• Өнөөдөр 2024-05-19

МУГЖ Б.БАТБААТАР: Би дуугаа сэтгэлээрээ “амилуулж” сонсогчдод хүргэдэг

2021-03-18,   1457

          Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Батбаатартай ярилцлаа. Тэрбээр 21 дэх жилдээ цэргийн байгууллагад ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, цэрэг эрсийн эр зоригийг магтан дуулж байгаа билээ.

-Танд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Цар тахлаас шалтгаалж цэргийнхэн түүхт ойгоо "даруухан" тэмдэглэж байх шиг байна. 

-Баярлалаа. Цар тахлын улмаас хуучин шиг баярын концертыг танхим дүүрэн хүн үзэх боломжгүй байна. Гэхдээ цэргийн хүмүүс дотроо омогшиж, бахархаж, баярлаж байгаа. Би гэр бүлтэйгээ телевизээр тоглолтоо үзэж, түүнээсээ эрч хүч, энерги авч, ажлын хамт олон, найз нөхөд монгол эрчүүдээрээ бахархаж сууна даа.

-Та 2017 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн. Цэргийн дуучин бусад дуучдаас ямар ялгаатай вэ?

-Би Зэвсэгт хүчний 97 жилийн ойгоор 18 жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх цол хүртсэн. 2000-2004 он хүртэл Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна. Цэргийн дууны урлаг гэдэг темп, өгүүлэмж, хүүрнэлийн хувьд ялгаатай байдаг. Тийм учраас цэргийн дуу гэдэг марш хэмнэлд үг, өнгө аяс, дотоод сэтгэлээр өөрийнхөөрөө боловсруулан гаргаж, хүүрнэж, амьдруулж байж л үзэгчдэд хүрдэг онцлогтой.

-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад одоохондоо та ганцаараа МУГЖ юм байна. Залуу үеийнхэн болон залгамж халаагаа хэрхэн бэлдэж байна вэ?

-Залуу үеийн  дуучиддаа “энэ дууг ингэж дуулдаг юм. Үүнд ингэж ажиллах ёстой. Ингэж дуулах ёстой” гэж хэлж сургаж, тэднийг бэлтгэж байна. Би ч ялгаагүй 20 жилийн өмнө цэргийн дууны утга учрыг сайн ойлгоогүй л байсан. Цэргийн дууны өнгө аясыг тааруулж, дуун дотор амьдарна гэдэг бол тусдаа гэдгийг өнгөрсөн жилийн хугацаанд мэдэрсэн.

Цэргийн алхаа шиг хэмнэлд хазайхгүй, түүн дотор амьдарч, яаж тухайн дууг хүүрнэж өгүүлэх үү, ямар байдлаар дуулвал үзэгчдэд хүрэх вэ гэдгийг ахмад дуучдаасаа сурч байсан.

-Танай анасамбалыг бүрдүүлдэг урлагын төрлүүд юу вэ?

-Манай бүжиг бол гайхамшигтай. Тайзан дээр гарч ирэнгүүт л үзэгчид алга ташдаг. Найрал дууны алба 40 орчим дуучинтай. Тэдгээр дуучид маань өнөө цагт байгаа ганц эрэгтэй хоор. Найрал дууны олон бүтээл хийдэг. Манай найрал дууны анги анх найрал дууг  үүсгэн байгуулсан Д.Мяасүрэн багшийн нэрэмжит болсон. Манайх урлагийн ууган салбарын нэг. 1945 оны чөлөөлөгдөх дайнд оролцож байсан. Дайнд тулалдаж байгаа цэрэг, дайчдын цог хийморыг сэргээх, сэтгэл зүйг дэмжих зорилгоор тухайн үеийн уран бүтээлчид дуу хуураа тоглодог. Дараа нь зэвсэг,  буугаа барьж тулалдаж явсан арвин түүхтэй.

-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга “Чингис хаан” рок дуурь 2005 онд тоглож байсан. Харин ирэх долдугаар сараас сэргээн тоглох төлөвлөгөөтэй байгаа юм билээ?

-2005 онд “Чингис хаан” рок дуурьд Тэмүүжиний дүрийг бүтээснээрээ бахархдаг. Их хааныхаа залуу насанд хувирч тоглоно гэдэг маш их аз завшаан. Тус рок дуурийг Азид анх удаа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга тавьж байсан.

-Та “Чингис хаан” рок дууриас өөр жүжигт тоглож байв уу?

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байхдаа “Хөхөө намжил” дуурийн Галдан ноёны дүрд тоглож байсан.

-Таны ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх зорилго, мөрөөдөл юу вэ?

-Мэргэжлийн дуучны хувьд монголын дуурийн театрт болон гадаадын сонгодог урлагийн тайзан дээр гарч дуулах бодолтой байна. Төрийн байгууллагын бүхий л арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга оролцдог. Бид цаг наргүй ажилладаг. Энэ мөрөөдөл минь сүүлийн хоёр, гурван жилд биелнэ гэж боддог. Мэргэжлийн дуучныхаа чанар чансааг харуулах бодолтой явдаг даа.

-Танай байгууллагаас маш олон ахмад, залуу үеийн дуучид “төрсөн” байх аа?

-Тэгэлгүй яахав. МУГЖ Д.Дашням, Ж.Одмаа, Г.Батбаяр, Г.Жанчив, Ардын жүжигчин Г.Баярмагнай зэрэг ахмад үеийнхэн байна. Мөн залуу дунд үеийн, залгамж халаа болсон дуучдаа бэлдэж байна. Тэдний төлөөлөл бол Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин дэлхийн олон орны тэмцээн уралдаанд оролцож, түрүүлсэн Ч.Бадрал хэмээх дуучин байдаг. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумынх. Би дүүгээ анх урлагийн замд хөтөлж, Цэргийн анасамбалд оюутан байхаас нь ажиллуулж байсан. Одоо Италын тайзнаа дуулж байгаа.

-Таныг дуучин болоход юу нөлөөлсөн бэ. Ижий, аав нь дуулдаг уу?

-Миний аав их сайхан дуулдаг. Аав минь намайг дуучин болоход нөлөөлсөн гэж боддог. Бага байхад найр наадам, дуу хуур их болдог байлаа. Аав минь насаараа газар тариаланд ажилласан.

“Бага наснаас сэтгэлд хоногшсон

Баргил хоолойтой дуучин хүн байсан” хэмээх дуу байдаг.

Үүнтэй адил аавын дуулдаг дуунууд чихэнд хоногшсон. Миний аавыг Баянбилэг гэдэг. Сэлэнгийнхэн андахгүй. Би тав, зургаадугаар ангид байхдаа гэнэт их дуулмаар санагдаад.

Аавыгаа дагаж, дуурайж дуулж байгаад хонь маланд хээр ганцаар явахдаа дуулдаг болсон.  Тэгээд урлагийн үзлэгт ордог болж, тэндээс Соёлын төвд очиж дуулдаг, дараа нь аймгийнхаа хүүхдийн дууны уралдаанд оролцдог болсон. Тэр цагаас хөглөгдөж явсаар дуучин болох хүсэл, мөрөөдөлтэй болсон доо.  Аавынхаа дуулдаг бүх дууг дуулж, дуурайж, аав шиг ээ бүдүүн дуугарч сонирхдог байсан.

-Тухайн үед та ямар дуу илүүтэй дуулах сонирхолтой байв?

-Манай аав тухайн үеийн Д.Банзрагч, П.Адарсүрэн, Г.Жанчив зэрэг алтан үеийн одуудын дууг дуулдаг. Миний аав баргил, бүдүүн хоолойтой, том биетэй хүн. Би одоо аавыгаа “Байгалийн авьяастай, өгөгдөлтэй хүн юм даа” гэж боддог.

Намайг хүүхэд байхад миний аав наддаа мэргэжлийн дуучин байсан. Тухайн үед “Ургацын далай” дууг их дуулдаг байлаа. Манай Сэлэнгэ газар тариалангийн орон. Аав тракторын комбайнч болохоор багаасаа тариан талбай дээр аавыгаа дагаж, тэр их дуу чимээнд бага насаа өнгөрөөсөн дөө. Тэр бүхэн сэтгэлд хоногшсон болохоор тухайн үеийн дурсамж, хүүхэд насаа мартдаггүй.

-Таныг дуулж эхлэхэд гэр бүлийнхэн, дотнын хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-Манайхан бүгд дэмжсэн. Би хүний хажууд дуулдаггүй, ганцаараа байхдаа л дуулдаг ичимхий хүүхэд  байсан. Ганцаараа дуулж байхад хүн нууцаар  сонсчихсон, тэгээд баригддаг байсан. Нэг удаа урлагийн үзлэгт нүдээ аньж байгаад дуулсан юм. Дуулж дуусаад нүдээ нээтэл үзэгчид чив чимээгүй болчихсон, багш нар гайхчихсан байсан. Тэгээд л бүгдээрээ алга ташиж байсан даа.

Намайг бага байхад “Баадай” гэж дууддаг байсан юм. Багш нар “Баадайд аавын юм байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш нүүр хагарч, бие тавигдаад дууны дугуйланд явж, сумынхаа тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцдог болсон.

Тэгээд Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид элсэлт авна гэсэн зарын дагуу ахтайгаа хотод ирж, шалгалт өгөөд Ц.Ерөө багшийн шавь болж байлаа.

-“Багшийн эрдэм шавьд” гэдэг шүү дээ. Багшийнх нь хэлсэн хамгийн мартагдашгүй, нандин захиас юу вэ?

-Би багшийгаа хамгийн олон шавьтай багш гэж боддог. Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн сургуулиудад 30 жил багшилж байна. Манай багш бүх шавь нартайгаа яг ижил тэгш харьцдаг. Тийм болохоор шавь нарын хүмүүжил, ерөнхий байдал, хүнлэг чанар сэтгэлгээгээрээ ондоо юм шүү гэж ялгардаг. Сайн багшаас сайн шавь төрөх нь аргагүй юм. Миний багш төрсөн багш, төрмөл багш гэж боддог. Миний багш Б.Батбаатарын мөн чанар нь юу вэ. Хэн бэ гэдгийг мэдэрч, түүн дээр нь ажилладаг. Хүнд өөрийг нь өнгөлж, таниулж өгдөг. Миний багшийн хоолойны тавилт маш гүн. Тэр нь жил ирэх бүр өнгө орж, тодорч, хүчтэй болдог. Намайг оюутан байхад гаднаас ороод ирэхэд өлсөж  байна уу, үгүй юу гэдгийг  хараад л мэддэг. Хүнийг хараад уншдаг шүү дээ. Дуулаачийн урлагт хийсвэр зүйл их заадаг. Жишээлбэл, хол яваа хүний яаж дуудах уу, дууд гэвэл муухай орилох биш. Алсаас урт дуудах хэрэгтэй. Багш шавь хоёр ойлголцсноор хийсвэр зүйлийг харж, өөрийнхөө өнгө, характерийг олдог.

Миний багшийн хамгийн сайхан сургаал бол “Хүн дотроо халуун байх хэрэгтэй. Халуун зүйлийг өөртөө шингээж халуун хэвээр нь даарсан, ядарсан хүнд хүргэ. Хэрвээ даарсан хүнд халуун бүлээн зүйл өгч чадахгүй, хахир, хатуу байвал хүмүүс улам даарна. Хүн сэтгэл сайтай байвал өнгө, тембер зөөлөн гоё гардаг. Хүн уур бухимдалаа дарж чадахгүй бол өнгө бохир муухай гарна.Тийм болохоор мөн чанар, сэтгэлээ зөв болго” гэж захидаг байсан.

Багшаараа цаг үргэлж бахархаж явдаг шүү. Та минь эрүүл энх, урт удаан наслаарай.

-Та цэрэг, эх орны тухай дууг дуулахдаа сэтгэл болон сэтгэлгээгээ хэрхэн бэлддэг вэ?

-Цэргүүд жагсаалаар алхаж буй хэмнэл бидний зүрхэнд мөнх. Тэрхүү сүр хүчийг цэрэг алхаж буй темп илтгэдэг. “Торгон хилийн зүг” хэмээх дуу бол цэргүүд ирж байна. Өмнүүр алхсаар байгаад толгод даваад явчихлаа гэх хүүрнэлийг өгүүлэх ёстой. Дуучин дотроо төсөөлөхөөс гадна цэргийн алхааны темпэнд хэрхэн амьдрахаа шийддэг гэсэн үг

“Хилийн зүг юуны тул
Хэний төлөө цэрэг эрс
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр хааш одно вэ
Дархан орныг минь өмгөөлөн босож
Даяар олныг минь хамгаалан зогсож
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд зөвлөлтийн арми ирж явна” хэмээн цэрэг эрс ирж, бидэнд тусалчихаад,

“Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаа дуулаад хайчина вэ, хө
Дархан орныг минь өмгөөлөн босож
Даяар орныг минь хамгаалан зогсож
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд нөхөд минь буцаж явнаа” гээд явчихаж байгаа юм. Цэргийн дууг бүтэн хоолойгоор бардам, зоригтой, аархуу дуулж болно. Эсвэл зөөлөн “Ээ бүүвэй, ээ бүүвэй” гэдэгтэй адилхан дуулж болдог. Цэргийн дуу заавал хүчтэй, чанга байх албагүй. Хамгийн гол нь дуучин маршийн хэмнэлд яаж амьдрах нь мэргэжлийн дуучны чадвар юм. Энэ бадгийн хоёр дахь мөр дээр чангарах уу, сулрах уу, буцаагаад татах уу гэдэг дээр мэргэжлийн дуучин ажиллах ёстой.

-Дуулахаас өмнө заавал дуугаа задалж ойлгосон байх хэрэгтэй болох нь ээ?

-Тэгж задалж чадах юм бол дуу бүтэн болдог. Тэгэхгүй бол хүмүүс дууны сүр хүчэнд дарагдаж, мөн чанарыг нь ойлгодоггүй, хоосон алга ташдаг.  Би дуугаа өөрийнхөө сэтгэл, сэтгэлгээгээр амилуулж, дүр зургийг будаад харчихсан, бодитоор төсөөлж үзэгчдэд хүргэдэг. Тэгвэл үзэгчид дууны утга агуулгад орж, дуучныг дагаж дуунд орсноор баруун тийшээ харж дуучинг дагасаар зүүн тийшээ харж сонсож дуусаад алга ташдаг. Тэгвэл Цэргийн дуучин, мэргэжлийн дуучин хүүрнэж чадаж байна гэсэн үг.

-Тайзан дээрээс үзэгчдийг байлдан дагуулах мэдрэмж ямар байдаг вэ?

-Маш сонин. Үнэхээр цэргийн дууг өгүүлж чадаж байвал дунд хэсэгт алга ташдаг. Үзэгчдэд өөрсдөө дуулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх ёстой.

Ээжийн тухай дуу байлаа гэж бодход чанга, хахир хатуу дуулах юм бол дуу биш. болно “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэж дуулхад дуучин өөрөө “яалаа даа” гэж байна. Сонсож байгаа үзэгчдэд ч гэсэн “Нээрээ, би яалаа даа” гэж бодуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр аль ч дууны урлаг нарийн байдаг. Ялангуяа цэргийн дууны урлаг өнгө, хэмнэлээр бүхнийг гаргадаг.

-Та монголын нийт цэрэг эрсдээ баярын мэндчилгээ дэвшүүлэх байх?

-Монголынхоо өнцөг булан бүрт байгаа цэрэг дайчиддаа, монголоо гэсэн эх оронч сэтгэлийг өвөрлөж, эх оронтой байх ямар их аз вэ гэдгийг мэдэрдэг эрчүүд, аавууддаа, зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй цэрэг дайчид, ажлын хамт олондоо Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол цэргийн цог золбоо үүрд мандах бадрах болтугай.

 


МУГЖ Б.БАТБААТАР: Би дуугаа сэтгэлээрээ “амилуулж” сонсогчдод хүргэдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188