• Өнөөдөр 2024-04-27

Ц.ДЭЛГЭРМАА: Орчин үеийн (миний дуртай) онцлох 10 яруу найрагч

2020-11-22,   4409

Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд маань яруу найрагч Ц.Дэлгэрмаа Монголын орчин үеийн онцлох 10 яруу найрагчийг нэрлэлээ.

Миний нэрлэж байгаа арван найрагч бол бүгд 80, 90-ээд онд төрсөн, одоо ид бичиж буй, өөрийн илүүтэй таашаан уншдаг найрагчид юм шүү. Би яруу найрагт ялангуяа аль нэг тийшээ автан ханаралгүйгээр голтой, нуруутай, мэдрэмжтэй байх сан гэж хичээдэг. Бас монгол яруу найргийн ертөнц үргэлж шинэдэн, урагшилсаар буйд итгэдэг. Тэр л үүднээс доорх шүлгүүд болоод шүлэгчдийг нэрлэлээ.

  1. Х.Нямхишиг

Х.Нямхишиг гэж найрагчийн нэрийг л сонсож байснаас шүлгүүдтэй нь хожуухан танилцсан юм. Монгол найрагчийн шүлгээс мэдрэгдэх учиртай ур хийц, өнгө төрх гэж байдаг бол түүний шүлгэнд тун тодорхой бий гэж боддог.

***

Манай хот айл, уулын мухарт

Маркесын “Зуун жилийн ганцаардал”, уулын мухарт

Халамцуу эрс, мөрийтэй даалуу, уулын мухарт

Хазаар, эмээл, адууны наймаа, уулын мухарт

Сумын төвөөс сураг ажиг үгүй, уулын мухарт

Сургуульд явсан чиний тухай зүүд, уулын мухарт

Эцэг шигээ гөрөөчин, эсвэл Маркес шиг зохиолч болохсон гэж,

Эхийнхээ оёж өгсөн дээлийг урж өснөм, уулын мухарт...

  1. Б.Батзаяа

Б.Батзаяа бол тун сонирхолтой яруу найрагч. Хэнээс ч илүү хувьсан өөрчлөгдөх чадвартай ч бас хэнээс ч илүү өөрийгөө хадгалж чаддаг найрагч шиг санагддаг.

ЗУРААЧ

Ганцаардсан, маш их уусан-

ахиж хэний ч сэтгэлийг хөндөхгүй болсон.

Галзууран догширч, тэр маш их гомдсон-

одоо юу ч сэтгэлийг нь хөдөлгөхөөс өнгөрсөн.

Үе үе уйлах итгэл найдвартай явсан.

Өглөө бүр үүр цайвч хувь зохиол нь

зүүд зэрэглээ дунд живсэн

ийм нэг эр.

 

Дуу хоолой гэж үгүй

дуугарах нь сулхаан цуурай,

дутуу зангираад суун тусах

бие нь ч хөндий хоосон.

Ус цийлэгнэх нүд нь

айдас жихүүцлээр дүүрэн.

Уруул хоолойг нь давах

үг бүр нь хүлцэнгүй.

 

Энэ эр, салга гараараа бурхдад сүүдэр нэмж

сарайж муруйсан хуруугаараа гэрлийг магтан дуулсан сан.

Зүлэг мэт элбэг Нарциссуудын дундах халгай

зүдүү ядуугаар хулдсан зүрх сэтгэл явсан сан.

 

Өнөө гэтэл, ойн гүнээс урсах

тунгалаг горхи шиг нулимс нь

үнэн, яасан хайрлам

хэцүү үнэн байна вэ!

  1. Г.Баяр

Г.Баяр гэж ийм нэг залуу бидний дунд байлаа. Түүний шүлгээс автахуй хийгээд сэрэхүйг олж хардаг. Автахуйг нь уучлан ойлгож, сэрэхүйг нь хүндлэн хүлээж байсан ч тэрээр нэгэнт өөрийн чадахаа бичиж үлдээгээд тэнгэрт оджээ.

 

ГҮН УХААНЧ МОД

 I

Би үсчин орохоор бас эмийн сан орохоор явахад

Хар бүрхтэй нөгөө л нэг мод!

Би усанд орохдоо тэр эгчийн үснийх нь өнгийг төсөөлөн бодоод

Сормуусных нь салхиар гуниглагч тэнгэрийг тоглоход

Хар бүрхтэй нөгөө л нэг мод!

Би Модильяны зураг руу нэвтрэн ороод, хатаж амжаагүй бийрийнх нь үзүүрээр

Цонхны гадарга дээр наран цаг зурж, цохилж эхлэхийг нь хүлээн

Алгуурхнаар өөр лүүгээ шунган хүүхэд насаа хар, цагаан дэлгэцээр үзэхэд

Хар бүрхтэй нөгөө л нэг мод!

Би бодь модны яруу найргаас, бас дөрвөн хананы яруу найргаас залхан

Энгийн нэгэн усны яруу найраг сонсохоор гол руу очиход

Хар бүрхтэй нөгөө л нэг мод!

(хэсэглэн авав)

  1. О.Элбэгтөгс

Үеийнхэн дундаа хурц тод атлаа өр өвтгөм найрагч гэж би Элбэгээг хэлнэ. Туулж яваа амьдрал нь тийм хоёр өнцгийг өгсөн ч биз. Дотроо зөрчилтэй, зөрчил нь гоё, донжтой найрагч.

ОДОО Ч ГЭСЭН ЦҮНХНЭЭС ТАНЬ АЛИМ УНАСААР БАЙНА

Аавдаа зориулав

Амьдралд бүх зүйл өөрчлөгдөж, ээж минь өтөлсөн
Амгалан инээмсэглэх таны зурагтай үргэлж ярилцдаг
Хэн нэгний зохиосон хувь тавилангаар замнаагүй, хүү нь
Хэлж сургасан бүхэн тань үнэн байсан гэж хэлж чадахгүй

Алхам тутамд тулгарах худал хуурмаг бүхнээс зугтах гэсэн
Аргаа барсан хүсэл минь амиа хорлох өчүүхэн оролдлого
Гэвч би таньд, бас ээждээ, гэрэл гэгээ, ертөнцөд хайртай
Гар минь мэс атгаад л үүнийг ухаарсан, яг л гэгээрэл шиг

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
“Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ.”

Таны алхдаг гудамж, таны ажлын газар, танил найзууд
Танихын аргагүй их өөрчлөгдсөн. Олны хөлд элсэн.
Орон гэрийнхээ босгыг л таних байх, таниас хойш
Орж гардаг хүмүүс ховордсон. Бороо орох нь цөөрсөн.

Зүүдэг зангиа, өмсдөг малгай, зарим нэг хуучин цамц
Зүүд аргаддаг дээл тань дэрэн дор минь одоо ч бий.
Дуу хоолойг тань мартчих вий гэсэн айдас эзэмдэхэд
Дуу зохиож таны хоолойгоор дуулаад үр нь тайвширна

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
“Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ.”

  1. А.Урантогос

А.Урантогосыг бид бүгд л эрчимлэг найрагч гэдэг юм. Хөгжмийн хамтлагт бол тэр гал цогтой бөмбөрчин нь байхсан биз. Гэхдээ тэр эрчмийнх нь эх ундарга эмзэг, хөндүүр атлаа тэвчээргүй тэмүүлэгч зан чанарынх нь гүнд бий гэж санагддаг.

***

Татагдалт, таалагдалт бас таалагдалт

Танилт, урвалт энэ бол урвалт

Ядаж миний нүд рүү эгцлэн харвал чи

Ялаа тэнд суугаад бурханд залбирахыг мэднэ

Би бол ариун амьтан, бас сайхан зүйл

Би бол шингэн зүүд, бас чиний гэрэлт нүд

Би бол удтал хоргодох тусам унан тусан тэмүүлэх

Би бол биднийг үхүүлдэггүй үхэл мэт тэр зүйл

Орон зайн дундах гүн хууралтууд

Огт гар хүрээгүй сахиулсан алдаанууд

Чамайг хайрлахгүй зүрхэнд амьдрагч

Чив чимээгүйн хүүхдүүд юм.

Чи бол үнэн хүсэл, бас унтарч буй лаа

Чи бол шингэн зүүд, бас чиний гэрэлт нүд

Чи бол удтал хоргодох тусам унан тусан тэмүүлэх

Чи бол биднийг үхүүлдэггүй үхэл мэт тэр зүйл

Ай, миний доторх цорын ганц царгиа, цэв хүйтэн царгиа

Царгиатсан ганцаардлын эмгэг дүүрэн хашхираан

Энэ хашхираан чих бүгдийг үй түмээр нь улайтгана

Энэ хашхираан чих бүгдийг үй түмээр нь өвтгөнө

Амьдрал бол амьдрал, үхэж буй амьдрал

Үхэл бол үхэл, амьдарч буй үхэл

Энэ бол гитарын утсанд хэрчүүлсэн дунд хурууны өндгөөс

Энэ бол урсаж буй хав халуухан миний царгиа.

  1. Я.Баяраа

Аав ээж нь багш, франц хэлний анги төгссөн, уран зохиолын орчинд орохоос өөр аргагүй хэл, хэмнэл, авьяас заяасан найрагч. Цөлх атлаа гүнзгий эргэцүүлэл, эрс гаргалгаат шүлгүүд түүнд бий.

***
Гунихыг би мэдэхгүй
Тийм үгийг сэтгэлээс минь эрэвч олохгүй
Найдвар тасрахыг харин мэднэ
Навчис шарлахад дарсны дон хөдлөх нь
Бугын дуудлага лугаа байгалийн зөн
Байгалийн зан...
Өөр рүүгээ өнгийвөл гуниг төрнө гэнэ үү?
Өө, түүн шиг ший янгууны үг үгүй ээ
Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр!
Үүр лүүгээ өнгийсөн шувуунд 
Үнэгэнд идүүлсэн өндөгний нь хальс үзэгдэх шиг
Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг
Үүл нь үгүй атлаа бэрх өглөө шиг 
Үхээд удсан андынхаа гэрийн дэргэдүүр өнгөрөх шиг
Үзэн ядмаар үйлдэл шүү...
Үнэн тийм танин ядмаар хол бишээ
Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ
Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад
Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ
Энэ л хангалттай.

  1. О.Цэнд-Аюуш

О.Цэнд-Аюушийн шүлгүүдийг уншихад, сонсоход цээжинд ямар нэг салхи заавал сэвэлзэнэ ээ. Шүлгүүдийнх нь дүр дүрслэл уран тансаг, эх хэлнийхээ гоо сайхныг эзэмшиж, нээж чаддаг найрагч гэж боддог.

НАМ ГҮМ

Нам гүмд

Усны толиог арчсан манан

Уйтгартайгаар

Цаад эргийн мөчирт тээглэж

Цамц шиг урагдах нь бодолд сонсогдоно.

 

 

Нам гүмд

Модод улам дуугүй болж

Мойл час улайн

Цог шиг навчис тасран

Цох шиг нисэлдэнэ.

 

Нам гүмд

Эрт цагт

Эрэгт орхигдсон завь гунигтайгаар

Элгэн дэх цоорхойгоороо

Гацааны зүг

Гандсан олсон гүүр шиг жимээр ширтэнэ.

 

Нам гүмд

Бүдэгхэнээр цааш одох бүсгүйн

Бүлээхэн нүдээ угааж орхисон

Нулимс живж

Нуур нууцтай болно.

 

Нам гүмд...

  1. Д.Эрдэнэзулай

Д. Эрдэнэзулайгийн шүлгийн элдэв хээнцэрлэлгүй, энгийн үнэн нь сэтгэл татаад байдаг даа. “Авьяас гэдэг эмзэглэл” гэж Д.Намдаг гуайн үг бодогдоно.

***

Аж төрөхүйн түмэн зовлон юу ч биш

Ахуйгаас үүдсэн мянган гуниг, гуниг биш

Амрагаас хагацсан харууслын нулимс, аадар биш

Амаргүй өнгөрүүлсэн урт шөнүүд, дурсамж биш

Алдаж тууллаа ч залуу нас өрөвдөм түүх биш

Анивчин бүдгэрсэн энэ гэрлийн шон лав, ирээдүй биш

Азгүй учрал, бүтэлгүй дурлалууд алдаа биш

Аз жаргал дүүрэн байвал харин,

Амьдрал яавч биш!

Яавч амьдрал бишийг хүн бүхэн мөрөөдөвч

Яавал амьдрал болохыг үхэхээсээ урьдхан л ойлгодог

Даанч, оройтсон хаврын нойтон цас

Дагжуулж ядаж буй булшин дээр нь гэнэ сэрэггүй будардаг.

Үхэл гэдэг зовлон мөнийг

Үгүйрэхийн гуниг, гуниг мөнийг

Гашуудлын нулимс, бороо гэдгийг

Ганцхан хүнээр үүрд дутсан амьдрал л

Амьдрал мөн болохыг

Үхэгсдийн араас үнэнээсээ харууссан

Үлдэгсдийн нүднээс л харж болно!

  1. Мө.Батбаяр

Одоо л ид бичиж, нэг үгээр “бужигнуулж” буй хоёр залууг одоо нэрлэх гэж байгаагийн нэг нь Мө.Батбаяр. Бүгд л шинэчлэгч байхыг эрмэлздэг ч түүнээ хаа холоос, бусдаас хайх бус буй байгаагаа нээн уудлахын гоо сайхан, цоо шинийг харуулж чадах найрагч гэж итгэдэг.

***

Ай өвөл болчихжээ, нуур хөлдөөд

Амар загасны нүд гүнээс нь тусахаа байчихжээ.

Хөлдсөн Хар-Ус нууран дээр гайхаж зогсоход

Хүйтэн сарны гадарга дээр шөнөөр буусан шиг

Хулсны нөмрөөс захчин айлын утаа хүжлээд

Түрүүхэн унтарсан галт уулынх ч шиг

Хүн малын бараа алсарч, шинэ дээлтэй эрчүүл л эрэлд шогших нь элбэгшиж

Шилбийг нь уртхан тавьсан одончуу дээлийн хос мөнгөн товч

Шагшуурган дунд шигэр шигэр харших нь

Хоёр хөөрхөн шувуу л тэнд шивнэлдээд байх шиг санагддаг.

Төдхөн хурган лоовуузны бүч сугсалзсаар

Товчноосоо дуугүй хүрлэгэр эр гарч ирэхэд

Эмээлийнх нь зандан яр үе үехэн “мишилзээд”

Эзнийхээ өмнөөс ярьж байх шиг харагддаг.

Нууранд өвөлжиж байгаа айл гэдэг хунгаас өөрцгүй

Нууцгай, дуугүй, тэгээд хавар болохыг тэд л

Тэнгэрийн дор хүлээж байх шиг бодогддог.

Харь ертөнцийн хөлөг шөнөөр ирээд буцахдаа

Хаяад явчихаж гэмээр л харагддаг даа, гаднах морин чарга нь...

Мөс аччихаад түүнийг чирч гэлдрэхэд

Мөн чанарыг хэн нэгэнд хүргэж яваа шиг сэтгэгддэг.

Ай тэгээд, Хар-Ус нууран дээр өвөлжиж байгаа хүн гэдэг

Ариухан лянхуа цэцгээс өөрцгүй болж хувирдаг даа.

Буртаг үгүй цагаахан дэлбээн дунд минь

Будда хөнгөхөөн завилах нь мэдрэгддэг дээ.

  1. Тө.Бямбасүрэн

Тө.Бямбасүрэн хэмээх энэ залуугийн шүлгийг уншихаар хэсэгтээ хэнтэй ч, юу ч яримгүй, өр өвдөм бүхнийг, үнэн бүхнийг нэхэн бодмоор, нээн эргэцүүлмээр санагддаг. Цэл залуу энэ найрагчийн шүлгүүд хүмүүст ухаарал эргэцүүлэл, уужрал тайтгарлын үүдийг сөхөж өгөх шидтэй шиг санагддаг.

***

Ѳчигдѳр эгч минь амаржсан учраас

Ѳнѳѳдѳр би

Ѳѳд болсон гурван хүнээ дурсмаар байна.

Эхлээд эмээ минь ѳѳд болсон.

Эмнэлэгт эцсийн удаа орохуйд

Хүндээр амьсгаадан унтах нь

Хүний биш миний амьсгал шиг санагдсан.

Халуун гарыг нь үнсчихээд сэрээлгүйгээр

Хаа хол явахдаа

Богд уулыг хамт гороолж, шүүдэр гишгүүлж

Босгоод ирнэ дээ гэж том санасан.

Хагацахын цагт

Харамсахын хэцүүг тэгж үзсэн.

Хуурай мээмээ сүү ортол үнгүүлсэн

Хуучин Дѳрвѳд дуу эмэг минь.

Араас нь залуухан нагац минь явсан.

Аавгүй надад агаа нь

Ам алгадсан даруулга байсан

Их сургуулийн тѳлбѳр, идэш бэлдчихээд

Инээд алдсаар үлдсэн наймдугаар сарын хүнээ

Хѳвсийн бударсан ѳдѳр Нэгдүгээр эмнэлгийн мооргоос

Хѳрсѳн биеийг нь ѳргѳж нутгийн унаанд хэвтүүлсэн.

Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг

Хэнгэнэтэл сайхан уйлж ч чадаагүй.

Сүүлд том нагац минь одсон.

Шуудай тѳмс мѳрлѳѳд Таван шарын товчоон дээр

Сурсан зангаараа халамцуухан дѳхүүлж ѳгсѳн.

Цацрал эгч эвийлж, үнсэж, турсныг минь гайхах зуур

Цаана нь дуугүй л тамхиа сорж зогссон ахаа

Гэмтлийн сэхээнд гавлаа цѳмлүүлчихсэн хэвтэхэд

Гэмтэн шиг л үүдэнд нь ѳвдѳг нугалаагүй хоносон.

Ѳчигдѳр эгч минь хүү тѳрүүлсэн учраас

Ѳнѳѳдѳр би тэднийгээ дурсаж байгаа юм.

Яаж ч тайлбарлаж болно л доо.

Үйлийн үрээр ѳвѳрт минь эргээд унасан бол

Үгүйдээ л гүйцээж хайрлах хүсэл байна.

Үнэндээ арай бодит нь

Бүгд л амьдралд хайртай инээж байсан шиг

Бүрий нѳмрѳѳд цайхад би ч бас

Байх уу, үгүй юу?

Ураг дундаасаа арай гялайж үзэг шүүрснийх

Умарталгүй сануулж явах хүсэл байна.


Ц.ДЭЛГЭРМАА: Орчин үеийн (миний дуртай) онцлох 10 яруу найрагч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 13:30:19
    Ммммм..... Дэндүү түүхий л байна даа... Мэлмийнхээ нуухаа гүйцэд арчаасай. Хожмоо энэ сонголтоосоо өөрөө айж, бас ичих байхдаа: Мммм.... Дэндүү түүхий байна даа. Мэлмийнхээ нуухаа гүйцэд арилгаасай билээ. Хожим олон жилийн хойно энэ сонголтоо хараад өөрөөсөө айх, ичих байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 10:15:34
    Уянга : 1 ба 10 л шүлэгс байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 09:27:47
    найрагч: Я.Баяраа, О.Цэнд-Аюуш хоёроос бусдыг нь хэн найрагч гэхэв дээ. чи ч өөрөө найрагч биш Дэлгэрмаа минь. сэрүүн зүүдлэхээ боль хө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-20 16:30:14
    БС: Сайхан сонголтууд, гол нь ид бичиж байгаа гэдэг нь бүр сайхан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-19 23:58:13
    Sky: Shvleg gj yg yu we vgeer ilerhiileh urlag uran shn gtl harsangvi ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 23:05:47
    Нарангэрэл Хөвсгөл: Монголын радиод гоё гоё нэвтрүүлэг шүлэг хийдэг Лхагвасүрэн гээд хүн бий ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 19:13:59
    Hehe: Dyndaa neg xyyxen xepegledeg yruu naipagch neptei ymnyyd yvj baixiin kakaka
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 17:47:12
    Зочин: Нямхишиг, Цэнд-Аюуш хоёроос бусад нь больмоор юм даа. Өөрсдийгөө хуурч юу хийхэв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-18 13:40:43
    Zochin: zaaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188