• Өнөөдөр 2024-05-19

Л.БАТЦЭНГЭЛ: Найрагч хүнд ном шиг гэрэлт хөшөө байхгүй

2021-03-19,   1119

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан гэх мөртүүдийг утга зохиолд хайртай залуу уншигчид андахгүй биз ээ. Залуусын унших дуртай энэ сайхан шүлгийг бичсэн яруу найрагч бол Ц.Доржсэмбэ. Амьд ахуйдаа “Хэнд би таалагдах ёстой вэ”, “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” гэсэн уран бүтээлийн гурван номоо хэвлүүлсэн авьяаслаг яруу найрагч байв. Түүний дөрөв дэх номыг эрхэм анд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Батцэнгэл эмхтгэн “Цас, бороо” нэртэйгээр хэвлүүлсэн. Тэрээр уг номынхоо тухай “Би энэ номыг найзынхаа сүнсэнд зориулж өргөл болгож гаргасан. Одоо найзын минь сүнс нь амирлаж тэнгэрийн орондоо тайван байгаа байх” хэмээв.
 
-Таны сүүлд эрхлэн гаргаж буй Ц.Доржсэмбэ яруу найрагчийн “Цас, Бороо” номноос яриагаа эхэлье?
 
-Монголын зохиолчдын эвлэл, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Доржсэмбэ анд минь тэнгэрт дэвшээд хагас жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд Сэмбээгээ бодохгүй өдөр байсангүй. Бид 1992 оноос хойш найзалж, нөхөрлөж ирсэн унаган багын найзууд. 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр анх Сэмбээгээ бурхан болоод сар болсон тухай дуулснаас хойш сэтгэл их уймарч, уйтгарлан явлаа. Өнгөрсөн жилийн аравдугаар сард ер нь андынхаа номыг гаргая, яруу найрагч хүнд ном шиг гэрэлт хөшөө байхгүй гэж бодсон л доо.
Ц.Доржсэмбэ маань амьд сэрүүн ахуйдаа “Хэнд би таалагдах ёстой вэ”, “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” гэсэн гурван жижиг түүвэр гаргасан. Хэдийгээр тэр хэмжээний хувьд жижигхэн боловч монголын утга зохиолд маш үнэ цэнэтэй, жин дарахуйц бүтээлүүд болсон гэдгийг уншигч, судлаач, эрдэмтдийн өгсөн үнэлгээнээс мэдэгддэг. Орчин үеийн яруу найрагчид, залуу уран бүтээлчид Ц.Доржсэмбийн Цас, Бороо гэдэг шүлгийг хоороороо уншдаг. “Дууг л хоороороо дуулдаг болохоос биш, шүлгийг хоороороо уншихыг би мэдэхгүй юм” гэж Ц.Доржсэмбийн багш О.Содномпил яруу найраг энэ номын өмнөтгөлд дурдсан. Мөн  Ц.Доржсэмбийн найз, алдартай яруу найрагч (Бадарчин)  Ц.Батбаатар бол бас гайхсан байдаг. “Энэ жижигхэн хүнээс гарсан тэр шүлгийг залуучууд юуг нь тэгэж хоороороо уншдаг юм болоо гээд надад гайхсан мэдрэмж төрж байсан” хэмээн нэг ярилцлагандаа дурдсан байсан.
 
Энэ бүхнээс бодоход Ц.Доржсэмбэ маань их увидастай яруу найрагч байж ээ. Уг нь бол амьд ахуйд нь А.Эрдэнэ-Очир дөрөв дэх номыг нь хэвлүүлж өгнө гэж амлаж байсан. Сэмбээ бид хоёрыг номын эх бэлтгэж өгөх гэсээр байтал А.Эрдэнэ-Очир минь Завхан аймгийн Идэр суманд бурхан болсон. Түүнээс хойш хэвлүүлж чадахгүй явсаар байгаад өөрөө сая бурхан боллоо.
 
-Яруу найрагч Ц.Доржсэмбэ гэж яруу найрагч олон хүнд хайрлагдаж энэ насаа дуусгасан. Одоо ч хайрласаар байгаа. Тиймээс таны эмхэтгэсэн энэ номонд хэр олон хүн туслалцаа үзүүлэв?
 
-Тэгэлгүй яах вэ. Манай Сэмбээ их сайхан гэгээн хүн байсан гэдгийг энэ номонд орсон  хүмүүсийн дурсамж ярианаас харж болно. Их олон хүний итгэл, сэтгэл шингэсэн. Энэ номонд гурван ном нь бүрэн эхээрээ орсон. Мөн “Алаг хорвоо” сонины эрхлэгч МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Я.Мөнхжаргал “Найзын чинь нэг хар цүнх надад байдаг юм аа” гээд өгсөн. Тэр цүнхэн дотор “Бурхны зүрх” гэсэн ISBN-тэй ном байсан. Тэр нь сүүлд гаргасан “Хэд дэх бороо” номын анхны нэр нь байсан юм билээ. Түүнээс шүүгээд хасагдсан 17 шүлэг байсан. Ц.Доржсэмбийн эхнэр Д.Цэрэндолгор гэж бүсгүй “Өдрийн сонин”-д гадаад мэдээний орчуулагчаар ажилладаг. Д.Цэрэндолгороос 20 гаруй шүлэг олдсон. Өмнө нь бид ном бэлдэх гэж байхад О.Содномпил ахаас мөн 20 гаруй шүлэг олдсон. 
 
Болор цомын эзэн Б.Жамбалдорж гэж яруу найрагч өөд болохоос нь хэдэн сарын өмнө машиндаа суулгаж шүлэг уншуулж, бичлэг хийж авсан юм билээ. Тэр болохоор “Улаан шонхор” тамхины хайрцаг нь дээр бичсэн “Хонгорхон чи минь” гэсэн шүлэг байна лээ. Тэр шүлгээс гадна, мань хаширын энэ, тэнд уншиж явсан олон шүлгийг өөрийнхөө хэмжээнд цуглуулж, номондоо оруулахыг зорьсон.
Гэхдээ өнөөдрийн хэмжээнд энэ эмхэтгэл бүрэн биш. Цаашид Р.Чойном шиг түүний бүтээлүүд мэр сэр гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. 

Ц.Доржсэмбэ маань амьдралынхаа  сүүлийн нэг, хоёр жилд  20-оод сайтад ярилцлага өгсөн байна лээ. Тэр бүгдийг оруулна гэдэг худлаа. Гэхдээ судалж бүх ярилцлагыг нь нэг ном болгоод дараагийн номоо гаргая гэж бодож байгаа шүү. Мөн Ц.Доржсэмбэ 2000-аад оны дундуур Өвөрхангай аймагт сурч байсан юм. Тэр үед Өвөрхангай аймагт амьдарч байсан н.Батбаяр багш намайг сураглаж олоод, талийгаачийн хадгалуулсан 25 зургийг өгсөн. Тэр зургуудаас нь оруулж, эхнэрт нь гардуулж өгсөн.

-Энэ дөрөв дэх номыг нь эмхэтгэн гаргаж өгснөөрөө та найздаа том буян үйлдэж байна?
 
-Би алдар нэр хөөж эсвэл  магтуулах гэж энэ номыг хэвлүүлээгүй. Сэмбэ бид хоёр хэн хэнээсээ алдар нэр хөөцөлдөөд байхаар хүмүүс биш. Хамгийн гол нь найзыгаа их өрөвдсөн. Цэл залуугаараа өнгөрсөнд нь. Уг нь энэ дөрөв дэх номоо хүлээж байсан юм. (Уйлав) О.Содномпил ах ч гаргаж өгнө гэж байсан. Ц.Доржсэмбийг сүүлчийн замд нь үдэхэд утга зохиолын хүрээнийхэн нэг нь ч оролцож чадаагүй. Өнгөрснөөс нь хойш сарын дараа мэдсэн. Тэгээд би боддог юм “Муу найзын минь сүнс амирлахгүй, тайвширч өгөхгүй байгаа юм биш биз дээ” гэж. Нэг ёсондоо би найзынхаа сүнсэнд л өргөл болгож энэ номыг гаргасан.
 
-Их зүүдэлдэг байсан уу та?
 
-Өө их зүүдэлнэ. Одоо бол найз минь тэнгэрийн орондоо амар тайван орших болтугай гэж бодож байна.
 
-Ц.Доржсэмбэ яруу найрагч та хоёр мэдээж сайхан нөхөрлөж ирсэн. Олон ч сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн байх. Одоо санаанд тань хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
 
-Надад нэг гар бичмэл байдаг юм. Намайг “Өдрийн сонин”-д ажиллаж байхад хүнээр дамжуулж сонины бор цаасанд хар балаар бичсэн хоёр хуудас бүхий шүлэг явуулсан байдаг юм.
Зүг тод орчлонд, зүрхээ үл буруулах эрхэм нөхөр Лха.Батцэнгэлдээ
Ээжийн минь залбирал зам зөөллөдөг хорвоод
Эцгийн минь сургаал зан зөөллөдөг хорвоод
Эр хүн шиг явлаа хоёулаа
Ингэж явсан нь үнэн ч
Эрийн хийморь алдаж явсангүй
Үхэхдээ хамт л байх
Үйл заяаны анд минь
Үлгэр гэвэл бид хоёр
Үлгэрээс илүү амьдарсан
Эвий, хөөрхий муу найзыгаа
Эвдэрч явахдаа санадаг юм
Зүүдэлж хоноод зовдоггүй
Сайхан үгээр жаргадаггүй
Цэнгэл найзынх руугаа цэнгэлтэй сайхан очдоггүй
Цэндийн өргөмөл хүү гунигаа тээгээд очдог юм
Цэнгэлтэй сайхан сайхан ярианд нь
Цэлмэж би эрүүл болдог гэсэн шүлэг хүнээр дайж явуулсан. Тухайн үед би уншиж л байсан байх. Гэхдээ би анзаараагүй дэвтрийнхээ завсар хийгээд хадгалж орхиж. Сая ном бэлдэж явж байхдаа гаргаж ирж уншлаа. Энэ шүлэгнийхээ ард талд “Нэг муу зоогийн газарт хөөгдөн байж бичлээ. Найзыгаа уучлаарай. Бие асар муу болсон. Үнэнээ л өгүүллээ. Миний сайн, сайхан анд минь олон жил урт, удаан амьдраарай. Найздаа би хайртай. 2018.01.20 Ц.Доржсэмбэ” гэж бичсэн байгаа юм. Хүн чинь их л сонин юм даа. Хожим харахад ийм зүйл  болсон байна.
 
-Авьяастай уран бүтээлчид л бор дарсанд орчих гээд байх юм. Үүний нэг жишээ нь Ц.Доржсэмбэ яруу найрагч байна. Та их залуугаасаа найзласан юм байна. Ер нь бор дарснаас гаргах тал дээр санаа тавьж байсан уу?
-Нэгэнт хүний амьдрал эргэчихсэн учир би юу хэлэх вэ. Мэдэх нэг нь мэднэ дээ. Тухайн үед нь гаргах гэж үзлээ, хоёулаа нийлж дарвиж цэнгэж явлаа.
Сүүлд Сэмбээгээ хань ижилтэй болгож үзлээ. Д.Цэрэндолгор амьдралынх нь албан ёсны ганц хань нь шүү дээ. Архинаас гаргах гэж ингэж үзсэн, тэгж үзсэн гэж бусад шиг худлаа ярихгүй ээ.
 
-Таны хувийн уран бүтээлийн талаар үргэлжлүүлэн ярилцъя. Сүүлд гаргасан “Өндгөн толгойт” өгүүллэгийн номоороо “Алтан-өд” наадамд дэд байр эзэлсэн байхаа?
 
-Би үргэлжилсэн үгийн анхны номоо найман өгүүллэгтэй “Өндгөн толгойт” гэсэн нэртэйгээр гаргасан. Алдартай зохиолчдын анхны ном тийм ч олон өгүүллэгтэй байдаггүй юм билээ. Би уг нь 10-20 өгүүллэгтэй ном гаргахаар төлөвлөж байсан юм. Тэгсэн найм дээр очоод л гацчихсан. Уран бүтээл ер нь сэтгэлээс л гарахгүй бол цагийн алуур, цаасны гарз болдог. Алтан-өд наадмын тухайд богино өгүүллэгийн төрөл гэж бий болгочихоод аль 2005 онд хэвлэгдсэн Л.Гантуяа гэдэг хүний “Үр хурмаст танаа” гээд жингэрийн тухай хуучин роман түрүүлүүлэхээр би их гайхаж байна. Яах вэ,  Л.Гантуяа одоогийн МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайтай Бэрс утга зохиолын дээд сургуулийн нэг ангид сурч байсан.

Би Л.Гантуяагийн өгүүллэгүүдийг нь уншиж байсан. Маш авьяастай. Энэ авьяастай хүнийг ингэж алж болохгүй л дээ. Орчин цагт роман өгүүллэг шиг богино болчихсон юм уу. Улсын наадамд эрлийз морийг дааганы уралдаанд уралдуулдаггүй биз дээ. Гэтэл ангийнхаа хүүхдийг түрүүлүүлэхийн тулд ноён М.Саруулдалай ийм утгагүй юм хийж байгаа юм. Монголын утга зохиол улс төрөөс ангид, цэвэрхэн байх ёстой. Урлагийг чинь цаг хугацаа шүүдэг юм. Зөвхөн үүнийг нь хэлсний төлөө намайг атаач, жөтөөч гэж цахимаар бичсэн. Би М.Саруулдалайгийн юунд атаархах вэ. Би М.Саруулдалайд өөрт нь хэлсэн “Би чамаас авьяас дутуугүй. Гэхдээ чамаас би яруу найргаараа ч, хүүрнэл зохиолоороо ч мөнхийн мөнхөд урд чинь байх болно” гэж. Хамгийн инээдтэй нь хоёр жилийн өмнө би түгжрэл тусаад эмнэлэгт хэвтээд дөнгөж гарсан юм. Тухайн үед Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой болж таараад өвчтэй, бие тааруу ч гэлээ зориод очиж байхад намайг оруулаагүй, Улаанбаатар зочид буудлын үүднээс буцаасан. Энэ бол энгийн жишээ шүү.

-Яруу найраг, утга зохиол бол үе үеэрээ байдаг шүү дээ. Таны дараагийн үеийн уран бүтээлчид хэр байна вэ. Дээд үеийнхнээсээ юугаар онцлог байна вэ?
 
-Ер нь бол цаг хугацаа л бүх зүйлийн шалгуур. Дэлхийн уран зохиол голдиролоороо явж байна. Хөгжихгүй байна, хөгжиж байна гэх юм байхгүй. Одооны яруу найрагчид дунд Б.Галсансүх шиг гайхамшигтай яруу найрагч явж л байгаа. Манай Ц.Доржсэмбэ шиг ийм сайхан сэтгэгч явж л байгаа. Ж.Болд-эрдэнэ ах шиг уянгын яруу найрагчид ч бий шүү дээ. Одоо чухам нэрлэж болох юм болов уу даа. Д.Цогбадрах гэж хүмүүсийн сайн мэдэх “Өндөр Цогоо” их сайхан шүлэгтэй, Өнгөрсөн жилийн Цагаан-Уул наадамд түрүүлсэн Т.Амар-Амгалан гэж сайхан яруу найрагч байна, цахим нэр нь Ако Кензо буюу Б.Алтанхуяг гэж сайхан найрагч байна. Дөнгөж хорь гарч яваа. Авьяастай хүн чинь андашгүй шүү дээ. Алт шиг гялалзаж байдаг юм. 
Үүнээс гадна Монголын одооны залуус өндөр боловсролтой болж байна. Үүн дээр би Б.Батзаяа, Я.Баяраа нарыг нэрлэмээр байна. Мөн хэлтэй яруу найрагч олон болж байна. Б.Баясгалан байна “Тагтаа паблишинг”-ийн  үүсгэн байгуулагч шүү дээ. А.Урантогос байна, сая Мө Янь “Мэлхий” романыг орчуулсан. Түүний шүлгүүдийг би хүүхэд байхаас нь мэднэ. Манай Мө.Батбаяр байна Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Амьдрахуй”-г орчуулсан. Дээр нь төрөлхийн авьяастай яруу найрагчид байна. Болор цомын эзэн Б.Жамбалдорж, Г.Лхагвадорж гээд жигтэйхэн сайхан шүлэгтэй залуус байна. 
 
Манай Х.Нямхишиг шиг турк хэлтэй, Турк Улсын олон сайхан сонгодог бүтээлүүдийг орчуулж байгаа хэрнээ жинхэнэ монгол сэтгэлгээтэй яруу найрагч байна. Нэргүй ном хүртэл гаргасан. Уншигчид яруу найрагч, бүтээлчдийг нэрээр нь тодруулдаг, таньдаг байтал ямар ч нэргүй цагаан цаас шиг ном гаргачихаж байгаа юм. Хүмүүс номыг нь уншаад “Энэ бол үнэхээр гайхамшиг” гэж уулга алддаг юм билээ. Төгсгөлд нь нэг юм хэлэхэд, сүүлийн үед хэлтэй, боловсролтой яруу найрагчид унаган авьяасаа алдаж буй харагддаг. Дотоод мэдрэмжээ алдаад ухаанаар зодож хийх гээд байдаг юм билээ. Гэтэл яг ухаанаар зодож хийсэн бүтээл дэлхийн сонгодогууд дотор ч ховор. Мэдээж боловсрол эзэмшилгүй яах вэ, гэхдээ тунг нь тааруулах хэрэгтэйн жишээ олон болчих гээд байна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
-Баярлалаа.
 
Г.ЖАВХЛАНТГАРЬД
 

Л.БАТЦЭНГЭЛ: Найрагч хүнд ном шиг гэрэлт хөшөө байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188