• Өнөөдөр 2024-04-18

ХЭРЭГТНҮҮДДЭЭ “ХАЙРТАЙ” МАН БУЮУ ЖДҮ-ЧИН Б.БАТЗОРИГ ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАЯАНД 15 ДАВХАР ОФФИСТОЙ БОЛЖЭЭ

2023-05-10,   2177

     Төвийн шугамгүй Чойжин ламын сүм музейд төсвийн цалинтай ажилтнууд эсгий гуталтай зутарч байхад хаяа залгаа тансаг барилгад нь төрийг тоносон Б.Батзориг тавчигтай тухалж байна гэж төсөөлөх хэтэрхий гунигтай...
      2016 оны сонгуулиар УИХ-д олонх болсон МАН-ынхан улангассан аятай аашилцгааж, төрийн түрийвч болгон руу хуруу, хошуу дүрцгээсэн нь зах зухаасаа илэрч, илчлэгдсээр буй. Тэдний түрүүлж тоносон, басхүү түрүүлж илчлэгдсэн нь хэрэг нь ЖДҮХС-гийн хулгай. МАН-ынхан ЖДҮХС-г баярын бялуу болгож, 99.5 тэрбум төгрөгийг тэнцүү хувааж хүртэцгээсэн. Харин ЖДҮХС гэх баярын бялууг намынхандаа хэл амгүй, хувь тэнцүү хуваарилах хүндтэй үүрэг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ногдсон. Б.Батзориг ч намын даалгавраа нэр төртэй биелүүлж, хоёр удаагийн тушаалаар ЖДҮХС-гаас 99.5 тэрбум төгрөг олгосны ихэнхийг МАН-ын 49 гишүүний хамаарал бүхий компаниуд авсан. Энэ мөнгө зээл нэртэй л олгогдсон ч үнэндээ зоог байсан. Ш.Раднаасэд тэргүүтэй түшээдийн ах дүү нарын компаниуд авсан мөнгөө одоог хүртэл төлөөгүй байгаа нь зээл биш зоог байсны нотолгоо. Улмаар Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сард Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж байдаг. Түүнээс хойших хоёр жилийн хугацаанд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь буулгахгүй гэж Ардын намынхан хэрхэн улайран хамгаалж байсныг, шүүх хурал нь хэчнээн удаа хойшилсныг нэгд нэггүй дурдах илүүц биз. Хоржоонтой нь, хоёр жил ЖДҮ-гийн хэрэг гэж шуугьсны эцэст 2020 оны наймдугаар сард шүүхээс Б.Батзоригийн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгоод сулласан байдаг. 
 
   Тэгвэл 40 сая төгрөгөөр ЖДҮ-гийн хэргээ наймаалцсан Б.Батзориг өдгөө 40 тэрбумын тансаг оффистой болжээ. Төрийг тоносон, түмний боломжийг хулгайлсан нь тогтоогдсон хулгайчдаа хариуцлага тооцох биш хотын төвийн А зэрэглэлд тансаг оффистой болгож “шагнадаг” тогтолцоо байсаар байгаа цагт Ардын намыг авлигачидтай тэмцэж байна гэж андуурах, хариуцлага тооцно гэж хүлээх хэрэггүй бололтой.  
 
Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “Ти Би групп” ХХК-ийг 2014 онд байгуулсан, гүйцэтгэх захирлаар нь хүү Б.Тэмүүлэн нь ажилладаг. Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Ти Би групп” ХХК-ийнхаа нэр дээр Чойжин ламын сүм музейн зүүн хойд булангаас 864м2 газрыг тасалж авч, 2032 он хүртэл эзэмших эрхтэйгээр өөрийн болгожээ. Улмаар ХХААХҮ-ийн сайдын сэнтийгээс буумагцаа өнөөх газар дээрээ 15 давхар оффисын барилгын ажил эхлүүлсэн байгаа юм. Б.Батзоригийг ЖДҮ-гийн хэргээр шалгагдаж, шүүхэд дуудагдаж байх үед барилгын ажил нь огт зогсоогүй, үргэлжилж л байжээ. Улмаар 2020 оны намар буюу ЖДҮ-гийн хэргээс 40 сая төгрөгөөр торгуулж мултармагцаа “Down Town” гэх тансаг оффисын барилгынхаа туузыг хайчилж, томчуудын хүрээнд нээлтээ хийжээ. 
Тайлбар: Улаан хүрээтэй нь Чойжин ламын сүм музейн газар, Цэнхэр хүрээтэй нь Б.Батзоригийн "Down Town" барилгын газар
Дараа нь, 2021 оны зургадугаар сарын 17-нд Б.Батзоригийн хоёр хүү болох Б.Тэмүүлэн, Б.Түшиг нар нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Ти Би пропертис” ХХК-ийг байгуулсан. Улмаар “Down Town” барилгын оффисын талбайнуудыг “Ти Би пропертис” ХХК-аараа дамжуулан түрээсэлж, худалдан борлуулдаг болжээ. Өдгөө Б.Батзоригийн “Down Town” барилгад “Хаан” банк, “Жэй транс кредит” ББСБ, “Айр инфо” олон улсын билетийн касс, “Tom N Toms” кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагууд болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн хэдэн арван компани оффислож байна.
    Сарын ашиг нь хэдэн зуун саяар, жилийн ашиг нь хэдэн тэрбумаар яригдана. Тансаг оффистоо тухалж, тэрбумын ашиг хүртээд сууж байгаа Б.Батзоригт шүүхээс оноосон “нийтийн албан тушаалд томилогдох эрхийг таван жилээр хасах” шийтгэл ял биш ямбаа эдлэх амралт гэлтэй. Асуудлын гол нь, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд байхдаа “Тээвэр ачлал” гэх автобус, микрогоор үйлчилдэг компаниас өөр овойж оцойх бизнесгүй гэж мэдүүлдэг байсан Б.Батзориг албан тушаалаасаа буумагцаа ямар мөнгөөр, хэрхэн хотын А зэрэглэлд 15 давхар барилга босгосон бэ. Энэ асуултын хариултыг ХХААХҮ-ийн сайд байхдаа хоёрхон гарын үсгээр ЖДҮХС-гийн 99.5 тэрбум төгрөгийн баруун, солгойгүй тараахдаа хэчнээн төгрөгийг хувьдаа завшсан бэ гэдгээс хайх хэрэгтэй байх. Цаашилбал, төрийг тонож, татвар төлөгчдийн мөнгийг намынхандаа тараасан Б.Батзориг тансаг оффистоо тавчигтай тухалж байхад хаяа залгаа Чойжин ламын сүм музей төвийн шугамд холбогдоогүй, төсвийн цалинтай ажилтнууд нь эсгий гуталтай зутарч суугааг бодохоор хэчнээн гунигтай. 
 
Ийм байхад, Ардын намынхан хулгайчтайгаа тэмцсэн болж, ард түмэн түүнд нь итгэсэн болж, хаа хаанаа хэн хэнийгээ хуурч “жүжиглэхээ” больцгоосон дээр юм биш үү. Торгоод тавьж явуулахаас хойш Хөгжлийн банкны хэрэгтнүүдийн шүүх хурал гэж Улаанбаатар чуулгын тайзнаа урлагийн тоглолт хийгээд яах юм. Нүүрсний хулгайн хэрэг л гэхэд хэдэн хурган даргаас өөр хоригдсон хүн байхгүй, яллагдагчаар татагдсан зургаан түшээгийнх нь тал нь Төрийн ордондоо, тал нь тансаг хаусандаа тухалцгааж буй. Адаг сүүлд нь, акулуудад хүргэх ганц өгөөш Б.Ганхуягийг хүртэл суллаж үзээд, ард түмэн яаж хүлээж авахыг ажиглаж, товчхондоо тохуурхаж байна. Нүүрсний хулгайн мөнгөөр хотын төвд барилга, хотын захад хотхон босгосон нь баримтаар нотлогдсон Б.Ганхуягийг суллуулж чадаж байгаа юм чинь түшээдээ хамгаалж үлдэх нь тодорхой биз. Ер нь тэгээд, шүүгээндээ мөнгөтэй дарга нарт хүрдэггүй шүүр ажиллагаагаар ч яах юм. 70 шахаж яваа Т.Бадамжунайг шүүрч авчраад л далавч нь цуцаж, далай гаталж чадахаа больчихдог шувуу ажиллагаагаар ч яах юм. 
 

ХЭРЭГТНҮҮДДЭЭ “ХАЙРТАЙ” МАН БУЮУ ЖДҮ-ЧИН Б.БАТЗОРИГ ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАЯАНД 15 ДАВХАР ОФФИСТОЙ БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 17:00:38
    Аяаяа: Аяаяа оюука сайд хулгайч нараа дийлэхгүй нь тодорхой болчлоо хайран эхлэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 13:33:02
    123: Бүгдийг нь буудаж ал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 11:06:51
    Зочин: Шоронд эртхэн ороод бүх хаалтаа хийгээд авчих хэрэгтэй. Одоо шоронд байгаа болон ээлжээ хүлээж байгаа нөхдүүдийн ажил үйлс эрс дээшилсэн. Эр хүн шорон, цэргийн хоолыг заавал ид гэдэг дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 09:57:59
    Отгоо: Монголчууд их аймхай л даа шууд хариуцлага тооцох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 09:22:14
    Зочин: Энэ бол Монголын хуулийн байгууллагын гутамшиг. Батзоригийн идсэн хөрөнгийг нь мэдсээр байж эх үсвэрийг тогтоож чаддаггүй хууль хүчний байгууллагатай. Тэр нь зөвхөн улны хүмүүст үйлчилдэг хүчний байгууллагууд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188