• Өнөөдөр 2025-02-27

Б.МИШЭЭЛТ: Энэ медалийг өвөө бурхны орноос хараад баярлаж байгаа байх

2023-05-24,   920

Насанд хүрэгчдийн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас арван тамирчин зорьсоноос нэг мөнгө , нэг хүрэл медаль хүртэж бокс сонирхогчдын урмыг хугалаагүй. Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг жинд хүрэл медаль хүртсэн, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баттөмөрийн Мишээлттэй ярилцлаа.

-Ташкент 2023 боксын ДАШТ-ий 67 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ дэлхийн аваргаас өмнө ДАШТ оролцож байсан уу?

-Баярлалаа.  Ташкентын ДАШТ-ээс өмнө 2021 онд Серби Улсад болсон ДАШТ-д оролцож байсан. Энэ жил хоёр дахь дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо.

 -Нэгдүгээр тойргийн тулаандаа  Алжирын Х.Крамауг 5:2-оор ялсан. Эхний тулаан их хүнд хэцүү байдаг. Алжирын Крамау хэр хүчтэй өрсөлдөгч байв?

-Алжирын боксчинтой тулалдахад эхний тулаан байсан хэдий ч харьцангүй гайгүй байсан. Дэлхийн аваргын рингэний шал хэтэрхий зөөлөн байсан болохоор намалзах хөдөлгөөн ихсэж, хөл их цуцсан тал бий.

-Хоёрдугаар тойргийн тулаанд Армен Улсын Г.Мадояныг 4:3-аар буулган авсан. Их л тэнцүүхэн тулаан болсон уу. Шүүгчид их ойрхон оноо өгсөн байна шүү?

-Хоёрдугаар тойрогт Армен Улсын боксчинтой хийсэн тулаан их хүнд болсон. Надаас хүчээр илүү, их бярдаж тулалддаг тамирчин байлаа. Энэ удаагийн дэлхийн аваргад би жин өгсөж дээд жин 67 кг руу орж тулалдсан. Тийм болохоор өрсөлдөгч тамирчид хүч, бяраар надаас илүү байв. Армен Улсын бокчин бидний  тулаан эхний хоёр үед их ойролцоо, ижил тэнцүүхэн болсон. Сүүлийн шийдвэрлэх гуравдугаар үеийн тулаанд илүү ажиллаж, санаачлагыг гартаа авч, бүх зүйлээ дайчлан гаргахыг хичээж тулалдсан. Миний ялалт авах боломж, цаашдын тулааны хувь заяаг шийдвэрлэх хариуцлагатай тулаан байсан. Их хичээж мэрийсэн, тэр хичээл, зүтгэлийн үр дүн гарч ялалтыг авсан байгаа.

 -Хүрэл медалийн төлөөх тулаандаа Венесуэлийн Кристиан Паласиог ялсан. Латин Америкийн боксчдыг хүчтэй, тэсвэр хатуужил сайтай ч техник жаахан тааруу байдаг гэж ярьдаг. Венесуэлийн Паласиотой ямар тактикаар тулалдаж ялсан вэ?

-Венесуэлийн боксчинтой тулалдахаар рингэнд гарах үед дасгалжуулагчид “Өөрийн зайнд, өөрийнхөө хийж чадах зүйлээ гаргаж тулалдахыг зөвлөсөн. Миний эхний төлөвлөгөө болохоор эхний үед зай өгөхгүй шахаж очин оновчтой цохилтоор оноо авах. Оноо авсны дараа тулааныг удирдаж, хойшоо ухарч оноо алдахгүй, цохилтод оногдохгүй байх тактик байсан юм. Харин эсрэгээр Венесуэлийн тамирчин маш их мэдрэмжтэй, хойшоогоо сайн ажилладаг боксчин байлаа. Нэгдүгээр үед нөгөө талд 5:0 гэсэн оноо гарсан. Тийм болохоор би хоёрдугаар үе дээр тактикаа өөрчилсөн. Хойшоо ажиллах тактик барьсан. Оноо аваад хойшоо ажиллаж эхэлсэн. Оноо авч тулааныг удирдаж чадсан. Тэр үед өрсөлдөгч тамирчны хөмсөг задарч, эмч тулааныг зогсоосон байгаа. Оноо тооллох үед нэгдүгээр үеийг Венесуэлийн боксчин, хоёрдугаар үеийг би авч оноо тэнцсэн. Гуравдугаар үед би бүх нөөц боломжоо дайчлан гаргасан. Хяналтын хоёр шүүгчийн оноогоор би ялалтыг авсан байгаа.

-Дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөөх тулааныг ренгиний эзэн орон Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай хийсэн.  Узбекистаны 22 настай Асадхужа том тэмцээнд түрүүлж байгаагүй ч наймны нэгийн финалд Куба Улсын олимпын хошой аварга, дэлхийн аварга Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин байсан. Өөрийг тань шүүгчдийн дэмжлэгээр Узбекистаны боксчин ялчихсан юм биш биз?

-Узбекистаны боксчин хийсэн тулаанд шүүгч нар эхний үеэс эхлээд нөгөө талд оноо дарсан. Би арай ч 5:0-ээр хожигдох хэмжээний тулааныг хийгээгүй. Дасгалжуулагч  нар нэгдүгээр арай 5:0 байгаагүй. Үгүй ядахдаа 4:1, 3:2 байх ёстой гэсэн ч нөгөө талд ялалтыг 5:0-ээр өгсөн.

хний хоёр үед  Асадхужа Муйдинхужаевт таван шүүгч санал нэгтэй 20:18 гэсэн оноо дарсан байсан. Ер нь Узбекүүд аль ч спортын төрөлд луйвар хийдгээрээ “Алдартай улс” шүү дээ. Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв гэж Орос хүн бий.  AIBA –ийн дэд ерөнхийлөгч нь Узбек хүн байдаг гэсэн байх аа?

-Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Орос хүн байдаг. Харин дэд ерөнхийлөгч нь Узбек хүн байдгийг сайн мэдэхгүй байна.

 -Гавьяат тамирчин Цэндбаатарт хоёр удаа ялагдаж байжээ. Гэтэл 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-ын жингийн аварга болохдоо өөрийн найз Цэндбаатарыгаа ялж түрүүлсэн. Рио 2016 олимпод Цэндбаатарын бэлтгэл хангагчаар оролцсон. Тэгэхээр Цэндбаатарын тулааныг арга барилыг маш мэддэг болохоор ялсан уу?

-Цэндбаатар бид хоёр багаасаа л хамтдаа бэлтгэл хийж, нэг жинд багаасаа өрсөлддөг байсан. Хэн, хэнийгээ маш сайн мэднэ.

 -"China Open-2019” олон улсын тэмцээн, "India-Open-2019” олон улсын А зэрэглэлийн тэмцээн болон Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж, УАШТ-ий “Шилдэг тамирчин”-аар шалгарсан амжилтыг үзүүлж байжээ. Азийн аварга, дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцож байв уу?

-Одоогоор миний гаргасан амжилт гэвэл Монгол Улсын дөрвөн удаагийн аварга болсон. Залуучуудын Ази тивийн аваргын хүрэл, оюутны Ази тивийн аваргын хүрэл, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Мөн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа оролцож байсан ч хараахан медаль авч байгаагүй.

-Ер нь яагаад боксын спортыг сонгож хичээллэх болов. Үүнээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

-Анх намайг боксын спортоор хичээллэхэд өвөө, нагац ах Бямбабаатар хоёр гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хоёр намайг Спортын дунд сургуулийн боксын ангид оруулж өгсөн.

-Аль нутгийн хүүхэд вэ. Бага нас чинь хаана өнгөрөв?

-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Эрдэнэт хотын Дөрөвдүгээр арван жилийг төгссөн. Эрдэнэтэд байх даа “Хангарьд” спорт хороонд хөл бөмбөг тоглодог байсан. Хөл бөмбөгийн өсвөр үеийн улсын аваргын хүрэл медальтай.

-Боксын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ. Анхны багш тань хэн бэ?

-2009 онд буюу одоогоос 14 жилийн өмнө боксоор хичээллэж эхэлсэн. 2014 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Боксоор тууштай тасралтгүй хичээллэж дэлхийн аваргын медальтан болсондоо их баяртай байгаа. Энэ медалийг өвөө маань бурхны орноос хараад маш их баярлаж байгаа байх. Миний анхны боксын багш гэвэл Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Дашбурмаа гэдэг хүн бий.

 -Парис 2024 олимпын эрхийг дэлхийн аваргаас өгсөн үү?

-Энэ удаагийн дэлхийн аваргад олимпын эрх өгөөгүй. Намар есдүгээр сард болох Азийн наадмаас олимпын эрхийг өгнө.

- Олимпын эрх олгох хэдэн тэмцээн байгаа вэ?

-Олимпын өмнөх жил юм уу. Олимп болох жил олимпын эрх олгох 2-3 тэмцээн байдаг. Эдгээр тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэх, эсвэл эхний таван байрт шалгарсан тамирчдад олимпын эрх олгодог байгаа.

 

 

 


Б.МИШЭЭЛТ: Энэ медалийг өвөө бурхны орноос хараад баярлаж байгаа байх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188