"Шөнө амталсан нулимс" жүжиг дахин тайзнаа тоглогдохоор болжээ.
Тодруулбал, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны зохиолоор бүтсэн тус драмын жүжгийг албан ёсны эрхтэйгээр тайзнаа толилуулахаар болсон байна. Жүжгийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа тоглох бөгөөд шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдэд хүрэх гэж байгаагаараа онцлог юм. Уг жүжгийг анх 2005 онд тоглож байсан бөгөөд дууг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж байсан. Харин энэ удаад шинэчилсэн найруулгыг “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр хийж, дуучин Э.Дашням , Г.Даваадалай нар хамтран дуулсан байна. Жүжгийн найруулагчаар “Сычуаны сайн хүн” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав ажиллаж байгаа аж.
Ц.Балдорж агсан "Хачин хүн", "Элсний нүүдэл", "Хориотой жүжиг", "Хайрын виз", "Хэрээ", "Өв залгамжлагчид", "Зул цэцэг" зэрэг олон кино, жүжгийн зохиол, өгүүллэг бичсэн бөгөөд "Шөнө амталсан нулимс" жүжгийн зохиолоороо 2005 онд "Гэгээн муза" наадмын шилдэг зохиолын эзэн болж байжээ.
Мөрөөдлийн театрын уран бүтээлчид "Шөнө амталсан нулимс" жүжгийг дахин тайзнаа амилуулна |
|