• Өнөөдөр 2024-05-05

Зохиолч П.Лувсанцэрэнгийн 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

2023-12-15,   338

        "Ус шиг цэнхэр", "Нурамтын өвөрт", "Нар шингээгүй", "Хандмаа" зэрэг өгүүллэг, "Усны эргүүлэг буюу Борзооны явдал", "Хөдөөгийн дуун" туужаараа Монголын үргэлжилсэн үгийн уран зохиолд нэр, мөрөө тод үлдээсэн зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал арванхоёрдугаар сарын 12-нд боллоо.

          Тус хуралд, Ардын багш, СГЗ, доктор, профессор Л.Дашням "П.Лувсанцэрэн Монголын уран зохиолд", доктор, дэд профессор А.Мөнх-Оргил "Өгүүллэгийн шинэчлэл-сэтгэл зүйн уянга: Пэрэнлэйн Лувсанцэрэн", доктор, профессор Б.Мөнхбаяр "Нар шингээгүй", СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана "П.Лувсанцэрэнгийн шилдэг дөрвөн өгүүлллэгийн тухайд" зэрэг илтгэлийг хэлэлцүүлж, Ардын багш С.Дулам, Ардын уран зохиолч Б.Догмид, СГЗ, яруу найрагч, “Улирал ба зохиолч" сэтгүүлийн эрхлэгч Дан.Нямаа, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар зэрэг олон хүн оролцлоо.

           Доктор Б.Мөнхбаяр "П.Лувсанцэрэн бол уран бүтээлээрээ нэгдүгээрт, цаг үеийн нийгэм, улс төрийн ерөнхий чиг шугам, бодлогод захирагдалгүй хүний сэтгэл, уянгын мөн чанарыг дүрслэн үзүүлсэн зохиолч. Хоёрдугаарт, гоо зүй, уран сайхны үнэ цэн, үнэлэмж бүхий өгүүллэг туурвихын жишээ болсон зохиолч юм" гэв. Харин бол доктор А.Мөнх-Оргил, манай уран зохиол дахь сэтгэл зүйн төрлийн нэг уран чадвартан нь П.Лувсанцэрэн. Харамсалтай нь уран зохиолын түүхэнд энэ хүний тухай арай л бүдгээр бичиж байна" гэлээ.
 
         Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана "1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм. 1960-аад оны үргэлжилсэн үгийн шинэ амьсгалын амин судсыг барьж эхэлсэн зохиолч П.Лувсанцэрэн, тухайн үедээ гал цогтой гарч ирсэн шүүмжлэгч Ж.Төмөр нар их утга зохиолыг орхисноос хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч, "Ус шиг цэнхэр", "Нурамтын өвөрт" зэрэг хэдэн сайхан өгүүллэг, "Хөдөөгийн дуун", "Усны эргүүлэг буюу Борзооны явдал" туужууд манай хүүрнэл зохиолыг хаа ч бүрнээ төлөөлөн чадахуйц сор бүтээлүүдийн тоонд багтсаар байна" гэсэн юм.

Зохиолч П.Лувсанцэрэнгийн 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188