Соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй “Art Fair-2023" дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг "Мишээл экспо" төвд нээжээ. Жил бүрийн тавдугаар сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласан бөгөөд энэхүү дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг Монголд анх удаа зохион байгуулсан байна. Дэлхийн хотуудын урлагийн долоо хоног буюу “Артвийк”-ийн хүрээнд урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Энэ хүрээнд “Art Fair-2023" буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг улс нийтийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой болжээ.
Нээлтийн үеэр МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат "Энэхүү үзэсгэлэн худалдааг соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчдийн болон салбар холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, урлагийн боловсрол олгох зорилгоор Монголд анх удаа зохион байгуулж байна. Сургуулиа дөнгөж төгссөн уран бүтээлч залуус том үзэсгэлэн, гадаадын биеннальд оролцож чаддаггүй. Тиймээс дүрслэх урлагийн энэхүү үзэсгэлэн худалдаагаар дамжуулан залуу уран бүтээлчид өөрийгөө нээх, таниулах, сурталчлах боломж нээгдэж байна. Уран бүтээлчдийн урлангаар хүмүүс тэр бүр зочлон, үүдийг нь тогшин орж чаддаггүй. Тиймээс уран зураг сонирхогч, цуглуулагч, үзэгчдэд “нээлттэй урлан” гэж хэлж болох үзэсгэлэн худалдааг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм" гэлээ.
“Art Fair-2023" дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэжээ |
|