• Өнөөдөр 2024-05-05

МОНГОЛЫН ГААЛЬ Б.АСРАЛТЫГ “АСРАМЖЛАХ” ГАЗАР УУ

2021-04-16,   1327

               “Буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй” гэх сүржин уриатай Гаалийн байгууллага сүүлийн жилүүдэд энэ зарчмынхаа эсрэг ажиллаж байна уу гэлтэй дүр зураг харагдсаар удлаа.
 
Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч өмнөх оныхоосоо даруй 13 байраар ухрахад гаалийн байгууллага оройлох үүрэгтэй оролцсон нь ч бас үнэн.
 
Байсгээд л гаалийн дарга, байцаагч нар авлигын хэрэгт орооцолдож, аавын хаалга татсаар байгаа ч авлигын давлагаа ер татарсангүй.  
 
Олон нийтийн дунд ч гаалийн байгууллагад “хурган мафи”-аас “хуцан мафи”-ийн сүлжээ бий болсныг шогшрон шүүмжилсээр цөхөрч байна.
 
           Эх нь булингартай бол адаг нь булингартай байдаг нь жам. Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт гэгч томилогдсон цагаасаа эхлэн элдэв асуудалд байнга орооцолдож ирсэн ч олон засагт нүүртэй тэрээр суудалдаа амь бөх шигдсээр буй нь хачирхалтай. 
 
Түүнийг байсхийгээд л  АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл хөвөрдөг ч тэгсгээд таг чимээгүй дарагддаг. Түүнийг авлига хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч прокурор дээр очоод л хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог удаа нэг биш.
 

Тухайлбал Нийслэлийн прокурорын газрын 2018 оны тавдугаар сарын 17-ны 126-р тогтоолоор Б.Асралт гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 09-ны А/37, 2017 оны зургаадугаар сарын 30-ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл Б.Асралт нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий 4 ХХК-д 2017 оны зургаадугаар сарын 30-ний өдөр давуу байдал бий болгох зорилгоор, сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгож, энэ хэргээ ч өөрөө  АТГ-ынхны хараанд өртөнгүүтээ хүлээн зөвшөөрч 2017 оны аравдугаар сарын 03-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон гэдэг. 

 
Гэвч энэ хугацаанд нэр бүхий өнөөх 4 ХХК 485.000 долларын буюу 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж улсыг хохироосон хохирол харин төлөгдсөнгүй үлджээ.
 
Ийнхүү түүнийг хэргээс хуурай гарахад УИХ-ын гишүүн Сү.Батболдын авгайн дүү гэдэг “алтан ургийн угшил нь” нөлөөлдөг бололтой.
 

Тэрбээр Стар телевизийн захирлаас суга дэвшин Гаалийн дарга болонгуутаа Гаалийн ерөнхий газрын батлагдсан орон тоог 37-гоор хэтрүүлж, Гаалийн ерөнхий газар 18, харьяа газар, хороодод 19 хүнээр орон тоо нэмж том толгой гаргасан ч бас л хариуцлага хүлээлгүй хаадайж үлдсэн.

 
Ийм увайгүй удирдлагатай гаалийн байгууллага өнгөрсөн хугацаанд өөрсдөдөө оффис нэртэй орд харш барьснаас өөрөөр өөдөлсөн түүхгүй. 
 
Гаалийн байцаагч нарын хясан боогдуулах замаар авлига авдаг үйлдэл зогсох биш харин ч гаарч байгаа талаар нийгмийн сүлжээгээр өдөр бүр бичиж шүүмилж байна.
 
АТГ-ынханд гардуулах дээрээ тулж амь нь амаараа гарчих шахсан байцаагч нар бөөн бөөнөөр нь багцалсан мөнгийг энд тэнд хаяж, нуух гэж оролдсон бичлэгийг саяхан монгол даяараа харж жигшин зэвүүцэж л байлаа.  
 
Тэгсэн ч тэд монголын хуульд дийлдсэнгүй. Хуульд даагддаггүй даргынхаа жишгээр хилийн боомтын байцаагч нар Хятадуудтай нийлээд нүүрсний машин “өшиглөөд байж байна” гэнэ. “Өшиглөнө” гэдэг нь оочергүй машин ачуулдаг 300 юаны бохир бизнес юм байх.
 
Урд хөрш хил боомтоо хааж, өдөрт 20 машин л нааш цааш нэвтрүүлж байгаа энэ үед гаалийн байцаагч нарын авлигын ханш тэнгэрт хадаж нэг машинаас 19 сая төгрөгийн авлига нэхэж байгаа талаар нийгмээрээ жигшин шуугьж л байна.
 
Харин энэ асуудалд Б.Асралт дарга ч, АТГ ч хариулт өгсөнгүй, асуудлыг шалгаж мухарласангүй.
Б.Асралтын өмнөхөн Гаалийн даргаар ажиллаж байсан нэг нөхөр “Авлига гэдэг асуудал хүн байгаа цагт хэзээ ч устахгүй” гэж жишим ч үгүй хэлж байсан гашуун түүх бий. 
 

Хөл хорионы улмаас хил хаалттай буй энэ үед Монголбанкны алт тушаалт огцом нэмэгдсэнийг С.Одонтуяа гишүүн саяхан мэдэгдсэн. Монголбанкны 2020 оны эцсийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23.6 тоннд хүрсэн нь 2019 оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн гэсэн үг. Үүнд хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан хүчин зүйлс нөлөөлсөн болохыг  Монголбанкнаас мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл гаалийн хяналт энгийн цагт цоорхой шүүр шиг ажилладагийн нэгээхэн нотолгоо болж байна. Жилд хэдэн тн алт гадагшаа урсаж байхад гаалийнхан “нүдэн балай чихэн дүлий” өнгөрүүлж байсныг баталж байгаа хэрэг.

  
     Саяхан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Энэ хэрэгт холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг мөн шалгаж эхэлсэн.
 
Гаалийн ажилтны нүүр тулсан харилцааг цахим болгохгүйгээр энэ мэт авлига тасрахгүй гээд олон нийт шаардаад байхад үүнийг өөрчлөхийг тэд огтхон ч хүссэнгүй. Арга ч байж уу. Авлига гээч амттай хоолноосоо салахыг тэд яаж ч хүсэх билээ.
 
2019 онд гаалийн 34 ажилтан авлига авсан нь тогтоогдсон ч Б.Асралт албан тушаалдаа аанай л хэвээр занхайж үлдсэн. 
 

Улс орны эдийн засаг улдаж, улс амьтан орлого цалингүй амьжиргаа нь хүндхэн байхад ГЕГ-ын тансаглал хэрээс хэтэрч 165 сая төгрөгөөр зангиа, 48 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг, 41 сая төгрөгөөр үнэмлэхний хавтас авч Б.Асралт дарга аанай л монголчууд биднийг тавласан хэвээрээ.

 
1 тэрбум давсан хөрөнгөтэй Б.Асралт 2016 оноос хойш Сү.Батболдын ачаар гаалийн байгууллагыг өөрийнхөө “асрамжийн газар” болгон тансаглаж, эгэл ардын зовж олсон мөнгөн дээр зоолж туйлж байна.
 
“Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр Сү-гийн эрх мэдэл, мөнгөнд барьцаалагдсан МАН-ынхан хууль зөрчсөн агентлагийн даргадаа хариуцлага тооцож чадахгүй болтлоо хүчгүйдсэн нь нийгмийн шившиг.
 
Гаальд авлига цэцэглэх тусам ард түмний нуруун дээрх ачаа хүндэрч, зах дэлгүүрийн барааны үнэ зад нэмэгдэж байна ноёд оо.  
 
 

МОНГОЛЫН ГААЛЬ Б.АСРАЛТЫГ “АСРАМЖЛАХ” ГАЗАР УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-25 12:11:33
    ЗОЧИН: АСРАЛТ БҮХ ЧИГЛЭЛЭЭР АВИЛИГА АВДАГ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ШУНАЛТАЙ ХҮН. ГААЛЬЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ЯМАР Ч ХУВЬ НЭМЭР ОРУУЛААГҮЙ. ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ТАГНУУЛЫН БАТТӨРТЭЙ НИЙЛЖ МӨНГӨНИЙ СОНИРХОЛТОЙ БҮЛЭГЛЭЛИЙГ МАШ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ БОЛГОЖ ЧАДСАН ИЙМ Л ХҮН. ЯАГААД ХЭРЭГТ ОРОХГҮЙ Б.А ГЭХЭЭР ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ НАРЫГ АМААР НЬ ГАРТАЛ СОНГУУЛИЙН ҮЕЭР ХАХУУЛЬДСАН УЧИР ЭНЭ ЗАСГИЙН ҮЕД АР НЬ БАТАЛГААТАЙ ХАМГААЛАЛТТАЙ БОЛСОН. ХҮМҮҮС ШҮҮМЖЛЭЭД Л ДАРАА НЬ МАРТАГДАЖ БАЙГАА. ГААЛЬ СӨНӨСӨН. ОДОО ГААЛЬ, ГААЛИЙН ТАГНУУЛЫН ГАЗАР БОЛСОН. БҮГД БИЕ БИЕНИЙХЭЭ БӨГСИЙГ УХДАГ БОЛСОН ТЭГЭЭД ЖИРИЙН ГААЛЬЧИД ХЭЛМЭГДЭЭД АСРАЛТЫН ХҮМҮҮС ҮЛДДЭГ СИСТЕМД ОРСОН. ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ИРЭЭДҮЙ МАШ БҮРХЭГ БОЛСОН. 6-Н ЖИЛ СӨНӨХӨӨРГҮЙ МАФИЙН СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН. ОДОО ГААЛИЙХАН МӨНГӨНИЙ СҮЛЖЭЭНД ОРСОН АСРАЛТ, БАТТӨРИЙН ТАВЬСАН АВИЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН ИВЭЭЛД БАЙДАГ 10-Н ХУВЬ НЬ Л АВИЛГА АВЧ БАЙГАА БУСАД ЖИРИЙН ГААЛЬЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОГДООД АЖЛААСАА ХАЛАГДАХ АЙДАСТАЙГААР ЭД НАРЫГ ХЭЗЭЭ ЗАЙЛАХЫГ ХҮЛЭЭГЭЭД Л ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ ЦАЛИНГААРАА Л АМЬДАРЧ БАЙГАА...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 21:29:56
    Minii bodol : Yagaad ene huneer oroldood bdag yum be. Harin ch sahilgatai, hariutslagatai muu muuhai zuilees aajim aajimaar angijirch bgaa gej hardag shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 18:24:10
    Зочин: Харин хаа очиж сайн ажиллаад байгаа юм биш үү оффисын болон лаборторын шинэ байр бариуллаа орон нутгийг гаалийн байгууллагын нийгмийн асуудлыг шийдлээ өөр яах ёстой юм хөрөнгө мөнгө илсэн уусан бол аль хэдийнээ шоронд явна биздээ албыг нь авах гэсэн гарууд л иймэрхүү юм бичдэг байхдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188