• Өнөөдөр 2024-05-09

ХОЛЛИВУДЫН КИНОН ДЭЭРХ ШИГ ХУЛГАЙН ХЭРГҮҮД МОНГОЛД...

2022-01-22,   966

         Эргэлт.мн мэдээллийн сайт уншигчдынхаа амралтын өдөрт зориулж, гэмт хэргийн ертөнцөд дуулиан тарьж, нөгөө талаасаа Монголын хууль хяналтынхны ур чадварыг гайхуулж байсан дээрэм, залилан, хулгайн хэргүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаад Монголд үйлдэгдсэн дуулиант хулгайн хэргүүдийг тоймлон хүргэж байна. Хулгайлах обьектоо жил тойрон судалж, дохиоллын системийг нь унтрааж, камерын бичлэгээ устгаж, хулгайлсан эд зүйлсээ хил давуулан борлуулсан зэрэг гадаадын кинон дээр л гардаг гэмээр хулгайн хэргүүд Монголд нэг биш удаа гарч байсан. Гэхдээ тэдгээр хулгайч нарыг хууль хяналтынхан тэр даруйд нь илрүүлж, зохих шийтгэлийг нь ногдуулсан байдаг. 

БНСУ-ЫН ЗАРТАЙ ХУЛГАЙЧ ПАК МОНГОЛД ИРЖ, УЛСТӨРЧ, БИЗНЕСМЕНҮҮДИЙН ГЭРЭЭС 20 ГАРУЙ АЛТАН БУРХАН ХУЛГАЙЛСАН НЬ...

 
         2017 оны нэгдүгээр сард ХУД-ийн II хороо, Нүхтэд байх зургаан айлын хауснаас 20 гаруй бурхан, шашны эд зүйл хулгайлсан БНСУ-ын зард гарсан хулгайч Пак гэгчийг баривчилж байв. Энэ хэрэг тухайн үедээ жинхэнэ дуулиан тарьж байлаа. 
 
Хэргийг эргэн сануулъя. Алдартай бизнесмен, олонд танигдсан улс төрчдийн хувийн хаусны цонхыг хагалан нэвтэрч, эртний алтан бурхан, шашин, соёлын үнэт зүйлс хулгайлсан хэргүүд 2016 оны дунд үеэс гарч эхэлжээ. Энэхүү цуврал хэргүүд хоорондоо холбоотой байж болох сэжүүр гарч ирсэн тул цагдаагийн байгууллагынхан судалж эхэлсэн байдаг. Ингээд хувийн хаусуудад хэрхэн нэвтэрсэн, юу хулгайлсан, ямар арга барилаар ажилласан зэрэг хэргийн газрын дүгнэлтүүдийг нь нэгтгэн судалсны дараа энэ хэргүүдийг нэг хүн үйлдээд байгааг нь тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тухайн хулгайч нэг л арга барилаар ажиллаж байсныг нь тогтоосон байгаа юм. Тодруулбал, хувийн хаусуудад нэвтрэхдээ цонхыг нь чимээ гаргахгүйгээр хагалж, дотогш ормогцоо дохиоллын системийг нь унтрааж, зөвхөн алтан бурхан тэргүүтэй түүх, соёл, шашны эд зүйлсийг нь хулгайлаад гарахдаа хяналтын камерын бичлэгийг нь устгаж байсан аж. Хамгийн хачирхалтай нь тухайн хулгайч хэргийн газарт хурууны хээгээ хаа сайгүй үлдээсэн байсан нь цагдаагийнхны анхаарлыг ихэд татжээ. Өөрөөр хэлбэл, энэ цуврал хулгайн хэргүүдийг маш нарийн зохион байгуулалттай үйлдсэн атлаа хурууны хээгээ арилгалгүй үлдээсэн нь том сэжүүр болсон гэсэн үг. 

Улмаар цагдаагийнхан өнөөх нууцлаг хулгайчийн хурууны хээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн мэдээллийн санд бүртгэлтэй хулгайч нарын хурууны хээтэй тулгаж үзсэн ч тохирох хээ олдоггүй байжээ. Ингээд эл цуврал хэрэгтнийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Улсын мөрдөн байцаах газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, ХУД-ийн цагдаагийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гарч, илүү өргөн цар хүрээнд хулгайчийг эрэн сурвалжилснаар БНСУ-ийн иргэн Пак гэгчийг сэжигтнээр баривчилжээ. 

         Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж, байцаалтын явцад БНСУ-ийн иргэн Пак гэгч нь дээрх хулгайн хэргүүдийг Монгол Улсын нэг иргэнтэй хамтран үйлдсэнээ хүлээсэн байдаг. Мөн анх ямар зорилготой ирсэн, дээрх хэргүүдийг хэрхэн үйлдсэнээ ч нэгд нэгэнгүй ярьж өгчээ. Тодруулбал, БНСУ-ын иргэн Пак гэгч нь өмнө нутагтаа хэд хэдэн удаагийн цуврал хулгайн хэргээр ял сонсож байсан, зартай хулгайч байжээ. Тэрбээр Монголд 1800 оны үеийн бурхан хулгайлах зорилгоор орж ирж, жил гаруй хугацаанд судалгаа хийсэн байгаа юм. Ингэхдээ эртний бурхантай бизнесменүүд, улс төрчдийн судалгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээлэл, эл яриа, ном сэтгүүлд үндэслэн гаргаж, улмаар “ухах” айлуудаа нэг бүрчлэн судалжээ. Тухайн айл ямар хамгаалалтын системтэй, хаанаа хяналтын камертай, эртний бурхдаа хаана хадгалдгийг нь ч судалсан байгаа юм. Ингээд ХУД-ийн II хороо, Нүхтэд байх зургаан айлын хувийн хауст нэвтэрч, нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх 20 гаруй бурхан, түүх, соёл, шашны эд зүйлс хулгайлсан. Хулгайлсан бурхан, шашны эд зүйлсийнхээ заримыг нь БНСУ руу хил давуулж, худалдан борлуулсан гэдгээ хүлээсэн байдаг. 
Энэ хэргийг дуулиантай хэрэг болгосон хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, хэрэгтэн Пакийн нэвтэрсэн айлууд дунд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарын хаус байсан юм. Энэ хэрэг гарсны дараа Л.Гүндалай, Л.Чинбат нар хувийн хаусандаа тэрбумаар үнэлэгдэх алтан бурхан хадгалж байсан гэж олон нийтэд багагүй шүүмжлүүлсэн. Хоёрдугаарт, хэрэгтэн Пак хэргийн газарт зориудаар хурууны хээгээ үлдээж байснаа хүлээсэн. Энэ нь Монгол Улсын гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн санд өөрийнх нь хурууны хээ байхгүй тулд цаг хожих, мөрдөгч нарыг төөрөгдүүлэх, цаашлаад хошигнох маягаар хийсэн үйлдэл гэж тайлбарласан байдаг. Гуравдугаарт, хэрэгтэн Пакийн хулгайлсан 20 орчим бурхан дунд соёлын хосгүй үнэт өв болох 1700-1800 оны бурхад ихэвчлэн байсан. Мөн Дорж Шүгдэн гэх бурхан хоёр байсан нь олны анхаарлыг татсан. Шүгдэн бурхныг буддын шашныхан шүтэхээс цааргалдаг буюу үгүйрүүлэн хоосруулдаг гэж үздэг ч буруу гарын цуглуулагчдын хувьд үнэтэйд тооцогддог учраас тэр юм. 
 
БНСУ-ын иргэн, зартай хулгайч Пакд холбогдох цуврал хэргүүдийг шүүх хурал 2018 оны зургадугаар сард болж, түүнд долоон жилийн хорих ял оноосон байдаг. Харин Пактай хамтарсан Монгол улсын иргэнд таван жилийн ял оноосноор энэ хэргийн дуулиан намжсан билээ. 
 

ХОЛЛИВУДЫН КИНОН ДЭЭРХ ШИГ ХУЛГАЙН ХЭРГҮҮД МОНГОЛД...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188