• Өнөөдөр 2024-04-20

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГ ТӨРИЙН ТОМЧУУДЫГ “АТГАЖЭЭ”

2023-04-21,   3910

      Манай төрийн томчууд, тэр тусмаа МАН-ын томчууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд нь “Хас”-ын хочит Ч.Ганхуягийн үүсгэн байгуулсан “Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит” , “Ард санхүүгийн нэгдэл” тэргүүтэй толгой эргэм олон компаниудынх нь хувьцаа эзэмшигч нэртэй хувь хүртэгч болж, ТУЗ-ийн гишүүн сэтэр зүүж, товчхондоо “халаас”-нд нь багтацгаажээ. Төрийн томчуудаас Ч.Ганхуягтай хамтрагч зүтгэгч, “халаасанд” нь багтагсдыг жагсаавал уртаас урт жагсаалт гарна. Тус жагсаалт Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охин “Монполимет групп”-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан гээд эхэлнэ. Мөн Ч.Ганхуягийн “Ард”-аар эхэлсэн олон компаниудад хувьцаа эзэмшигч нэртэй хувь хүртэгсдийг жагсаавал Хорих ангийн захирагч нар, шат шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, прокурорууд, гааль, татварын албаны дарга нар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн газар, хэлтсийн дарга нар, Иргэний нисэхийнхэн, Сангийн яамны хурган дарга нар гээд асар олон хүний нэр гарч ирж байна. Хатуухан хэлэхэд, нийгэм даяар “койн”-ыг муу, буруу гэж жигших мөртөө төрийн томчууд, төрийн албаны хурган дарга нар нь цөм “Ард” койны эзэн Ч.Ганхуягаар “тэжээлгэж” байна. Хамгийн ноцтой нь, “койнчин” Ч.Ганхуяг болон түүний тойрон хүрээлэгчдийнх нь “том” бизнес нь нүүрс болж таардаг. Товчхондоо, Ч.Ганхуяг “нүүрсний мөнгө”-ийг “койн” болгож, койноо төрийнхнөөр өөрсдөөр нь “угаалгадаг” байж болзошгүй ноцтой сэжүүрүүд ч байна. 
 
Тэгвэл бид энэ удаад “хас”-ын хочоо “койнчин” хочоор сольсон Ч.Ганхуягийн хамгийн ойрын хамтрагч, түүнд хүчин зүтгэгсдээс тараах “томчууд”-ыг онцлон танилцуулж байна. 
 

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “БАРУУН ГАР”, СҮ.БАТБОЛДЫН “ЗҮҮН ГАР” БУЮУ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ-ИЙГ ЭЗЭЛСЭН О.ОДБАЯР

      Ч.Ганхуягийн “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Ард кредит” ХХК, “Ард даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Ард даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Одончимэдийн Одбаяр нь УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд агсны хүү. 
   О.Одбаярын тухайд, МАН-ын нөлөөгүй бүхий гишүүдийн нэг, тэр тусмаа Сү.Батболдын “гарын хүн”. Тодруулбал, О.Одбаяр 2010 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Тухайн үед “Койнчин” Ч.Ганхуяг ч Сү.Батболдын эдийн засаг хариуцсан зөвлөх байсныг сануулах нь зөв байх. Цаашилбал, О.Одбаяр Сү.Батболдын Ерөнхий сайдаас буусны дараа Сү.Батболдын хувийн “Алтай холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Дараа нь Сү.Батболд болон “Апу”-гийн П.Батсайхан нарын хамтын эзэмшлийн “Тэнгис” кино театр буюу “Улаанбаатар синема” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Түүнээс хойш Сү.Батболдын татаасаар төрийн өмчит бүхий л компаниудын ТУЗ-ийг дамжсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, О.Одбаяр 2016 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн асуудал хариуцсан Дэд захирлаар томилогдсон. Улмаар 2017 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. 2019 онд төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Одоо О.Одбаяр төрийн өмчит “Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. 
 
Мөн О.Одбаяр, ЗТХ-ын дэд сайд асан, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд АТГ-ынханд саатуулагдсан Ж.Пунцаг, 2016 онд Дундговь аймгаас УИХ-д нэр дэвшиж явсан Б.Амарсанаа нар МАН-ын дэргэдэх “Ардын хүч” ТББ-ын ТУЗ-ийг хамтран эзэмшдэг. Тус ТББ-ын ТУЗ-ийн даргаар О.Одбаяр ажилладаг. Мөн О.Одбаяр, Б.Цогтгэрэл, Ц.Бат-Энх, Ж.Пунцаг, Б.Амарсанаа нар “Шилэн данс хяналт” ТББ-ыг хамтран эзэмшдэг. Сонирхуулахад, "Шилэн" хочит Б.Цогтгэрэл өнгөрсөн өвөл "койнчид"-ыг нийтээр нь намнасан атлаа "Ард" койны эзэн Ч.Ганхуягийг нэг ч дурдаагүйн шалтгаан нь энэ. 
 
Цаашилбал, Ч.Ганхуягийн “алтан” хамтрагч, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаярын эхнэр Сэдбазарын Гэрэлтуяа нь Ч.Ганхуягийн “Ард кредит” ББСБ-ын хамтран эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг.

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ”-ИЙН ХАМТРАГЧ УИХ-ЫН ГИШҮҮН, БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН 

 
   “Койнчин” Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-амгалан нар бизнесийн бүр эртний хамтрагчид. Тухайлбал, сайд Л.Энх-амгалан өөрийнхөө “Интергрупп интэрнэйшнл” ХХК-аараа Ч.Ганхуягийн “Ард даатгал” ХХК-ийн 907.4 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Гэхдээ 2014 онд тус хувьцаагаа бусдад зарж, Ч.Ганхуягтай хамтын бизнес хийхээ больсон гэж байв. 
 
Гэхдээ үнэн хэрэгтээ “койнчин” Ч.Ганхуяг, сайд Л.Энх-Амгалан нарын бизнесийн хамтын ажиллагаа өнөө ч үргэлжилж буй. Тодруулбал, “Ард кредит” ББСБ-ыг Ч.Ганхуягаас гадна Ванданцэрэнгийн Баяржаргал болон эхэнд дурдсан О.Одбаярын эхнэр Сэдбазарын Гэрэлтуяа нар хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Гэрэлтийн Тэлмэн ажилладаг. Г.Тэлмэн нь төрийн өмчит “Монгол шуудан” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан, одоо ТУЗ-ийн гишүүнээр нь ажилладаг. 
 
    Тэгвэл “Ард кредит” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Ванданцэрэнгийн Баяржаргал нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн эгчийнх нь хүү. Тэгээд болоогүй, В.Баяржаргал нь нагац ах Л.Энх-Амгалангаа УИХ-ын гишүүн болсноос хойш өдий хүртэл хувийн бизнесийг нь хариуцаж байгаа нэгэн. Тодруулбал, В.Баяржаргал нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, түүний эхнэр М.Сэржмядагийн эзэмшдэг “Интергрупп интернэйшнл” ХХК, “Титэм блок” ХХК, “Үйлст зул тур” ХХК-уудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дүүгээрээ дамжуулан “койнчин” Ч.Ганхуягтай хамтын бизнесээ, тэр тусмаа ББСБ-ын буюу “мөнгө хүүлэлт”-ийн бизнес явуулж байгаагийн баттай баримт бол энэ юм. 
 

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “АЛТАН” ХАМТРАГЧИД БУЮУ “ГАЦУУРТ”-ЫН ЧИНБАТ, ОХИН Ч.НОМИН, ХҮРГЭН Г.БАТ-ЭРДЭНЭ

      “Койнчин” Ч.Ганхуягийн бизнесийн “алтан” хамтрагчид нь “Гацуурт”-ын Л.Чинбат, түүний охин Соёлын сайд Ч.Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нар. Хамтарсан бизнесийнх нь заримаас танилцуулъя. Соёлын сайд Ч.Номингийн нөхөр, “Монгол телевиз”-ийн захирал Г.Бат-Эрдэнэ Ч.Ганхуягийн “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн 90 хувийн эзэмшлийн “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.Ганхуягийн эхнэр Г.Уянга ажилладаг.
     Цаашилбал, Ч.Ганхуягийн “Ард санхүүгийн нэгдэл” ХК нь “Гацуурт”-ын Л.Чинбат, түүний охин Соёлын сайд Ч.Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нарын эзэмшлийн “Монгол телевиз” ХХК-ийн 20 хувь, “Ори студиос” ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг. Мөн Л.Чинбат, Г.Бат-Эрдэнэ хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг “Ори медиа” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж танилцуулгадаа дурджээ. Харин Ч.Номингийн нөхөр Г.Бат-эрдэнэ нь “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Тиймдээ ч Ч.Ганхуягийн сошиал маркетингуудын нэг “Apprentice Mongolia” шоуг “Монгол телевиз” хариуцан гүйцэтгэдэг ажээ. 
 

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “КОЙНЧИН” ХАМТРАГЧ БУЮУ ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ Х.ЭРДЭНЭБАЯР 

     Ч.Ганхуягийн “Тэнгэрлиг медиа групп” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Хасагийн Эрдэнэбаяр гэгч ажилладаг. Х.Эрдэнэбаяр нь хэдэн мянган хүнийг койноор хохироосон гэгдэж буй. Ингэхдээ Х.Эрдэнэбаяр тус койныг “томчууд”-тай хамтарч гаргасан бөгөөд хэргээ ганцаараа үүрэхээр үлдсэн нэгэн. Тодруулбал, Х.Эрдэнэбаяр нь 2019 онд “Ворлд плас дижитал” ХХК-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хүргэн, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн ХХБ-ны эзэмшлийн “Блүүмберг” телевизийн гүйцэтгэх захирал гэх мэт олон гуншинтай Эрдэнэбаатарын Долгион, Хакухо М.Даваажаргал буюу Шо Хакухо, АМГТГ-ын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга Сангарагчаагийн Пүрэвжав нарын хамт үүсгэн байгуулсан. Улмаар “Ворлд плас дижитал” ХХК-аараа WPL нэртэй койныг зах зээлд гаргасан. Гэвч тэдний WPL койныг худалдаж авсан хэдэн мянган хүн унах унаа, орох орноороо хохирсон гэх бөгөөд WPL койны хохирогчид өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийгээд буй. Гэтэл асуудал дэгдэхтэй зэрэг Хакухо М.Даваажаргал, Э.Долгион нар “Ворлд плас дижитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулсан. Улмаар хууль хяналтын байгууллагаас “Ворлд плас дижитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдсэн Хасагийн Эрдэнэбаярыг шалгаж эхэлсэн гэх боловч хил гарч зугтсан гэх мэдээлэл бий. 
      Бид дараагийн дугаартаа “койнчин” Ч.Ганхуяг болон түүний тойрон хүрээлэгчид нүүрстэй бизнестэй хэрхэн холбогдож байгааг, ингэхдээ Ч.Ганхуяг “нүүрсний мөнгө”-өөр койны бизнесээ санхүүжүүлж, угаадаг байж болзошгүй маш ноцтой баримтуудыг дэлгэх болно. Наад захын хэдхэн жишээг дурдвал, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвжаргалын Батбаяр нь Завханы уугуул бөгөөд МАН-ын “нүүрчид”-ийн нэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай шууд холбогдоно. Мөн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн гишүүн Ч. Мөнхбат нь 2008 оноос хойш “Овоот толгой”-н нүүрсний уурхайг ухаж байгаа алдарт “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажилладаг. “Алтан” хамтрагч Л.Чинбат нь алтны уурхайнуудын эзэн байсан бол өдгөө нүүрсний уурхайнуудын эзэн болсон. “Тэнгэрлиг медиа групп” ХХК-ийнх ТУЗ-ийн гишүүн Х.Эрдэнэбаяр нь “Вүүвүү технологи” ХХК-аараа “нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй Б.Ганхуягаас хууль бусаар тендер авч байсан гэх мэтээр Ч.Ганхуягийн хамтрагчид, тойрон хүрээлэгчид нь цөм нүүрстэй холбогдож байгаа юм. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГ ТӨРИЙН ТОМЧУУДЫГ “АТГАЖЭЭ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 13:08:44
    Зочин: Бүгд хулгайчууд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-06 23:37:32
    зочин : Ардын намын санхүүжүүлэгч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-06 19:31:19
    Зочин: Залилангийн луйварчин хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 14:10:07
    Бат инженер : МАНай намын гишүүнийг бүү оролдооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-24 09:19:56
    Бат: Ганхуягийн хочийг Хасын гэдэггүй юмаа. Чоно гэдэг юм. Цогтгэрэлийн хочийг Шилэн гэдэггүй юмаа. Дарваан хар гэдэг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-22 21:59:43
    тулга: ноцтой нотой юм юу ч алгааа хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-22 12:34:03
    Эрдэнэ : Ганхуяг луйвар хийж байнаа гэж Пүрэвдорж гишүүн 3 жилийн өмнө анхааруулж байсан .МАН хамтрагч учраас мөнгө угааж иргэдийг тэрбум тэрбумаар шулж байхад Нямбаатар хардаггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-22 06:24:46
    Zochin: Tovchihndoo mongold tsever ariun unen zuil gj barag bhgui. Yag l uvliin hortoi utaa shigee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-22 00:41:55
    Зочин: Олиггүй хулгайч гэдэг нь мэдрэгдээд байсиймаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-21 18:44:49
    Зочин: Хувьцааг нь эзэмших нь юун буруу юм бэ? УИХ-н гишүүн бусад өндөр албан тушаалтнууд хувьцаа эзэмших нь хориотой биш биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-21 18:42:07
    зочин: Койн гаргах нь хууль ёсны бөгөөд манай улсынхужлиар зөвшөөрөгдсөн бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-21 14:49:27
    irgen: Zahialgat bichwer haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-21 13:32:59
    Irgen: Saihan ******** umaa. ********.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188