“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат хүн дайрч хөнөөхийг завдаад 60 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд тэр ОХУ-ын хил давж, хэргийн газраас оргон зугтаалаа. Аймгийнхаа ИТХ-ын хуралд хэд хэдэн удаа оролцож, санал бодоо солилцлоо. Газар тариалангийн ажилдаа гарамгай сайн шамдаж, шаргуу ажиллалаа. Өөрийгөө өмөөрсөн тайлбар мэдүүлэг өчнөөн өглөө. Адууны хулгайчидтай тэмцсэн хэмээн худал жиргэж, Ардын баатар болох дөхлөө. Харин хэрэг нь л шийдэгдсэнгүй, шүүхийн шатанд очсон ч үгүй гацчихлаа. Гацчихлаа ч гэж тэд гацаачихсан бололтой.
Хэргийг эргэн сануулбал, “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим сүлжээнд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд цацагдсан байдаг. Тодруулбал, Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 360 гаруй адууг Дорнод аймгаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн. Хууль бусаар өвчний голомттой нутгаас авчирсан адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзориг цацсан юм. Л.Чинбат өдөржин нутгийн иргэдийг автомашинаараа ууртай гэгч нь элдэж хөөгөөд, заналхийлж, аархаж байгаад цагдаа нарыг шалгахаар очиход нь хэдийнэ хил даваад зугтаачихсан байдаг. Тэгээд “Би олон улсын хуралд уулзалттай” гээд бааварлаж байлаа. Тэгээд ч зогсохгүй цахим хуудастаа "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" хэмээн бичиж, нутгаа хамгаалах гэж тэмцсэн иргэдийг гүтгэж байсан удаатай. Угтаа тэр өдөр хүний аминд заналхийлсэн, санаатайгаар хөнөөхийг завдсан гэдэг үндэслэлээр Л.Чинбатыг цагдан хорих байсан ч тэр ОХУ-ын хил давснаар байдал намжсан.
Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгасан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Харин хачирхалтай нь, Хөдөлмөрийн баатарын хүн хөнөөхийг завдаж, заналхийлж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацсан Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг мөн л яллагдагчаар татан шалгаж байгаа. Тодруулбал, Б.Ганзоригийг “Гацуур" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, Л.Чинбатын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худал мэдээлэл тараасан үндэслэлээр шалгаж, ээрч байгаа талаар тэр удаа дараа тайлбарлаж, мэдээлсэн билээ.
10.1 дүгээр зүйл .Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Угтаа Эрүүгийн хуулинд ингэж заасан байдаг. Гэтэл учир мэдэх хүмүүс “Гацуурт”-ын Л.Чинбатыг торгуулаад л өнгөрөх тохироотой гэх яриаг нисгэж эхэлсэн байна лээ. Шүүхийн шатанд шилжих нь замхарч, прокурор дээр гацаж байгааг олон нийт ийн хардаж байгаа бололтой. Монголын ард түмэн шүүхийн байгууллагыг хэр дархлаатай вэ гэдгийг л харах үлдлээ. Л.Чинбат аархаж, хуулийн баг хөлслөөд өөрийгөө өмөөрүүлэх бүх жүжиг зохиолын найруулж суугаа гэнэ.
Дашрамд дурдахад, Монгол хүний амийг амин чинээ тоолгүй аархаж, автомашинаараа дайрах гэж улайрч байсан Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг ганцхан хүний амийг хөнөөхийг завдсан гэх үндэслэлээр шүүхгүй. Засгийн газраас “шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 52.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөөгүй 6092 иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг нийтэд зарласан. Тухайн иргэн, аж ахуйн нэгжүүд 52.2 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөхгүй байгаагаас болж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас шинээр зээл олгох боломжгүй болчихоод байгаа. ХААДС-гийн найдваргүй зээлдэгчдийн нэг нь Л.Чинбат. Түүний хамаарал бүхий “Мөнх-Улз” ХХК ХААДС-гаас 302 сая төгрөг авсан ч төлөөгүй, найдварын зээлдэгчдийн эгнээнд шилжээд байгаа юм. Энэ хэргээрээ ч тэр шүүгдэх ёстой.
Л.Чинбатын өмгөөллийн баг хүчтэй юу, Монгол хүний амь үнэтэй юу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж, хүлээж байна.
“ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТ ХҮН ДАЙРЧ ХӨНӨӨХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГТЭЭ ТОРГУУЛААД ӨНГӨРӨХ ТОХИРООТОЙ ЮУ |
|
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |