• Өнөөдөр 2024-05-13

Луйз Глюк: Би бэлтгэлгүй байсан

2020-10-30,   972

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналт Луйз Глюкийн “Нью Йорк таймс”-т өгсөн шинэхэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Би нийтэч хүн. Ярилцлага өгөх дургүй нь даяанч гэсэн үг биш” хэмээн Луйз Глюк ярилцлагынхаа өмнө хэлж байв. Нобелийн шагнал хүртсэн гэдгээ мэдсэн пүрэв гарагийн өглөө тэрбээр тухгүйтсэн гэсэн. Массачусетс мужийн Кембриж дэх гэрийнх нь үүдэнд сэтгүүлчид цугларч, түүний утас 07:00 цагаас эхлэн тасралтгүй дуугарсныг “Хар дарсан зүүд шиг байсан” хэмээсэн юм.

Тэрбээр тавь гаруй жилийн хугацаанд шүлгийн цөөнгүй түүвэр хэвлүүлж, “Үндэсний номын шагнал”, “Пулитцерийн шагнал”, “Үндэсний шүүмжлэлт бүтээлийн шагнал”, “Үндэсний хүмүүнлэгийн одон” зэрэг шагнал хүртэж байжээ. Түүний бүтээлийг утга зохиол шүүмжлэгчид, уншигчид, үе тэнгийнхэн нь ихээхэн үнэлдэг.  Луйз Глюкийн  найз, “Farrar, Straus & Giroux”-ийн тэргүүн, редактор Жонатан Галасси “Бүтээлүүд нь түүний өөртэйгээ хүүрнэж буй дотоод яриа. Ингэхдээ тэр бидэнтэй ч ярилцаж байдаг. Үүгээрээ л хоржоонтой” гэж хэлсэн юм.

-Нобелийн шагнал хүртсэн тухай мэдээг хэрхэн сонсов?

-Өглөө дөнгөж сэрээд байж байтал утас дуугарсан. Нэгэн залуу өөрийгөө Шведийн академийн нарийн бичгийн дарга хэмээн танилцуулаад “Та Нобелийн шагнал хүртлээ” гэж хэлсэн. Би юу гэж хариулснаа санахгүй байгаа ч нэг л жигтэй санагдаж байсан. Бодвол бэлтгэлгүй байж л дээ.

-Энэ мэдээ үнэн гэдгийг мэдэхэд ямар мэдрэмж төрөв?

-Тэд Америкийн цагаан арьст яруу найрагчийг сонгосонд гайхсан шүү. Энэ хамаагүй л дээ. Одоо манай гудамж сэтгүүлчдээр дүүрэн болсон. Хүмүүс намайг "Ямар даруухан хандаж байх юм" гэж хэлсээр байна. Даруухандаа биш. Би хүмүүс төдийлэн хайрладаггүй улсын иргэн, бас цагаан арьстан, бид бүх шагналыг хүртсэн шүү дээ гэж бодсон. Тиймээс надад энэ шагналыг хүртэх магадлал бага, амьдралд минь ийм тохиол ирнэ гэж бодоогүй хэрэг. Ид шид гэмээр санагдсан шүү. Ердийн үеийн сэтгэл хөөрөл, хөнгөрөл ковидод дарагдаж байсан тул цаг үргэлж мэдрэгдэх айдас, өдөр тутмын амьдралд гарч буй хязгаарлалтуудтай энэ үйл явдал халз тулсных байлаа.

-Цар тахал, хөл хорионы энэ үед таны амьдрал хэрхэн өрнөв. Бичсээр байгаа юу?

-Би байнга бичдэггүй. Тиймээс сахилга батын асуудал надад гараагүй. Намайг дөрвөн жил шаналгаж байгаа зохиол дээрээ ажиллаж байсан юм. Одоо харин шинээр хэд хэдэн шүлэг биччихээд, гар бичмэлээ цэгцэлж дуусгаж болохыг олж харлаа. 

-Шинэ түүвэр  нь юуны тухай юм бэ?

-Уналтын тухай. Гашуудал, эмгэнэл, инээдэм ч багтсан сюрреалист ном болох байх. Би бичиж эхэлсэн цагаасаа л үхлийн тухай бичдэг байсан. Үнэндээ арван настайгаасаа л үхлийн талаар бичиж байв. Би цоглог охин байж, тийм үү.  Хөгширнө гэдэг их ээдрээтэй юм. Үхэх өдөр ойртож гэдэгтээ ч гол нь биш. Гоолиг бие бялдар, хүч чадал, оюуны ид хав гээд өмнө нь найдаж байсан чадвар, өгөгдлүүд цагийн аясаар бүдгэрч, үгүй болох эрсдэлтэй. Энэ тухай бодох, бичих үнэхээр сонирхолтой байлаа.

-Таны олон зохиол бүтээл домог, туульсаас үндэс авсан, туульсыг контемпорари чиглэлтэй сүлж, гэр бүл, хүмүүний харилцааг дүрсэлдэг. Домог, туульсын юу таныг ийнхүү татаж, шүлгээрээ илэрхийлэх гэж буй зүйлд тань хэрхэн хүч нэмдэг вэ?  

-Бичээч бүр өнгөрснөөрөө “хооллож”, өөрийг нь өөрчилсөн, өөрт нь мэдрэгдсэн, догдлуулсан, хүүхэд насны дурсамжаар ч юм уу тэжээгддэг байх. Бага байхад эцэг, эх минь надад Грекийн домгуудыг уншиж өгдөг байлаа. Өөрөө уншиж сурсны дараа ч орхиогүй. Надад Лонг Айландын хорооллын хүүхдүүдээс бурхад, баатруудын дүр илүү гайхам, тод.

Грекийн домгийг унтахад маань уншиж өгдөг байсан юм. Зарим түүх нь надад яг л цуурай шиг тусдаг. Ялангуяа Персефонагийн тухай алдаг оног ч, бараг  50 жил бичиж байна. Би ээжтэйгээ их тэмцэлддэг, амбицтай охин байж. Харин домог, туульсыг уншсаны дараа энэ толхилцлыг өөрөөр хардаг болсон. Үүнийг өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй гэж хэлэхгүй л дээ. Бичих үедээ ээждээ гомдоллохын оронд Деметерт гомдож болно шүү дээ.  

-Зарим уншигч таны бүтээлийг Сильвиа Платтай харьцуулж хэт наманчилсан гэж тодорхойлсон байдаг. Бүтээлүүд тань ямар нэгэн байдлаар  амьдралтай тань холбогддог уу. Хүн төрөлхтний нийтлэг сэдвийг хэр их оруулдаг вэ?

-Хүн өөрийн туршлагаас л бичнэ. Учир нь, энэ бол  бага ахуйгаас  улбаатай өгөгдөл. Гэхдээ миний бэрхшээл, баяр баясал бусдаас онцгой бус  гэдэгтэй санал нийлэх тул нийтлэг бүхэнд хамаатай туршлагыг эрэлхийлдэг. Миний амьдрал бусдад онцгой санагдаж болох ч, амьдралаа анхаарлын төвд байлгах сонирхол байхгүй. Учир нь, бага ахуйгаас минь л үхэл гэгч аймшигтай шок миний амьдралд хамт байсаар ирсэн. Энэ бол хэзээ ч ойлгохгүй тийм зүйл шүү дээ.

-Та яруу найргийн бичлэгийн олон хэлбэр туршиж байсан. Гэхдээ таны шүлгүүдээс таных гэдэг нэгэн зүйл тод мэдрэгддэг. Ингэж олон төрлөөр сорих нь өөрийгөө хөгжүүлэхийн тулд байсан уу?

-Мэдээж үргэлж л ийм байсан. Бичиж байгаа хүн адал явдалд дурлагч байх ёстой. Онхи мэдэхгүй хаа нэг газар руу намайг аваачихыг хүснэ. Тэр газарт харийн хүн байж үзмээр байна. Өтөл насны нэг сайн зүйл нь шинэ туршлага бий болдог. Хорогдон багасах гэдэг хүмүүсийн хувьд хүсэж баярлам эд биш. Гэхдээ ийм нөхцөлд шинэ зүйл ч бий. Яруу найрагч, зохиолчдод энэ их  үнэ цэнтэй. Үргэлж гайхширч, шинээр юм илэрхийлж байх ёстой гэж боддог юм. Үгүй бол уйлтлаа  гуниглах байх. Хэдий сайхан шүлэг бичсэн байлаа ч тэр аль хэдийн бичигдсэн л шүлэг гэдэг мэдрэмжийг чи мэднэ дээ.

-Нас нэмэх нь танд шүлгийн шинэ санаа, туршилт, орон зайг нээхэд тань тусалж байна уу?

-Энд тэнд нэг үгийг нь орхиж, голдоо хоосон зай үлдээсэн өгүүлбэрийг шинээр дахин бичих, үгүй бол хаях мэдрэмж төрдөг. Ийм зүйл өмнө нь тохиолдож байгаагүй гэдгийг мэдэхэд хэргийн учир байгаа юм. Хэдийгээр энэ бүхэн тааламжгүй, онцгүй мэт санагдах ч уран бүтээлчийн хувьд сэтгэл хөдөлгөм, шинэ зүйл хэвээр байна.

-Бичлэгийн хэв маяг тань нэмэлт хачиргүй, эрс тэс байдаг.  Бичих тань л цаанаасаа ингэж буудаг уу, эсвэл таны боловсруулж “өнгөлсөн” зүйл үү?

-Тийм ээ, хэрэгцээгүй зүйлүүдээ хасна.Заримдаа олон үгтэй ч болгочихно. Заримдаа харилцан яриа маягаар бичнэ. Сонсогдож буй дээр төвлөрч бичдэггүй. Өгүүлбэр өөрөө хэлбэр, аргаа олчихдог юм. Энэ хоёрдмол сонсогдож байж мэднэ л дээ. Үүнийг тайлбарлахад ярвигтай. Өгүүлбэр зүйд татагдаж, түүнээс би хүчийг мэдэрдэг. Миний сэтгэлийг хөдөлгөсөн шүлгүүд үгийн баялгаар бүтээгүй. Блэйк, Милтон зэрэг яруу найрагчийн шүлгийн өгүүлбэр зүй нь хачирхалтай байдаг шиг би санаагаа илүү тодотгох байдлаар бичдэг.

-Та Йелийн их сургуульд багшилж байхдаа “Туурвихад тулгарч байсан асуудлаа шийдэхэд багшлах тусласан” гэсэн байдаг. Зохиолчийн хувьд төлөвшихөд тань багшлах хэрхэн нөлөөлсөн бэ?

-Багшлахад шинэ, шинэлэг зүйлсээр үргэлж “угаагдаж” байдаг. Сурагчдынхаа зовниж буй зүйлсийг олж харахад санаа бодлоо төвлөрүүлнэ гэсэн үг. Сурагчид маань шинийг эрэлхийлж, намайг үргэлж гайхшруулж байдаг. Байнга бичээд байж чадахгүй ч, бусдын бичсэнийг байнга уншдаг нь багшлахын сайхан тал юм уу даа. 

-Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл бий юү?

-Ярих дургүй гэдгээс бидний ярилцлага эхлээд цаашаа ам халчихлаа гэж бодвол үгүй юм аа. Ярих гарцаагүй шаардлагатай зүйлээ би шүлгээрээ илэрхийлдэг. Бусад нь яахав, үзүүлбэр төдий.

 

 


Луйз Глюк: Би бэлтгэлгүй байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-30 11:22:38
    zochin: Unshij bgaa hun chmun adil adal yavdald durlagch bdag :)
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-30 11:20:09
    Zochin: woooow
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188