• Өнөөдөр 2024-04-24

ДОХ-ТОЙ ИРГЭН: ГАДААДААС ИРСНИЙХЭЭ ДАРАА ХАЛДВАР ТЭЭГЧ ГЭДГЭЭ МЭДСЭН. ЭХНЭР, ОХИН ХОЁРЫГОО "ЭРҮҮЛ БАЙГААСАЙ" Л ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙНА

2022-06-16,   5864

-Үр дүнг нь үзэхгүйгээс хойш бүх зүйлд цэг тавих л сонголт надад байна-

Би ХДХВ-ийн халдвар тээгчтэй уулзахаар гарлаа. Яагаад ч юм нэг л сонин. Шуудхан хэлэхэд эвгүй. Уулзахаар товлосон газраа ирээд 99... дугаар руу залгатал салгаад, эргүүлэн залгалаа. Ирсэн тухайгаа мэдэгдэн, хаанаас ямар хүн гарч ирэхийг анзааран зогстол 40 гаруй настай, туранхай ах намайг чиглэн ирлээ. Миний зорьж очсон хүн мөн байлаа. Тэрбээр хэн нэгэнтэй хамт яваа үгүйг маань лавлахын хажуугаар юун тухай ярилцлага авах гэж байгааг маань шалгаах нь намайг бүр сандаргаж орхилоо. Тэрбээр “Одоо яаралтай ажилтай байгаа тул хоёр цагийн дараа эргэн уулзаж, ярилцлага өгөх боломжтой. Ах нь эргээд яръя” гэлээ.

Түүнийг Н.Баяраа /нууц нэр/ гэдэг бөгөөд 40 гаруй настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг нэгэн. Төв аймгийн харъяат тэрбээр ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ байгуулсан бөгөөд халдвар тээгч 40 гаруй хүн нэгдээд байгаа юм байна.

Бид нэгэн кафед ярилцлагаа эхэллээ.  Миний бодож, төсөөлж байснаас огт өөр хүн байсан төдийгүй түүнийг ХДХВ-ийн халдвартай гэдгийг мэдэгдүүлэх нэг ч зүйл түүнд үгүй. Тиймээс түрүүчийн айдас бага багаар арилж, бидний дунд илэн далангуй яриа өрнөж эхэлсэн юм.

-Би таныг ХДХВ-ийн халдвар тээгч гэж бодохоос нэг л айдас төрөөд байлаа. Гэтэл байдал огт өөр байна. Ганцхан олдох амьдралдаа хэзээ, хэнээс болоод ийм хар толбо үүсгэчихэв ээ?

       -Хүмүүс бидний тухай чинийх шиг л бодолтой байдаг юм. Гэвч бид чинь эдгэрэшгүй өвчтэй л болохоос энгийн л хүн шүү дээ. ДОХ-ын халдвартай гэдгээ өнгөрсөн онд мэдсэн. БНСУ-д 6-7 жил ажиллаад, 2007 онд эх орон, гэр бүл, ах, дүү дээрээ ирсэн л дээ. Ирснээсээ хойш өвчин ороогоод, байнга эмнэлгээр явсан. Онош нь ядаргаа туйлдаа хүрсэн байна л гэж гардаг байлаа. Эмчилгээ сайн авахгүй, бүр ядраад байхаар нь найзынхаа хувийн эмнэлэгт хэвтэхээр болж, шинжилгээ өгсөн юм. Гэтэл найз маань “Шинжилгээний чинь хариу эргэлзээтэй гарсан. ХӨСҮТ-д шинжилгээ хийлгээд, эмчилгээ бичүүлээд ир” гээд явуулсан. Юу ч санаж, бодолгүй шууд л шинжилгээ өгсөн. Маргааш нь очтол давтан шинжилгээ өгөх шаардлагатай болсон гээд шинжилгээ авсан. Тэр шөнөжин залбирсан. Яалаа гэж би өвчтэй байх гэж, өвчтэй байвал ямар өвчтэй гэж гээд л нойргүй хоносон. ХДХВ-ийн халдвар авсан нь тодорхой болсон л доо. Мэдээж Солонгосоос авсан. Хамгийн аймаар нь 2008 онд бид охинтой болсон юм.

-Арай охин, эхнэр хоёр чинь халдвар авчихсан юм биш биз дээ?

-Би бурхан тахил шүтдэггүй ч тэр л үед чин сэтгэлээсээ залбирсан. Залбираад л байсан. Амьсгал бүр минь залбирал байсан. Хүүхэд халдвар аваагүй байх магадлалтай гэж эмч хэлсэн болохоор охиныхоо шинжилгээний хариуг эерэг гараасай гэж ямар их залбирсан гэж санана. Одоогоор халдваргүй гэсэн оноштой байгаа. Гэхдээ өнөөдөр биш юмаа гэхэд маргааш гараад ирэхийг хэн байг гэх юм бэ. Нууц үедээ явж байвал яах юм бэ. Энэ л миний өдөр бүрийн айдас даа.

-Эхнэр чинь халдвар аваагүй хэрэг үү. Эсвэл нууц уу?

-Бурхнаас асуу. Одоогоор халдвартай гэсэн хариу гараагүй. Бид байнга шинжилгээ өгдөг.

-Тухайн үед гэр бүлийн хүн чинь яаж хүлээж авсан бэ?

          -Чи яаж хүлээж авах байсан. Гэр бүлтэй биз дээ. Нөхөр чинь ХДХВ-ийн халдвар тээгч болсон байвал чи яах вэ?

-Би сайн мэдэхгүй байна л даа. Айх, гайхах,  эргэлзэх зэрэгцээд хэсэг суусны дараа уурлаж, бухимдаад... сайн мэдэхгүй байна.

          -Энэ чинь тоглоом биш. Хэн ч би ДОХ-той гэж дотныхоо хүмүүсээр тоглохгүй. Нэгэнт гарцаагүй, тулсан үнэн дээр хүн яаж ч чаддагүй юм. Мэдээж баярлахгүй нь ойлгомжтой. Манай хүний хувьд “Одоо яах вэ, юу хийх вэ, хүүхдийн маань шинжилгээний хариу сайн гараасай. Хамгийн гол нь тайван байх хэрэгтэй” гэсэн. Гэвч түүний цаана асар их сэтгэл зүйн дарамт, ирээдүйн төгсгөлийн тухай бодлууд үргэлжилж байсан нь ойлгомжтой.

-Та солонгос хүнээс ХДХВ-ийн халдвар авсан юм уу. Тэр хүндээ эргэж хэлсэн үү?

            -Би хэнээс авснаа мэддэггүй. Солонгост байхдаа авсан нь л тодорхой.

-Халдвар авсан гэдгээ мэдсэнээр таны амьдралд мэдээж асар их өөрчлөлт орсон байх. Хүсэл мөрөөдлөөс эхлээд?

           -Тэгэлгүй яах вэ. Бүх зүйл 180 градусаар өөрчлөгдсөн. Надад өмнө нь хүнээс нуух юу байсан юм бэ. Гэтэл одоо үйлдэл бүхнээ бусдаас нуух хэрэгтэй. Найз, нөхөд, уулзалт, зугаа цэнгээн гээд бүгд хориотой. Архи уутал сэтгэлээ онгойлгох гээд ДОХ-той гэдгээ ярьчихвал яах юм. Хэн нэгэн мэдчихвэл яана. Адаглаад л хэн нэгэнтэй танилцахад би хэрвээ эрүүл байсан бол бидний харилцаа ямар байх байсан бол гээд л гутранги юм л сэтгэлээр минь дүүрэн байдаг даа. Өмнө нь би тийм зүйл хийнэ, тэгж амьдарна гэж хүсэж, мөрөөдвөл түүнийхээ төлөө ажиллаж, хичээдэг байсан. Одоо бол эцсийг нь үзэхгүй юм чинь дээ, үр дүнг нь харахгүй юм чинь гээд л бүгдийг таягдан хаяна. Саяхан хүртэл хашаа, байшинтай болоод дүүрэн цэцэг тариад, охиноо тоглуулбал гоёо гэж мөрөөдөж сууснаа гэнэт тарьсан цэцгээ ургахыг үзэж чадаа ч бил үү, үгүй ч бил үү гэх бодол төрсөн.

-Тийм гутранги юм битгий бод оо.  Өвчнийг чинь сааруулах эм, бэлдмэл өгдөг биз дээ. Магадгүй эдгээх эм, тариа удахгүй гарах ч юм бил үү?

        -Хүн болгон мөнх амьдрах юм шиг боддог. Харин бид өдөр бүр мөнх амьдрахгүйгээ мэдэрч амьдардаг. Жирийн хүмүүс мэдэхгүй л дээ. Хааяа бидний ууж байгаа эм нэг их үр дүнтэй биш юм шиг санагддаг. Үхчихгүй байгааг бодохоор гайгүй ч юм шиг. Гэвч нэг л өдөр үхнэ шүү дээ. Хүний биед 800 гаруй дархлааны эс байдаг. Минийх түрүү жил 134 байсан. Сайхан үзүүлэхэд 130 болсон байсан. Эндээс хараад нэг их үр дүнгүй юм болов уу гэж бодоод байгаа юм л даа. Миний болоод бидний цорын ганц итгэл найдвар болсон эм нь энэ л юм чинь одоо яая гэхэв.

-Та өөр эмчилгээ хийлгэж байсан уу. Өмнө нь одоо байгаагаасаа тарган байсан уу?

         -Эмчлэгддэггүй өвчин учраас тэр талаар хөөцөлдөөгүй. Нэг их тарган байгаагүй ээ. Биеэрээ удаан амьдардаггүй юм бол сэтгэл, үйлээрээ мөнх амьдрах юм сан гэж боддог болж дээ.

-Гэр бүлийн тань уур амьсгал өмнөхөөсөө өөрчлөгдсөн үү. Та том хүүхдэдээ халдвартай гэдгээ хэлсэн үү?

          -Оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр бид хоёр байнга бэлгэвч хэрэглэдэг болсон л доо. Үнэнийг хэлэхэд, бидний ариун нандин холбоо үгүй болсон.  Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал өөрчлөгдсөн гэж болно. Гэвч хамгийн чухал нь би хайртай бүхэнтэйгээ хамт байгаа нь аз жаргал. Энэ нь магадгүй миний өвчнөөсөө болж өөрийгөө бусдаас хөндийрүүлэхтэй холбоотой мэдрэмж байж мэднэ. Хүүдээ хэзээ ч хэлэхгүй. Мэдэгдэхгүй байж байгаад л үхье гэж боддог.  Харин хүүгээ сургуулиа төгсөж, амьдралаа босгохыг харахыг л хүсдэг. Цаашлаад ачаа үзэж, гар дээрээ өргөхийг хүсдэг.

-Таны хүсэл биелэх байх аа. Учир нь, та нэг их ядарсан харагдахгүй байна. Ямар нэг зовиур мэдрэгддэггүй гэсэн үү?

         -Баярлалаа. Тийм бол ямар сайхан бэ. Бие сульдаж, ямар ч биеийн эсэргүүцэлгүй л болж байгаа юм л даа. Хамрын ханиад ч бидний хувьд асар том аюул. Та нарын сэтгэдэг ДОХ-оос аюултай гэсэн үг. Ямар ч өвчин туссан түүндээ дийлддэг гэсэн үг.

-Танай байгууллагын гишүүдийн хэд нь гей вэ. Халдвар тээгч нь ихэвчлэн ижил хүйстэн байдаг гэсэн үнэн үү?

          -Энэ хэнд сонин юм бэ. ДОХ-той хүн гей байх, үгүй нь чамд тийм чухал юм уу?

-Үгүй л дээ, тийм яриа байдаг юм билээ. Бас ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөхдөө ихэвчлэн гей байсан гэдэг шүү дээ?

       -Монголд гей олон бий. Гейчүүдийн эрхийг хамгаалах гурван ч ТББ үйл ажиллагаа явуулж, тэднийг байнга хяналтдаа байлгаж, шинжилгээ авч байна. Гейчүүдээс ХДХВ-ийн халдвар илэрдэг нь үнэн. Харин ч тэднийг байнга шинжилгээнд хамруулж, илрүүлж байгаа нь сайн хэрэг. Ер нь бол энэ өвчний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд биеэ үнэлэгч, ижил хүйстнээс өөр хүмүүсийг үзлэг, шинжилгээнд хамруулдаг юм уу. Жишээлбэл, чи сайн дураараа гурван сард нэг удаа шинжилгээ өгдөг үү?

-Үгүй.

          -Ийм л байхгүй юу. Цаана чинь хэчнээн хүн халдвартай явж байгааг мэдэх аргагүй л байна шүү дээ. Сая гэхэд л 14 хүнд ДОХ-той хүний цус сэлбэсэн сэлбээгүй гээд бөөн маргаан гарсан. Өнөөх том дарга нар нь юм мэдэхгүй сэтгүүлчдийн амыг инээдтэй юмаар л таглачихаж байгаа байхгүй юу. Тэр хүн 3,4,5 аль ч сард ХДХВ-ийн халдвар авсан байж болно шүү дээ. Нууц үедээ орсон байх юм бол хэчнээн шинжилгээ хийгээд ч илрэхгүй. Үнэхээр халдваргүй үедээ иргэдэд цусаа өгч байсан бол аз. Харин нууц үедээ өгсөн бол аймшигтай. Цус сэлбүүлсэн хүмүүс халдвар авсан үгүй нь ирэх жилээс л мэдэгдэнэ.

-Ямар аймшигтай юм бэ. Төр засаг, энэ олон ДОХ-той тэмцэх байгууллага та нарт хэрхэн тусладаг вэ. Бэрхшээлтэй зүйл юу байна вэ?

         -Үнэнийг хэлэхэд эмчилгээг л аргагүйн эрхэнд хийж байна даа. Тээгчийн тоог зарлаж байна. ХДХВ-ийн халдвартай иргэдийн амьжиргаанд дэмжлэг, тусламж үзүүлэх байгууллага, хүн ховор байна. ХДХВ-ийн халдвартай иргэдийн амьжиргааг дэмжих сангаас зээл авч чадахгүй байна. Бид хүсээгүй вирусийг биедээ тээж яваа ч амьдрах, хөдөлмөрлөх, бүтээх чадамжтай хүмүүс шүү дээ. Багахан ч гэсэн тусламж дэмжлэг хэрэгтэй л байна. Гэхдээ бид хаана хандах юм бэ. Хэнд. Очоод л хад мөргөх юманд хэчнээн хашгираад хэн сонсох юм. Тиймээс хувь заяатайгаа эвлэрээд дуугүй сууж байхаас өөр арга одоохондоо алга даа.

-Энэ олон төрийн бус байгууллага юу хийж байдаг юм бэ?

           -Та нар л мэднэ дээ. Сэтгүүлчид үнэхээр муу муухай, болохгүй, бүтэхгүй байгааг ухаж, төнхөж, сайжруулдаг хүмүүс юм бол энэ байгууллагуудын үйл ажиллагаа юунд чиглэж байгааг хамгийн гол нь халдвартай хүмүүс халдвараа хэрхэн тараахгүй байх талаар юу хийж байгааг олж, бидэнд мэдээлбэл сайн л байна.

-Та эр хүн байж юм бүхнийг эмзэгээр хүлээж аваад байх шиг санагдах юм?

          -Тийм байна уу. Тийм болчихдог юм шиг байгаа юм аа. Бас уцаарлангуй, зожиг, нуугдмал. ДОХ гэсэн үг хаа нэг харагдахад ч зарсхийгээд эвгүй болдог. Зүгээр хэн нэгэн ДОХ-ын талаар ярихад ч намайг хэлж байгаа юм шиг санагдаад хэцүү байдаг даа. Бүх зүйл л надтай холбоотой юм шиг санагдаж, маш их эмзэглэдэг. Саяхан манай нэг найзынх урьж, бид хоол идэхээр сууж байтал нэг зочин “Арай ДОХ-той юм биш биз” гэж тоглоход нь хүйтэн хөлс асгараад л ирж байх жишээний. Гэтэл тэр хүн зүгээр л хошигносон.

-Ер нь халдвар тээгч иргэдийг ингэтэл нууцлах нь хэр зөв юм бол. Яагаад зарим орны иргэд шиг ил тод байж болдоггүй юм бэ?

           -Биднийг бузар булай гэсэн үзэл манайд бат бөх оршин тогтнож байна шүү дээ. Зэрлэгдүү авиртай нийгэмд амьдарч байгааг бидэн шиг хүмүүс л илүү мэдэрдэг байх. Нийгэм хүлээн зөвшөөрдөг болсон цагт бол өөр л дөө. Одоо бол болоогүй байна. Гэхдээ ДОХ-той хүнийг хэн ч тоохоо болих цаг ирнэ, удахгүй дээ. Бид хэн нэгэнд гэм хор хийгээгүй. Зүгээр л Африк ч юм уу аль нэг оронд байж л байдаг өвчин туссан хүмүүс. Хамгийн гол нь жам ёсоороо бус өвчний улмаас амьдралыг орхино гэдэг л харамсалтай.

-Та олон хүүхэдтэй болно гэж боддог байсан уу?

         -Ах нь ажиллаж, ажиллаж ирээд одоо л нэг гэр бүлдээ анхаарлаа бүрэн хандуулъя гэтэл хувь заяа намайг өөр замаар алхуулсан. Одоо бол хүүхдүүдээ л сайн сайхан явахыг харахыг хүсдэг. Бага маань бие султай л даа. Ер нь л өвдөх гээд байдаг юм. Бурхан минь, зүгээр байх аа.

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдийг заяа түшдэг гэдэг шүү дээ. ХДХВ-ийн халдвартай иргэдэд ажлын байр олно гэдэг хэцүү асуудал байх. Тэд яаж амьжиргаагаа болгож байна вэ?

          -Энэ хамгийн тулгамдсан асуудал. Гэр бүлийн хүмүүс бие биедээ халдвар тараалгүй амьдарч болоод байхад түүний ДОХ-той эсэх тэр компанид ямар хамаатай юм бэ. Үүнээс л болж мэргэжилтэй, боловсролтой, чадвартай олон залуу хүссэн ажлаа хийж чадахгүй байна. Ядаж үүнийг төр засаг харж, өөрчлөлт хийгээсэй.

-Та болон бусад хүн хайхрамжгүй байдлаасаа болж халдвар авсан гэж боддог уу. Эсвэл?

            -Халдвар авсан тохиолдол олон янз л даа. Гэхдээ миний уулзаж, ярилцаж байсан хүмүүсийн хэнийг ч “Энэ ч халдвар авахаас аргагүй юм байна даа” гэхээр хүн байхгүй. Нэг ч удаа эмнэлэгт хэвтэж байгаагүй хүн ч бий. Яагаад бид ДОХ туссан юм бүү мэд. Бүх зүйлд л цэг тавих болж байна. Энэ муухай, эмгэнэлт ч гэх юм уу хувь заяа биднээр дуусаасай. Энэ 83 гэсэн тоогоор л төгсгөл болоосой. Дахиж хэн нэгэн энэ өвчнөөр бүү шаналаасай. Тэр муухай мэдээг сонсох гэж хэн ч битгий нойргүй хоноосой.

-Та нээрээ яаж байгаад халдвар авчихсан юм бэ. Таны бэлгийн чиг хандлага зөв биз дээ?

            -Ийм асуултыг бидний хэнд ч дахиж битгий тавиарай. Бид энэ талаар хоорондоо огт ярьдаггүй. Бусдад ч ярих дургүй. Энэ мэдээж бидний хамгийн ихээр дурсахыг хүсдэггүй сэдэв.

-Уучлаарай. Таны таньдаг ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ар гэрийнхэн бүгд ойлгодог, зөвөөр хүлээж аваагүй байх гэж бодож байна. Ямар нэг дарамт, шахалт ирдэг талаар танд ярьж байсан уу?

            -Ихэвчлэн хэнд ч хэлдэггүй юм. Үнэхээр итгэж найдсан хүмүүстээ л хэлдэг. Өөрийгөө тийм гэж бусдад хэлэхийг тийм амар зүйл гэж чи бодож байна уу. Төрсөн ахдаа хэлж болно. Харин ахын чинь эхнэр яаж хүлээж авахыг хэн мэдэх юм бэ. Бид бусдын доог тохуу, хэл амнаас айхдаа өөрсдийгөө орчноос, бусдаас тусгаарлан ганцаардлын “торонд” хийчихдэг аймхай хүмүүс.

-Танай байгууллага өөрийн гэсэн байртай болсон уу?

          -Чадаагүй л байна. “Глобал сан”-д хүсэлт гаргасан боловч боломж байхгүй гэсэн. Харин нэг аялал жуулчлалын байгууллага 2.2 сая төгрөг хандивласнаар оёдлын машин авсан. Тэгээд нэг оёдлын үйлдвэрийн хажууд түр байрлаж, ажлын хувцас оёж, зарж байгаа. Уг нь их зүгээр юм. Уг нь биднийг жаахан дэмжээд өгвөл. Би бас Мобиком корпарацид миний утасны төлбөрөөс бага ч болов хөнгөлж өгөөч гэсэн хүсэлт явуулсан. Хариу нь ирээгүй байгаа. Бусад ХДХВ-ийн халдвартай иргэдийн төлөө энэ хүсэлтийг маань харж үзэх байх гэж найдаж байгаа шүү” гэснээр бидний яриа өндөрлөж, түүнд түүний хүсээгүй, хэлээгүй зүйлийг ярилцлагадаа оруулахгүй гэдгээ амласан бичиг хийж өгснөөр бид салсан юм.

Хорвоогийн мөнх бусыг хүн бүхэн үздэг. Чухам хэзээ, яаж, ямар учраас  тэнгэрийн орныг зорих нь ялгаатай. Гэхдээ хэн нэгнээс итгэл, нөхөрлөл горьдсон зориггүй харцтай, бусдын дунд байхаас үргэлж эмээж, ямар нэг зүйлээс зугтах мэт түргэн алхалж одох энэ хүмүүст одоогоор хэн ч туслаж чадахгүй нь харамсалтай...

2010 он, дахин нийтлэв.

 

 


ДОХ-ТОЙ ИРГЭН: ГАДААДААС ИРСНИЙХЭЭ ДАРАА ХАЛДВАР ТЭЭГЧ ГЭДГЭЭ МЭДСЭН. ЭХНЭР, ОХИН ХОЁРЫГОО "ЭРҮҮЛ БАЙГААСАЙ" Л ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-25 15:02:10
    Mongol news : Аав руугаа “OKOSU дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, ГЕРПЕС, ЧИХРИЙН ШИЖИН, ХАВДАР, ХДХВ, ЦАРВАЛТ гэх мэт бүх төрлийн өвчнийг байгалийн үндэс, эмийн ургамлаар эмчилнэ. өвчин , Үе үеийн гэр бүлийн шалтгааныг арилгах , Хуучин амрагаа эргүүлэн авах. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү имэйлээр мессежээр илгээх боломжтой: ( [email protected] )
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-25 15:01:57
    Mongol news : Аав руугаа “OKOSU дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, ГЕРПЕС, ЧИХРИЙН ШИЖИН, ХАВДАР, ХДХВ, ЦАРВАЛТ гэх мэт бүх төрлийн өвчнийг байгалийн үндэс, эмийн ургамлаар эмчилнэ. өвчин , Үе үеийн гэр бүлийн шалтгааныг арилгах , Хуучин амрагаа эргүүлэн авах. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү имэйлээр мессежээр илгээх боломжтой: ( [email protected] )
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-17 19:31:20
    Zochin: 100% өөрийнх нь буруу ядаж тийм унтах дуртайн бол бэлгэвч хэрэглэхээ яасын?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-24 15:00:55
    өөөө: Нэг талаар хэцүү юм бэ, нөгөө талаар өөрөө л далчиганаж яваад ийм болсон байна. Гэр бүл нь л харамсалтай байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 19:08:21
    зочин : энэ дэлхий эмийн үйлдвэрүүд мөнгө олох арга янз бүрийн өвчинг тарьж ургуулаад тараадаг түүнийхээ хойноос эм тариагаа зардаг гэж ойлгоод байна тэд бол гэмт хэрэгтэн өвчтөн бол золиос хэлж биш хийсээд ирсэн өвчин ард иргэд бие биенээ хайрла хүмүүсээ өвдөхгүй төлөө тэмц
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188