• Өнөөдөр 2025-04-18

Арбидол эмийн тухай: Үйлчилгээ, хэрэглэх заавар, хориглох заалт

2021-06-24,   16901

Коронавирусийн халдварын үед Арбидол вирусийн эсрэг эмийг хэрэглэхийг зөвлөж байгаа билээ. Бид тус эмийн найрлага, хэрэглэх зааврын талаар дараах мэдээллийг бэлтгэлээ. 
Эмийн нэршил ба үнэ
Арбидол эмийн олон улсын нэршил нь Умифеновир юм. Манай улс тус эмийг Украйн (Арбивир 200мг), БНХАУ (Арбидол 100мг), ОХУ (Арбидол 100мг)-аас импортлон оруулж ирж байгаа. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэн, зах зээлд борлуулах дээд үнийг нь тогтоосон. Тухайлбал, Украйны Арбивир 100мг-ийн жижиглэнгийн үнэ 27950, БНХАУ-ын Арбидол 100мг нь 19500, ОХУ-ын Арбидол 100мг нь 36000 төгрөгөөс илүүгүй байхаар тогтоосон байна. Дээд үнийг тогтоохдоо импорт, тээврийн болон зохих бүх зардлыг шингээсэн аж. Харин олон улсын нэршлээр Фавипиравир буюу Фавивир, Авиган зэрэг эмийг Энэтхэг, Хятад Улсаас нийлүүлж байна. Мөн коронавирусийн халдвар авч, нэн хүндэрсэн өвчтөнд өгдөг Ремдесивир буюу Ремивир, Рамдивир, Бемсивир эмийг Бангладешаас нийлүүлдэг.
Арбидол эмийн хэрэглэх заавар болон үйлчилгээ
2016 оны арваннэгдүгээр сард Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс баталсан эмийн хэрэглэх зааврын жагсаалтад Арбидолийг хэрхэн хэрэглэх тухай заасан байдаг. Тус зааварт Арбидолийг томуугийн вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно гэж бичжээ. Гэхдээ ямар ч эмийг эмчийн заавраар, биеийн байдалдаа тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа, жирэмсэн, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд болон элэг бөөр, зүрх судасны өвчтэй хүмүүс тус эмийг зайлшгүй тохиолдолд заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. 
Арбидол эмийн үйлчилгээ:
Арбидол нь шингэний болон вирусийн дархлааг идэвхжүүлнэ
Вирусийн халдварт бие махбодийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ
Томуугийн дараа хүндрэл үүсэхээс сэргийлнэ
Архаг өвчнүүдийн сэдрэлийн давтамжийг багасгана
Дархлалын үзүүлэлтүүдийг хэвийн болгоно
Хэрэглэх заалт:
А, В хэлбэрийн томуугийн вирусийн халдвар (ялангуяа гуурсан хоолойн ба уушгины үрэвсэл хүндэрсэн)
Амьсгалын замын вирусийн цочмог халдвар
Гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины үрэвсэл, дахилтат хомхойн халдвар
Хагалгааны дараа: Хүндрэлээс сэргийлэх ба дархлааг хэвийн болгох
Хэрэглэх заавар:
Эмчийн заавраар хэрэглэнэ
Бэлдмэлийг хоолны өмнө ууж хэрэглэнэ
Томуугийн эмчилгээнд хоёр шахмалаар хоногт дөрвөн удаа хоолны өмнө хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 3-5 өдөр үргэлжилнэ
Дархлалын үзүүлэлтүүд нь багассан, уушгины үрэвслээр хүндэрсэн, амьсгалын замын цочмог халдвартай өвчтөн арбидолыг хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд оруулж дараах схемээр хэрэглэнэ. Эхлээд хоёр шахмалаар хоногт гурван удаа хоолны өмнө таван өдөр, дараа нь хоёр шахмалаар долоо хоногт нэг удаа 3-4 долоо хоног хэрэглэнэ
12-оос дээш насны хүүхэд хоёр шахмалаар
6-12 насны хүүхэд нэг шахмалаар
2-6 насны хүүхэд ½ шахмалаар
Хоёр хүртэлх насны хүүхэд ¼ шахмалаар тус тус хоногт гурван удаа 5-7 өдөр хэрэглэнэ
Бэлдмэлийг хэрэглэх явцад харшлын урвал илэрч болзошгүй.
Хориглох заалт:
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй
Эмчилгээ зохихгүй байвар хэрэглэхийг зогсооно
Зүрх судасны системийн ба элэг бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхгүй
Хоёр хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй \эмчийн заавраар\
Та бусад эмийн хэрэглэх заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Вирусийн эсрэг эмийн импортын зөвшөөрөл ба нөөц
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5-д “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэж заасныг үндэслэн цар тахлын энэ үед вирусийн эсрэг эмийг импортоор авч байгаа билээ. Ийнхүү 2021 онд Хүний эмийн зөвлөлийн гурван удаагийн хурлаас олон улсын нэршлээр Умифеновир, Фавипиравир, Ремдесивир гэх вирусийн эсрэг эмийг импортлох зөвшөөрлийг 15 эм ханган нийлүүлэх байгууллагад олгожээ.
 
 
Ковид-19-ийн эмчилгээнд Арбидолын үр нөлөөний тухай Иран Улсын судалгааны үр дүн
ARB-ийн COVID-19-ийн эсрэг үр дүнгийн санамсаргүй хяналттай туршилтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-оос зургадугаар сарын 18-ны хооронд Иран Улсын Тегеран дахь Иран Анагаахын шинжлэх ухааны их Сургуулийн (IUMS) сургалтын эмнэлэгт явуулжээ. Уг судалгааны тайланд Арбидол \ARB\-ыг томуугийн А, В вирусийн эсрэг, саяхнаас гипатит С вирусийн эсрэг ашиглах болсон тухай дурджээ. Мөн “Ковид-19”-ийг эмчлэх эм хараахан байхгүй учраас Арбидол эмийн үр дүнг судлах чухал гэдгийг онцолсон байна.
Туршилтад ARB \арбидол\ бүлгийн эмэнд харшилтай, элэг, бөөрний үйл ажиллагаа хэвийн бус, цусны өтгөрөлт үүссэн, арбидолийг урьд нь хэрэглэж байсан, хөхүүл, жирэмсэн байсан эмэгтэйчүүд, зүрхний хүнд өвчтэй өвчтөнүүдийг оролцуулаагүй. Харин 18-аас дээш насны эрэгтэй, жирэмсэн биш эмэгтэйчүүдийг оролцуулжээ. Ийнхүү судалгаанд оролцсон 100 оролцогчийг Калетра болон Арбидол бүлгийн эмээр эмчилж, үр дүнг харьцуулахаар санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваасан байна. Ийнхүү судалгааны үр дүнд Арбидол бүлгийн эм хэрэглэсэн өвчтнүүд Калетраг хэрэглэсэн өвчтөнүүдийг бодоход дотор муухайрах, мөн толгой эргэх нь бага байсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаа нь ч бага байжээ. Мөн хоёр бүлгийн өвчтнүүдээс гурав нь нас барснаас хоёр нь калетра, нэг нь арбидол эмийг хэрэглэж байсан байна. Ийнхүү тэд туршилтаараа Арбидол эм нь Калетрагаас илүү үр дүнтэй болохыг нотолжээ. Мөн өөр нэг судалгаагаар хавсарсан өвчинтэй “Ковид-19”-ийн нэн хүнд хэлбэрийн 504 хүнд Арбидол эмийг хэрэглэхэд нас баралтыг огцом бууруулж буйг тогтоосон аж. Дэлгэрэнгүй өгүүллийг энд дарж уншина уу.
 
Харин манай улсын хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Тандалт, шинжилгээний албаныхан вирусийн эсрэг Арбидол эмний найрлага, үйлчилгээ, хариу урвалын талаар олон улсын болон монголын харьцуулсан судалгааг хийж байна. Тус судалгааны үр дүнд, эдгээр вирусийн эсрэг эм элэг болоод ходоодонд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхой болно. Мөн тус байгууллагаас коронавирусийн халдвар аваагүй иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг эмийг хэрэглэж болохгүй гэдгийг анхаарууллаа.
Б.Бадамзул
 

Арбидол эмийн тухай: Үйлчилгээ, хэрэглэх заавар, хориглох заалт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-25 11:00:24
    ганаа: 3-4 долоо хоногтой жирэмсэн байхдаа коронагийн вирус аваад арбидолыг эмчилгээнд 5 хоног өдрийн 4 ширхэгийг уусан урагт үзүүлэх нөлөө ямар вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-27 16:50:01
    Өнөрөө: Элэгний С вирустэй хүн ууж болох уу, элэгний С вирусээ харвони ууж эмчлүүлсэн хүн ууж болох уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 16:17:57
    Эмийн санч: Эдгээр вирусын эмнүүд чинь нөөцгүй болоод тасараад байна.Үнэ хямдарсан нь битгий хэл,үнэтэй нь ч олдохгүй болоод бна даа.Ингэж ард түмнийг үнэ буулгасан болгож битгий хуур.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 16:17:46
    Эмийн санч: Эдгээр вирусын эмнүүд чинь нөөцгүй болоод тасараад байна.Үнэ хямдарсан нь битгий хэл,үнэтэй нь ч олдохгүй болоод бна даа.Ингэж ард түмнийг үнэ буулгасан болгож битгий хуур.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188