• Өнөөдөр 2024-05-05

ВОН КАР ВАЙН бүтээхүйн жор

2021-02-10,   1149

 Хонконгийн найруулагч Вон Кар Вай нь XX зуунд хүч түрэн гарч ирсэн авьяаслаг, чадвартай найруулагчдын нэг билээ. Тэрбээр шилмэл бүтээлүүд болох “Хайрын сэтгэл” болон "2046" зэрэг киногоороо алдартай. “Омголон өдрүүд”, “Хайрын сэтгэл" (2000)”, "2046" (2004) зэрэг кино нь цаг хугацаа, дүрүүдээр холбогддог учир ихэнх судлаачид гурвалсан трилоги кино гэж үзэх нь бий. Тус гурван кино цаг хугацаа болон орон зай, дүрүүдээр холбогддог.

Вон Кар Вай арилжааны кинонуудад хэд хэдэн элемент нэмсэн юм. Том оддыг төрүүлсэн ба поп дуу болон романтик нөхцөл байдал, хурц зөрчил, мөн яруу найраглаг өрнөх уянгын хэв маягийг кинонд бий болгожээ (Кино урлагийн түүх номоос) хэмээн түүний кино урлагт оруулсан хувь нэмрийн тухай дурджээ. Судлаач нар Вон Кар Вайн кино хийц, найруулгын арга барилыг “импрессионист” урсгалтай адилтгадаг. Учир нь тэрбээр өөрийн уран бүтээлийг "хэл", "үг"- д суурилан тайлбарлахаас илүү дүрслэл, киноны хэллэгээр илэрхийлэхийг илүүд үздэг юм.

“Түүний кинонууд Францын импрессионист кино үетэй төстэй (Кино урлагийн түүх номоос).”  Импрессионист урсгал чиглэлийн тухай товч авч үзвэл,

Импресионист урсгал уран зурагт илрэх нь:

“Импрессионизм бол франц хэлний “сэтгэгдэл” гэдэг үгнээс гаралтай нэр томьёо юм. Уран бүтээлчдийн хувьд ихэвчлэн анхны сэтгэгдэл чухал байдаг учраас  “сэтгэгдлийн урлаг” гэж нэрлэж болно... Импрессионистууд ертөнцийн өнгө төрхийн хувирамтгай чанарыг янз бүрийн нөхцөл байдалд нь илэрхийлэхийг эрмэлздэг бөгөөд онцлог нь агаартай, цаг хугацааны хувьд үргэлжлэлтэй байдаг (Урлагийн философи номоос)".

/Зураач Клод Монегийн бүтээл/

Импрессионист урсгал кино урлагт илрэх нь:

Уран зургаас үүдэлтэй импрессионист кино хөдөлгөөн нь анх Францад 1920-1929 онд нэвтэрсэн. Импрессионист хөдөлгөөн гэдэг нь найруулагчдын “Кино бол урлаг” гэж үзэх итгэл, үнэмшлээс үүдэлтэй уран яруу байдал, учир утгагүй, гүн гүнзгий мэдрэмж, бодрол зэргээр өөрийгөө тунхагласан тодорхой бүлэг хүмүүст чиглэсэн хөдөлгөөн юм. Импрессионист кино нь уран бүтээлчдэд “цэвэр кино” хийх боломж олгосон агаад хүүрнэл, өгүүлэмжгүй цэвэр дүрст урлагийг бий болгохыг эрмэлздэг (Кино урлагийн түүх номоос).

Импрессионист кинонд голчилж авч үздэг хоёр чанар бий.

Photogenie (Үлдэх дүр зураг) хэмээх тодорхойлолтыг 1918 онд Луис Деллук (Louis Delluc) тодотгож өгсөн юм. Объектыг харж заншсан өнцгөөс өөр өнцгөөр харуулах, илэрхийлэх болон ямар нэгэн зурагт нөлөөлөл (effect) үзүүлэхэд үзэгчид уран бүтээлчийн нүдээр тус объектыг харах гэсэн утгатай. Үүгээр найруулагч төсөөлөл, хэлэх гэсэн санаагаа гаргаж ирдэг. Кирсанофф хэмээх эрхэм “Хорвоо ертөнц дээр оршдог юм бүхэн дэлгэцэн дээр өөр нэг оршихуйтай” гэж томьёолжээ. Энэ өгүүлбэрээс юм бүхэн өөрийн гэсэн нууцлаг, нуугдмал оршихуйтай гэсэн ухагдахууныг гаргаж ирсэн.

Импрессионист киноны өөр нэг онцлог чухал элемент бол кино хэмнэл (Rhythm) юм. Цэвэр кино урлагийг бий болгохын тулд хүүрнэхээс илүү дүрслэл, зураглал болон кадраа хэмнэлтэй үзүүлэхийг эрмэлздэг. Энэ нь ч яваандаа киноны мөн чанар болж ирсэн. Тиймээс ч киноны хэмнэлийг бий болгохын тулд сэтгэл хөдлөл зайлшгүй байх ёстой гэсэн үндсэн зарчим нь бий болсон. Сэтгэл хөдлөлийг кино хэмнэлээр илэрхийлэхийн тулд дүрсүүдийг ямар ч байдлаар ашиглаж болдог. Мөн хэмнэлийг эрхэм болгож үздэг учраас кино зохиолоос илүү дүрийн гаргаж буй зан чанар (Character)  болон хариу үйлдлийг (reaction) илүүд үздэг.

Эдгээр шинжээр авч үзвэл Вон Кар Вайн кинонуудыг “импрессионист кино” гэж үзэх хэд хэдэн үндэслэл бий.

Вон Кар Вайн уран бүтээлийн онцлогийг дараах хэсэгт хувааж үзнэ.

  • Кадрын зохиомж
  • Жүжигчидтэй харьцах арга барил
  • Кино хөгжим
  • Дүрүүд гэж ангилна.

Кадрын зохиомж

Импрессионист уран зурагт илрэх чанараар нь авч үзвэл “Хайрын сэтгэл” киног импрессионист кино гэж үзэх боломжтой билээ. Энэ киноны кадрууд агаартай явдаг бөгөөд дүрээ буландуулж авсан кадр олон бий. Энэ нь киноны утга санаатай бүрэн авцалдсанаар тухайн нөхцөл байдал, мөн дүрийн сэтгэл зүйг илтгэхэд хүчтэй нөлөөлдөг.

“Хайрын сэтгэл” кинон дахь дүр зураг, уран бүтээлчийн киног харах өнцөг нь (photogenie) 1962 оны Шанхайд төвлөрчээ. Тухайн үеийн Шанхай хот хүн бүрийн дотор өөр өөр төсөөлөл, дурсамжийг сийрүүлэн үлдээсэн байдаг биз ээ. Харин Вон Кар Вай зөвхөн өөрийн дурсамж дахь 1962 оны Шанхайг кинондоо дүрслэн үлдээсэн юм. Ихэнх кадрт шар, улаан, ягаан зэрэг өнгө зонхилох нь дулаахан орчинг бүрдүүлнэ. Дүрүүдийн хувцаслалт, үсний засалт нь дэгжин, байшин барилгыг үзэсгэлэнтэйгээр кинонд тусгажээ. Энэ л Шанхайн дурсамж Вон Кар Вайд хадгалагдан үлдсэн нь бидэнд Шанхай хотын нууцлаг нэг дүр төрхийг нээсэн билээ.

“Хайрын сэтгэл” кино нь удаан хэмнэлтэй. Тийм хэдий ч дүрүүдийн дотор хурц зөрчил үүсэж, түүндээ шаналж, арга зам хайна. Кинонд улаан өнгө шингэснээр энэ байдлыг улам илүү тодотгож чадсан. Кино зохиолыг голчлохоос илүү дүрүүдийн мөн чанар, сэтгэл зүй, зан чанар, хариу үйлдэлд илүү зонхилжээ. Жишээ нь, хатагтай Чан болон ноён Чоугийн эхнэр, нөхөр хоёр нь хоорондоо учиртай болсныг мэдсэнээр тэд энэ бүхнийг яаж эхэлснийг мэдэхийг хүснэ. Энэ хүслээс үүдэн дараагийн хүсэл нь бий болсон нь тэд бие биенээ хайрлаж эхэлнэ. Үүнийг ганц л текстээр ноён Чоу “Би зүгээр л яаж эхэлснийг нь мэдэхийг хүссэн. Одоо ойлголоо. Сэтгэл ингэж хувирдаг юм байна” гэдэг. Нөхцөл байдлаас хамаарч юмс үзэгдэл яаж ч хувирч болно гэсэн санааг тусгажээ.

Хүрээ буюу үзэгчдийн өнцөг (POV)

“Импрессионист кинонд төсөөлөл, дурсамж, зүүд зэргийг үзэгчдийн өнцгөөр (point of view) гаргаж ирэх нь элбэг. Мөн дүрүүдийн зан чанар, үзэл бодол, мэдрэмжийг илэрхийлэхийн тулд ихэвчлэн хүрээг ашигладаг”(Кино урлагийн түүх номоос).

Вон Кар Вай “Хайрын сэтгэл” бүтээлд зураг авалтдаа хүрээг голлож ашигладаг. Цонхны цаана, хаалга, тавилга, гудамж, хонгилыг хүртэл хүрээ болгож ашигласан нь дүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан чанар, болон нуугдмал шинжийг тодотгож өгсөн (Дүрүүд гэсэн хэсэг дээр дэлгэрэнгүй авч үзсэн).

Харин Вон Кар Вай киноны зураг авалт үзэгчдийн анхаарлыг маш ихээр татаж чаддаг юм. Учир нь түүний кино болгонд кадр зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү удаашруулан шилжиж, мөн уянгалаг дуунууд явдаг. Энэ хэв маяг нь түүний кинондоо зурж буй гарын үсэг буюу Вон Кар Вайн найруулгын хэв онцлог гэж болно. Уянгалаг, яруу найраглаг байхаас гадна бас маш гоо зүйтэй харагддаг агаад Вон Кар Вай кинондоо баримталдаг нэг чухал шалгуур бол гоо зүй билээ. Өнгө, хувцас, орчноос эхлээд гол дүрийн гоо сайхныг өндөр байхад ихээхэн анхаардаг нь кино кадруудаас мэдрэгдэнэ.

Кино өнгө

Импрессионист кинонд өнгө чухал үүрэгтэй.  “Хайрын сэтгэл” киноны гол өнгө бол улаан өнгө юм.

“Улаан өнгө бол донтуулагч бодис шиг. Улаан нь дур хүсэл, тэмүүлэл, түгшүүр, донтолт, мөн хайр, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг.(If It's Purple someone's gonna die  номоос)

Тийм хэдий ч киноны эхлэл хэсэгт улаан өнгө давамгайлахгүй. Ягаан, шардуу өнгөтэй байна. Хатагтай Чан, ноён Чоу хоёр уулзаж эхэлснээс улаан өнгө давамгайлж эхэлнэ. Тэдний халуун дулаан хайр бий болж буй, бие бие рүүгээ шунан тэмүүлж буй дур хүслийг улаан өнгөөр шийджээ.

“2046” кинонд илүү хүйтэн(ногоон, цэнхэр)  өнгө давамгайлна.

Цэнхэр өнгө нь амгалан тайван хэдий ч гунигтай, идэвхгүй шинжийг илтгэдэг. (If it's Purple Someone's gonna die номоос)

Тус кинонд ноён Чоу хүйтэн, хөндий болсон, ганцаардсан, гунигласан тэр зан чанарыг ногоон, цэнхэр өнгөөр илэрхийлжээ. Харин ноён Чоугийн бичсэн зохиолын хэсгийг улаан өнгөөр хийсэн нь дурсамж буюу өнгөрснийг дурсан санаж буйг илтгэсэн мэт. Вон Кар Вай өнгөөр дүрийн сэтгэл зүйг оновчтой илэрхийлснээс гадна гоо зүйн хувьд мэдрэмжтэй шийдэл болжээ. Өнгөөр ертөнцийн өнгө төрхийн хувирамтгай шинжийг гаргасан.

Вон Кар Вай кинон дахь нэг сонин илэрхийлэмж бол текст юм. “Хайрын сэтгэл” киноны эхлэлд “Энэ бол маш ховор учрал. Бүсгүй толгой гудайн залууд ойртох боломж олгов. Залуугийн зүрх зориг дутан хөдлөлгүй зогсоно. Бүсгүй эргээд явна”. Мөн 2046 киноны эхлэлд “Дурсамж болгон нулимсны мөртэй” гэж эхэлдэг бол төгсгөлдөө “Цээнийн цэцэг дэлгэрч гүйцээд, цэх шулуун зогсов. Явахдаа үлдээсэн хариулт нь “Үгүй” ч биш “Тийм” ч биш.” “Чанкин эксресс” кинонд “Бид 0.01 см зайтай зөрсөн. 57 цагийн дараа би энэ эмэгтэйд дурлана” зэрэг текстүүд маш уянгалаг, яруу найраглаг, мөн санаагаа киноны эхэнд текстээр илэрхийлэх нь олон.

Жүжигчидтэй харьцах арга барил

“Судлаачид импрессионист кино нь хамгийн энгийн жүжиглэлттэй байх ёстой гэж үздэг. Жүжигчний өөрийн мэдрэмжийг голчилдог бөгөөд Вон Кар Вай жүжигчидтэй ажиллах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Тэрбээр тоотой хэдэн жүжигчдийг кинондоо тоглуулдаг. Жүжигчин Тони Лэунг “Цаг хугацааны нурам”, “Чанкин экспресс”, “Хамтдаа жаргалтай”, “Хайрын сэтгэл”, “2046”, “Их мастер” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн юм. Жүжигчин Лэсли Чэунг “Омголон өдрүүд”, “Цаг хугацааны нурам”, “Хамтдаа жаргалтай” зэрэг кинонд дүр бүтээсэн бол Мэгги Чэунг “Нулимс урсах тусам”, “Омголон өдрүүд”, “Цаг хугацааны нурам”, “Хайрын сэтгэл” кинонуудад тоглосон билээ. Такеши Канэширо “Чанкин экспресс”, “Нүгэлт сахиусан тэнгэрүүд” кинонуудад, Жан Зыи “2046”, “Их мастер” кинонуудад Гон Ли “2046”, “Эрос” зэрэг кинонд дүр бүтээжээ.

Вон Кар Вай нэг жүжигчинтэйгээ хамтарч ажиллахыг илүүд үздэг. Түүний уг арга барил нь мэргэжсэн жүжигчнээс нуугдмал шинжийг ухаж гаргах гэж оролддогтой холбоотой биз. Учир нь эдгээр жүжигчдийн  ганцаардмал, нууцлаг хэр нь эрс тэрс тоглолтыг зөвхөн Вон Кар Вайн киноноос олж харж болно. Үүгээрээ ч найруулагч шинэ одыг төрүүлж чаддаг гэдгээрээ цуутай нэгэн. Вон Кар Вайн жүжигчинтэй ажиллах арга барилд нэг зүйлийг огт дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр зохиолгүй ажилладаг билээ. Вон Кар Вай энэ тухай ярилцлагадаа “Кино зураг авалтын үеэр зохиолыг өөрчлөх, хасах үе гардаг. Тиймээс зохиолгүй ажиллах нь амар байдаг” гэж хэлсэн байна. Мөн Жан Зыи “Их Мастер" киноны дараа өгсөн ярилцлагад “Зохиолгүй ажиллах нь надад өөрийнхөөрөө жүжиглэх боломжийг олгосон. Би кино зохиолыг нь мэдээгүй. Гэхдээ би өөрийнхөө дүрийг маш сайн мэдэрч байсан. Хятадад кино нээлтээ хийхэд л кино зохиолыг нь ойлгосон.”(кино хэлэлцүүлгээс) гэж ярьжээ. Энэ ярианд Вон Кар Вай жүжигчидтэйгээ хэрхэн харьцдаг нь тод илэрсэн байна. Жүжигчин зохиолоо уншаагүй байх нь тэрбээр өөрийнхөө хүслээр, мэдрэмжээр жүжиглэх боломжийг олгохоос гадна тухайн дүрээ мэдрэхэд улам дөхөм болдог ажээ. Мөн тухайн ярилцлагад Жан Зыи Вон Кар Вайн тухай “Тэр киноныхоо эс, ширхэг бүхэнд анхаардаг. Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээдэг” гэж хэлсэн байна. Вон Кар Вай хэдий зохиолгүй ажилладаг ч энэ нь хайнга, дутуу дулимагтаа бус, эсрэгээрээ төгс байлгах гэсэн оролдлого байж болох юм. Кино зураг авалтын үед зохиол сцена, зураглал гээд  яаж ч өөрчлөгдөж болно. Үүнд найруулагчийн төсөөлөл, дүрслэл маш чухал билээ. Уран бүтээлч хүмүүсийн зорилго бол төгс бүтээл бүтээхийг зорих шүү дээ.

Хөгжим

Импрессионист кино нь хэмнэлийг чухалчилдаг учраас бусад урлагийн урсгалаас илүү хөгжимтэй дөхүү гэж үздэг (Кино урлагийн түүх номоос).

“Хөгжим тухайн киног тодорхойлж байдаг” хэмээн Вон Кар Вай нэгэн ярилцлагадаа хэлсэн байна. Хөгжим бол аливаа киног чимж, уянгалаг болгож байдаг билээ. “Нулимс урсах тусам” кинонд “Berlin-Take my breathe away” дууг хятад хувилбарт оруулж хэрэглэсэн бол “Чанкин экспресс” кинонд “California Dream” дууг ашигласан. “Хамтдаа жаргалтай” кинонд “Astor Piazzolla - Finale (Tango Apasionado)”, “Миний нэрсхэн өдрүүд” кинонд “Norah Jones- My Blueberry nights” , “Cat power- Greatest” , “Хайрын сэтгэл” кинонд “Shigeru Umebayashi-Yumiji’s Theme” , “2046” кинонд “Shigeru Umebayashi-Polonaise” , “Их мастер” кинонд “Shigeru Umebayashi-The grandmaster” зэрэг дуу болон аязыг ашиглажээ. Шигэрү Үмэбаши (Shigeru Umebayashi) хэмээх япон хөгжмийн зохиолчтой хэд хэдэн бүтээлд хамтран ажилласан байна. Вон Кар Вайн кино болгон өөрийн хэв маяг, агуулга, дүр төрхтэй. Тэр бүгдэд зохицсон, яруу уянгалаг хөгжим бүтээнэ гэдэг амаргүй билээ. “Хайрын сэтгэл” киноны хөгжим болох “Yumiji” ая нь гэхэд киноны өнгө, уусгал, зохиолын утга санаа, кадрын удаашралтай сайн зохицож чадсан билээ. “Тэндээс хайрын зөөлөн, уянгалаг, мөн дүрийн дотоод сэтгэл зүйн байдал хүртэл мэдрэгдэх шиг тийм уянгалаг аялгуу болжээ. Харин “2046” киноны хөгжим “Polonaise” бол хүчтэй, эрэмгий, бардам байдлыг илтгэж буй мэт. Харин “Чанкин Экспресс”, “Нулимс урсах тусам”, “Нүгэлт сахиусан тэнгэрүүд” зэрэг кинонд залуулаг, эрч хүчтэй поп дуу зонхилдог. Энэ тухай Вон Кар Вай “Чанкин Экспресс”, “Хайрын сэтгэл” хоёр харьцуулашгүй өөр кинонууд юм. Нэг нь сонгодог аяз шиг, нөгөө нь поп дуу шиг” гэж хэлсэн байна. 

“Ресторанд явах хөгжим хүртэл тухайн үеийн дурсамжийг хадгалж үлдсэн байдаг. Би тэр л хөгжмийг кинондоо хадгалж үлдэхийг хүссэн” гэж ярьжээ. Ямар нэгэн дуу тухайн үеийн дурсамжийг хадгалж байдаг. Вон Кар Вайн киноны ая, дуу бол тухайн дүрийн дурсамж, ой дурдатгал, мөн санагалзах мэдрэмжийг ч багтааж байдаг.

Кино дүрүүд

Вон Кар Вай киноны дүрүүд ганцаардмал, хаягдмал, нууцлаг байдаг. Өнгөрснийг дурсан санагалзсан, хуучин зүйлсийг мартахыг хичээсэн, шинэ зүйлтэй учирсан ч бэлэн биш байдаг нь “Вон Кар Вайн кино дүрүүд меланхолик зан чанартай байдаг (Кино урлагийн түүх) гэсэн тодорхойлолттой дүйнэ. “Меланхолик зан чанар нь ноомой, дөлгөөн хэв шинж. Энэ хэв шинжийнхэн идэвхгүй, дуу сул, бүрэг хүмүүс байдаг. Эмзэг, уян зөөлөн сэтгэлтэй боловч үнэнч хүмүүс” (Ерөнхий сэтгэл судлал номоос). Вон Кар Вайн дүрүүдэд энэ хэв шинж, зан араншин зонхилдог билээ . Жүжигчин Мэгги Чэунг “... Хатагтай Чан бол маш ичимхий, ямар нэгэн асуудалд нухацтай ханддаг дүр. Сайн эмэгтэй, сайн гэрийн эзэгтэй байхыг хичээдэг хэдий ч амьдралдаа аз жаргалгүй, надаас огт өөр дүр” гэж “Хайрын сэтгэл” киноны дүрийнхээ тухай нэгэн ярилцлагадаа дурджээ. Жүжигчин Тони Лэунг “Би их залхуу хүн л дээ. Би нэг мод олоод, түүндээ нүх гаргаад нууцаа хэлж байх тийм хүн биш” гэж хэлсэн нь дүрүүдийн хэв шинж, зан авир нь меланхолик араншинг илтгэнэ. Вон Кар Вайн кино дүрүүд давтагдахгүй хэдий ч зан чанарын хувьд төстэй зүйлүүд их билээ.

Вон Кар Вайн киноны дүрүүд нь мэдрэмжийг илэрхийлж байдаг. Жишээ нь, хатагтай Чан бүрэг, ичимхий, ёс суртахуунтай нэгэн. Гэхдээ хатагтай Чан нөхөр нь өөр хүнтэй болсныг мэдэхэд тэрбээр эрсдэл гарган байж гагцхүү нөхөр нь ямар мэдрэмж авдгийг мэдэхийг хүснэ.

Ганцаардал. Кино зохиолд дүрийн өнгөрсний тухай бараг дурддаггүй. Тэгсэн хэдий ч урьд болсон зүйлст эмзэглэдэг, тэр мэдрэмжээсээ холдохыг хүсдэггүй дүрүүд байдаг. Дүр болгон өөр өөрсдийнхөөрөө ганцаардана. Зарим нь хоол иднэ, зарим нь тамхилна. “Чанкин экспресс” кинонд  хоёр цагдаагийн өөр хоорондоо адилгүй түүх гардаг билээ. Эхний түүхийн гол дүр бол 223 дугаартай цагдаа Хэ Зиву юм. Тэрээр дөрөвдүгээр сарын 1-нд, инээдмийн баяраар найз охиноосоо салсан бөгөөд тавдугаар сарын 1-нд өөрийнх нь төрсөн өдөр тохиох ёстой. Тиймээс тавдугаар сарын 1-н хүртэл салалтаа тоглоом хэмээн хүлээн авч, өдөр бүр лаазалсан хан боргоцой авч иддэг юм. Энэ бол түүний ганцаардлаа тайлах арга. Харин тавдугаар сарын 1-н болоход найз охин нь тоглоогүйг ойлгон, орой нь хар тамхины наймаачин бүсгүйд сэтгэл алдарна. Бүсгүй мөн найз залуудаа хаягдан сууж байхад  танилцдаг бөгөөд тэднийг ганцаардал нэгтгэдэг билээ.

“Миний нэрсхэн өдрүүд” киноны гол дүр Жереми бол кафе ажиллуулдаг залуу. Элизабет найз залуу нь өөрийг нь араар тавьж буйг мэдэн Жеремигийн кафед түлхүүрээ үлдээснээр тэд танилцдаг. Жереми орос найз охиндоо хаягдсан энгийн л нэг залуу. Мөн л тэд бие биедээ хань болж, Жереми Элизабетэд нэрсний бялуу, зайрмагтай өгч, орой бүр түүний суудлыг хадгалж, ирэхийг нь хүлээдэг.

“Хайрын сэтгэл” кинонд хатагтай Чан болон ноён Чоу нэг байранд хөрш болон нүүж ирдэг. Тэдний нөхөр, эхнэр хоёр нууцаар уулздагийг мэдэн, мөн л бие биедээ хань болно.

Ихэнх дүр нь хэн нэгэнд хаягдсан, салсан, түүнийгээ мартаагүй хэдий ч өөр нэгэнд дурлана. “Нулимс урсах тусам” киноны Лаугийн дүр, “Цаг хугацааны нурам” киноны Юуанг Фэн, “Чанкинг Экспресс” киноны Хэ Зиву болон 663 дугаарын цагдаа, “Нүгэлт сахиусан тэнгэрүүд” киноны “хамтрагч” гэх эмэгтэйн дүр, “Хайрын сэтгэл” киноны хатагтай Чан, ноён Чоу зэрэг дүр, “2046” киноны ноён Чоугийн дүр, “Миний нэрсхэн өдрүүд” киноны Жереми, Элизабет нарын дүр бүгд урьдын хайртаасаа салсан, хаягдсан, бүтэлгүй хайртай учирсан дүрүүд билээ. Вон Кар Вайн дүрүүд нь өөрийн гэсэн нууцтай, нууцлаг байдаг.

Мөн Вон Кар Вайн кинонд тэмдэг дүрүүд чухал үүрэгтэй. Өрөөний номер “2046” кинонд, түлхүүр “Чанкин Экспресс”, “Миний нэрсхэн өдрүүд” зэрэг кинонд чухал үүрэгтэй.

 


ВОН КАР ВАЙН бүтээхүйн жор
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-13 00:39:47
    Zochin: woow thank youuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188