-Урь орж, ус гэсэж, зуны налгар өдрүүд эхлэхтэй зэрэгцээд монголчууд маань тамирчныхаа амжилтаар сайхан бахарлаа, танд баяр хүргэе. Дэлхийн аваргын төлөөх хүндхэн тулааныг хийгээд эх орондоо ирлээ. Тулаан хэрхэн болж өнгөрөв. Мөнгөн медаль хүртсэн баярын сэтгэгдлээ монголын түмэндээ хүргэх байх гэж бодож байна?
-Юуны өмнө баярын сэтгэгдлээ монгол түмэндээ хүргэх боломж олгосон Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олонд баярлалаа. Би дөрөвдөх удаагаа дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо. Олон удаа медалийн төлөө тулалдаж байсан. Энэ удаа харин медалиа авч чадлаа. Үнэхээр баяртай байна. Энэхүү амжилтыг гаргахад тусалж, дэмжсэн бүх хүнд баярлалаа. Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байхдаа олон удаа медалийн үзүүрээс атгаад алдаж байсан бол энэ удаа авч чадсан. Тийм ч болохоор сэтгэл дүүрэн байна. Олон жил зүтгэж, хөдөлмөрлөж байж авсан болохоор энэ медаль миний хувьд маш их үнэ цэнтэй. Мөн хоёр удаа хүн төрөлхтний эв найрамдлыг харуулдаг олимпын наадамд оролцож байсан.
-Тэгэхээр боксын спорт гэдэг их айл руу хэдэн настай байхдаа хөл тавьж, босгыг давж байсан бэ. Энэ талаараа сайхан хууч дэлгээч?
-Би 2005 онд 14 настайдаа Алдар спорт хороонд сагсан бөмбөгийн дугуйланд явдаг байлаа. Тухайн үед боксын спортоор хичээллэдэг Гансүх найзынхаа бэлтгэл рүү орсон. Намайг очиход найз маань тэмцээнд бэлдэж жингээ хасаж байв. Тиймээс хамаг хурдаараа гүйж, ядарч унаад л гэдэсний дасгал өндөр түвшинд хийж байсан. Энэ нь надад сонирхолтой санагдаж, өөртөө шинэчлэл хийх сэдлийг олж авсан. Тиймээс 2005 оноос хойш Алдар спорт хорооны Гантулга багшид шавь орж, боксын спортоор хичээллэж эхэлсэн. Тэр цагаас хойш энэ спортоор тууштай хичээллэж, Алдар спорт хорооны тамирчин болоод явж байгаагаараа бахардаг.
Ээж, аав хоёрын хувьд намайг өөрийнхөөрөө байх, хариуцлага хүлээх чадвартай болгож хүмүүжүүлсэн. Энэ нь намайг спортод амжилт гарахад их нөлөөсөн гэж боддог
-Спорт тэр дундаа боксын спорт хүнд ямар хүмүүжил олгодог вэ. Энэ тал дээр тамирчин болгон л өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Таны хувьд?
Бокс ч гэлтгүй спортын бүхий л төрөл хүнийг зөв ёс суртахуунтай болгож төлөвшүүлдэг. Энэ талаар олон хүн хэлдэг шүү дээ. Миний хувьд сахилга бат, тууштай байдал гэдгийг өөртөө суулгаж чадсан. Энэ намайг ямар нэг зүйл хийхэд асар том суурь болж өгдөг. Энэ зүйлгүйгээр ямар ч амжилт гаргаж чадахгүй. Спорт хүнд сэтгэлийн асар том хат суулгадаг. Тиймээс унасан эргээд босож чадах, сэтгэлийн хүч тэнхээг өгдөг. Мөн асар том хүндлэл, ёс жудаг, хариуцлагыг суулгаж байдаг. Үүгээрээ ч тамирчид сахилга баттай, бусдыг хүндэлж хайрладаг. Энэ бол спортоос олж авч байгаа том төлөвшил шүү дээ.
Би эмээ, өвөө дээрээ ээжийнхээ дүү нартай өссөн
-Боксын спортоор хичээллэхэд ээж, аав нь хэрхэн хүлээж авсан бэ. Боксын спорт эрүүл мэнд хувьд өндөр эрсдэл гаргаж болох спортын төрөл шүү дээ?
- Манай аавыг Баатарсүх, ээжийг маань Одончимэг гэдэг. Хоёулаа л насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан. Би эмээ, өвөө дээрээ ээжийнхээ дүү нартай өссөн. Олонх нь эмэгтэй, тэдний гар дээр өссөн гэж хэлж болно. Аав ээжийн хувьд намайг ямар ч сонголт хийсэн тусалж, дэмждэг. Анх боксоор хичээллэж эхлэхэд тэд маань баяртайгаар хүлээж авсан. Харин эгч нар дургүйцдэг байлаа. Яагаад гэхээр “Бокс бол нэгнийгээ цохиж, хоорондоо тулалдаж ялалт байгуулдаг спорт” гээд дургүй байсан. Гэтэл удалгүй Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн ахын нэрэмжит тэмцээн болсон. Би тэрхүү тэмцээнд хүрэл медаль авч байлаа. Тэр цагаас хойш намайг өгсөж, хүмүүжүүлсэн эгч нар маань дэмждэг болсон доо. Ээж, аав хоёрын хувьд намайг өөрийнхөөрөө байх, хариуцлага хүлээх чадвартай болгож хүмүүжүүлсэн. Энэ нь намайг спортод амжилт гарахад их нөлөөсөн гэж боддог.
Бүтэлгүйтлийг давж чадах юм амжилтын нэг хэсэг
-Бүхий л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай гэж ярьдаг. Тиймээс хүмүүс нэг нэгнээсээ суралцаж дараа дараагийн амжилтаа гардаг болов уу. Спорт гэдэг бол хувь хүн гэхээсээ илүүтэй баг хамт олныг бий болгодог. Мөн дараа үеийнхээ тамирчдыг бэлтгэж байдаг шүү дээ. Тэгэхээр та боксын спортыг сонирхон хичээллэж байгаа залуучууд ямар зөвлөгөө өгөхийг хүсдэг вэ?
-Дараагийн үеийн залуу тамирчдадаа өгмөөр байгаа зөвлөгөө байлгүй яах вэ. Бүтэлгүйтэл бол байнга ирнэ шүү. Бүтэлгүйтлийг давж чадах юм амжилтын нэг хэсэг. Үнэхээр амжилт гарахыг хүсэж байвал бүтэлгүйтэлд битгий бууж өгөөрэй. Өөртэйгөө байнга ажиллаж, алдаа болгоноо засаж, өнөөдөр өөрийнхөө маш сайн хувилбар байгаарай. Би чадаж байна гэж битгий бодоорой. Хүмүүс чамд үг хэлэх юм бол авахыг нь аваад хэрэггүй нь орхиж сураарай. Мөн битгий өндөр эготой болоорой. Энэ бол амжилтын дайсан шүү гэж хэлмээр байна. Эдгээр зүйлийг өөртөө суулгасан байхад цаашид хөгжиж спортоор амжилт гарахад том суурь болно шүү. Тамирчин гэлтгүй хүн бүр л байнга өсөж, дэвжиж байх ёстой гэж боддог.
-Олон улсын тэмцээнд өндөр ур чадвартай тамирчдтай тулалдана гэдэг амар зүйл биш. Тэгэхээр мэргэжлийн өндөр түвшний тамирчдтай тулалдахдаа сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ. Сэтгэлзүй маш чухал гэж тамирчид ярьдаг шүү дээ?
-Сэтгэлзүй гэдэг бол тусдаа том салбар. Тэгэхээр ганцхан тулаанд орох тухайн үедээ биш байнга сэтгэлзүй дээр ажиллах хэрэгтэй. Миний хувьд том тэмцээнд ялалт байгуулахаараа сэтгэлзүйн хувьд илүү эрч хүч авдаг. Үүнээс гадна хүмүүсийн урмын үг үнэхээр их хүч өгдөг. Тэмцээний өмнө “Амжилт хүсье, дэмждэг шүү” гэдэг үгийг сонсоход хүч ороод л явчихдаг. Хүн гэдэг сайхан үгээр хөглөгдөж, эрч урам зориг ордог юм билээ.
-Одоо есдүгээр сард олимпын эрх олгох тэмцээний бэлтгэлдээ гарсан байгаа юу. Ер нь бэлтгэлээ ямар арга барилаар хэрхэн хийдэг вэ?
- Ер нь бол өдөр бүр л бэлтгэл хийнэ. Одоохондоо сэргэлтийн бэлтгэж хийж байна. Боксын спортын онцлог оноо цуглуулдаггүй. Эхний хоёр, гурав, медалийн төлөө тулалдсан гэдгээрээ эрэмбэлэгдээд явчихдаг л даа. Би ирэх есдүгээр сард болох азийн наадмаас олимпод оролцох эрхээ авна гэж бодож, төлөвлөж бэлтгэлээ хийж байгаа.
-Та боксын спортоор олон жил тууштай хичээллэж байгаа тамирчин хүн шүү дээ. Таны хувьд олон улсын тэмцээн оролцож гадаадын тамирчидтай тулалдах нь амар байдаг уу, эсвэл дотооддоо тулалдах амар байдаг уу?
-Олон улсын тэмцээнд өрсөлдөгчөө судалж, хэрхэн тоглолтоо хийх талаар төлөвлөгөө боловсруулдаг. Харин дотооддоо тулаанд орохдоо судалгаа хийдэггүй. Учир нь миний үеийн өдөр бүр хамт бэлтгэл хийдэг тамирчидтай нүүр тулдаг. Тэдэнтэй тулалдах үнэхээр чанга байдаг. Өдөр бүр хамт бэлтгэл хийдэг болохоор нэгнийхээ тоглолтыг андахгүй. Нэг үгээр бол дотоод өрсөлдөөн бол чанга байдаг. Манай улс боксын спорт өндөр хөгжсөн улс шүү дээ. Ер нь яг тулаан эхлэхэд бол хүнд хэцүү, амар хялбар тулаан гэж байдаггүй. Өрсөлдөгч бол өрсөлдөгч шүү дээ. Тэр хүн намайг ялахын тулд юу ч арга техник хэрэглэж болно.
Б.ЧИНЗОРИГ: Бүтэлгүйтэл нэг талдаа асар том ялалтыг дагуулдаг |
|
2025-02-26 18:04:43
2025-02-26 18:03:38
2025-02-26 15:14:28
2025-02-26 14:39:29
2025-02-26 14:28:38
2025-02-26 13:18:18
2025-02-26 13:02:43
2025-02-26 12:54:36
2025-02-26 12:48:03
2025-02-26 12:15:05
2025-02-26 12:00:00
2025-02-26 11:41:47
2025-02-26 10:50:29
2025-02-26 09:45:00
2025-02-26 09:28:37
2025-02-26 09:27:25
2025-02-26 09:12:49
2025-02-26 09:11:44
2025-02-26 08:40:56
2025-02-26 07:32:01
2025-02-26 07:28:41
2025-02-26 07:23:51
2025-02-26 07:22:14
2025-02-26 07:21:08
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |