• Өнөөдөр 2024-05-05

УУЛ УУРХАЙГ ЭЗЭЛСЭН, УЛСАА “ХУДАЛДСАН” УЛСТӨРЧДИЙН ЗАХИРАЛ ХҮҮХДҮҮД

2023-07-02,   6296

      Улстөрчид хулгайг урлаг болгож хөгжүүлснийг бид бодитоор, бүр баримтаар харцгааж байна. Богд уулын аманд улстөрчид л барилга барина, Боловсролын зээлийн сангаас тэдний хүүхдүүд л тэтгэлэг авна, Хөгжлийн банкнаас тэдний хувийн компаниуд л зээл авна, төрийн сангуудыг тэдний хамаатнууд л тононо. Өнгөрсөн жилүүдэд өрөм болгоныг тэд л хамж, харин хусам дээр нь ард түмэн “алалцаж” амьдарч ирснийг сүүлийн ганцхан жилд сөхсөн, сэвсэн хэргүүд хангалттай харууллаа. 
 
Тэгвэл төрийн томчуудын “тонуул”-ын бас нэгэн сонгодог жишээ буюу улстөрчид, төрд өндөр албан тушаал хашиж байсан нөхдийн хүүхдүүд уул уурхайн бизнест хэрхэн хөл тавьж, хэд хэдэн орд газар эзэмшиж, харийнхантай хамтран цөлмөж ирснийг цөөн хэдэн жишээгээр танилцуулъя. 

АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН ОХИН О.ОЮУМАА ГАДААДУУДТАЙ НИЙЛЖ ГАЗРЫН ТОС, НҮҮРСЭНД “ЭЗЭН” СУУСАН НЬ

      1997 оны зургадугаар сарын 6-нд Дорнод аймгийн Тамсагийн 19-р талбайн гуравдугаар цооногоос анхны газрын тос олгойдож, тэр даруйд Төрийн ордон руу утас цохижээ. Тэр мэдээг дуулсан төрийнхний цуваа Тамсаг руу хөдөлж, гурав хоногийн дараа 19-р талбайд очсон бөгөөд оргилсон газрын тосны дээжээр П.Очирбат Ерөнхийлөгч дээлийнхээ энгэрээ мялаасан нь түүхэнд тод үлдсэн бий. Харамсалтай нь, газрын тос анх олгойдсоноос хойш 26 жил өнгөрөхөд өөрчлөгдсөн зүйл нэг ч алга, өнөөх л янзаараа шатахуун импортлогч нэртэй “шагчид”-аа царайчлаад сууж байна. 
 
      Харин газрын тосонд анх гар хүрч, ганган дээлээ мялааснаараа анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэр бүл л газрын тосноос ашиг хүртдэг бололтой. Тодруулбал, П.Очирбатын бага охин О.Оюумаа Канадын “Panasian Energy” компанийн Монголд байгуулсан “Шэйман” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. О.Оюумаагийн удирддаг “Шэйман” ХХК нь 2007 оноос эхлэн Төвийн бүсийн аймгуудын бүхэлд нь хамарсан “Нялга-XVI” гэх талбайд газрын тосны хайгуул явуулж эхэлжээ. Тэр тусмаа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт газрын тосны хайгуулаа илүү төвлөрүүлсэн гэдэг. Явцын дунд талбайгаа томруулсаар өдгөө “Дэлгэр-III”, “Улаан”, “Дөрвөлжин”, “Дэлгэрхаан” гэх талбайнуудыг өөрсдийн болгосон гэх. Хамгийн ноцтой нь, “Шэймэн” ХХК-ийн газрын тосны талбай нь түүхт Хэрлэнгийн хөдөө арлыг хамарч буй учраас нутгийн иргэд чадах ядахаараа эсэргүүцлээ илэрхийлж, эрх баригчдад ч  гомдол хаяглаж ирсэн ч тусыг олдоггүй гэх. Өнгөрсөн 26 жил “хар алт” гэх газрын тосноос ард түмэн ашиг хүртээгүй ч ядаж л анхны Ерөнхийлөгчийн охин ашиг хүртэж буй нь яамай гэхээс яалтай. 
      Цаашилбал, П.Очирбатын охин О.Оюумаагийн гадаадуудтай хамтарсан, гар дүрсэн бизнес нь ганц газрын тос биш, нүүрсээр үргэлжилнэ. Тухайлбал, О.Оюумаа Сингапурын “Tullus Commodities” компанийн Монголд байгуулсан “Терра-Энержи” ХХК-ийн Ерөнхий зөвлөх, Захиргаа хариуцсан захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа. “Терра Энержи” ХХК нь эзэмшдэг тусгай зөвшөөрлийн тоогоороо толгой цохидог бөгөөд доороо “Терра коул процессинг монголиа” ХХК, “Цагаан өвөлжөө” ХХК гэх хоёр охин компанитай. “Терра энержи” ХХК-ийн мэдэлд Өмнөговь аймгийн Ноён сум болон Увс аймгийн Давст суманд зургаан тусгай зөвшөөрөл бий. “Цагаан өвөлжөө” ХХК нь мөн л 59,972 га талбай хамран зургаан тусгай зөвшөөрөл байдаг. “Терра Энержи” ХХК болон “Цагаан өвөлжөө” ХХК-уудын Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах “Баруун ноён уул” нүүрсний уурхай нь нутгийн малчдын эсэргүүцлийг үл хайхран, хэрэлдэж нэг, хэлцэж нэг үйл ажиллагаагаа явуулсаар буй гэх. Товчхондоо, Сингапур, Канадын уул уурхайн “акул”-ууд Монголыг сонирхож эхэлж байхад П.Очирбат Төрийн толгойд байж таарсан нь түүнд том хувь тохиол болжээ. Өөрөөр хэлбэл, тэр Сингапур, Канадын том гэсэн компани болгонд охиндоо орон тоо гаргаж өгсөн харагдаж байна. Магад, төрд байх нь ямар ашигтайг түүнээс үлгэрлэсэн түшээд ч олон биз. 

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАРЫН УУЛ УУРХАЙН БИЗНЕСИЙН АНХНЫ БҮТЭЛГҮЙТЭЛ

     Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа Төрийн ордон руу хэдэнтээ зүтгүүлсээр, сая нэг түшээ болгож санаа амраад буй. Н.Энхбаярын хаан байх үед “хунтайж” гэгдэж явсан Э.Батшугар ахлах сургуулиа ч, их сургуулиа ч АНУ-д төгсөж, банкны эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ-ын Хөрөнгө оруулалтын банканд гурван жил ажиллаж, 2011 онд Монголд ирмэгцээ Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр заларсан. 2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөж, тэр даруйдаа аав Н.Энхбаяраасаа 17 компани өвлөж авсан. Олон нийт Э.Батшугарыг хэвлэлийн, хөрөнгө оруулалтын бизнестэй л гэж ойлгодог боловч уул уурхайн бизнес ч түүнд бий. Улс төр орохынхоо өмнөх жил ухах гэж үзээд бүтэлгүйтсэн л нэг жишээг нь танилцуулъя.
     Тодруулбал, Н.Энхбаяраас Э.Батшугарт шилжсэн “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт XV-014066 дугаартай, 11575.72 га талбайтай Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн. “Хаан” байхдаа авсан тусгай зөвшөөрөл нь гэсэн үг.  Хамгийн ноцтой нь, XV-014066 дугаартай энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон байсан учраас Н.Энхбаяр улс төрийн карьераа бодолцож, хайгуул хийхгүй хав дарж хадгалж байж л дээ. Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуулын ажлыг эхлүүлэхээр шийджээ. “Сод маргад” ХХК-ийн ажилчид нь Ховдын Дуут сумын Бүргэдтэй хайрхан бэлд очиж, кемпээ байгуулж, олон тооны өрөм зоож, хайгуулын ажлаа эхлүүлсэн байгаа юм. Үүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж, энэ нь эсэргүүцэл нь өндрөө авч, Ховд аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг байгуулагдаж “Сод маргад” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон гэдэг. Бүргэдтэй хайрхан уул нь Буянт голын эх ундаргыг бүрдүүлдэг, зэрлэг амьтдын өлгий нутаг учраас нутгийн иргэд эсэргүүцэх нь ч, нутгийн удирдлагууд нь зогсоох нь ч анхнаасаа ойлгомжтой байж л дээ. Гэхдээ Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрт улс төрд орох төлөвлөгөө хэрвээ байгаагүй бол нутгийн малчдын ая талыг харж, 10 гаруй жил хадгалсан тусгай зөвшөөрлөө ашиглахгүй хаяхгүй л байх байсан биз ээ.  

ТЕГ-ЫН ДАРГА АСАН Д.ГЭРЭЛИЙН ТУЗ-ИЙН ДАРГА ОХИН Г.ХУЛАН

      Хууль хяналтынхнаас хамгийн их хэл аманд өртдөг нь, тэр чинээгээрээ хамгийн их хөлжсөн гэгддэг нь ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл. Хууль бус хэрэгт холбогдсон, хөлжсөн гэгддэгээрээ Б.Хурц түүнээс дутахгүй ч дурдахгүй үлдээе. Д.Гэрэлийн хувьд зөвхөн тагнуулч ч бус дипломатч нэгэн. ТЕГ-ын даргаар томилогдохоосоо өмнө Токио дахь Элчин сайдын яаманд Зөвлөх консул, Солонгост суух Бүрэн эрхт Элчин сайд байв.
Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын хувьд, “Пентатерра” ХХК, “Монгол алтан минт” ХХК-уудаар дамжуулан Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан гэх хэргээр хэвлэлийн од болж байлаа. Улмаар Г.Аранзалын уул уурхайн асуудал Д.Гэрэлийн карьерт ч нөлөөлж эхэлсэн тул тухайн компаниудын бүртгэлээс нэрээ хасуулснаар нам жим болсон байдаг. Харин охин Г.Хулан нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын голын нүүрсний уурхайг эзэмшдэг “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Дэлгэрхаан, Баянхаан, Чандган талын жоншны ордуудыг эзэмшдэг “Бэрх-Уул” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж ирсэн нэгэн. Энэ хэдхэн жишээнээс, Д.Гэрэлийг төрд өндөр албан тушаал хаших үед түүний хүүхдүүд уул уурхайн, тэр дотроо алт, нүүрс, жоншны бизнест хэрхэн орсон нь тодорхой харагдаж буй биз ээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.ЭРДЭНЭБАТЫН ХҮҮ “ЭРЭЛ”-ИЙН ШИНЭ ЭЗЭН Б.ЖАРГАЛАН

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг энэ цагт дийлэх хүн үгүй болчихоод буй. Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй, Хаан, Хас банканд 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэхчилэн асуудлууд нь ар араасаа овоорчихсон. Ариг банкны асуудал нь ч нэмэгдэнэ. 
 
 Тэгвэл хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүдээ хэр удаан торгоох нь тодорхойгүй, хэдэн жил хоригдохоо тооцоолох боломжгүй байгаа Б.Эрдэнэбат “Эрэл”-ийн шинэ эзнээр хүү Э.Жаргалангаа тодруулжээ. Б.Эрдэнэбатыг Төрийн түшээ, Түлш, эрчим хүч сайд хийж, улс төрд мандаж явах үед том хүү Э.Жаргалангийнх нь тухай жиг жуг яриа өчнөөн гардаг байсан нь өнөө ч сошиалд үлджээ. “Согтуугаар машин жолоодож, цагдаа нартай хөөцөлджээ”, “УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын хүү хамтлаг байгуулж, урлагт хөл тавьжээ”, “Б.Эрдэнэбатын хүү мисс найз бүсгүйгээ сольжээ” гэхчлэн үргэлжилж байна. Тухайн үедээ “сахилгагүйтэл” нь хэтэрч байсан тул Б.Эрдэнэбат томчуудын жишгээр АНУ руу сургуульд явуулж, Эдийн засаг мэргэжилтэй болгоод эргүүлж авчирч байв. Харин өдгөө Э.Жаргалан “Эрэл” группийн эзэн болжээ. “Эрэл энержи” ХХК, “Эрэл барилга” ХХК, “Пример пропэртис” ХХК гэх мэт “Эрэл”-ийн бүх компаниуд Э.Жаргалангийн нэр дээр бүртгэлтэй буюу улстөрч, улстөрч асны хүүхдүүдээс Э.Батшугарын дараа хоёрт орохуйц олон компанитай болчихжээ. 
 Харин Э.Жаргалан “Эрэл” ХХК-ийн Ерөнхий захирлын хувиар эзэмшдэг уул уурхайн тусгай зөвшөөрлийнхөө тоогоор ямар ч улстөрчийн хүүхдийн хавьтуулахгүй юм байна. Засгийн газрын “Шилэн” ажиллагаагаар ил болгосон тусгай зөвшөөрлийн бүртгэлээр бол “Эрэл” ХХК өдгөө уул уурхайн есөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эзэмшдэг тусгай зөвшөөрлийн эрэмбээрээ улсдаа 14-т жагсаж байна. 

СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ, СИНГАПУРЫНХНЫ ХАМТРАГЧ М.ЧОЙДОРЖ

     Түүхэнд, түмний дунд “Батмөнх дарга” гэж хүндлэгдэж үлдсэн нэгэн эрхэм байх. Тэр бол Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу 13 дахь Ерөнхий сайд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүнээр ажиллаж асан Ж.Батмөнх агсан. Түүний гэргий Д.Даариймаа хэмээн буурай байлаа. Харин Д.Даариймаа агсны төрсөн ах нь Д.Мархааж байж байв. Монголын анхны дипломатчийн нэг бөгөөд хожим нь БНАСАУ, БНХАУ, Унгарт Худалдаа, аялал жуулчлал, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж, гадаад харилцааг өргөжүүлэхэд гар бие оролцсон нэгэн байлаа. Түүхэнд тод үлдсэн энэ эрхэм хүмүүсийн үр ач, үргэлжлэлийн нэг болох Мархаажийн Чойдорж гэх эр бий. Дипломатч аавынхаа үргэлжлэл болох гэж гадаадад их сургууль төгсөж ирээд Н.Багабандийн УИХ-ын дарга байх үед нь орчуулагчаар нь ажиллаж байгаад хожим нь 2007 он хүртэл УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаад хувийн бизнес хөөсөн. 2020 оны сонгуулиар УИХ-д дахин орох гэж  Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж үзээд ялагдсан. 
 
Харамсалтай нь, ааваасаа эхлээд асар том намтартай М.Чойдорж өдгөө Сингапурынхантай нийлж, нүүрс сорчлох бизнесийн “акул” болчихжээ. Тодруулбал, “Сакер ресорсус” компанийн охин компани болох “Гобикоул энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй ажээ. Өнгөрсөн сард Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээллээр М.Чойдоржийн удирдаж буй “Гобикоул энд энержи” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт 7,140 га талбайт хамарсан нүүрсний хайгуул, ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Ингэхдээ “Гобикоул энд энержи” ХХК нь эзэмшдэг тусгай зөвшөөрлийн тоогоороо улсад наймдугаарт жагсаж байгаа буюу хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй компанийн нэгээр нэрлэгдэж буй ажээ. Тэр дотроос Говь-алтай аймгийн Чандмань сумын нутагт байх Зээгтийн нүүрсний уурхай өдгөө “Гобикоул энд энержи” ХХК-ийн мэдэлд байгаа юм байна. Энэ жишээгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, М.Чойдорж гуравхан жилийн өмнө төр түшилцэнэ, түмний төлөө ажиллана гэчихсэн нэр дэвшээд явж байж. Харин улс төр хүлээж аваагүй тул Сингапурынхантай хамтарч уул уурхайгаа үргэлжлүүлээд явж байна. УИХ-ын гишүүн болно, эсвэл ухна гэсэн сонголттой хүн цөөн л байгаасай. 

УУЛ УУРХАЙГ ЭЗЭЛСЭН, УЛСАА “ХУДАЛДСАН” УЛСТӨРЧДИЙН ЗАХИРАЛ ХҮҮХДҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-24 14:15:27
    Зочин: Чойдорж түүний эхнэр 2 бол аюултай худал дүр эсгэгч шүү дээ… Аймар уу ✌️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 05:57:21
    иргэн: Чойдорж чинь Нэвтрүүлэгч Чимгээгийн нөхөр билүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 10:14:07
    Цэнгэлчулуун: Уул уурхайгаас ашиг олддоггүй жишнн номер 1 шалтгаан нь төрийн түшээдийн хүүхдүүд ажиллуулдаг. 2-т зөвшөөрлийг ямар аргаар авсан тийм аргаар нь цуцлах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 10:14:06
    Цэнгэлчулуун: Уул уурхайгаас ашиг олддоггүй жишнн номер 1 шалтгаан нь төрийн түшээдийн хүүхдүүд ажиллуулдаг. 2-т зөвшөөрлийг ямар аргаар авсан тийм аргаар нь цуцлах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-23 22:46:36
    Зочин: Очирбатын Очирмаа гээд Москвад ЭСЯ насаараа шигдчихсэн хун байна бас!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-23 20:43:03
    Зочин: Чойдорж гэж сэжгийн, муухай хүн ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-23 19:54:53
    Zochin: Чойдорж гээд бгаа чинь нэвтрүүлэгч Чимэгээгийн нөхөр байхаа…..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-23 18:23:08
    Зочин: Монголын ард түмний баялаг гэдэггүй бил үү хэдхэн хүн ухаж гаргаад байвал Монгол улс гэж эрх мэдэлгүй ядуу улс байсаар байх уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188