• Өнөөдөр 2024-04-19

Шүүгчдийн анхдугаар чуулганы тов хойшилжээ

2021-06-18,   335

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулна гэж заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно гэж мөн тусгажээ.
 
Улмаар нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зургадугаар сарын 24-ний өдөр товлон хуралдуулахаар тогтоож, хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
 
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зургадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцээд 16 дугаар тогтоол гаргажээ.
 
Гэхдээ коронавирусийн нөхцөл байдлын улмаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг 120 хоногийн дотор зохион байгуулах боломжгүй болсон байна.
 
Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
 
Учир нь ихэнх аймаг суманд хязгаарлалт тогтоосны улмаас зарим шүүгчид чуулганд оролцох боломжгүй болох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаа тул Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг зургаадугаар сарын 18-ны өдөр цахимаар хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай тогтоол гаргасан байна.
 
 

Шүүгчдийн анхдугаар чуулганы тов хойшилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188