• Өнөөдөр 2024-05-02

ТОЙМ: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТОГЛОГЧДЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ ЮУ БАЙХ ВЭ

2023-06-28,   1609

                  Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын дэлхийн эдийн засгийн форумаар өнгөрсөн онд 3.3 хувьтай гарсан ДНБ-ий өсөлт энэ онд 2.3 хувиар өсөх таамаг гаргасан. Форумд Ази тивийн хэмжээнд инфляцийн дарамт буурах төлөвтэй байгаа ч эсрэгээрээ Европ, Латин Америк, АНУ-д дарамт ихсэхийг онцолж байлаа. Хэрэв шинжээчдийн таамаг биеллээ олбол, олон улс, зах зээлд өөрийн байр сууриа бататгахыг хүссэн дэлхийн орнууд, гол тоглогчдын дунд макро эдийн засгийн “дайн” эхэлж магадгүй гэнэ.

-ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТОГЛОГЧИД-

                  “Дэлхийн эдийн засгийн гол тоглогч” гэхээр олон хүний санаанд ордог АНУ, БНХАУ, ОХУ-аас зөвхөн Америк л байр сууриа хадгалж үлдсэн байна. Давосын дэлхийн эдийн засгийн форумаас хойших дэлхийд тэргүүлэгч эдийн засгийн шинэ тайланг АНУ тэргүүлж, Украинтай дайтаж байгаа ОХУ, Тайванийн асуудлаар гадаад харилцаа нь зогсонги байдалд ороод байсан БНХАУ байр ухарчээ. Харин Япон, Германы хувьд шилдэг тавын байр сууриа баталсан бол, БНЭУ хэдэн байраар дээшилж, эхний тавд орж ирсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.

Тодруулбал, АНУ-ын ДНБ-ий хэмжээ 23.3 их наяд ам.доллар давж жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас:

  • БНХАУ ДНБ-ий хэмжээ 17.7 их наяд ам.доллар
  • Япон ДНБ-ий хэмжээ 4.9 их наяд ам.доллар
  • Герман ДНБ-ий хэмжээ 4.3 их наяд ам.доллар
  • БНЭУ ДНБ-ий хэмжээ 3.2 их наяд ам.доллар
  • Их Британи ДНБ-ий хэмжээ 3.1 их наяд ам.доллар
  • Франц ДНБ-ий хэмжээ 3.0 их наяд ам.доллар
  • Итали ДНБ-ий хэмжээ 2.1 их наяд ам.доллар
  • Канад ДНБ-ий хэмжээ 2.0 их наяд ам.доллар
  • БНСУ ДНБ-ий хэмжээ 1.8 их наяд ам.доллароор удаалжээ. Харин ОХУ-ын ДНБ-ий хэмжээ 1.8 их наяд ам.доллароор татсан ч тус улсыг шилдэг 10-ын тоонд багтаагаагүй байна.

Өнгөрсөн хэдэн жилийн турш уг жагсаалтын тэргүүнийг булаалдаж байгаа АНУ, БНХАУ-ын энэ удаагийн өрсөлдөөн Америкийн илт давуу ялалтаар өндөрлөжээ. Гэсэн ч БНХАУ эдийн засгийн хөгжилд томоохон ахиц авчрах салбарууддаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь эргэн дэлхийн хамгийн том эдийн засагтай орны өрсөлдөөнд орж ирэх гэж урт хугацаа зарцуулахгүй байх талаар шинжээчид онцолж байна. Харин топ тавын байраа хадгалсан Япон, Германы эдийн засаг ирэх жилүүдэд илүү чангарах бол дэлхийн хамгийн өндөр хүн амд суурилсан эдийн засагтай БНЭУ гол тоглогчдын нэг болж байгаа нь өөрчлөлт авчрах аж.

-ЭДИЙН ЗАСГИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ-

2023 он гарснаас хойш ам.доллартой харьцах бусад валютын ханш чангарч байна. Валютын ханш идэвхтэй чангарч байгаа нь ажиллах хүчний хомстолд ороод байгаа энэ үед инфляцийг дээш нь “алдчихалгүй” барьж байгаа аж. Харин ам.долларын бусад валюттай харьцах ханш огцом унасан нь Холбооны нөөцийн сан дампуурах эрсдэлтэй зэрэгцэн Америк даяар санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний бодлогын асуудал ноцтой хэмжээд яригдаж байгаа юм байна.

Өнгөрсөн улиралд болсон Холбооны нөөцийн сангийн асуудал дэлхийн эдийн засгийн хамгийн гол анхаарал татсан үйл явдлуудын нэг болсон. ХНС-гийн “Silicon Valley Bank”, “Signature Bank” дампуурлаа зарласан нь олон улсын зах зээлийг донсолгосон. Хадгаламж эзэмшигчдийнхээ “халдлага”-д өртөж, дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрсэн дээрх хоёр банкны дампуурал Москва, Бээжингийн хөрөнгийн биржид 0.1-0.5 хувийн нөлөө үзүүлсэн байна. Үүнээс үүдэлтэй хөрөнгийн зах зээлийн савлагааны эсрэг “Risk off” хөдөлгөөнд шилжиж, байж арайхийн намжаажээ. Гэсэн ч энэ савлагааг бүрмөсөн дарахгүй алдвал Америк, Европ тивийн хэмжээнд ажилгүйдлийн түвшнийг хэд дахин нэмэгдүүлж болзошгүй гэнэ.

                       Дэлхийн эдийн засгийн бодит өсөлт 2.5 хүрэх үе нь ирэх жил бөгөөд ДНБ бүс нутгуудад жигд хуваарилагдах шаардлагатай болоод байгаа юм байна. Цар тахал, инфляцийн дарамт, мөнгөний бодлогын чангаралтаас хойших эдийн засгийн савлагаа үргэлжилж болзошгүй тул ажиллах хүчний хомстол, эрчим хүчний шилжилт зэрэг хэд хэдэн салбарт сөрөг нөлөө үзүүлж магад. Гэсэн ч тус тусын бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хямралаа давах шатандаа хүрвэл дэлхийн эдийн засгийн ирэх 10 жилийн хэтийн төлөв гэрэлтэй байх аж.

-ГОЛ ТОГЛОГЧДЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ-

Олон улсын валютын сан өнгөрсөн улиралд гаргасан тайландаа ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн гол тоглогч, “хар морь” нь БНХАУ байхыг онцолсон. Тус тайлан дахь төсөөллөөр 2028 он хүртэл БНХАУ дэлхийн ДНБ-ий өсөлтөд 22.6 хувь хүртэлх жин эзлэх бөгөөд эдийн засаг гурван хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлэх гэнэ. ОУВС-гийн БНХАУ-ын талаар гаргасан таамгийг АНУ-ынхтай харьцуулбал хоёр дахин ил байгааг онцолъё. Харин “The Guardian”-ий шинжээчид олон улсын зах зээлийн гол тоглогч нь АНУ, БНХАУ, ОХУ, Герман, Япон бус БНЭУ байхаар таамаглажээ. Дэлхийн хамгийн олон хүн амтай БНЭУ сүүлийн жилүүдэд ДНБ-ийхээ өсөлтийг хүн амдаа тулгуурлан гаргаж байгаа нь эдийн загийн бүтээмжийг асар өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх боломж болж байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй идэвхтэй өсөж байгаа БНЭУ-ын цэрэг, геополитикийн ач холбогдол улам нэмэгдсэнээр АНУ, Их Британитай ч өрсөлдөх хүч бий болгох аж.

                Харин шинэ тайлангаар гол тоглогчдын жагсаалтыг тэргүүлж, мөн эхний тавд жагссан АНУ, Япон, Герман байр сууриа хадгалахын тулд шийдэмгий алхам хийхгүй бол болохгүй гэнэ. Одоогоор АНУ-д мөнгөний бодлогын хүүг дахин чангалах асуудал яригдаж байгаа бөгөөд Холбооны нөөцийн сангийн банкнууд дампуурсан хүнд цохилтоос гарах гэж урт хугацаа зарцуулна. Тэр хугацаанд удаах байрны Япон, Герман бүс нутагтаа анхаарал хандуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг зөв хийж чадвал АНУ биш юм аа гэхэд БНХАУ-тай өрсөлдөх чадамжтай болохыг “FocusEconomics” бичжээ.

 


ТОЙМ: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТОГЛОГЧДЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ ЮУ БАЙХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188