• Өнөөдөр 2024-04-24

ШУА-ийн ерөнхийлөгч Д.РЭГДЭЛ: Монголын шилдэг 11 эрдэмтэн

2021-02-02,   6945

ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт "Оюунлаг ирээдүйн төлөө" уриатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Бид энэ хүрээнд шинжлэх ухаан, танин мэдэхүй, урлаг соёлын гээд бүхий л төрлийн мэдлэг, мэдээллийг хүргэхийг зорьж, олны танил эрхмүүдээс онцлох хүн, бүтээл, ном, хөгжим, кино гэх мэтийг "Оюунт Монгол" буландаа нэрлүүлдэг уламжлалтай.

Тэгвэл энэ удаа ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монголын шилдэг 11 эрдэмтнийг нэрлэлээ. Гэхдээ эдгээр эрдэмтнийг нэрлэх амаргүй байсан хийгээд тэднээс дутахгүй олон эрдэмтэн байгааг тэрбээр дурдсан. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн нэрлэсэн 11 эрдэмтэн чухам хэн хийгээд яагаад шилдэг эрдэмтнээр нэрлэснийг таалан болгооно уу.

1. ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН 

Зохиолч, орчуулагч, яруу найрагч, багш

1908 онд Дорнод аймгийн Матад сумын Баруун шанд хэмээх газар төрсөн. 1946 онд ЗХУ-ын Ленинградын Үндэсний дээд сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Кирилл үсгийг үндэс болгон шинэ монгол бичгийг зохиож, уйгуржин монгол бичгийг өөрчилсөн явдал нь монгол бичгийн хэл, ярианы хэл хоёрыг ойртуулахад чухал алхам болсны зэрэгцээ шинэ монгол бичиг нь хүн амын өргөн давхаргыг богино хугацаанд бичиг үсэгт сургахад их тус дэм үзүүлжээ. Орчин цагийн монгол утга зохиолын хэлийг улам төгөлдөржүүлэх, бүх нийтийг бичигтэн болгоход үлэмжхэн түлхэц үзүүлсэн шинэ үсгийн зөв бичих дүрмийг анх түрүүн зохиомжлон боловсруулахад Ц.Дамдинсүрэн гардан оролцсон юм. Тэрээр зуун зүйл бүхий шинэ үсгийн товч дүрмийг 1941 онд зохиож  хэвлүүлсэн бөгөөд түүнийгээ хожим хэдэн удаа засамжлан нийтлүүлжээ. Шинэ үсгийн комиссоос уг дүрмийг баталсан тогтоолд "Манай  шинэ зөв бичих дүрмийг монголчуудын халхын төв аялгуун дээр дуун ухааны судлал ба үг бүтэх ёсыг баримтлан ардын ярианы хэлэнд ойроор зохиож чаджээ" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Ц.Дамдинсүрэн монгол туургатны уламжлалт уран зохиол, үндэсний утга соёлыг залгамжлан хөгжүүлж чанарын цоо шинэ шатанд гаргахад гавьяатай үйл хэрэг бүтээсэн, билэг төгс их эрдэмтэн хүмүүн билээ. Тэрээр Монголын утга зохиолын баялаг өв уламжлалыг судлан шинжлэх талаар дорвитой гавьяа байгуулсан авьяас билэгт ардын уран зохиолч, гарамгай дуун хөрвүүлэгч, ахмад сурган хүмүүжүүлэгч, ном судар тэргүүтэн утга соёлын үнэт зүйлсийг цуцалтгүй хайн цуглуулагч, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, энх тайвны төлөө цогтой тэмцэгч, суу билэгтэн юм.

2. ШАДАВЫН ЛУВСАНВАНДАН 

Хэл шинжээч, багш

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

“Хэл бол тогтолцоо” , “Хэл бол дохионы тогтолцоо”, “Хэлний дохио нь авианы дохио мөн” зэрэг ерөнхий хэл шинжлэлийн онолын томьёоллыг баримтлан монгол хэлний авианууд нь хэдэн зүйлийн дохионы тэмдэг буюу фонем болж хуваагдахыг тогтоосон. Хэлний хамгийн бага утгат нэгж болсон бүтээврийг монгол хэлнийхээ жишээ баримтад түшиглэн тайлбарласан хоёр дэвтэрт тулгуур бүтээл нь одоогийн монгол хэл шинжлэлийн судалгааны ажлын нэгэн үндсэн чиг баримжаа болсоор байна. Ийнхүү монгол хэлний үг, нөхцөл хоёрын хоорондын харьцааг задлан шинжлэх үндсэн дээр “Монгол хэлний бүтцийг тодорхойлсон нь туйлын зүйтэй” бөгөөд монгол хэлний  бүтцийн өвөрмөц ангилал гаргасан нь монгол судлал болон шинжлэх ухаанд оруулсан гол нээлт болно. Үүнээс гадна монгол бичгийн бичлэгийн тогтолцоон дээр тулгуурлан эртний монгол хэлний фонемын тогтолцоог сэргээн тогтоосон нь түүхэн авиа зүйн судлалд чухал хувь нэмэр болжээ.

3БУТАЧИЙН  ЛУВСАНДАНЗАН                   

Геологич

1921 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. 1946 онд ЗХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын их  сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

“Ховор металлт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагаан ялгарах, хуримтлагдах геохимийн үзэгдэл” нэртэй шинэ нээлт хийсэн. Улмаар энэ нь Монгол Улсын Шинжлэх ухааны анхны нээлтээр бүртгэгдэж (Улсын бүртгэлийн дугаар 87/001, 1985 он) Шинэ нээлтийн №1 дипломыг авч Монголын Шинжлэх ухааны анхны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ. Шинжлэх ухааны энэ шинэ нээлтийн гол агуулга нь химийнхээ шинжээр хоорондоо ижил төстэй Ta-Nb, Hf-Zr, TRY-TRCe (тантал-ниоби, гафни-циркон, иттри-церигийн бүлгийн газрын ховор элемент) зэрэг хос ховор элементүүд болон мөн Al-Si (хөнгөнцагаан-цахиур) нь шүлт ба цахиураар харьцангуй баялаг байгалийн халуун уусмал буюу магмын хайлмагийн дотор хүчиллэг, шүлтлэг нөхцлийн хувиралт, өөрчлөлтөөс шалтгаалан явагддаг геохимийн явцын үр дүнд харилцан ялгарч, үйлдвэр практикт ашиглагдах хэмжээтэй хуримтлагддаг тухай онолын концепцийг дэвшүүлсэнд оршино. Уг концепци нь лабораторийн туршилт, практик ажлаар нотлогдож батлагдсан шинжлэх ухааны шинэ нээлт байсан юм.

Академич Б.Лувсанданзан 1969-1987 онуудад ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаанд Монголын геологийн янз бүрийн асуудлаар олон арван эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж нийтлүүлсэнээр хязгаарлагдахгүй. Монголд Геологийн шинжлэх ухааныг хөгжүүлж, улмаар бие даасан салбар болгон хөл дээр нь босгосон тэрээр Монголын Геологийн ШУ-ны салбараас Монголын ШУ-ны анхны гавьяат ажилтан болж алдаршжээ.

4.ЛОДОНГИЙН ТҮДЭВ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, XX зууны манлай сэтгүүлч

1935 онд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг Өвөр замын бууц гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэсэн.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

            Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв АИХ-ын депутатаар долоон удаа сонгогдож, найман жилд нь АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон төрийг удирдах хэрэгт нийтдээ 20 гаруй жил хүчин зүтгэжээ. Мөн 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад биечлэн оролцож, батлалцсанаас гадна 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв нэр дэвшиж оролцсон билээ. Тэрээр 1980-аад оноос нийгмийг сэргээсэн олон арван нийтлэл бичиж, Монгол оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн салхийг эхлүүлэх, ардчиллын үзэл санаа бүхий залуусыг дэмжих, тэднийг бичиж туурвихад нь идэвхтэй нөлөөлж, тэгснээрээ 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг ард түмэн талархан хүлээж авах хөрс суурь бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

            Монголын уран зохиолын нэгэн их ноён оргил Л.Түдэв нь 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан уран бүтээл туурвиснаас гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ түүвэрлэн 40 боть ном гаргасан. Ялангуяа хүүхэд багачуудад зориулсан түүний яруутансаг, утга төгөлдөр олон арван уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун билгийг тэлж, мэдлэг ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.

5. РИНЧЕНГИЙН БАРСБОЛД

Геологич-инженер

1935 онд  Улаанбаатар хотод төрсөн. 1959 онд Москвагийн Геологи-хайгуулын дээд сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Монголын махан идэшт үлэг гүрвэлийн бүтэц зүйн  урьд нь шинжлэх ухаанд мэдэгдэж байсангүй шинжүүдийг анх ялган  тогтоож, тус аймгийн ангиллыг шинэчлэн, дэлхийд тархсан анги бүлгүүдтэй нь жишиж, Монголын үлэг гүрвэлүүдийн эзлэж байсан байр суурь, түүхэн хөгжлийн зүй тогтлыг  улс орныхоо шинэ  олдворуудын  судалгаагаар харуулсан байна.  Монголын махан идэшт үлэг гүрвэлүүдийн ангиллын жагсаалтыг  ихээхэн өргөжүүлж, шинжлэх ухаанд 20 орчим шинэ нэгж төрөл, анги бүлгүүдийг  санаачлан дэвшүүлж, Монголын олдворуудыг  түшиглэн, Умард Америк, Ази тивд тархалттай Oviraptorosauria, Ornithomimosauria гэж нэрлэсэн томоохон анги бүлгүүдийг  нэгтгэн тогтоож,  олон улсын  ангиллын  тогтолцоонд  тусган оруулав. Үлэг гүрвэлүүдийн  улиран хувьслын зүй тогтол, тив хоорондын  харилцаа  холбоо, шинжлэх ухаанд судлагдаж  эхэлсэн төдий  үлэг гүрвэлийн биологийн асуудлыг Монголын ховор олдворуудын  үндсэн дээр тайлбарлаж, үлэг гүрвэлүүдийн  олдворын чулуужилтаар хадгалагдах боломжгүй зан үйлийн шинжүүдийг  тодорхойлон босгох зам нээгдэж  байгааг харуулав. Монголын болон Төв Азийн үлэг гүрвэлүүдийн  судалгаанд Р.Барсболдоос оруулсан хувь нэмрийг үнэлж, АНУ-д төвтэй олон улсын Сээр нуруутны палеонтологийн  нийгэмлэгээс мэргэжлийн дээд шагнал А.Ромер-Ж.Симпсоны нэрэмжит медалиар шагнажээ.

6. ХАВТГАЙН НАМСРАЙ

Физикч, физикийн багш

 

  1. онд Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Өвөр цуврай хэмээх газар төрсөн. Москвагийн Их Сургуулийг 1968 онд төгсжээ. 

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

  • Цэгэн бус квант орны онолоор физикийн шинэ чиглэл гаргасан
  • Тархалтын функцийг гаргасан
  • Язгуур доторх клейн-Гордоны тэгшитгэлийг аналитик аргаар бодсон
  • Эгэл уртын хэмжээнд тоон хязгаарлалт тогтоосон.

 

7. ПАГВАЖАВЫН НЯМДАВАА

Хүний их эмч, анагаахын вирус судлалч

1947 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. 1971 онд Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Судалгаан үндсэн чиглэл: хүний вируст халдварын молекул эпидемиологи, вирусийн экологи.

  • Палео-арктикийн зэрлэг шувуунаас дэлхийд анх парамиксовирус ялгаж, биологийн болон дүрс судлалын төрх, уургийн бүрэлдэхүүнийг нь судлан тогтоосон (1974-1977).
  • БНМАУ-д вирусийн экологи, молекул биологийн судалгааг эхлүүлж, зэрлэг шувууд, зарим мэрэгчдийн популяцид ортомиксовирус, хепаднавирус, зарим арбовирусийн манай улс дахь тархалтын ареалыг тогтоосон (1978-1998).
  • Манай хүн амын дотор зонхилон тохиолдож буй А, B, C, D вируст хепатит, улаанбурхан, улаанууд, томуу, полиомиелит, арбовируст, херпесвируст болон ретровируст халдваруудын дархлал тогтоц,  вирусийн нутгийн омгуудын ийлдэс судлалын болон молекул биологийн төрхийг судлах ажлыг эхлүүлж, одоо Монголд ялгасан вирусийн омгуудын генотипийн судалгааг удирдан хийж байна (1978 оноос одоог хүртэл).
  • Монгол хүүхдүүдэд улаанбурхны вирусийн эсрэг дархлал тогтцын онцлогийг судласны үндсэн дээр есөн сартайд нь эхний тунг, зургаан сарын дараа хоёр дахь тун тарих товлолыг анх нэвтрүүлснээр (1980-1989) өвчлөл, эндэгдлийг нь олон арав дахин бууруулж, энэ халдварын тахалт тархалтыг таслан зогсоох нөхцлийг бүрдүүлсэн (2005 оноос).
  • Монгол өвчтөнөөс анх полиомиелитын вирус ялган удамшил-биологийн төрхийг нь судалж, энэ өвчний эсрэг дарх­лаажуулалтын шинэ товлол нэвтрүүлэн, полиомиелит өвчнийг устгах ДЭМБ-ын хөтөлбөр, Монгол Улсад уг өвчнийг устгасныг батал­гаажуулах судалгаа, практик үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлсэн (1982-2000).
  • Монгол Улсад гадаад орчны вирус судлалын судалгааг удирдан эхлүүлж, А хепатитын вирусийг оруулан энтеровирусийн бохирдлын түвшинг манай орны нөхцөлд анх тогтоосон (1982-1990).
  • В вируст хепатитын эсрэг эх орны вакцин боловсруулах, өргөн дарх­лаажуулалт нэвтрүүлэх, дархлал тогтоцын түвшин, вакцинаас дайжих мутантын тархалт, вакцинд үл хариуцах байдлыг судлах ажлыг удирдан хэрэгжүүлснээр (1980 оноос одоог хүртэл) В вируст хепатитаас уламжилсан өвчлөл, эндэгдэл тууштай буурах нөхцлийг бүрдүүлэв.
  • Вируст халдварын эмчилгээнд интерферон, вирусийн эсрэг хими-заслын зарим бэлдмэл (ремантадин, оксолин, ацикловир, оселтамивир зэрэг) нэвтрүүлэх ажлыг удирдан гүйцэтгэв (1978 оноос).
  • Монголд ДОХ/ХДХВ-ийн онош, сэргийлэлт, менежментийн иж бүрэн судалгааг удирдан эхлүүлэв (1986-1996).
  • Холландын судлаачидтай хамтран сүрьеэгийн нянгийн Зүүн Азид түгээмэл тархсан (хожмоо Бээжин генотип нэр авсан) хэвшинжийг нээлцэж, Монгол Улсад ялгасан сүрьеэгийн нянгийн удамшлын төрхийг антибиотикт мэдрэг чанарын үзүүлэлттэй жишин судлах ажлыг удирдан эхлүүлсэн (1994 оноос).
  • Их Британийн судлаачидтай хамтран монголчуудын У хромосомын поли­морфизмын зарим асуудлыг судлаж, генотипийн шинэ хувилбарууд илрүүлсэн ба одоо ОХУ-ын судлаачидтай хамтран хүний У хромосом, мт-ДНХ-ийн полиморфизмыг судлаж байна  (1997 оноос одоог хүртэл).
  • Монгол Улсад эрүүл мэндийн даатгал, өрхийн эмчийн, эмийн болон эмчилгээний чанарын хяналтын, халдварт өвчинтэй тэмцэх нэгдсэн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, эсэн мэнд амаржихуйн, үндэсний эмийн болон тамхидах тахалтай тэмцэх бодлого, эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллага үүсэн хөгжих онол, эрхзүйн үндэслэлийг хамтран ажиллаг­садтайгаа боловсруулан хэрэгжүүлэв (1990-2003).
  • АЦХаХ (SARS) өвчний импортлогдсон дэгдэлтийг таслан зогсоох ажлыг удирдаж, эмнэлзүйн болон вирүс судлалын онош, менежментийн судалгааг эхлүүлсэн (2003-2004).
  • Томуугийн вирусийн лабораторийн тандалтыг сүлжээ байгуулж, шат дараалан бэхжүүлж, вирусийн геномын бүтцийг эх орондоо бодит-хугацааны ПГУ (rt-PCR), секвенсер ашиглан судлах эхлэл тавьж, олон улсын нүклеотидын дарааллын сан GenBank-д Монгол улсад ялгасан томуугийн вирусийн  150 гаруй генийн дарааллыг оруулсан (1978 оноос одоог хүртэл).

 

8. СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ

Хуульч

1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Академич С.Нарангэрэл нь Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлүүд нь дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгджээ. Түүний бичсэн ном англи, орос, хятад, герман хэл дээр хэвлэгдсэн байна. 2007 онд анхны хэвлэл нь нийтийн хүртээл болсон “Эрх зүйн эх толь бичиг” (66,5 хх) нь Монгол улсын эрх зүй судлалын суурь судалгааны бүтээл болсоор байна.

9. ТҮВДИЙН ДОРЖ

Эдийн засгийн кибернетикч

1946 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1971 онд Москвагийн их сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Эдийн засгийн өсөлт, бүтэц, санхүү, мөнгөний бодлого, менежмент, эдийн засгийн математик загварчлал, эконометрикийн чиглэлээр олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний төсөл 10 гаруйг удирдаж, сургалт судалгааны ажил явуулса. Их, дээд сургууль, оюутан, магистрант, докторант бусад судлаач мэргэжлийн хүмүүст зориулсан  “Менежмент”, ”Хөгжлийн эдийн засаг”, ”Эдийн засаг – Математик загвар”, ”Эдийн засгийн өсөлт бүтцийн загвар”, ”Олон улсын менежмент”, ”Удирдахуйн эдийн засаг, безнесийн стратеги”, ”Үйлдвэрлэлийн удирдлагын процесс”, ”Эдийн засгийн кибернеткийн асуудал”, ”Төрийн санхүү мөнгөний бодлого” гэх зэрэг сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл нийтдээ 30 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 150 гаруйг туурвисан нь гадаад, дотоодод хэвлэгджээ.

 

10. ЧҮЛТЭМИЙН ДУГАРЖАВ

Биологи-геоботаникч, ой судлаач

1946 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хар худаг хэмээх газар төрсөн. 1970 онд ЗХУ-ын Ленинград хотноо Улсын их сургуулийг төгсжээ.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Сүүлийн 40 гаруй жил Монгол орны ойг судалж, ойн гарал үүсэл, бүтэц, бүрэлдэхүүн, тархац, байгалийн нөхөн ургалтын талаар шинэ үзэл санаа дэвшүүлж өөрийн бүтээлүүддээ онолын дараах дүгнэлтүүдийг хийсэн болно. Үүнд:

  • “Монгол орны шинэсэн ой" (1996) бүтээлдээ Монгол орны ой мод уулсаар өндрийн бүслүүр үүсгэдэг зүй тогтолтойг илрүүлж, ой модыг өндрийн бүслүүрийн таван ангид хувааж, ойн-ургамалжилтын гурван муж, есөн хошуу, 16 тойрог ялгасан.
  • Дэлхийн ой судлалд тайгажуу (pseudotaiga) гэдэг ойн өндрийн бүслүүрийн анги хэв шинжийн шинэ нэгжийг тогтоож, тайгажуу шинэсэн ойн үүсэл гарлын төв нь Хангайн нурууны төв хэсэг болох тухай таамаглал дэвшүүлсэн.
  • Монгол орны бүс нутгуудын ойн өндрийн бүслүүр бүрд ойн сэргэн ургалтын явц нь харилцан адилгүй байдаг онцлогийг тогтоож,  ойн өндрийн бүслүүр нь ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх экологийн үндэс болно.
  • Монголын дендрохронологийн судалгаагаар дэлхийн дулаарлыг баталгаажуулсан.
  • Ой үржүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг Дорнодын тал хээрийн бүсэд анх удаа боловсруулсан.                                                                                                                                                                          

11. САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН

Түүхч, шинжлэх ухааны доктор, академич, Соёлын сайд асан

1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, Монголын түүх, соёлын цогц судалгааг онол арга зүйн шинэ шатанд гаргах ажлыг удирдан хэрэгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. 2010 оноос хойш Монголын түүх, археологийн шинжлэх ухааны салбарын  тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэнг амжилттай удирдан ажиллаж, олон улсын түвшинд  хөгжүүлэн,  өмнө нь судалаагүй байсан 17-р зууны Монголын хот сууринг цогцоор нь малтан судлах ажлыг удирдаж Монголын археологийн түүхэнд нэгэн шинэ үеийг судлах ажлыг хийж гүйцэтгэсэн.

            Дэлхийн улс орнуудын архив номын сан, музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын түүх соёлын өвтэй холбоотой дурсгалуудыг системтэй судлах, судалгааны эргэлтэд оруулах, шинээр нээж илрүүлэх ажлыг хийж “Дэлхийд тархсан монгол өв” цуврал, “Монгол орон Монголчууд” цувралыг эхлүүлж томоохон бүтээлүүдийг анх удаагаа судалгааны эргэлтэд оруулж хэвлэн нийтлүүлсэн.

 


ШУА-ийн ерөнхийлөгч Д.РЭГДЭЛ: Монголын шилдэг 11 эрдэмтэн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188