Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ. Тодруулбал, Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, гурван жил хорих ял, Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, дөрвөн жил хорих ял, Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэр гаргасан байдаг.
Улмаар өнөөдөр Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд боллоо. Шүүх хурлаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ялыг буруулж, нэг жил болголоо. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргалаа. Одоо түүнд биеэр эдлэх дөрвөн сарын хугацаа үлдсэн ч тун удахгүй магадланд орж суллагдах нь тодорхой болжээ.
Н.Номтойбаярын ялыг НЭГ жил болгож буурууллаа |
|