодол зурсхийдэг үе байдаг даа. Тийм үед тэсвэрлэшгүй санагдавч “Нэг л алхчихвал би ард нь гарчих юм байна” гэж итгээд  шүд зууж байгаад урагшилчихвал даваад л гарчихна. Хязгаартаа тулсан ч зориглоод урагшлах ёстой.

                -Гар хөл бэртэх хэвийн үзэгдэл шиг л байдаг даа. Бэртсэн бол арга хэмжээ авч хурдан эдгээх бүгдийг хийдэг. Бэртлээс хурдан эргэж ирж бэлтгэлдээ орох хамгийн чухал. Бэртсэн гээд хойш сууж болохгүй шүү дээ. Би таеквондогийн тамирчин болсноор өөрийгөө хангалттай дайчилж сурсан гэж боддог.

-Тамирчид бэлтгэлийнхээ хажуугаар мэргэжлээрээ ажилладаг шүү дээ. Таны хувьд давхар ажил хийдэг үү эсвэл зөвхөн бэлтгэлдээ анхаардаг уу?

                -Ажил хийдэг тамирчин цөөнгүй бий. Миний хувьд төрийн хайр хишгийг хангалттай хүртэж байгаа учир зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулж байгаа. Бэлтгэлээ сайн хийх нь миний амжилт гаргах гол үндэс болдог.

-Танд оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?

                -Би өөрийнхөө оролцож болох бүх тэмцээнд оролцсон. Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж, амжилт гаргасан. Параолимпод оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Олимпын медаль л дутуу байна даа.

-Олимпод орох эрхээ авчхаад юуны талаар бодсон бэ. Тамирчдын хамгийн их оролцохыг хүсдэг тэмцээн шүү дээ?

                -Гурван жилийн өмнө параолимпод жингийн жагсаалтаараа  оролцох эрхээ авна гэдгээ мэдэж байсан. Мэдэж байсан болоод ч тэр үү эрхээ авчхаад тийм ч их баярлаагүй ээ. Гэхдээ олимпоос баттай алтан медальтай ирнэ гэж бодож байсан ч чадаагүй. Миний хамгийн том харамсал тэнд л байдаг даа.

-Таны дараагийн зорилго юу вэ ?

                -2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин тэргүүлж зургаан удаагийн аварга болмоор байна. Мөн 2024 оны олимпыг хүлээж, бэлтгэлээ хангаж байгаа. Параолимпын аварга болохыг хүсэж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа, амжилт хүсье.

                -Баярлалаа.

 


Монгол Улсын гавьяат тамирчин Г.БОЛОР-ЭРДЭНЭ: Таеквондогийн спорт намайг дэлхий, ертөнцтэй танилцуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 20:23:25
    Дамдиндорж: Маш сайхан ярилцлага өгсөн амжилт хүсье дүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 19:04:36
    Zochin buuz: Gaihaltai zaluu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 11:32:31
    zochin: taekwondoo cne delhiin awargatai sport ym bn shdee bayar hurgey mundag zaluu bn iim hun gawiyat awalgui yag ve?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188