• Өнөөдөр 2024-03-29

Номын баяраар "мэндэлсэн" онцлох ДӨРВӨН НОМ

2021-06-12,   1336

Номын баярыг "Илүү их уншъя" уриан дор 29 дэх удаагаа зохион байгуулж байна. "Номын соёлт ертөнц ТББ"-аас зохион байгуулж буй энэ удаагийн номын баярт 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцож байна. Тэгвэл энэ жилийн номын баяраар нээлтээ хийж буй онцлох дөрвөн номыг хүргэж байна.
 
Зохиолч Гүн овогт Г.Аюурзанын "Шинэ үеийн номын сан" 19 боть
 
 
Зохиолч Гүн овогт Г.Аюурзанын "Шинэ үеийн номын сан" 19 боть номын нээлт энэ өдрүүдэд тохиож байна. Тэрбээр “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra” зэрэг яруу найргийн номууд, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч”, "Дурлал зохион бүтээгч" богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан Хар Улаан", "Судасны чимээ", "Сахиуст Хангайн нууц", "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)", "Сүнсний томьёо" романууд хэвлүүлсэн. Тэгвэл түүний “Шинэ үеийн номын сан” боть номонд дараах 19 ном багтсан байна. Үүнд:
 
1. Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд
 
 2. Цуурайнаас төрөгсөд
 
 3. Илбэ зэрэглээ
 
 4. Арван зүүдний өр
 
5. Сонгомол эсээнүүд
 
 6. Үг
 
7. Өвгөд
 
8. Хоёр хаан, хоёр хонгил
 
9. Дао: Амьдралыг танихуй
 
10. Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй
 
 11. Орчин цагийн аугаа их сэтгэгчид
 
 12. 2x2=6, Суут жаран сэтгэгч I
 
13. 2x2=6, Суут жаран сэтгэгч II
 
 14. Дэлхийн сонгомол өгүүллэг I
 
15. Дэлхийн сонгомол өгүүллэг II
 
16. Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил I
 
17. Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил II
 
18. Тэнгэрийн судар
 
 19. Цэцэн мэргэний нэвтэрхий толь
 
Зохиолч Ц.Дэлгэрмаа “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг тууж
 
Зохиолч Ц.Дэлгэрмаа нь “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис” яруу найргийн номоо уншигчдын хүртээл болгосон. Түүний гурав дахь ном хүүхдэд зориулсан “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” бэсрэг тууж юм. Тэрбээр энэхүү номынхоо тухай “Хүнд байдаг хамгийн гэгээн сайхан чанар болох хүүхдэрхэг зан, гэнэн араншингаа сэрээн дуудаж, хүүхдийн ертөнцөд өөрийнхөө зүгээс өчүүхэн гэгээ нэмэрлэх гэж хичээн бичсэн ном маань ийнхүү уншигчдын гарт очих нь ээ” хэмээсэн.
 
Зохиолч, яруу найрагч П.Батхуяг, яруу найрагч Т.Амар-Амгалан “Жинн”, “Цэнн” яруу найргийн ном
 
Зохиолч, яруу найрагч П.Батхуяг, яруу найрагч Т.Амар-Амгалан “Жинн”, “Цэнн” хэмээх хоёр талаасаа уншигддаг яруу найргийн номын дээж номын баярын өдрүүдэд худалдаалагдаж байна. Зохиолч П.Батхуяг “Хүйтэн хотын романс”-өгүүллэг, “Эсрэг хурд буюу эсээний тухай”-эсээ “Эсрэг цаг”-эсээ, “Нохой далайн зомгол”- өгүүллэг, тууж, “Чулуун бөмбөрийн нүргээн” -жүжиг, кино, “Эсээ оршил буюу элдэв эсээс” – эсээ, “Намар гэрэлтэгч үгс” яруу найргийн түүвэр зэрэг ном хэвлүүлсэн. Харин яруу найрагч Т.Амар-Амгалан БНХАУ-д докторантаар суралцдаг. Яруу найргийн “Хаврын Будда” номоо хэвлүүлсэн. Тэгвэл тэдний “Жинн", "Цэнн” ном хэвлэлтээс гарч, уншигчдын номын санг чимэхэд бэлэн болжээ. Номынхоо тухай П.Батхуяг “Яруу найрагч Т.Амар-Амгалан бид хоёрын хоёр талаасаа уншигддаг ном өнөөдөр хэвлэлээс гарчээ. Бид хоёрын шүлгүүд асар ялгаатай ч, амь амьсгал нэг болохыг та бүхэн уншаад мэднэ биз” хэмээжээ.
 
Яруу найрагч Т.Бямбасүрэн “Өнө удаан” яруу найргийн түүвэр
 
Яруу найрагч Т.Бямбасүрэнгийн яруу найргийн хоёр дахь ном “Өнө удаан” нэртэйгээр хэвлэлтээс гарчээ. Түүний хувьд “Үдэлт” хэмээх анхны номоо 2018 онд хэвлүүлж байсан юм.

Номын баяраар "мэндэлсэн" онцлох ДӨРВӨН НОМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188