Ай. Их талын анирыг эвдэн Эрээнцав руу галт тэрэг дөтөлсөөр. Тар, яр, хийх галт тэрэгний дуу буйдхан талдаа цуурайлах мэт. Одтой тэнгэрийн доор орчлонгийн бөөрөнд сажилсаар галт тэрэг Хэрлэн өртөөнд зогслоо. Гаднаас бараг 30 гаруй хүн нэмэгдэн суув. Бүгд л өөр хоорондоо танилууд бололтой. Төрөл, садан, найз, нөхдөөр бүрдсэн сүрэгт би ганцаараа нэмэгджээ. Зарим нь толгой дохин “Тэр хэн юм бол. Манай Эрээнцавынх лав биш. Хэнийхийг зорьж яваа бол доо” гэнэ. Гэтэл тэдэн дундаас нэг нь “Арай манайхыг зорьж яваа юм биш байгаа даа” хэмээн ёжтой гэгч инээмсэглэж ч байх шиг. Хөдөөнийхөн гэдэг бараг төрлүүд шахуу болсон байдаг болохоор шинэ хүн ямар андах биш дээ. Тэдний яриан дундуур намрын хүйтэн салхитай агь ногооны үнэр сэнгэнэтэл орж ирэхэд хаалга тас, няс хийтэл хаагдлаа. Удалгүй галт дүнгэнэсээр аяархан хөдлөв. Цонхны цаадтай тусах гэрлийн доор дээлээ оодойтол бүсэлсэн ах хүү мотоциклийнхоо хажууд тамхи нэрж зогсоно. Улаан, улаан оч гялбалзан газарт унаж, нарийн саарал утаа тэнгэр өөд нарийхан гэгч суунагласаар үлдлээ.
Хүмүүс гартаа мөнгө барин сарвалзуулж “Цуйван, ундаа авъя” хэмээн өрсөлдөн хашхирцгаана.
Шөнө дундын галт тэрэг талыг эзэгнэн дөтөлсөөр. Үүнийг одод гялалзан тэнгэрээс харвал олз руугаа гэтэж буй могой шиг мушгиран яваа биз. Нэгэн зүгийг хамтдаа зорьж буй шинэ танилууд, зорчигчид маань суудалдаа тухалжээ. Тал талд л хөзөр тоглоцгооно. Надтай ойролцоо суусан эгч нар муушиг тоглож суув. “Иднэ тат, ар нь түүз” хэмээн гуч гаруй насны эгч хашхирлаа. Гэтэл хүүхдээ тэвэрсэн гуч гаруй насны эмэгтэй “Хэний ажил хийх ээлж вэ. Одоо харанхуй орно. Модоо сэргээе байз. Алив тоогоо бичээрэй Янжмаа” гэнэ. Толгойдоо торгон алчуур зангидсан махлагдуу бор эгч хөзрөө хольж, хутгаад тараалаа. Гэтэл одоо л харанхуй орж модоо сэргээе гэдэг эгч дахин хожигдсон бололтой хөзрөө дурамжхан ширээнд шидэж “Ниссээр байгаад таарах юм байна. Би бараг нисээд 25 тай болчих уу” гэхэд нь хүүхдээ тэвэрсэн эгч “Тийм ээ” гэв. Тэднийг ийн тоглож суухийг харах тийм ч тааламжгүй байсангүй. Гэтэл сагс дүүрэн хүнсний зүйл хийсэн эрээн торгон дээлтэй эмээ “Алив хүүхдүүдээ ундаа, чихэр, чипс байна шүү” хэмээн хашхирч явлаа. Гэтэл араас нь 10-ын битон барьсан эмэгтэй “Цуйван байна” хэмээн хашхирч гарлаа. Хүмүүс гартаа мөнгө барин сарвалзуулж “Цуйван, ундаа авъя” гэж өрсөлдөн хашхирцгаана. Удалгүй хоосон сагс, бидоноо санжгануулан барьсаар худалдаачид гарч одлоо. Хүмүүс харин цуйвангаа идэж, ундаагаа уунгаа хөзөр тоглосоор хоцров.
Дорнын буурал тал оддын туяанд харлан, ногооны үзүүр бөхөлзөн буй нь нүднээ харагдана. Тоононоос нь гэрэл цацарсан айлын дэргэдүүр галт өнгөрөөд удаагүй явтал аргамжаатай морины хондлой бүртэлзэн өнгөрлөө. Хээр хоноглож буй бололтой үхэр сүргийн эвэр сэрийж, агь ногооны үнэр цонхны жаахан зайгаар сэнгэнэн орж ирж байв. Мөн нэлээд явсны дараа мотоциклынхоо гэрэлд тойрон суусан эрчүүд шар айраг ууж, ханцуйгаараа магнайгаа илбэн, шүлсээ үсчүүлэн ярьж суугаа харагдана. Их талын айзам аяндаа л эгшиглэж буй бололтой галт тэрэгний дууг бут цохин сэвэлзэх нь сонсогдож эхлэлээ.
Үйтэн хуаран дээл өмсөж, жанжин малгай духдуулж, хусуур түрүүлсэн хоёр ах ам хуураагүй хурдан морь ярина. Нэгнийх нь морь энэ жил сумынхаа наадамд түрүүлсэн бололтой. “Жилээс жилд шар хээр минь сумын наадмын түрүү магнайд хурдалж, баясгах юм даа. Хөөрхий хээрийн минь хөлийн хурд жилээс, жилд саарч буй нь надад мэдэгддэг. Нас дээр гарч байгаа хүлэгдээ. Дараа жилээс уяж сойхгүй ээ. Хөөрхий минь яс амар байж байгаад тэнгэрт дэвшиг гэж бодох боллоо” гээд жирвэгэр сахлаа илбэн ам хална. Яриаг нь анхааралтай сонсож суусан залуу “Ахаа таны хээр давхил сайхан байна лээ. Дараа жил уяхад баттай айрагт багтана даа. Яадаг юм дараа жил нэг уяад үзээч” хэмээн ятгах аятай өрнүүлж байв. Тэдний яриаг таслан хүүхэд час хийн уйллаа. Олны дундаас хар торгон дээл өмссөн бүсгүй босон “Хүү минь уйллаа. Явахгүй бол горьгүй нь. Миний оронд нэг нь тоглочих” гээд хөзрөө сарвайж, жаал хүүд өглөө. Эрээнцавыг зорьж буй галт тэрэгт зорчиж буй хүмүүсийн амьдрал өөр, өөр өрнөж, өнгө өнгийн хөг аялгуу эгшиглэж байв. Булан тохой бүхэнд аж амьдрал өрнөсөөр...
Түрүүхэн л од ярайж байсан тэнгэрийг битүү цагаан үүл бүрхжээ. Галт тэрэгний цонхыг бороон дуслууд зөөлөн гэгч цохино. Тэгснээ юу, юугүй цахилгаан цахилж бороо асгарч эхлэлээ. “Хувтай хүн хураар” гэж галт тэрэгт яваа зорчигчид шуугилдана. Нөгөө уйлагнаж байсан хүүг ээж нь тэврээд гадас шиг хөдөлгөөнгүй сууж харагдана. Хажууд 70 гаруй насны эмгэн хүүдээ унагаачих вий гэсэн аятай ойр, ойрхон харж харц шидэж сууна. Санаа нь нэлээд зовсон бололтой цай оочлон, санаа алдан байв. Хэдэн хормын өмнө шуугилдаж байсан хүүхдүүд дуг нойрондоо автжээ. Хаалга түс, тас хийн онгойж, галт тэрэгний үйлчлэгч тасалбар шалгаж эхлэлээ. Өндөр бор ах тасалбараа гээсэн бололтой босож зогсоод хамаг халаасаа нэгжиж гарав. “Яах аргагүй энд хийсэн дээ. Хаашаа орчихов” хэмээн бувтнасаар зогсоно. Тасалбар шалгагч хүлээж залхав бололтой “Эргээд ирэхэд тасалбараа олсон байгаарай ахаа” хэмээгээд дараагийн зорчигч дээр очлоо. Бороон дуслууд цонх нүдэж, галт тэрэг хүнгэнэтэл дуугарсаар их талын дунд мушгиран давхисаар...
Төрөл садан шахуу галт тэрэгний зорчигчид өөр, унаад суун тарж одлоо. Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн шүлэглэснээр “Эрээнцавд бороо орох сайхан” ажээ.
Үүр цайлаа. Алсын бараа бага багаар тодорч, салхи сэрвэгэнэж, ногооны үзүүрээс шүүдрийн ус унаж харагдана. Бүдэг ногоон тал нүдний өмнө тодорч номин ногоон боллоо. Хээрээр адуун сүрэг халтран, хонин сүрэг налайж үзэгдэнэ. Хажууд унтаж байсан эгч босож цонхоор хараад “Тэр цайвартан харагдаж байгаа манайх. Дүү ажил нь эрт дуусвал ороод гараарай” хэмээлээ. Удалгүй галт тэрэг тоормос татав бололтой хүнгэнэтэл дуугарч, төмөр хяхтналаа. Хүмүүс суудлаасаа босон хаалга руу дөхөж “Сайхан агаар амьсгалах нь” хэмээн ярилцана. Эрээнцавын өртөөн дээр галт тэрэг ирж зогслоо. Өглөөний зургаан цаг 30 минут болж байв. Галт тэрэгнээс буухад талын хөх салхи чийг татуулан угтлаа. Төрөл садан шахуу галт тэрэгний зорчигчид өөр, унаад суун тарж одлоо. Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн шүлэглэснээр “Эрээнцавд бороо орох сайхан” ажээ. Хөнгөн цагаан манан бүрхэж, гудамжиндаа үхэр сүрэг бэлчиж, хүүхдүүд тэрэг, бидон тажигнуулсаар усанд гүйж харагдана. Хилийн зурвас нүдний харагдаж, эр цэргүүд дуулан байх Эрээнцавын өглөө. Энэ үнэхээр “Бороо орох сайхан” аж. Галт тэрэгний дуун дунд дүнхийх, Эрээнцав талын анир дунд чимээгүйхэн оршиж байна. Энэ нутагт хөхрөгч тэнгэрээс бороо үе, үехэн дусалсаар...

| ЭРЭЭНЦАВ РУУ ДӨТЛӨН БУЙ ГАЛТ ТЭРЭГ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |