Иргэд нь тав, зургаан цаг зам дээрээ гацан, уур бухимдлаа барж, машиндаа амьдарч байхад замын цагдаа нар ачааллаа дийлэхгүй, амь наана, там цаана тэмцэлдэж байлаа. Ард түмэн, албан хаагч хоёр ялыг нь үүрээд, тулалдаж байхад сайд, дарга нар нь түгжрэл үүсгээд, ногоон гэрлээр өөрсдийгөө татуулж, ямбыг нь үүрээд давхиж байна.
Та боддоо, түргэний тэрэг өвчтөнтэйгөө хоёр цаг тарчилж, хорвоод үлдэх эсэх нь түгжрэлээс шалтгаалж байхад тэдний явсан замын үзүүрт хэн нэгэн дарга зам хаалган давхиж, “Би харих гэж байна. Би ажилдаа явах гэж байна. Явах замын хөдөлгөөнийг зогсолтгүй явуул” гээд тушаал өгч байна гээд. Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулахын тулд хэдэн арван тэрбум төгрөгийн төсөв батлаад, төлөвлөгөө боловсруулаад нэмэргүй юм байна. Түгжрэлийн цаадах түгжээний гол эзэд нь манай улсын сайд, дарга нар ажээ. Тодруулбал, манай улсын сайд, дарга нар өөрсдийгөө нууц нэрээр нэрлэж, замын цагдаагийнханд тушаал өгчихсөн байдаг аж. Тэдний явах замыг чөлөөлөхийн тулд замын цагдаагийн албан хаагчид түгжрэл үүсгэж, зам хаадаг гэнэ. Тэр бүр хэл зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид нэр нь ирсэн сайд, дарга нарын зураг, автомашины номер, марк, нууц нэрийг цээжилж, алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч ажилладаг ажээ.
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар саяхан хэвлэл өгсөн ярилцлагадаа “Иргэд замын цагдаа хэрэгтэй, хэрэггүй таталт их хийж байна гэж хэлдэг. Хэрэгтэй, хэрэггүй таталт хийдэг нь үнэн. Хотын даргыг татдаг эсэхийг мэдэхгүй байна. Таталтан дээр янз бүрийн зүйл гардаг. Тухайлбал, гүйцэтгэх ажиллагаа, хойшлуулашгүй арга хэмжээний хүрээнд таталт хийгддэг юм байна лээ. Мөн зарим үед томоохон хэмжээний осол аваар гараад, урсгал таг болчихвол таталт хийж зохицуулдаг юм байна лээ. Харин манайхны хэлж буйгаар хэрэгтэй, хэрэггүй хурган дарга нар өөрсдийгөө татуулдаг гэсэн. Гэхдээ би үүнийг нь нотолж хараагүй ч тийм зүйл байгаа гэдгийг мэдсэн. Хэрэв татуулдаг асуудал баримттайгаар гарч ирвэл маш ноцтой асуудал болно шүү. Үүнийг бол өршөөж, уучлахгүй. Хатуу хариуцлага тооцох болно” гэж ярьжээ. Тэгвэл түгжрэл үүсгэдэг, ногоон гэрлээр давхидаг, зам хаалгадаг, замаа цэвэрлүүлдэг, татуулдаг, түгжээний гол эздийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын дуудлага нь Өгөөмөр. Замын цагдаагийнхны станцаар “Өгөөмөр яамны үүднээс хөдөллөө. Өгөөмөр гэрээсээ гарлаа. Өгөөмөр уулзалт руу явлаа” гэж мэдээ дамжихад Х.Нямбаатар сайдын зорчих замын урсгал, чиглэл хэдийнэ нээгдсэн байдаг гэнэ. Замын цагдаагийн албан хаагчид түүний явах чиглэлийн замын хөдөлгөөнийг дэмжин, зориудаар чөлөөлж, цэвэрлэчихсэн байдаг ажээ. Түүний машины марк, дугаар нь Sonata 8: /26-69 УБГ/. Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа болон амарч байгаа бүх албан хаагч түүний прол, машины номер, марк, зургийг ягшитал цээжилж, алдаа гаргахгүй байх онцгой даалгавартай.
Хоржоонтой нь, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг өглөө, оройгүй бодож байгаа ганц хүн нь би боллоо. Зүрх муутай хүн бол муудахаар боллоо. Унтахдаа хүртэл зүүдэлж байна шүү дээ” гэж хэлээд, зүтгээд л байлаа, зүтгээд л байлаа. Гэтэл хамтран зүтгэгч Хотын дарга Д.Сумъяабазар нь түгжрэлийн гол эзэн байна гэвэл та итгэх үү. Хотын дарга түгжрэл үүсгэж, өөрийнхөө зорчиж байгаа замыг замын цагдаагийнхнаар “цэвэрлүүлж”, ногоон гэрлээр татуулдаг байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын КИА: /00-46 УБҮ/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоход шуурхай дэмжих ажиллах ажиллагаа идэвхжиж, ойролцоох замын хөдөлгөөн зогсож, Хотын дарга ногоон гэрлээр хурдалдаг гэнэ. Тэгэхээр Хотын дарга түгжрэлийн талаар мэдэхгүй, хөрсөн дээр буух шийдвэр гаргаж чадахгүй нь байгаа аргагүй бололтой.
Хотын дарга нь ганцаараа түгжрэл үүсгэж, суга татуулж, өөрийнхөө явах замыг цэвэрлүүлдэггүй. Хотын хоёр орлогч нь хүртэл өөрийнхөө автомашины дугаарыг, марктай нь өгөөд, замын цагдаагийнханд тараачихсан байдаг юм байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, орлогч З.Төмөртөмөө нарын автомашиныг явуулахын тулд зориудаар зам хааж, түгжрэл үүсгэж байж, ногоон гэрлээр ажил, гэр, цэнгээний газар, уулзалтын байрандаа хүрдэг ажээ.
-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН
Х.ОПТИМА: /03-22 УБҮ/
-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ
Т.ЛАНД /00-13 УНА/
Хэрэв тэднийг шуурхайн дэмжин ажиллаж, хөдөлгөөнийг нь зохицуулахгүй бол албан хаагч буруудна. Хүнээ таниагүй, шуурхай ажиллагааг дэмжээгүй, албанаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, онцгой тушаал зөрчсөн гээд арга хэмжээ авахуулна. Албанаасаа хөөгдөхөөс наагуур зүйл болно.
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нь “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. Нэгдүгээр эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа” гэсэн байдаг.
Гэтэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түгжрэл үүсгэн давхих цувааны тэргүүн эгнээнд давхиж явна. Өөрөөр хэлбэл, түгжрэл үүсгэгч нь буяны цуваа биш, талийгаачид биш УИХ-ын гишүүн С.Одонтуяа байжээ. Тэрбээр Т.ЛЕКСУС 570: /02-00 УНҮ/ дугаарын автомашинтай ажээ. Замын цагдаагийнхан салбар хариуцсан сайдаа, Хотын удирдлагаа танихаас, замын хөдөлгөөнийг нь дэмжихээс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүртэл таньж, ногоон гэрлээр суга татах ёстой гэнэ.
Тээврийн цагдаагийн албаныхан, замын цагдаагийнхан сайд, дарга нарыг ногоон гэрлээр хурдлуулах, зам хааж хөдөлгөөн дэмжих, тэдний машиныг таньж, түгжрэлгүй зорчуулах ажиллагаагаа Шуурхай дэмжих гэж нэрлэдэг юм байна. Шуурхай дэмжих ажиллагааны дараагийн хүн бол Улсын Еөнхий прокурор Б.Жаргалсайхан. Түүний машины дугаар, марк Т.ЛАНД 200: /00-31 УБЗ/. Түүнийг Ерөнхий прокурор байсных нь төлөө замын цагдаагийн албан хаагчид түгжрэлгүй зорчуулах эрх, үүрэг хүлээх ёстой ажээ. Харин ард түмэн түүнийг гэртээ харьж, ажилдаа очсон хойно нь зорчих эрхтэй бололтой.
Замын цагдаагийн албан хаагчдын дараагийн зургийг нь таних, машиных нь номер, дуудах нэрийг нь цээжлэх хүн бол Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат. Тэрбээр Т.ЛАНД 200: /01-11 УБҮ/ улсын дугаартай автомашинтай. Өглөө, үдэш, орой, шөнө хэдийд ч, хаана ч явсан түүний явах замыг цэвэрлэж, шуурхай дэмжин ажиллах үүргийн замын цагдаагийнхан, Шуурхай удирдлагын гэрлэн дохионууд хүлээн авчээ.
Ерөнхий шүүгч Д.Ганзориг Т.ЛЕКСУС 460: /00-91 УНҮ/ улсын дугаартай автомашинтай. Замын цагдаагийнхны зовлон мөн ч хэцүү юм. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн явах замын хөдөлгөөнийг чигээр нь явуулаад, ард түмнийхээ явж байгаа замыг хэд л бол хэдэн минут, цагаар нь албаар хааж, боогдуулаад түгжрэл үүсгэчихдэг. Ерөнхий шүүгч Шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх эрхтэй байж болно. Гэхдээ замын хөдөлгөөнийг хаалгаж, түгжрэл үүсгэж, ногоон гэрлээр татуулах эрхийг түүнд хэн олгосон юм бэ.
Шадар сайд С.Амарсайханы шунал барагдахгүй гэдэг шиг эрх ямба нь дийлдэхгүй бололтой. Хоёрын хоёр машиныхаа улсын дугаар, маркыг Тээврийн цагдаагийнханд өгчихөөд, шуурхай дэмж гээд даалгавар өгчихөөд сууж байна. Тодруулбал, Т.ЛЕКСУС 570: /00-63 УБЗ/, КИА К-8: /03-47 УБЗ/ улсын дугаартай хоёр машин бүртгэлтэй байдаг ажээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооныхон, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-ынхан түгжрэлтэй тэмцэхийн тулд өглөө, оройгүй өөрсдийгөө татуулдаг дарга нараас ажлаа эхлүүлэх нь зүйтэй болох нь ээ. Дээрх дарга нарт улсын төлөө ажиллах, түгжрэл бууруулах үүрэг хариуцлага хүлээлгэсэн болохоос биш, түгжрэлээс өөрсдийгөө татуулж, түгжрэл үүсгэх эрх олгоогүй.
ТАНИЛЦ: ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ НОГООН ГЭРЛЭЭР СУГА ТАТУУЛДАГ САЙД, ДАРГА НАР |
|
2025-04-02 15:02:59
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |