• Өнөөдөр 2024-05-19

Т.ТҮВШИНТУЛГА: Бодсон юм хувьчилж өөртөөгөө ажиллах зүйл их байгаа

2023-05-09,   1025

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн, дэлхийн аваргын хүрэл медальт  ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулгатай ярилцлаа. Тэрбээр сая ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон “Baikal open” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

-2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Азийн аваргаас хоёр дахь медалиа хүртэж байна уу?

-За баярлалаа. Тийм ээ. Азийн аваргын хоёр дахь медаль маань.

 -Астана 2023 Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Сардор Рузимовтой маш хүнд барилдаан хийсэн. Узбекийн бөх нэлээн бохир барилдаантай бөх байх шиг харагдсан. Туршлага, барилдааны мэдрэмжээр Сардор Рузимовыг ялав уу?

-Миний хувьд ер нь ямар ч барилдааныг өөртөө их хүнд болгож барилдаад байдаг. Хувь хүний зан төлөв байх шиг байгаан засаж чадахгүй. Их хашир гэх юм уу. Гэхдээ зүгээрээ их амттай медаль байлаа гэж харж байгаа

 -Ер нь энэ жилийн АТАШТ-ий зохион байгуулалт, шүүлт хэр болов. Киргизийн баг, тамирчид маш луйвар ихтэй, ичгүүртэй Азийн аварга боллоо гэсэн байна лээ?

-Азийн аварга зохион байгуулалт сайтай байлаа. Киргизийн багийн хувьд түрүүлэх хэмжээний тамирчин нь түрүүлж чадаагүй. Казахстаны бөхтэй хийсэн барилдаан нь асуудалтай болсон гэж харсан.

 -УАШТ дуусаад удалгүй Азийн аваргад явсан. Улсын аваргын дараа сэргэлт хэр байв?

-Улсын аварга дуусаад эрэгтэй шигшээ баг Казахстаны Азийн аваргад оролцох багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тэндээ тэмцээн болтол амралт сэргэлтээ тааруулсан.

-Азийн аваргад оролцож байгаа бусад орны тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар түвшинд байна вэ?

-Ер нь бол дэлхийд Азийн төлөөлөл болсон Иран, Япон, Казахстан, Киргизстан улсууд 2023 оны дэлхийн аварга, цаашлаад 2024 оны олимпын эрх авах гэсэн том зорилготой бэлтгэлжилтийн байдлаа өндөр түвшинд барьж байгаа нь мэдээжийн хэрэг.

-Урьд өмнө огт барилдаж үзээгүй, барилдааны арга барилыг нь мэдэхгүй шинээр гарч ирж буй шилдэг залуу тамирчидтай барилдах ямар байв?

-Азийн аваргаар барилдсан тамирчдаас хэн нь дэлхийн аваргат ирэхээр байна. Юу  дээр ажиллахаар байна вэ гэсэн багцааг харлаа. Манай жинд түрүүлдэг Киргиз, мөнгө авдаг хятад хоёр ирнэ гэж харж байгаа.

 -Азийн аваргаас ирээд арав хоноод л ОХУ-ын Улаан-Үд хот руу “Baikal open” тэмцээнд явсан. Он гарсаар Иван Ярыгин, УАШТ, Азийн аварга, “Baikal open” гээд дараалан том тэмцээнүүдэд барилдлаа. Бэлтгэлийн форм орж байна уу?

-Ер нь бол улсын аварга болсон тамирчин тэр жилдээ түрүүлж чадвал тэмцээнээс тэмцээний хооронд бэлтгэл формоо алдахгүй яваад байж болдог. Миний хувьд он гараад дотоодын нэг, гадаадын гурван тэмцээнд финалдлаа. Бага багаар формоо авах гээд хичээж л байна.

 -Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит “Baikal open” тэмцээнд хэдэн барилдаан хийв ээ. ОХУ-ын тив, дэлхий, олимпын аварга шилдэг бөхчүүд барилдав уу?

-“Baikal open” тэмцээн манай монгол тамирчдын хувьд биднийг шалгасан, их юм өгсөн чансаа өндөр сайхан тэмцээн болдог. Оросын бүх мужаас ирдэг. Сая л гэхэд 14 орны 228 бөх, эрэгтэйчүүдийн арван жинд өрсөлдсөн. Хөнгөн жингийн якут, тува, буриад, оросын бусад мужаас ирсэн орос сургалттай залуучуудтай тулж, мэдрэмжийг авч байгаа нь манай залуучуудад цааш сайжирч дээшээ үзэхэд нь их хэрэгтэй.

 -Финалын барилдаанд бэртэл авсан гэсэн. Юунаас болов. Хүнд, хөнгөн ямар бэртэл вэ?

-Аваргын төлөө буриадын бөх Алдар Бальжинимаев гээд оросын улсын аваргын хүрэлтэй залуутай барилдсан. Барилдаан дээр 2:0-оор хожиж яваад сүүлийн оноогоо авахтай зэрэгцэн хуруугаа дэвжээнд нидэрч бага зэргийн гэмтэл авч тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тэмцээнээс ирээд хэд хоног амрах хоорондоо эмчилгээ хийлгээд явж байна. Хажуугаар нь хувийн хүчний бэлтгэлээ хийгээд явж байгаа.

 -ДАШТ, Азийн наадам, олимпын наадам ойртсон байна. Эдгээр тэмцээнүүдэд ямар зорилго, зорилт тавин оролцох вэ?

-Мэдээж миний хувьд дутуугаа гүйцээх зорилго тавьж байна. Хувьчилж ажиллах зүйл их байгаа болохоор өдөр бүрийг хугацаа алдахгүй байх талаас нь хичээж байна даа.

 -Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг сорил тэмцээнээр шалгаруулах гэж байна уу?

-Одоогоор тэр талаар шийд алга байна. Азийн аваргаас ирээд шигшээ багийн дасгалжуулагчид болон эрэгтэй,эмэгтэй тамирчид хуралдсан. Ер нь бол багш тамирчдын байр суурь энэ жил олимпын эрх олгох чухал жил болохоор тамирчдыг сорилгүй явуулах тал дээр санал нэгдэж байр сууриа нэгтгэсэн байдалтай байгаа. -Дэлхийн аваргын бэлтгэл сургуулилалтаа хэрхэн базааж байгаа вэ?

-Дэлхийн аваргын нэрс гараагүй байгаа болхоор яг дэлхийн аваргад чиглэж зорьж бэлдэж чадахгүй л байна.

-Шигшээ багийн бэлтгэл цугларалт, бэлтгэлжилтийн байдал хэр байна?

-Шигшээ багийн хувьд тэмцээнээс тэмцээний хооронд явж ирлээ. Одоо зургадугаар сарын эхээр Оросын улсын аварга болно. Оросын бүх хотууд гол том тэмцээндээ бэлдэж байна. Манай багийн хувьд буриадын шигшээ багтай 21 хоногийн бэлтгэл хийхээр болсон.

-Дэлхийн аварга дөхсөн байна хувийн бэлтгэлжилт хэр байгаа вэ?

-Ерөнхий бэлтгэлжилт дажгүй сайн байгаа. Бодсон зүйл хувьчилж ажиллах зүйл ч их байгаа.

 

 


Т.ТҮВШИНТУЛГА: Бодсон юм хувьчилж өөртөөгөө ажиллах зүйл их байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188