• Өнөөдөр 2024-03-29

АНУ-ын Ерөнхийлөгч хэрхэн сонгогддог вэ

2020-11-03,   1230

Маргааш америкчууд Ерөнхийлөгчөө сонгоно. Дэлхийд улс төр, эдийн засгийн нөлөөгөөрөө тэргүүлж байгаа энэ гүрний Ерөнхийлөгч хэн байх нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас эхлээд буурай орнуудад ч хамаатай. Жишээлбэл, манай улс тэднийхээс ноос, ноолууран бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт “горьдож” байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал Монголд 50 гаруй мянган чанартай ажлын байр нэмэгдэж, багаар тооцоход гурав орчим тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх судалгаа бий. Мөн хөдөө аж ахуйн түүхий эдээс чамгүй ашиг хүртэж эдийн засаг солонгорох боломж үүснэ.
 
АНУ-ын гадаад бодлогын зарчимд Ерөнхийлөгчөөс хамааран өөрчлөлт орох нь маш бага. Харин бодлогоо хэрэгжүүлэх тал дээр эрс ялгаатай. БНН-ынхан бодлогоо хэрэгжүүлэхдээ хүч хэрэглэх талыг түлхүүд үзнэ. Том бага Бушууд Ирак руу дайн хийж байсан бол өнөөгийн Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ, Европын холбоотой эдийн засгийн хатуухан дайн зарлаж байна. Сүүлийн жилүүдэд АНУ-ын дотоод бодлого Ерөнхийлөгчөөс хамааран эрс өөрлөгдөх болсон. Үүнтэй хамааралтайгаар сонгогчдын улс төрийн идэвх ч нэмэгдэж байгаа аж. Өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн үед АНУ Парисын СОР 21 буюу озоны цоорхойг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг бууруулах гэрээнд нэгдсэн. Дээр нь АН-ын гишүүн А.Горын явуулж байсан Озоны цоорхойтой тэмцэх маш том төслийг төрөөс дэмжиж байсан. Мөн баячуудын татвар нэмэх тухай ч яригдаж эхэлсэн. Обамакейр буюу бүх нийтийг төсвөөс эрүүл мэндийн даатгалд хамруулах тухай хууль гаргасан боловч шүүх энэ хуульд хориг тавьсан.
 
Д.Трамп өмнөх сонгуулийн үеэр энэ бүхнийг эсэргүүцсэн уриа дэвшүүлснээр ялалт байгуулсан. Сонирхолтой нь, түүний өрсөлдөгч хатагтай Х.Клинтон улс төрийн хувьд өрсөлдөгчөөсөө тохой илүү туршлагатай, нийгэмд танигдсан нэгэн байсан ч бизнесменд ялагдсан нь америкчууд уламжлалт улс төрөөс залхсаныг харуулсан гэж зарим судлаач үздэг.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд 1992 онд тэрбумтан Р.Перо бие даан нэр дэвшиж, 20 шахам хувийн санал авсан эрх баригч хоёр намын  бус нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсанд тооцогддог аж. АНУ-ын хэвлэлийн магнатууд АН-ын талыг түлхүү дэмждэг гэнэ. Өнөөгийн байдлаар тэд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ж.Байден тэргүүлж явна гэж мэдээлж байна. Өмнөх сонгуулиар ч тэд АН-аас нэр дэвшигч хатагтай Х.Клинтон санал асуулгаар тэргүүлж байгаа тухай мэдээлж байсан. Гэхдээ л Д.Трамп ялсан. Энэ нь хэвлэл мэдээллийнхэн худлаа таамаг дэвшүүлсэн гэсэн үг биш юм. Үнэхээр сонгогчдын олонх АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Клинтонд саналаа өгсөн.
 
Эндээс яагаад сонгогчдын олонхын санал өгсөн АН ялагдав гэсэн асуулт гарна. Хэргийн учир сонгогчид Ерөнхийлөгч нарт саналаа өгөхгүй. Улс орон даяар нэр дэвшигчийг төлөөлсөн 540 агентад саналаа өгнө. Хоёр нэр дэвшигчийн нэрийн хуудас болсон хоёр намын 1080 хүн 540 эрхийн төлөө өрсөлдөнө гэсэн үг. Мэдээж хэн нэгнийх сонгогдсон төлөөлөгч олонх болно. Олон төлөөлөгч нь өөрөөр хэлбэл 540+ төлөөлөгч нь сонгогдсон нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Сонирхолтой нь, АНУ-ын улс төрийн тогтолцоонд хамгийн хүчтэй, нөлөөтэй сенатыг муж бүрээс хоёр төлөөлөгч сонгож, тэгш эрх эдлүүлнэ. Харин Ерөнхийлөгчийн төлөөлөгч муж бүр харилцан адилгүй тоотой. Харьцуулж харвал энэ жилийн манай төсвийн хуваарилалттай адилхан. Жишээлбэл, Калифорни мужийн 20 шахам сая сонгогч 55 төлөөлөгч сонгоно. Гэтэл Аляск тэргүүтэй 400 орчим мянган сонгогчтой долоон муж тус бүр гурван төлөөлөгч сонгоно. Аляскт 100 мянган сонгогч нэг төлөөлөгч сонгох бол Калифорнид 400 мянган сонгогч нэг л төлөөлөгчийг сонгоно. 
 

АНУ-ын Ерөнхийлөгч хэрхэн сонгогддог вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188