• Өнөөдөр 2024-03-28

ХҮҮХДИЙН АМИНД ХҮРДЭГ ЦАХИЛГААНЫ ХЯТАД УТАСНААС ТАТГАЛЗЪЯ

2022-09-21,   1375

 

-ГЭРТЭЭ ШАТАЖ, АМИА АЛДСАН ХОЁР ХҮҮХДИЙН ААВ: ЦАХИЛГААНЫ УТАСНААС ГАЛ ГАРСНААС БОЛЖ, ХОЁР ХҮҮХДЭЭ АЛДЧИХЛАА-

        Шалбарсан цахилгааны утас дагаж алхсаар умгар цагаан гэрийн үүд туллаа. Гэрийн тооноор бүдэг гэрэл сүүмэлзэн, дотроос хүүхдүүдийн инээлдэх дуу тод сонсогдоно...

        Гэр хорооллын нарийн гудам цахилгааны утсаар сүлжилдэж, шалбарсан хэсэг нь газраас цухуйж харагдана. Тэдгээр нарийн утаснууд явсаар айл бүрийн цонх, тооноор шургаад орчихов. Зарим нь айлаас айл руу татсан тогны хар утсаа толгой шүргэх шахам зайнд дүүжилжээ. Ингээд хуучирч муудсан, чанаргүй цахилгааны утас гудамж сүлжсээр нэгэн өрхийн дээвэр даган далдрах аж. Аалзны тор шиг сүлжилдсэн энэ олон хар утас айлуудын цахилгаантай байх гол хэрэгсэл нь. Аль ч захын лангуун дээр хөглөрч, талх шиг зарагддаг эл цахилгааны утас монголчуудын аминд заналхийлж байгааг сэрэмжлүүлэх үүднээс бид сурвалжилж яваа нь энэ. 

      Бид явсаар Баянзүрх дүүргийнXXI хороонд ирлээ. Газраар хэрсэн, агаарт дүүжилсэн цахилгааны утаснаас их юм гэр хорооллын гудамжинд алга. Хаашаа л харна хэрсэн утас, гал алдах эрсдэл, айл өрхүүд эд хөрөнгө, хүмүүс, хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч болзошгүй нөхцөл байдал дүүрэн байгааг илтгэнэ. Хүйтэн, сэрүүн улирал эхэлж, айлууд цахилгаан халаагуур залгаад эхэлжээ. Үүнээс болж цахилгааны масс гарах, халуун тогоо, залгуур нь буудах, цахилгаангүй болох эрсдэл үүсээд байгаа гэнэ. Энэ нь зөвхөн хямд цахилгааны утас, муу, чанаргүй хийсэн гэрлийн утасны монтажнаас болдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

ИРГЭН: ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТААРУУЛЖ ХАМГИЙН ХЯМД ҮНЭТЭЙ ЦАХИЛГААНЫ УТСЫГ НЬ СОНГОДОГ

         Энэ талаар тус хорооны иргэн ярихдаа “Гэр хороололд ер нь үнэтэй цахилгааны утас хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Бидний амьдарч байгаа энэ хэсэг “Задгай” буюу хаягжилтгүй айлууд гэж явдаг. 400 гаруй айл хаягжилтгүй амьдарч байна. Энэ хавийн айлууд цахилгаантай болохын тулд хэд л бол хэдэн айлын хашаа дамжиж, цахилгаан царайчилдаг. Хамгийн багадаа л 500 метрийн зайнаас цахилгаанаа авч байгаа учраас урт утас хэрэгтэй болно. Санхүү, төсөвтөө тааруулаад хамгийн хямд хятад утас авдаг шүү дээ. Заримдаа цахилгаан муу байдаг нь ачааллаа даахгүй байгаагаас болдог байх. Энэ олон айл хамгийн хямд цахилгааны утас аваад, гудамжаар нэг хэрж байгаа юм чинь. Үүнээс нь болж гал гарах аюул өндөр. Өнгөрсөн жил нэг айлын хашаа, гэр шатсан. Азаар хүн бэртэж, гэмтээгүй. Цахилгааны масснаас болж шатсан гэж байна лээ” гэв. 

         Энэ өвөл хэдэн айл шатаж, хэчнээн хүн түлэгдэхийг таах аргагүй. Ийм эрсдэл энэ хотын хаа саагүй байна. Иргэдийн өргөнөөр ашиглаж байгаа цахилгааны утас “Нарантуул”,  “Хархорин”, "100 айл"-ын барилгын материалын дэлгүүрт хаа сайгүй худалдаж байна. Хамгийн хямд утас нэг метр нь 1500 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин бусад утас үйлдвэрлэсэн улс, чанараасаа хамаарч метр нь 1500-5500 төгрөгийн хооронд зарагдаж байгаа аж. Тэгвэл энэ утаснаас болж олон хүүхэд гэртээ шатаж, харамсалтайгаар амиа алдаж байна. Өглөө ажилдаа явахдаа цахилгаан халаагуур буюу тенн залгаж өгчихөөд хаалгыг нь гаднаас нь цоожлоод ажилдаа явсан аав, ээжүүдийг орой нь  өнчрөл хагацал, үнс болтлоо шатсан гэрийн буурь харлаж угтдаг болоод олон жил боллоо. 

    Чанаргүй цахилгааны утас ачаалал авахаараа халдаг. Хэт их халсан утаснаас гал гардаг. Эсгий гэрт нэг гал авалцахаар хоёр гурван минутын дотор л шатаад дуусчихдаг. Харин гаднаасаа  цоожлогдсон хүүхдүүд цоожтой хаалгаа онгойлгож чадахгүйгээс болоод ихэвчлэн орныхоо доогуур галаас нуугдаж, амьдаараа шатаж амиа алдсан байдаг. Ийм харамсалтай хэрэг жилийн жилд цөөнгүй гардаг учраас хямд үнэтэй цахилгааны утаснаас татгалзахыг уриалж, сэрэмжлүүлж байна. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН, АХМАД Б.ГАНТӨМӨР: ЦАХИЛГААНЫ УТАС ХАЛСНААС БОЛЖ ГАЛ ГАРДАГ

        Бид энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр иргэдэд дараах мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэсэн юм. Б.Гантөмөр “2022 он гарсаар 1339 гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. 16 хүн амиа алдаж, 20 хүн түлэгдсэн. Энэ нь он гарсаар 24.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Гал түймрийн ихэнх шалтгаан нь иргэдийн цахилгааны хэт ачааллын улмаас үүдсэн. Тиймээс иргэд цахилгааны хэрэглээгээ хянах, цаашлаад баталгаатай цахилгааны утас хэрэглэснээр гарч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Мөн иргэдийн хамгийн том ухамсаргүй үйлдэл бол бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь түгжиж үлдээх, ил цахилгааны хэрэгслийг хүүхдэд ойр байлгах нь аюултай эрсдэлийг бий болгож байна. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч, цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгийн чухал байна” гэлээ.

 Гэртээ түгжигдэж үлдсэн хүүхэд гарах гарцгүй болж, орон доогуур орохоос ч өөр аргагүйд хүрдэг. Ийм дүр зураг дүрэлзэн шатаж байгаа цоожтой гэрийн цаана өрнөдөг гэдгийг албаны учир мэдэх хүмүүс хэлж, анхааруулж байлаа.  

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Т.АЛТАНЦЭЦЭГ:  ИРГЭД ШАЛБАРСАН УТСАА ДАХИН АШИГЛАДАГ НЬ ХАМГИЙН БУРУУ

        Түүний нэг нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.Алтанцэцэг. Тэрбээр иргэдийн цахилгааны утасны сонголт, түүний стандартад анхаарах тал дээр иргэдэд дараах зөвлөгөөг хүргэсэн юм. Т.Алтанцэцэг хэлэхдээ "Иргэд чанаргүй, хямд цахилгааны утас хэрэглэж, түүнээс халаалт үүсдэг. Тиймээс ачаалал даах чадвартай, стандартад нийцсэн цахилгааны утас хэрэглэж, ашиглаж байгаа утасны бүрэн бүтэн байдлыг байнга хянах хэрэгтэй. Бидний зүгээс сар болгон хяналт хийхэд ихэнх иргэд, муудаж, шалбарсан утсаа ямар нэгэн зүйлээр нөхөж, хооронд нь холбож ашигладаг. Энэ мэт ашиглалтын шаардлага хангаагүй цахилгааны утас нь ямар нэгэн асуудал үүсгэж цаашлаад галын аюул үүсгэх шалтгаан болдог. Жишээ нь худалдааны захууд дээр борлуулагдаж байгаа цахилгааны утаснуудыг сайтар шалгаж, чанар, хэмжээн дээр хяналт тавих хэрэгтэй” гэв.

 

-ЭХНЭР МААНЬ ЗАЛГААД “НЭГИЙГЭЭ ТЭВЭРЧ ГАРЧ ИРЭЭД, ХОЁР ХҮҮХДЭЭ ГАЛД АЛДЧИХЛАА ШҮҮ ДЭЭ” ГЭЭД УЙЛЖ БАЙСАН-

       Бид сэрэмжлүүлэг болох үүднээс цахилгааны утас нь массалж, гэр нь шатсан иргэний яриаг хүргэж байна. Үүгээр ч зогсохгүй галын улмаас гурван хүүхэд нь түлэгдэж, хоёр нь амиа алдсан юм. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн Нарантолгойн II гудамжинд оршин суух Л. Эрдэнэсүхийн гэрт цахилгааны улмаас гал гарч,  найман, гурван настай хүүхэд нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 13-нд гарсан. Гэрт түүний бие давхар гэргий Ч.Мөнхтуяа гурван хүүхдийнхээ хамт байсан гэх. 

       Гэрийн эзэн Л.Эрдэнэсүх “Би тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь нөхөн сэргээлтийн компанидаа ажлаа хийх гээд явж байсан. Шөнө ээлжинд гарч байхад эхнэр маань над руу гурван удаа утсаар залгасан байсан. Буцаагаад залгахад “Нэгийгээ тэвэрч гарч ирээд, хоёр хүүхдээ галд алдчихла” гээд уйлсан. Одоо би хоёр хүүхдийнхээ ажил явдалыг дуусгачихаад, Улаанбаатар хотод үхэл, амьдралын заагт тэмцэж байгаа нэг хүүхэд рүүгээ очиж явна. 

    Эхнэр маань тэр өдрөөс хойш шоконд орсон. Бага зэргийн түлэгдэлттэй байгаа. Харин амьд үлдсэн хүүхэд маань 90 хувийн түлэгдэлтэй. Есдүгээр сарын 20-нд арьс нөхөх хагалгаанд орох гэж байна” хэмээн хоолой зангируулан ярьлаа. 

      Л.Эрдэнэсүх нөхөн сэргээлтийн компанидаа ажиллахаар ойр ойрхон гэрээсээ явдаг ажээ. Харин галын шалтгааныг тэрбээр тайлбарлахдаа “Манайх гэрийнхээ хажууд жижиг амбаартай. Дотор нь шалбарсан цахилгааны утас байдаг байсан юм. Түүнээс л болсон. Шөнө эхнэр маань том хүүгийнхээ хичээлийг хийлгэчихээд унтсаны дараа амбаар шатаж гэрээр дүүрэн утааны угаар дүүрэхэд хүүхдүүдтэйгээ бага зэрэг угаартсан байх. Харин бага хүүхдээ тэврээд гараад ирэхэд нь гал сөнөөгчид ирсэн ч галын улмаас агаарын кабелийн цахилгааны утас тасарч газарт унасан байсан нь гал руу ус цацах боломжгүй болгосон юм билээ. Ийм л үйл явдал болсны хойно би хоёр хүүхдээ алдаж, одоо амьд үлдсэн хүүхдээ эсэн мэнд үлдээхийн төлөө хичээж байна” гэв. Тэр бол шалбарсан цахилгааны утаснаас болж хоёр хүүхдээ алдчихна гэж төсөөлж ч байгаагүй залуухан аав. Одоо тэр нэг хүүхдийнхээ зүрхийг чагнаж, жирэмсэн эхнэрээ төрөхийг хүлээж суугаа. 

Иймд иргэд та бүхнийг цахилгааны утсаа шалгах, хямд утас худалдан авахгүй байхыг хүсэж байна. 

 

ХҮҮХДИЙН АМИНД ХҮРДЭГ ЦАХИЛГААНЫ ХЯТАД УТАСНААС ТАТГАЛЗЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188