Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд” байгуулахаар болж байлаа. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан юм. Фондын анхны хандив болгож Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг тэрбум төгрөг хандивлаж байсан түүхтэй. Харин “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын зохион байгуулсан цахим тоглолтын үеэр ард түмнээс 2.2 тэрбум төгрөг цугларч, монголчууд талхны мөнгө, нэг өдрийн цалингаараа хүүхдүүдийн ирээдүйд их хөрөнгө оруулалт хийлээ хэмээн баярлаж, бахархаж суусан билээ. Соёлын яамнаас Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг танилцуулж, удахгүй барилгын ажил эхлэх талаар ч мэдэгдэж байсан билээ. Тэгвэл бид хүүхдийн фондын мөнгөөр босох цогцолборын бүтээн байгуулалт хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа.
СОЁЛЫН ЯАМНААС ТАНИЛЦУУЛСАН ХҮҮХДИЙН НОМЫН САН, ТЕАРТЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ. УГ ЦОГЦОЛБОР ТАСГАНЫ ОВООНЫ ОЙРОЛЦОО БАРИГДАХ ЮМ.
Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах цогцолборын бүтээн байгуулалт өнгөрсөн хавар эхэлсэн байх ёстой. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлсэн байх ёстой билээ.
"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД"-Д ЦУГЛАРСАН ХАНДИВААР ЦОГЦОЛБОР БАРИХ ТАЛБАЙ ХООСОН БАЙНА. 2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31-НИЙ 14:00 ЦАГ
Бид тус зорьж, өчигдөр их үдийн алдад очлоо. Энэ газарт өдийгөөс нэг жилийн өмнө албаныхан зогсоод, “Бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ. Хэдхэн жилийн дараа хүүхдүүд цогц бүтээн байгуулалттай цогцолборт чөлөөт цагаа өнгөрөөж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийнэ” гэж байлаа. Гэтэл энэ газарт ухсан нүх битгий хэл нэг ширхэг ч бүтэн тоосго алга. Хашаалаагүй, хогонд баригдсан энэ талбайд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна. Хоёр, гурван хэсэгт овоолсон шороо, энхэл донхол машин зам, барилгын хуучин хог хаягдал байв. Харин хажуу талд нь 32 тэрбум төгрөгийн төсөвтэй шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийн дутуу баригдсан барилгын ажил өндөр төмөр хашаагаар хашаалагдсан байв. Урд талд нь шавар цагаан суваргыг улаан төмөр хашаагаар хашаалж орхижээ.
Бүтээн байгуулалтын ажил эхлээгүй талбайгаас бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг зорьлоо. Учир нь, “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ынхан ард түмний хандиваар цугларсан мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 21-нд албан ёсоор хүлээлгэж өгсөн юм.
АРД ТҮМНИЙ ХАНДИВЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ.
“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан хандивын мөнгийг “Хүүхдийн төлөө сан”-гийн дансанд албан ёсоор 2021 оны аравдугаар сард шилжүүлж байсан. Тухайн үед ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан "2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв. Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна” гэж байсан.
Тэгвэл бид ХНХ-ын сайд А.Ариунзаяатай холбогдож, Хүүхдийн фондод цугларсан мөнгөөр хэзээ Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажлыг эхлүүлэх талаар тодруулсан юм.
-Сайн байна уу, А.Ариунзаяа сайд аа.Танаас юм тодруулах гэсэн юм?
-За.
-Хүүхдийн фондын мөнгөөр баригдах барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Юуны ажил.
-Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр гээд хүүхэд, залууст зориулсан цогцолбор барилга барина шүү дээ?
-Тийм юм хийнэ гээгүй шүү дээ. Тухайн үед “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ынхан Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилга барина гэсэн төлөвлөгөөтэй хандивын тоглолт зохион байгуулсан. Манай яамны “Хүүхдийн төлөө сан” хэрхэн, яаж, юуг шалгаруулж, хэдийд олгох вэ гэх журам байгаа. Тэр журмын дагуу явагдахаар болсон.
-Тухайн үед олон нийт Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр барихад хандив өгсөн шүү дээ. Одоо журмаа шинэчлээд, өөр зүйлд зарцуулахаар болсон гэсэн үг үү?
-Тэр үед энэ ажил Төрийн бус байгууллагынх байсан шүү дээ. Одоо бол манай яам хуулийнхаа дагуу л ажиллана. Хууль болоод Засгийн газраар батлагдсан журмын дагуу шийднэ.
А.Ариунзаяа сайдын хэлээд байгаа журмаар Хүүхдийн фондын мөнгөөр хүүхдүүдийг шагнаж, урамшуулахаар болжээ. Тодруулбал,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүүхдийн төлөө сангийн дүрэм, сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын 2008 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Гурав.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ
3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3-т заасан дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
3.1.1.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;
3.1.2.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;
3.1.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.
5.1.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад энэ журмын хавсралтад заасан олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг баримтална:
5.1.1. Энэ журмын хавсралтад заасан жагсаалт нь олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахаар Засгийн газраас баталсан бусад журамд заасан жагсаалттай давхцаж байгаа тохиолдолд мөнгөн урамшууллыг аль нэг журамд зааснаар давхардуулахгүйгээр олгоно;
5.1.2. Энэ журмын хавсралтад заасан жагсаалтад орсон соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилттай оролцож медаль хүртсэн хүүхдэд дор дурдсан мөнгөн шагналын хэмжээнээс энэ журмын 5.1.3, 5.1.4-т заасан хувиар тооцож олгоно:
6.1.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
6.2.Энэ журмын 6.1-д заасан дэмжлэг нь дараахь төрөлтэй байна:
6.2.1.бэлтгэл хийх заал, байрны түрээсийн зардал;
6.2.2.шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал;
6.2.3.замын зардал;
6.2.4.тэмцээний хураамж;
6.2.5.олон улсад хүчинтэй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамж;
6.2.6.хувцас хэрэгсэл.
6.3.Энэ журмын 6.2-т заасан дэмжлэгийг дараахь хувь, хэмжээгээр тооцож олгоно:
6.3.1.энэ журмын 6.2.3, 6.2.4-т заасан зардал, хураамжийг 100 хувь;
6.3.2.энэ журмын 6.3.1-д зааснаас бусад төрлийн дэмжлэгийн нэг хүүхдэд ногдох нийт зардлын дээд хэмжээ 2.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
6.4.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн харьяалах байгууллага, мэргэжлийн холбоо нь тэмцээн зохион байгуулагдах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараахь материалыг бүрдүүлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ ирүүлнэ:
6.4.1.дэмжлэг авах хүсэлт;
6.4.2.уралдаан тэмцээний албан ёсны урилга, заавар, тухайн тэмцээний мэдээллийг байршуулсан албан ёсны цахим хаяг;
6.4.3.оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар;
6.4.4.шаардагдах зардлын тооцоо. (захиалгын хуудас, нэхэмжлэх, гэрээ)
6.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 6.4-т заасан материалыг нягтлан шалгаж, шаардлага хангасан хүсэлтийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэр гаргуулна.
6.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 6.2-т заасан дэмжлэгийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтаан олгоно.
Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолын хавсралтыг энд дарж бүрэн эрхээр нь уншина уу. https://old.legalinfo.mn/annex/details/12100?lawid=16839
А.АРИУНЗАЯА: ХҮҮХДИЙН ФОНДЫН МӨНГӨӨР ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР БАРИНА ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ |
|
2025-04-11 14:19:29
2025-04-11 14:11:10
2025-04-11 14:09:24
2025-04-11 13:54:16
2025-04-11 13:26:53
2025-04-11 12:51:57
2025-04-11 12:47:25
2025-04-11 12:11:33
2025-04-11 11:07:45
2025-04-11 10:50:44
2025-04-11 10:31:58
2025-04-11 10:12:40
2025-04-11 08:31:43
2025-04-11 08:20:53
2025-04-11 07:00:00
2025-04-11 07:00:00
2025-04-11 07:00:00
2025-04-11 07:00:00
2025-04-11 07:00:00
2025-04-11 07:00:00
2025-04-10 17:24:18
2025-04-10 17:11:56
2025-04-10 16:51:01
2025-04-10 15:01:13
2025-04-10 14:57:37
2025-04-10 13:29:20
2025-04-10 13:23:52
2025-04-10 12:53:10
2025-04-10 12:46:42
2025-04-10 12:06:03
2025-04-10 11:19:37
2025-04-10 10:53:05
2025-04-10 10:40:28
2025-04-10 10:15:17
2025-04-10 10:02:20
2025-04-10 09:38:12
2025-04-10 09:04:17
2025-04-10 08:44:25
2025-04-10 08:34:22
2025-04-10 08:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 06:00:00
2025-04-10 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |