• Өнөөдөр 2024-05-05

Хоёр агуулах дүүрэн гурилаар “туршилт” хийдэг М.Ганбаатар гэж хэн бэ буюу түүний МАН-аас авсан “шагналууд”

2021-02-14,   337

         Манай Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс “Таван толгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисондоо их хэмжээний “Алтан тариа”, “Атар” гурил нууцаар хольж, гурилтай түлшээ “утаагүй түлш” хэмээн ард түмнийг хуурч байсныг хөдлөшгүй баримтуудаар ил болгоод буй. Үүний цаана “Таван толгой түлш”компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, түүний хамтрагчдын их хэмжээний мөнгө угаалт, цаашлаад тус компанийн үйлдвэрт амь насаа алдсан 22 настай залуугийн үхлийн жинхэнэ үнэн, 50 хувь буурсан гэгдэж байсан утаа буцаад нэмэгдээд байгаагийн  шалтгаан нуугдаж байж ч болзошгүй. 

 
Эл баримтуудыг ил болгомогц “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Гурил ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ ард түмнээс нуусан зүйл байхгүй. Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг хятадаас өндөр үнээр авахын оронд гурилаар орлуулахаар туршилт хийж байгаа. Ингэвэл барьцалдуулагч авахад зарцуулж байгаа 12 тэрбум төгрөг эх орондоо үлдэх боломжтой болно” хэмээн тайлбар хийлээ. Товчхондоо, “Хоёрдугаар гурилаар эх орондоо барьцалдуулагч хийж, ард түмэндээ гэнэтийн бэлэг барьж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхээр төлөвлөж байсан ч ил болчихлоо” гэх маягтай самсаа шархируулам эх оронч гэмээр мэдэгдэл хийв. Гэвч М.Ганбаатар ийм мэдэгдэл хийснээрээ гурилтай түлш үйлдвэрлэж байснаа хүлээн зөвшөөрчихлөө. Нэгэнт гурил хольж байгаагаа М.Ганбаатар өөрийн амаар хүлээн зөвшөөрсөн учраас түүнээс дахиад хариулт авах шаардлагатай хэд хэдэн ноцтой асуудал байна. 
 
Тодруулбал,
Нэгдүгээрт,  “Таван толгой түлш” компани утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж жилд 70 гаруй тэрбум төгрөг төсөвлүүлж авдаг. Үүнийхээ 12 тэрбум төгрөгөөр нь урд хөршөөс барьцалдуулагч авдаг гэх. “Тавантолгой түлш” компанийн түүхий эдийн агуулахын ажилчин “Агуулхаас үйлдвэрт хүргэж байгаа нэг тонн барьцалдуулагч тутмын 60 хувь нь хятад барьцалдуулагч бодис, 40 хувь нь хоёрдугаар гурил байхаар тооцож хольдог” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, дээрх 12 тэрбум төгрөгийг 100 хувь гэвэл 60 хувийг нь хятадаас барьцалдуулагч авахад, ихдээ 20 хувийг нь дотоодын үйлдвэрүүдээс хямд үнэтэй хоёрдугаар гурил авахад зарцуулж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Хятад барьцалдуулагчиндаа гурил хольж, арвижуулаад гэр хорооллын айл өрхүүдийн жилийн хэрэгцээнд шаардлагатай шахмал түлшний барьцалдуулагчийн нийт нөөцөө бүрдүүлж байгаа гэсэн үг. Харин нийт мөнгөний үлдсэн хорин хувь нь тус компанийн удирдлагууд, тэр тусмаа М.Ганбаатарын халаасанд орж байж болзошгүй.
 
Хууль хяналтын байгууллагууд “Таван толгой түлш” компани болон М.Ганбаатарын санхүүгийн тайланг шалгавал нэлээд олон хуудас гэнэтийн бэлэг хүлээж байгаа болов уу. 
 
Хоёрдугаарт, “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэрт 22 настай залуу амь насаа алдсан нь үнэндээ гурил хольсон барьцалдуулагчаас болсон гэж тус үйлдвэрийн ажилчид жиг жуг хийцгээх болсон. Тухайлбал, барьцалдуулагч болон нүүрсний үртсийг тусгай холигч машинд хийж хольсноор шахмал түлшний үндсэн зуурмаг бэлэн болдог гэнэ. Гэтэл барьцалдуулагч бодистоо цавуулаг, цардуул өндөртэй гурил хийх болсноор тухайн барьцалдуулагч нь холигч машины ирэнд наалдаж, байсгээд гацдаг, тодруулал үйлдвэрлэлийн горим алдагддаг болжээ. Гурил зуурахад гарт хэрхэн наалддагтай яг адилхан үйл явц гэсэн. Иймээс тухайн холигч машины ирийг хоногт тодорхой цагаар хусаж цэвэрлэдэг болсон гэж үйлдвэрийн ажилчид нь хэлж буй. Яг энэ ажлыг талийгаач 22 настай залуу гүйцэтгэж байсан бөгөөд энэ үед нь холигч машин гэнэт ажилласан хэрэг.
 
Ингээд харвал талийгаач залуугийн үхлийн шалтгааны анхны гогцоо гурилнаас үүдэлтэй гэж болмоор. 
 
Гуравдугаарт, “Ковид-19” цар тахлын хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 3750 төгрөгөөс 75 хувиар бууруулж, нэг шуудайг нь 940 төгрөг болгосон. Эрх баригч МАН-ын ард түмэндээ хайр зарласан эл шийдвэрийн дараачаас нийслэлийн утаа илт нэмэгдсэн. Гэтэл яг энэ үед “Таван толгой түлш”компани үйлдвэр дээрээ гурилтай “туршилт” хийж байснаа хүлээн зөвшөөрчихлөө. Ингээд харвал Монгол ардын нам шахмал түлшний үнийг 75 хувь хямдруулсан алдагдлаа нөхөхийн тулд хямд үнэтэй гурил ашиглаж эхэлсэн гэж харагдаж байгаа юм. “Үнэгүй бяслаг хулганы хавханд байдаг” гэх үгийг МАН бодитоор ажил хэрэг болгож буй нь хямралын үеийн хэд хэдэн шийдвэрээс нь харагдаж байгаа. 
 
Супер жишээ нь, Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, ус, дулааныг бүрэн хөнгөллөө гэсэн атлаа хагас сарын дараа зөрүү мөнгө авч эхэлсэн байдаг. Тэгвэл МАН-ын “нэрийн хуудас” болсон “Таван толгой түлш” компани яг энэ загвараар шахмал түлшээ хямдруулсан алдагдлаа нөхөж байгаа дүр зураг харагдаж байна. Хэрвээ үгүй гэвэл хоёр жилийн турш шинэ төрлийн барьцалдуулагч яриагүй атлаа яагаад яг энэ цаг үетэй давхцуулан түүхий эдийн хоёр агуулахаа шуудайтай гурилаар дүүргэж, хэдэн зуун тонн шахмал түлшээр “туршилт” хийх болов, бас энэ туршилтаа лабораторит ч биш үйлдвэр дээрээ хийх болов гэдэг асуултууд гарч ирнэ. Чухамдаа 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшээ 940 төгрөг болгож бууруулсан мэтээр гэр хорооллын 240 мянган өрхийг баярлуулж, “Эрдэнэс Монгол”-оос татаас авмагцаа цаагуураа зүгээр л гурил, нүүрс хоёр хольж зарж, ард түмнийг ч, төр засгийг ч хуурсан хэрэг биш гэж үү. 
 

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ”ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ГАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

 
М.Ганбаатар 1992 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1996 онд “Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагч, 2012 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. 2000 онд Монгол ардын намд элсэж, ажил, амьдралын хувь заяагаа холбосноор өнөөг хүртэл даргын суудлаас буугаагүй нэгэн. 
 
2005-2007 онд Нийслэлийн Захиргааны ажлын албаны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дэд түшмэл, дарга, 2007-2008 онд Нийслэлийн өмчийн газрын дарга, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2009-2012 онд Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн захирал, 2012-2017 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны дэд дарга, Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн “Монгол шуудан”компанид хэлтсийн дарга, Нийслэлийн бизнес хөгжлийн төвийн дарга, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” төслийн захирал гэх мэт даргын гуншингууд ч түүнийх. 
 

М.Ганбаатар МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд намын тогооноос зүгээр суугаад ам тосоддог нэгэн биш бөгөөд МАН дотроо жагсагч, тэмцэгчийн имижтэй, түүгээрээ ч өдийг хүртэл дарга, захирлын суудлаар “шагнуулж” ирсэн нэгэн гэхэд буруудахгүй. “Шинэ эхлэл” бүлгэм, “Шинэчилье” хөдөлгөөн”, “Улаан малгайт” хөдөлгөөн түүний жагсаж, тэмцэхийн төлөө байгуулсан бүлгэм, хөдөлгөөнүүдийх нь зах зух. 

 

 
2004-2006 онд Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж ажиллаж байх үед түүнийг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулж, төв талбайд жагсаал удирдаж явсан хүн бол М.Ганбаатар. Тэр үед М.Ганбаатар Нийслэлийн ЗАА-нд хэлтсийн дарга болсон байдаг. Түүнээс хойш хэд хэдэн жагсаал, цуглаанд М.Ганбаатарын нэр дуулдаж явсаар 2008 онд НИТХ-ын төлөөлөгч болсон. Төлөөлөгч байхдаа хурлын даргыгаа тувт шүүмжилдэг, “Эсэргүү төлөөлөгч” гэгддэг байв. Тэрбээр “Эсэргүү төлөөлөгч” гэх ном хүртэл гаргаж байсан нэгэн. Улмаар 2013 оны долдугаар сард МАН-ын хэсэг залуучууд нэгдэж, “Шат шатны сонгуулиудад ялагдал хүлээгээд байгаа намдаа өөрчлөлт, шинэчлэлийн салхи оруулна” хэмээн “Шинэчилье” хөдөлгөөн байгуулахад тэргүүн эгнээнд нь М.Ганбаатар явсан. “Шинэчилье” хөдөлгөөнд М.Ганбаатараас гадна МАН-ын тухайн үеийн залуучууд буюу хожим нь томорсон Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар багтаж байсан юм. Гурван сарын дараа буюу 2013 оны аравдугаар сарын 29-нд МАН-ын 27 дугаар их хурал хуралдахаар болж, тэд “Шинэчилье” хөдөлгөөнөө татан буулгаж байлаа. М.Ганбаатар тэр үеэс хойш 2017 он хүртэл Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дэд дарга, Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар ажилласан байдаг. Ингээд жагсаал, тэмцэл зогссонгүй М.Ганбаатар 2017 оны долдугаар сард Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга байсан ч Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-ын бага хурлын гишүүний хувиар “Улаан малгайт” эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулж, Тусгаар тогтнолын ордны гадна суулт хийж эхэлсэн байдаг. Уг суултын зорилго нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа ялагдуулсан үндэслэлээр огцруулах байлаа. Түүнтэй хамт СТА, жүжигчин Ш.Батсуурь суулт хийсэн бөгөөд тэд хамтдаа хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, Тусгаар тогтнолын ордны гадна улаан малгайтай суулт хийж, сарын дотор 400 гаруй хүнийг нэгтгэсэн байдаг. Тухайн үед М.Ганбаатар, Ш.Батсуурь нарыг “Сү.Батболдын фракцын явуулгаар суулт хийгчид” хэмээн нэг биш хүн цоллож байлаа. Сонирхолтой нь, тэдний эл суултаас хэдхэн сарын дараа буюу 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” компани байгуулагдахад өнөө жагсагч М.Ганбаатар гүйцэтгэх захирал болж, хамтран жагсагч Ш.Батсуурь нь тус компанийн хэлтсийн дарга болж томилогдсон байдаг. Ингэж М.Ганбаатар МАН-ын хамгийн том “ажил”, хийсэн ажлынх нь нэрийн хуудас, жилдээ 80 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг “Таван толгой түлш” компанид “эзэн” суусан юм. 
 
Гайхшрал төрүүлдэг нэг зүйл нь 2017 онд М.Ганбаатарыг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга байхад нэгэн сэтгүүлч түүнээс “Утааг яаж бууруулах вэ” гэж асуухад тэр “Утааг сэргээгдэх эрчим хүчээр л бууруулж болно” гэж хариулсан байдаг. Гэхдээ жилийн дараа “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал болмогцоо “Утааг сайжруулсан түлш л бууруулж чадна” хэмээн ярих болсон байдаг. 
 
    М.Ганбаатар ингэж жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн хийж, даргын суудлаас даргын суудал дамжиж ирэхдээ хамгийн их хэл аманд өртсөн нь 2017 он. Тухайлбал, М.Ганбаатар 2009-2012 онд Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг удирдаж байсан. Тухайн үед нийслэлийн 24 байршилд орон сууц барина хэмээн 1200 айлын газрыг чөлөөлүүлсэн. Гэвч дахин төлөвлөлтийн ажлууд нь зохион байгуулалт, төлөвлөлт муугаас саатаж, газраа чөлөөлсөн айлууд газар ч үгүй, түрээсийн ч мөнгөгүй гудамжинд гарсан байдаг. Энэ бүхний гол хариуцагч нь М.Ганбаатар байсан боловч тэр намынхаа буянаар төд удалгүй өөр даргын суудалд заларсан байдаг.
 
Ямартай ч М.Ганбаатар жагсагч, тэмцэгчийн имижээрээ МАН-аас дарга, захирлын сэнтий харамгүй авч, тэр чинээгээрээ дахин төлөвлөлт, утаа зэрэг “том” ажлуудыг нь нугалалцаж, намынхаа ачийг хариулж иржээ. Гэвч энэ удаагийн “гурил”-ын хэрэг нь МАН-ыг муухай харагдуулах ноцтой асуудал учраас тэр цаашид дарга, захирлын суудлаар “шагнуулах” нь юу л бол. 
 
Сонирхуулахад, М.Ганбаатарын аав Сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, ҮБХИС-ийн зөвлөх профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав нь Ардчилсан намын хүн гэгддэг. Түүнийг армид “Ельцин” гэдэг бол шавь нар нь “Мягаа багш” гэдэг юм билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан хэрэгжүүлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хариуцаж, эхнээс нь ерөнхий зохицуулагчаар нь ажилласан нэгэн. Аав, хүү хоёр хэдий өөр өөр нам ч гэлээ зан, замнал хоёр нь ижил гэх яриа ч гардаг билээ. 
 

Хоёр агуулах дүүрэн гурилаар “туршилт” хийдэг М.Ганбаатар гэж хэн бэ буюу түүний МАН-аас авсан “шагналууд”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188