• Өнөөдөр 2024-04-25

“Агаарт гуниг зурна” номын онцлох таван шүлэг

2022-10-01,   588

        Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул МҮОНР-гийн хөтлөгч, редактор С.Бэрцэцэгийн “Агаарт гуниг зурна” шүүлгийн түүвэр хэвлэлтээс гараад тун удаагүй байна. Түүний шүлэгнүүд эмзэг мэдрэмтгий, бодлогоширонгуй агаад уянгалсан, гунисан, баярласан бүхнийг чухам тод шингээжээ. Тэгвэл уншигч та энэ номноос шүлэгчийн олон ертөнцийг тольдож болохоор. Харин тэдгээр шүлгээс онцлох таван шүлгийг хүргэж байна. 

Өөр…

Бороо зөөлөн шиврэхэд чи дэргэд шүхэр баригч нэгэн биш 
Болзох хувь төөрөг учрахад чи намайг хүлээлгэх нэгэн биш
Харцаа буруулан тунирхахад чи намайг аргадан гуйгч биш 
Харуусал тээн учирлахад чи нулимсыг минь арчигч бүр биш 
Салхи сэвэлзэхэд хүзүү гижигдэх шиг 
Санаа алдахад сэтгэлд гуниг хургах шиг 
Чи тийм л өөр нэгэн…
Өнгийх зүрхний өөр газар оршигч 
Өрдөг тоглоом шиг ойлгомжтой биш 
Өнхөрдөг бөмбөг шиг бөөрөнхий биш 
Өнгөрсөн хугацаа шиг тодорхой биш 
Чиний дэргэдүүр өнгөрөхдөө догдолдог ч 
Чиний харц өөр газар амьдарч байдаг 
Чиний дэргэд суугаад чамайг ширтдэг ч 
Чиний сэтгэл 
Өөр нэгний нүд рүү өнгийж байдаг 
Өөр, өөр, өөр 
Өөрөөс өөр нэгэн 
Өөрчлөгч тийм нэгэн 
Чи тийм л өөр… 

***

Соль, ля, си, до…
Сонгодог аялгуунд ялаа 
Солиорч үхтлээ үймэлдэнэ 
Соль, ля, си, до… гэх 
Солгой эгшгүүд бас 
Зүрхэнд ирж “зоогдоно” 
Гоо сайхан байна гэдэг 
Гүндээ битүү шархтай байхыг хэлнэ 
Эрүү эгц, толгой дээшээ 
Эргэлдэгч тэр бүсгүй 
Харцаа үлдээж 
Үсээрээ салхи зүсэх мэтэд 
Сэтгэл нь үүлс шиг хөвөлзнөм 

***

Эгцэлж над руу хараагүй хөвгүүн 
Эрийн цээнд хүрчээ 
Эндээс бидний 
Хайрын дурсамж хөвөрнө 
Утас нь тасарсан хөгжмийн 
Урьдын хөгийг бид л мэднэ 
Ус, салхинд намуухан түлхэгдэв 
Дуслах ганц нулимс нь 
Бороо болох цагт 
Дуу намуухан аялах түүний 
Дурдатгал нь би байх болно 

Бүдгэрэх 

Цас бужигнаад сэтгэл бутрах 
Цаг хугацаа халаасанд минь хайлах 
Уусан урсах, уужрах орчилдоо 
Уснаас тунгалаг бодол цэлмэх 
Модод дуулалдах 
Ганихарсан мөчрөөс нар зүүгдэх 
Бүүдгэр тэнгэртээ аниргүй мэхийх 
Бүртийх шувууд нисэн дүүлэлдэх 
Агаар зүсэж салхи бүжих 
Амьсгал сарниулж догдлол бүчих 
Дотор гижигдэж, зүрх балбах 
Үүлс өөдөө, өлмий дээрээ зогсох 
Үл бүдэгхэн дурсамж гэрэлтэх… 

 Гэрэлт шанд 

Шандын цэцэрлэгт шуугих усны чимээ чагнаж 
Шанхны үс агаар салхийг зүснэ 
Шаргилах навчсын долгионд нь нараэ цацарч 
Шоргоолж нэг цэцэг үүрч яваа нь гэрэл болном 
Санаа чилээсэн бодлууд чулуу адил гүн шигдэх нь 
Салаа мөчрүүдийн тэнгэрт тэмүүлэх үндэс гэлтэй 
Сүрлэгэр моддын сүүдэрт сүүдэр үүсгэн суугаа чи, бид 
Сайхны тухай л ойлголтоор огтлолцож нэг гэрэл болно 
Зүг үгүй сэтгэл минь гэнэтхэн холбироод алсран холдовч 
Зөвхөн чи, бидэн нэг гэрэл болох нь ашдын үрт ерөөл юм 
Ай, амьдрал гэдэг тайлал мөн юм бол
Амь тавих амьтай бүхэн агаарт үүлс болж 
Ахиад л бидний сэтгэл тогтож ядан байх нь 
Анхалж харсан харц шиг догдлох нь тавилан авай.

“Агаарт гуниг зурна” номын онцлох таван шүлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-04 09:47:02
    Zochin: Hugiin yumaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188