• Өнөөдөр 2024-04-25

"Сумын заан" шүлгийн 35 жилийн ойд зориулсан барилдаан болно

2022-12-05,   264

         Яруу найрагч, сэтгүүлч, эдийн засагч Чимэдравдангийн Мягмарсүрэн агсны бүтээл "Сумын заан" шүлгийн 35 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан яруу найрагчийн төрөлх нутаг болох Архангай аймгийн харьяат сумын заан цолтой 128 бөхийн анхдугаар барилдаан "Алдар" спорт хорооны зааланд арванхоёрдугаар сарын 9-ний 12:00 цагт зохион байгуулагдахаар болжээ. Барилдааныг "Бөхбилэгт" дэвжээ, "Дэмжигч" клуб хамтран зохион байгуулж буй юм байна.
 
 Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
“Аз дутаж”
“Алдарт” ороогүй
Сумын заан
Ардын их баяр наадмаар
Аваргуудыг 
“Араажаваар” цоллоход
Өөрийгөө цоллосон юм шиг
Баярладаг
Гуяа алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн юм шиг
Эрэлд явж
“Эр бор харцага”-ыг
Тэрлэгээ гандтал
Хээр дуулж,
Морь шинжиж
Өссөн, бас
Өтлөх
Сумын заан.
 
Хорьтойдоо, сурсан
Ганц мэхээ
Хориогүй хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс 
Залууг
Зартайгаас 
Зааныг ч давдаг!
Ганц тэр мэх нь
Гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг 
Хүсэл бардам зан,
Хүүхнүүдийн харц
Дуртай нь ч бас
Дунгуйлдаж хаячихаад,
“Манаатай хө” гэж алга болчихоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
  Дээш арсаж зодогловол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөдөө өгсөж барилдвал
Өвгөд нь үгүйлэх
Сумын заан.
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
адуу дэллэж,
Сураг тавьж 
эрэлд явж
Сумандаа л барилдаж
Дандаа биш ч түрүүлж
Даага хөтөлсөн
Сумын заан. 

"Сумын заан" шүлгийн 35 жилийн ойд зориулсан барилдаан болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188