• Өнөөдөр 2024-04-25

Шатахууны шагчид, дараалал дамлагчид халаасаа түнтийлгэж байна

2021-09-23,   1493

            Нийслэлд шатахууны хомсдол үүсэж, жолооч нар шатахууны эрэлд гарсныг ашиглан шагийн бизнесүүд цэцэглэж эхэлжээ. Шатахуун түгээх станцын түгээгч, салбар хариуцсан удирдлагууд, холбоо сүлбээтэй, хөдөлгөөнтэй хэсэг залуус нийлж, хуйвалдах замаар шатахуун шаглах, мөнгө авч дараалалгүй үйлчлэх, “мах авбал шатахууны талон өгнө” гэж наймаалцах зэргээр хэтэвчээ зузаалж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайт “Нууц дуран”-даа буулгалаа. 
 
         Өнөөдөр 14:00 цагийн орчимд Тасганы овооны зүүн дор буюу Баянбүрдийн тойргоос Бөмбөгөр явах зам дагуу байх “Супер-92” ШТС-аар үйлчлүүлэхээр 140 орчим автомашин дараалалд зогссон байлаа. Энэ дараалал Гандангийн гэрлэн дохионоос эхэлж, Баянбүрдийн тойрог руу уруудаад, Баянбүрдийн тойргийн гэрлэн дохионоос баруун гар тийш Бөмбөгөр чиглэсэн автозам руу эргээд “Супер-92” ШТС хүртэл автозамын нэгдүгээр эгнээгээр үргэлжилжээ. 
 

Шагийн арга 1: Дараалалгүй үйлчлэх шаг

 
          Тус “Супер-92” ШТС угнь гурван зэрэгцээ түгээгүүртэй, нийтдээ дөрвөн урсгалаар жолооч нарт үйлчилдэг юм байна. Гэтэл өнөөдөр нэг урсгалынхаа орох хэсэгт “Засвартай” гэсэн самбар тавиад автомашин оруулахгүй байх аж.
 
Тус ШТС-ийн баруун талд залгаа “Жавхлант хүлэг” авто засварын зогсоол дээр хар, цагаан хоёр машинтай хэсэг залуус зогсож байна. Автомашиныхаа цонхнуудыг нээчихсэн, тамхи баагиулж, утсаар ярингаа “Хүрээд ир л дээ” гэх нь дуулдана. Бас “Баагий өчигдөр над руу, хөгшнийх нь машин яг унтарлаа гээд хоолой нь чичирсэн залгасан” гэж мар мар инээж сонсогдоно. 
 
                Тэднийг ийн ярьж суух зуур тэдэнтэй утсаар ярьсан автомашинууд “Супер-92” ШТС-ын гарах хэсгээр ээлжлэн орж ирж харагдана. Уг нь орох хэсгийнх нь үүдэнд 140 автомашин цуваад хүлээж байгаа. Харин дараалалгүй үйлчлүүлэхээр мөнгөө төлсөн автомашинуудын хувьд шууд л ШТС-аас гарах хэсгээр нь ороод ирдэг юм байна. Ингээд өнөөх хар, цагаан машинтай залуусын дэргэд очиж зогсоод, цонхоор нь гараа сарвайгаад, жижиг цаас авч, буцаж машиндаа суугаад “засвартай” гэх самбар тавьсан түгээгүүрт очиж, ямар ч дараалалгүйгээр үйлчлүүлж байх юм. “Засвартай” түгээгүүрийн дэргэд зогсох түгээгч байсхийгээд утсаар ярьж харагдана. Нөгөө хар, цагаан машинтай залуус “Тэд дугаартай машинд талон өгсөн, шатахуун өгөөрэй” гэдэг чиглэл  өгдөг бололтой юм. 3-4 цаг дараалал зогсож байхаар энэ мэт “дарааллын шагчдад” хэдэн төгрөг өгөөд дараалалгүй үйлчлүүлье гэдэг олон хүн байдаг бололтой, өнөөх “Засвартай” түгээгүүрийн шахуурга завгүй л ажиллах юм. 
 
Хачирхалтай нь,“Засвартай” гэсэн самбар тавиад орох хэсгийг нь хаасан түгээгүүрээрээ “хөлсөө” төлсөн машинуудад ил цагаанаар дараалалгүй шатахуун өгөөд байхад 3-4 цаг үнэнчээр дараалалд зогссон жолооч нар  энэ үйлдлийг нь харсаар байж хэл ам хийвэл шатахуунгүй хоцорно гэж айсных нь уу ядаж сигналаа ч дарахгүй байх аж. “Засвартай” гэсэн бичиг өлгөсөн түгээгүүрээр шатахуун өгөөд байхад шүү дээ. 
 
Дараалалгүйгээр буюу “Засвартай” гэх түгээгүүрээр үйлчлүүлж буй нь

Шагийн арга 2: Саваар шатахуун зарах шаг

 
            “Супер-92” ШТС-аар үйлчлүүлэхээр 140 гаруй автомашин цуваад зогсчихсон, түгээгч нар нь бие засах, амрах ч сөхөөгүй ажиллаж байгаа харагдана. Гэхдээ түгээгч нар түгээгүүрийнхээ дэргэд нэг нэг 20 литрийн канистр тавьчихсан байх ажээ. Ингээд цувж зогссон жолооч нарын нүдийг хариулж байгааг тооцоо хийх, баримт хэвлэж өгөх зууртаа сэм сэмхэн өнөөх канистр луугаа шатахуун шахаад байх юм. Ингэж сэм сэмхэн шахсаар дүүргэснийх нь дараа тус ШТС-ийн гарах хэсгээр нэг машин орж ирээд өнөөх 20 литр шатахууныг нь ачаад явчихдаг юм байна. “Машин маань шатахуунгүй болоод унтарчихлаа, ядаж асаагаад, шатахуун түгээх станц орох литр бензин өгөөч” гэж гуйхад ч “Саваар шатахуун өгдөггүй” гэж ам тагладаг атлаа шатахуун хомсодсон энэ үед түгээгч нь өөрсдөө сав саваар авч байх аж. 
 
“Супер-92” ШТС-ийн түгээгч 20 литрийн канистрт шатахуун шахаж буй нь

Шагийн арга 3: “Мах авбал шатахууны талон өгнө” 

 
            “Супер-92” ШТС-ийн талбай дээр “Махлаг” гэх махны дэлгүүр байх аж. Өнөөдөр өглөө тус ШТС-аар үйлчлүүлэхээр дараалалд зогссон жолооч нарт “Манай дэлгүүрээс мах авбал 40 мянган төгрөгт шатахуун авах талон өгнө” гэсэн санал тавьсан аж. Эс бөгөөс 15 мянга, эсвэл 20 мянган төгрөг л шатахуун авч болно гэжээ. Олон удаа дараалалд зогсохоос залхсан, шатахуун их зарцуулдаг машинтай, хол гэртэй, хувиараа таксинд явдаг зэрэг шатахуун ахиу хэрэгтэй иргэдийн хувьд арга буюу нэг килограмм мах авч, шатахууны талон авсан гэх. 
           Түгээгч нар, ШТС-д танилтай, түгээгч найзтай хэсэг залуус ингэж шатахуун шаглаж, дараалал дамлаж, махаар шантаажилж, түрийвчээ түнтийлгэж байх зуурт үүдэнд нь 140 жолооч машин дотроо хийх байхаа олж ядан 3-4 цаг ажил, амьдралаа алдан сууж байлаа. Хатуухан хэлэхэд “Зуд болоход нохой зоолох” гэдэг дээ. 
 

Шатахууны шагчид, дараалал дамлагчид халаасаа түнтийлгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188