• Өнөөдөр 2024-05-02

ЗҮРХ АНАГААГЧ

2021-09-11,   1892

        Ажлаараа ч, ааваараа ч “зүрх”-ээр овоглодог нэгэн эрхэм бий. Тэр бол Бундангийн Болдсайхан буюу “Зүрхний” Болдсайхан. 
 
Удам залгасан зүрхний мэс засалч, төрийн ордон руу салаавч гаргадаг тэрслүү нийтлэлч, салбарынхнаа өмгөөлж, сайдтайгаа “салам хэрэлддэг” эмч, хайрын, ханийн, хойд насны тухай, гоо үзэсгэлэнгийн тухай шүлэглэдэг найрагч, өөрт үлдсэн “өчүүхэн” цаг хугацаагаа өрөөлийн хүүхдийн төлөө зориулж яваа өр нимгэн, халуун сэтгэлтэн...
 

ААВ, ХҮҮ “ЗҮРХНИЙХЭН”

 
“Таван настайдаа би аавыгаа дагаад нэгдсэн гурвын хаалгаар хөтлөлцөөд орж байсан. Тэгж ороход өмнөөс угтсан орчин, үнэртсэн үнэрт нь хүн архинд, тамхинд орно гэдэг шиг л орчихсон. Хамгийн ариун нандин газар, хамгийн сайхан орчин, үнэр тэр л байх гэж бодогддог юм”
Б.Болдсайхан
           
        Удам залгасан уяач, бөх олон байдгаас зүрхний мэс засалч олон биш байх. Магад, тэднээс өөр байхгүй байх, манайд. Зүрхний мэс засалч, Анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайханы аав Ц.Бундан Монголд зүрхний мэс заслыг бий болгосон, Төрийн соёрхолт эмч байсан. Монголын анагаах ухааны салбарт, дамаа нарийн мэс заслын талбарт Ц.Бундангийн оруулсан хувь нэмэр асар их. Тэрээр яг л одоогийн Б.Болдсайхан шиг, тухайн үедээ хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн 40 мянга хүүхдийг үзэж оношилж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмчилгээ хийж байсан. Түүний гавьяа, зүтгэлийг үнэлж, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн даргын 2004 оны 339 тоот тушаалаар тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийг Монгол Улсын төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бундангийн нэрэмжит болгон үйл хэрэг, нэрийг нь мөнхжүүлсэн билээ. 

Б.Болдсайхан аавтайгаа ижил зүрхний мэс засалч болсноо удам, ген, өгөгдөлтэй нэг их холбож үздэггүй, харин мэс заслын цагаан халаадтай эмчийн гэр бүлд төрсөн хувь тохиол, өсөж хүмүүжсэн орчин, аавынхаа гараас атгаад эмнэлгийн коридороор алхаж асан хүүхэд ахуйн төсөөлөл нь хожим түүнийг эмч болгосон гэж тайлбарладаг. Тэр 5 юм уу, 6 настай байхдаа хажуу айлынхаа хүүхэдтэй тоглож байгаад аавыг нь орон дээр хэвтүүлж, “Та савны рактай байна, би хагалгаа хийнэ” гэсэн нь айлын эзэгтэйг уурлуулж, муу ёртой гэж зэмлүүлсэн гэдэг. Тэр үеэс л түүний бодол, ухамсарт эмч болох хүсэл бий болчихсон байж л дээ. 

      Зүрхний мэс засалч гэдэг мэргэжлийг хүсээд л эзэмшчихгүй. Цээжний хөндийг нээх мөчид тухайн хүний амь нас, хувь заяа бүхэлдээ мэс засалчийн мэдэлд орно. Хүний биед мэс хүргэх хууль ёсны эрх мэс засалчид бий бол хүний зүрхэнд мэс  хүргэх онцгой эрх зөвхөн зүрхний мэс засалчид бий.
 
Төсөөлөгдөж байна уу, хүнийг “үхүүлж”, цээжийг нь нээгээд алган дээрээ зүрхийг нь цохилуулна гэхээр, тэгээд ч болоогүй гаргаж авсан тэр зүрхээ эмчлээд буцааж хийгээд тухайн хүнээ буцаагаад амилуулна гээд. Үнэмшихэд хэцүү ч үнэн, бүр гайхамшиг ч гэлтэй. Хүнийг үхүүлээд буцаагаад амьдруулж чаддаг энэ гайхамшгийг зүрхний мэс засалчид өдөр тутамдаа бүтээж байдаг. 
     
     Тэр аавынхаа мэргэжлийн эзэмшиж, аавынхаа ажиллаж байсан тасагт ажиллаж, аавынхаа эхлүүлснийг үргэлжлүүлсэн. Хэдий тэр одоо Монголын зүрхний мэс заслын урдаа барьдаг, шилдэг эмч гэгдэж яваа ч хувь хүнийх нь, ажил мэргэжлийнх нь үүрдийн бахархал аав нь, тэр ааваасаа илүү гарна, илүү ихийг хийнэ гэж ер төсөөлдөггүй. Тэр аавынхаа тухай дурсахдаа “Аавын хүргэсэн, хамт олноороо зүтгэж байж хүргэсэн тэр зүрхний мэс заслын түвшин бол яг тухайн үеийн дэлхийн түвшинд тулчихсан шахуу байсан. Ялангуяа хувь хүний ур чадвараар. Хувь хүнийх нь ур чадвараар магадгүй надад аавыг давна гэсэн ойлголт хэзээ ч байхгүй байх. Би ойрын 50, 100 жилийн түүхэнд тийм зүрхний мэс заслын эмч гарч ирэх эсэхийг сайн мэдэхгүй байна” гэж байв. 
 

СУМЫН ЭМЧ

 
“Эмч бол ажил биш амьдрал”
Б.Болдсайхан
         
      Улсын нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгссөн, Улсын тооны олимпиадын аварга Б.Болдсайханыг улсаас Орост математикийн ангид явуулах шийдвэр гарчээ. Төр нь иргэнийхээ өмнөөс сонголт хийдэг, ирээдүйг нь шийддэг, тэр бүү хэл гишгэх газрыг нь хүртэл заадаг байсан цаг үе шүү дээ. Тэгээд явчихсан бол тэр өдийд тэр мэс заслын тасагт биш өөр хаа нэгтээ тоо, томьёотой “ноцолдоод”, нэг хүрээлэнд, үгүй бол их сургуулийн ногоон самбарын өмнө зогсож байх байсан биз. “Зүрх”-ний Болдсайхан биш, “Томьёо”-ны Болдсайхан гэж дуудуулах байсан байх. Гэхдээ ухаан орсон цагаасаа л аав, ээжийгээ дагаж, мэс заслын өрөө, эм, тарианы, эмнэлгийн коридорын ариутгалын бодисын үнэрт ойр өссөн нь эмч болох замд эрхгүй хөтөлсөн гэдэг. Ерөөс эмчээс өөр мэргэжил байдаггүй мэт төсөөлж явсан гэх.
 
Б.Болдсайхан Анагаах ухааны их сургууль төгслөө. Ингээд “Илгээлт”-ийн журмаар хөдөө, тэр тусмаа говийн эмчгүй суманд сайн дураар ажиллах санал гаргаж, өөрийн төрсөн сум буюу Говь-Алтай аймгийн Төгрөг суманд очиж ажиллажээ. 

Хөдөө сумын эмч байхдаа осгож, хөлөө хөлдөөсөн, дүн өвлийн хүйтнээр ханиаданд нэрвэгдсэн хүүхдүүдэд амьсгалын аппарат холбочихоод хэдэн арав хоногоор нойргүй сахиж суусан, цалингаараа архи аваад орос цэргийн анги дээр очиж, хэд хэдэн амьсгалын аппаратын наймаа хийж байсан гээд хөгтэй, хүнд явдлууд олныг л дурсдаг. Гэхдээ тэр үед хэцүү байсан гэж биш тэр үед хамгийн бахархалтай байсан гэж дурсах нь бий. Сумын эмчийн тухай тэр “Миний хамгийн хүндэтгэдэг, хамгийн айдаг, хамгийн их ур чадвар шаарддаг, хамгийн хэцүү ажил бол сумын эмчийн ажил. Тэр сумын 2000, эсвэл 4000 хүний бүх л өвчнийг...сэтгэл мэдрэлийнхээс авхуулаад хамуу хүртэл, тэгээд л зүрх, хавдар бүгдийг нь тэр ганц эмч ардаа ямар ч том эмнэлэг, багшгүйгээр аваад явна гэдэг бол аймшигтай хүнд хөдөлмөр” гэж билээ. 

 
       Анагаахын сургууль дөнгөж төгссөн залуухан эмч ийн Төгрөг сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, дараа нь Дорноговьд, Завханы Тэлмэнд ажиллаж, эмч мэргэжлийн хүндийг, зовлон бэрхшээлийг басхүү жаргалыг нь, амтыг нь ч мэдэрчээ. Ингэж “хагас” боловсорсон Б.Болдсайхан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж, тэнд өнөөгийн Б.Болдсайханыг “бүтээжээ”. Тэр залуу, халуун үеийнхээ тухай  “Залуу байхад зүрхний төрөлхийн гажигтай 2,3,4,5-тай жаахан хүүхдүүдэд хагалгаа хийгээд, цоо эрүүл болгоод эмнэлээс гаргахдаа “хуримдаа уриарай” гэдэг байсан. Тэгтэл нээрээ л 10, 20, 30 жилийн дараагаас хуримдаа урьж эхэлдэг юм билээ. Тэр үнэхээр сайхан мэдрэмж” гэж билээ. 
 
      Хүн бүрийн мэддэггүй түүний нэг түүх бий. Тэр гуравдугаар төв эмнэлгээс гараад, анагаахын багшийн ажлаа ч орхиод гудамжинд гарсан, өнчин өрөөсөн хүүхдүүдийг асардаг, нэг ёсны буяны эмнэлэг байгуулаад ажиллаж байсан. Тэднээсээ сүрьеэ аваад хүүхдүүддээ халдааж, өчнөөн удаа бөөстөж, хамуурч байсан ч гэдэг. Гэхдээ л тэр нэг ч болов хүүхдийг эрүүл саруул болгоныг төлөө өөрийгөө үл хайхран зүтгэж ирсэн. Одоо ч ялгаагүй. 
 

ЗҮРХ МАРТАХГҮЙ

 
“Үхэлтэй юу. Амьдарч, асаж, нисэж л тэмцэх байх даа. Лав л хэвтэж хүлээж сэтгэлээр үхэж биш”
Б.Болдсайхан
 
       Б.Болдсайхан 2020 онд “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлсэн. Зорилго нь алслагдсан аймаг, сумдаар тойрч зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд газар дээр нь үзлэг, эмчилгээ хийж, 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг үнэ төлбөргүйгээр бүрэн эмчлэхээр ажиллаж байгаа. Яг аав шигээ. Төслийнхөө хүрээнд “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” гэх уриалга гаргаж, зүрх бүхэнд амьдрал бэлэглэхээр үлгэрлэн зүтгэж буй халуун сэтгэлтэн.
 

Гэвч амьдрал хүн бүрийн хүслээр болдоггүй нь хяслантай. Бяцхан зүрхнүүдийн төлөө цаг хугацаа, унд хоолыг умартан зүтгэж явсан Б.Болдсайхан өнгөрсөн өвөл ходоодны хорт хавдартай болсноо мэдсэн. Оройтож мэдсэн, хүндэрсэн байсан тул эрчимт эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон юм. 

      Ийн явахдаа тэр “МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүр муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ. Уучлаарай, зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй, дараа 7 хоногт гэж, өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчнөө хожуу мэдэж, хүндэрсэнд... Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жаахан хүүхдүүдийн өмнө уучлал гуйя аа” гэж бичиж үлдээсэн нь хэн хүний сэтгэлийг уйд автуулсан. 
 
“Өөрөө эмч байж өөрийнхөө биеийг яаж байгааг хайхардаггүй нь яаж байгаа юм бэ” гэж нэг хэсэг нь битүүхэн шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь “Оршин цагийн анагаах ухаан ямар өвчнийг эмчилдэг болсон, та эмч юм чинь мэдэж байгаа” гэж найдвар тээсэн. 
 

Тэр Солонгосоос бүрэн эдгэж ирээгүй ч урьдын Б.Болдсайхан биш, бүх зүйлд илүү яарсан нэгэн болоод эргэж ирсэн. Эсвэл цаг хугацаа өөрийг нь яаруулж буйг хар зөнгөөр мэдчихээд үлдсэн цаг хугацаагаа бусдын төлөө зориулъя гээд сэтгэлдээ нэг мөр шийдчихсэн ч юм шиг. Хүнд өвчтэй, хими эмчилгээ атлаа л алслагдсан сумдаар хоног, сараар автомашинд сэгсчүүлэн явж, хүүхдүүдийг үзсээр, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг хотод авчирч, өөрийн эмнэлэгтээ хагалгаа хийсээр... Цаг хугацаа өнгөрөх хэрээр тэр улам л яарч, зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх ажилдаа улам л улайрч байх шиг. 

 
      Тэр саявтар “...энэ нас төгсгөлтэйг сануулсаар л ... Хавдрын маркерууд дахиад өсөж... хими давхар тунгаар 28 хоногоор явж байгаа ч... цаг хугацаатай уралдаад 1000 хүүхэд эрүүл болгоно оо ... юмс үзэгдэл бүр зуурхан цахилаад чинагш одох...” гэж бичсэн. Туйлын зорилго, эцсийн хүсэл нь зөвхөн энэ мэт.
 

ХАЛААДТАЙ НАЙРАГЧ

 
“...Алтайн уулс, Хатан туул, 4 ханат гэр, мөрөөдөл, шүлэг, говь, чонын ан, зүрхний мэс засал, андууд, дахиад л мөрөөдөл...”
Б.Болдсайхан
           
      Б.Болдсайхан нэгэнтээ “Миний үндсэн хобби бол ном унших, бичих, бодох” гэж байв. Гарцаагүй хобби нь мөн. Хожмоо л “Бичихгүй байхыг илүүд үзэх боллоо, танд ч надад ч хайран цаг хугацаа” гэх маягтай, хоббигоо үгүйсгэсэн, эсвэл “зугтсан” болохоос биш. Түүний нэг шүлэг нь хүмүүсийн цээжинд байдаг. Хүмүүний амьдралд ирж, буцахын тухай мэт боловч хайр сэтгэлийн, итгэл найдварын өгүүлэмжтэй шүлэг. 
 
“Хойд нас гэж байдаг юм бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү чи?
Галзуу догшин дайчин болж төрвөл би
Бэр цэцэг нэгийг өвөртлүүлээч
Би чиний төлөө амьд ирнэ гэж гуйна, хүлээх үү чи?
Хаана ч юм холын оронд төөрөөд төрчихвөл
Халх Монголын зүг хамтдаа тэмцье гэж гуйх болно
Нутгаа санасан морьд шиг хамт гүйх үү чи?...”
 
Халаадтай найрагч олон шүлэгтэйн дээр шүлгийн ном хүртэл гаргаж байсан. Түүний “Сэтгэл минь” шүлгийн номд:
 
“Зуурдын, зуурдын жаргал ч үүрдийн
Чиний тухай бодол жаргал, зовлон болон
Зуурхан энэ амьдралыг минь сүлж, үрж ирлээ
Чинадын ертөнцөд очиход 
Хамт одох уу, энд үлдэх үү...” гэсэн шүлэг бий. 
 
       Шүлэг бичдэг, бичиж байсан үеийнхээ тухай нэг их юм яриад байдаггүй. Хүр бүр шүлэг бичиж чадна, цаасан дээр буулгадаг, буулгадаггүйгээрээ л ялгаатай гэнэ. Харин нэг удаа “Миний шүлгүүдийг хоёр л хувааж болно. Би үнэхээр хамгийн төгс төгөлдөр гоо сайхан бүтээл бол эмэгтэй хүн гэж итгэдэг. Залуу байхад нөгөө яриад байгаа амьтны зөнгөөрөө энэ гоо сайханд автагдсан үеийн шүлгүүд нэг хэсэг нь. Би уул нь шүлгийг ганцаардлаас л төрдөг гэж боддог. Өөр юунаас ч биш. Баяр бахдалаас биш. Гоо сайхнаас биш. Аз жаргалаас биш. Зөвхөн гуниг ганцаардлаас” гэж байв.
 

ТЭРСЛҮҮ НИЙТЛЭЛЧ

 
“Амь амьдралаа зориулах эх оронтой, үрстэй, ээж аав, бүсгүйчүүдтэй, ард түмэнтэй, соёл, хэл, түүхтэй, нутагтай байх сайхан. Зөвхөн өөрийн төлөө, хувийн амьдралын төлөө, амь зуухын тулд амьдрах уйтай. Эртний хуучин үзэл байж болох ч би тэр үеийн л хүн учир ...”
Б.Болдсайхан
       
       Тэрслүү байхын тухайд бүр багийнх нь зан юм гэнэ лээ. Ямар сайндаа сурагч байхдаа Нэгдүгээр сургуулийн захирал, гавьяат багш Д.Гомбосүрэн философийн хичээл ороход нь элдэн янзын асуулт асууж зовоогоод, арга ядахдаа Ц.Бундан гуай руу утас цохиж, “Наад хүүхдээ олны дунд битгий ийм тэрслүү юм ярьж бай гэж хэл” гэж гуйж байсан гэх. 
 
      Тэр салбарынхаа нийт эмч нарын өмнөөс салбарын сайдтайгаа тэрсэлдэж, тэр нь хэсэгтээ л дуулиан болж байв. Сайд нь Л.Гүндалай байсан үе. Эрүүл мэндийн салбарынхныг сайд нь “Цагаан халаадтай алуурчид, мафийн гишүүд, чихрийн наборын төлөө яахаас ч буцахгүй амьтад” гэх мэт үгийн муугаар хэлж, хэвлэл, радиогоор ярьж, цамнаж гарсан гэх.  Түүнд нь тэвчээр алдарч, эгдүүцсэн Б.Болдсайхан “ууртай” нийтлэл бичиж, сонинд хэвлүүлсэн нь хүрэх ёстой хүмүүстээ хүрч, хэсэгтээ л шуугьж байсан хэрэг л дээ. Тэр үеэс мэс засалч Б.Болдсайхан нийтлэлч Б.Болдсайхан гэх бас нэг шинэ “автор”-той болсон. Өөрөө хэлэхдээ, бичиж эхэлсэн нь энэ явдлаас ч өмнө Баабараас болж эхэлсэн гэдэг. Баабар Монголчуудыг эрс доромжилсон, өнгөрсөнгүй, ирээдүйгүй мэтээр дүрсэлсэн цуврал нийтлэл бичиж, хэвлүүлсэнд нь мань эр эгдүүцэж, эсэргүүцсэн, шүүмж өгүүлэл бичиж, сонинд нийтэлсэн нь бичих хоббиг нь өдөөж өгсөн гэх. 2007 онд салбарынхнаа өмөөрч “Эмч нарыг үзэн ядацгаая” гэж бичиж байсан бол улс төрчид, авлигачдыг шүүмжилж “Шантаажаар амьдрагсад” гэж бичиж байв. Одоо бол тэр олон нийтлэлтэй, “архаг” нийтлэлч. 
 
       2013 оны намар Б.Болдсайхан “Хас”-ын Ч.Ганхуяг нарын хамт цайны цагаараа төв талбайд очиж, төрийн ордон луу салаавч гаргасан нь хэсэгтээ л шуугиан тарьж байв. “Төрийн сүлд өршөө” гэдэг атал “Түй май” гээд салаавч гаргасан нь уламжлалт сэтгэхүйд харш үйлдэл байв шүү дээ. Тиймдээ ч түүний тэр салаавчийг тэгж онцгойлон анхаарч, хүлээж авсан байх. 
 
Үүнийгээ тэр “Би хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 11-12 хувьтай мөртлөө 26-27 хувийн алдагдалтай гарсан. Миний хувийн болоод эмнэлгийн маань эдийн засаг 15-15 хувиар буурсан гэсэн үг биз дээ. Энэ бууралт зөвхөн энэ Засгийн газрын алдаа биш л дээ. Өмнөх Засгийн газар, түрүүчийн Их хурлуудын үед гаргасан алдаа. Намчирхлын гай жирийн ард түмний нуруун дээр ингэж л тусч байна. Гэхдээ энэ Засгийн газар гол нь өнгөрөгч зунаас уг алдааг мэдрээд хурдан арга хэмжээ авах ёстой байсан.  Тэгэхгүй зунжингаа найрлаад, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ амраад алга болчихсон. Үүнийг л би хувь хүнийхээ хувьд эсэргүүцсэн” хэмээн тайлбарлаж, үзэл бодолдоо үнэнч зогсож байв. 
 
      Түүнээс өмнө Монголд анх газрын хууль гарах үеэр гурван заалтыг нь эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байв. Хаврын хавсарга шувтарч байх үеэр, таван сард. Хачин нь хэнд ч энэ тухайгаа хэлэлгүйгээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч дуулгалгүйгээр өлчихсөн байгаа юм. Гэхдээ нэг өдөр өлсөж суугаад хоёр дахь өдөр нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр түүнийг хүлээж авч уулзаад, намын бүлэг, чуулган дээр тулгаж байж эсэргүүцсэн гурван заалтыг нь өөрчилж байсан гэдэг. Энэ тухайгаа тэр “Газрын хууль тэр анхны төслөөрөө батлагдчихсан бол өдийд Оюу толгой зэрэг бүх газрыг “Айвенхоу майнз” эзэмшээд л байх байсан. Энэ бол миний магадгүй амьдралдаа хийсэн хамгийн том ажлын маань нэг байх гэж боддог” хэмээж байлаа. 
 
Тэр одоо ч тэрслүү нэгэн хэвээрээ. 

ХАМГИЙН САЙХАН НЬ...

 
Нэг удаа түүнээс “Зүрхний мэс засалчийн хамгийн сайхан мэдрэмж юу вэ” гэж асуухад:
 
“Хагалгааны маргааш хүнээ үзэх их гоё байдаг. Зүрхний хагалгаа их төвөгтэй шүү дээ. Хүний зүрх, уушгийг зогсоогоод, түр клиник үхэлд оруулаад, бүх эрхтнийг нь удирдаад, цагийн дараа зүрхийг нь буцаагаад амилуулна гэсэн үг шүү дээ. Тэгж байж босгоод ирсэн хүн маань маргааш өглөө нь сайхан эрт босчихсон, үсээ самнаад, шөлөө оочоод сууж байхыг нь харах их сайхан байдаг. Зүгээр болох болохдоо ор дэрний, хоолны хэрүүл хийгээд сууж байх нь манай сувилагч нарт төвөгтэй байдаг байх, надад бол их хөөрхөн санагддаг, гоё” гэж билээ. 
 
Харин “Амьдралын босгоор алхаж буй 20 настнуудад, дөнгөж сургуулиа төгсөж буй залуухан эмчид юу гэж хэлэх вэ” гэж асуухад: 
 
“Хэрэв эмч бол Дорнодын тал, Хөвсгөлийн тайга, Өмнийн говь гэх мэт эмч дутагдалтай газарт очиж ажилла. Багш бол хөдөө малчдын хүүхдүүдэд морь, тэмээ унаж очоод ч хамаагүй хичээл заа. Өөртэйгөө, амьдралтай, дэлхийтэй танилц” гэж байлаа. 
 

ЗҮРХ АНАГААГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 16:00:20
    Зочин: Нохой долой гэж…… Баридахаасаа таахалзах нь их нөхөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 12:46:02
    тунгаа: энэ сайхан хүнтэй энэ цаг үед амьдарч бгаа нь аз юмдаа,,,,гайхамшиг та бол гайхамшиг,,,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 14:47:18
    зочин: Эцэг эхээ сайхнаар үргэлжлүүлсэн хүү, эмч, нийгмийн зүтгэлтэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 11:08:14
    Sara: setgel saihan bna.ih mundag emch.iim emch mongold olon baigaasai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 11:08:10
    Sara: setgel saihan bna.ih mundag emch.iim emch mongold olon baigaasai.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188