• Өнөөдөр 2024-05-19

ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТЗАЯАГИЙН ШҮЛГҮҮДЭЭС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ

2023-11-01,   718

               Яруу найрагч Б.Батзаяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр "Баяртай гуниг минь", "Догдлолууд", "Лонхонд байсан шүлгүүд", "Сэтгэцийн асуудлууд" зэрэг түүвэр хэвлүүлсэн билээ. Түүний онцлох таван шүлгийг хүргэж байна.

Чамайг үгүйлнэ гэдэг 
Чамайг олж харсан өдрийн 
Чимх гэгээг үгүй хийх бүрэнхий биш 
Чамайг олж харсан өдрийн 
Чимх гэгээ л үлдэх харанхуй юм.
Чам руу тэмүүлнэ гэдэг 
Хэлээ огтлохоосоо өмнө
Хэлчихдэг байж гэх халаглал биш
Хэлээ огтолсон хойно олдсон үгсийн
Хэзээ ч төрөхгүй нь гэх харуусал юм.
Чамайг санана гэдэг 
Чамайг мартах вий гэх айдас биш 
Чи л намайг мартсаар буйд итгэх шаналан юм.
Чи одоо бол 
Хурууг минь өвтгөөд эдгэчихсэн
Дурсамж төдий сорви биш
Хуруунд минь орчихоод 
Хэн нэгэнд хүрэх бүр хөндүүрлэх өргөс юм.
Чи одоо бол 
Хайр зөгнөх ирээдүй биш
Хайран, дутуу санагдах өнгөрсөн юм.
Харин би одоо 
Чиний нэрээр хүн бүрийг дуудах зовлон
Чиний хоолойгоор хүүхэн болгон 
Дуугарахыг сонсох жаргал. 
Би одоо 
Бичихээс өөрөөр тайвширч мэдэхгүй 
Бийрийн чинээхэн ганцаардал.
 
                           *** 
Өөдөөс ширтэх цаг хугацааны 
Цаад талд өнгөрсөн минь бий.
Яг тэнд, үг дуугүй буруу харж суугаа хүүд 
Өөрөөсөө ч илүү хайртай би. 
Үнэн шүү! Тэгээд ч түүнд би яршиг удаж 
Эгээ л эцэг шигээ энэ амьдралын түмэн нугачааг 
хэрхэн ухаантай давах, эс тэгвэл 
арилан одсон гэж бодсон бүхэн чинь 
Хэзээ хойно өөдөөс чинь 
“Авч одсон бүхнээ цаг хугацаа 
Усан тээрэм шиг дээрээс чинь 
Асгаж орхих нь энэ дээ” хэмээн тавлахыг 
Тиймээс, бие сэтгэлээ цэвэр байлга мэтийн 
Тээр дараатай зүйл улиглах дургүй ээ.
Өнөө хүү гэвч буруу харж суучихаад 
Цаг хугацааны цаанаас 
Өөрийн минь хоолойгоор дуулах боллоо.
Яая даа...
                        ***
Хэн ч биш
Үлдэж хоцорсон хүмүүс юуг ч мартаагүй хэрнээ 
Үггүй, сэтгэл хөдөлгөх юмгүй 
хоосон аялгуу шиг болчихдог.
Хэн ч үгүй ганцаар үлдсэн тийм хүний дэргэд 
Хэлж ярих зүйлгүй 
Зүгээр л хамт суух дуртай би.
Хамтдаа холоо алхаж, хэрэгтэй үед нь тэвэрч 
Дурсамж үлдээж, хүсвэл нь унтаж 
Хайртай байсан хүмүүсээ дурсаж эхлэхэд нь 
Тамхи асаагаад “Хэнийг нь эхэлж ярих бол” гэж 
Хүлээж суух дуртай 
Хэн ч биш би.
Өргөсөөр хамгаалсан өндөг шиг 
Сахалтай уруул, өвдөлт дундаас ургасан 
Жижигхэн эмэгтэй 
Даарсан үед нь дулаацуулдаг 
Дурсамжуудыг үлдээсэн, дараа нь үхчихсэн 
Хэн ч биш байсан хүмүүсийн тухай сонсох дуртай 
Хэн ч биш би. 
 
                    ***
Амь нас дээсэн дөрөөн дээр
Эмнэлэгийн орон дээр, сэхээний тасагт
Араатан шиг шархаа долоон гиншиж хэвтэхэд
Ноход шиг шиншилсээр яваад
Олж ирэн, цонхон дороос
Ноцон, хуцан
Гаслан улих миний чоно шиг нөхөд.
Архины тарчиг ширээн дээр
Буудлын бохир орон дээр, нулимсан дундаа
Арчаагүй золбин нохой шиг цагариглаж хэвтэхэд
“Хүн чинь зовлонт амьтан шүү дээ”
гэж хээв нэг хэлэх
Хүлцэнгүй, дорой
Миний хонь шиг нөхөд.
 
                       ***
Оддоос амь туяа гэрэлтэнэ.
Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
Очих хүсэлгүй, уулзах бодолгүй ч
ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс
орхиод явсан газар,
уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэнэ.
 
Ийм үед,
үгүйлэх минь хайр шиг мэдрэгдэж
үгс хэлээгүй байх тусмаа үнэтэй санагддаг.
Ийм үед,
эртний өрөө төлөх тухай бодол гэнэт төрж
эгэм цээжийг улам хүнд болгодог.
 
Улас хийгээд тамхины цог анивчина.
Уулсын дундах байшиндаа та
цонхоор ширтэж амьдарна.
Мартагдана гэдэг ийм амархан.
Маргааш гэдэг ийм амгалан.
 
Оддоос амь туяа гэрэлтэнэ.
Одод, бороо, үгс гээд л
олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
Ганц зүйл гэтэл олон утга илэрхийлнэ-
ганцаараа мөртлөө та надад
бүх зүйл шиг санагдана.
Энд ч гэсэн дээ
улас хийгээд тамхины цог анивчина.
Уулсын дундах байшиндаа хүү нь
цонхоор уугиж амьдарна.
Мартана гэдэг ийм амархан.
Маргааш гэдэг ийм хол.

 


ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТЗАЯАГИЙН ШҮЛГҮҮДЭЭС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 08:01:05
    н: логик замбараагүй байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188