• Өнөөдөр 2024-04-27

С.БЯМБАЦОГТ САЙДЫН ХОВДООС ХОТ РУУ ТҮРСЭН БҮЛЭГЛЭЛИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАХ БОЛООГҮЙ ЮУ

2023-01-02,   3711

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгаа 10 сайдаар “засаж”, сэлбээд 55 хонолоо. Засагтаа залж авчирсан 10 сайдынх нь нэг амнаасаа болж замын дундаас арга буюу буцсан. Үүнээс нь болж үлдсэн есөн сайдынх нь үг, үйлдэл ч олон нийтэд таалагдахаа больчихлоо. Ялангуяа “лай” хочит Л.Халтарын халааг авч, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон С.Бямбацогт. Ажлаа аваад удаагүй “Дарханы зам цементгүй байна” гэж баахан шуугиулж, Хөтөлийг харлуулахын ялдамд “Ховд дахь миний цементийн үйлдвэр ажилд орчихвол хомсдол үүсэхгүй” гэх маягтай Хөгжлийн банкны хэл амаа цайруулахыг оролдсон.
 
Дараачаас нь “Намайг сайд болсноос хойш Дарханы зам урагшиллаа”, “Би зөв удирдлага, зохион байгуулалтаар хангалаа” гэж өдөр тутамдаа “Би”-гээр өвчлөх болсон. Өөрөө л хүрз бариад хамгийг хийгээд байгаа мэт аашлах мөртөө өмнөх сайд Л.Халтарыгаа  хот руу оруулахаа ч больсон гэх. Ингээд болоогүй, Ерөнхий сайддаа бараа болж, алс Германд айлчилж очсон. Хүндэтгэлийн парадын өмнө Ерөнхий сайдынхаа ар нуруунаас бичлэг хийж, ард түмээ “ичээсэн”. Айлчлалаа дуусмагцаа автобус, метронд нь сууж зугаалаад “Унадаг дугуй их унацгаадаг юм байна” гэх мэргэн оноштой буцаж ирсэн. Гэх мэтээр С.Бямбацогт сайдын 55 хоногийн тавтиргүй үйл, үйлдлийг дурдвал олон. 
 
        Гайхмаар нь, үг, үйлдлээрээ төрийн сайдад тэнцэхгүй мэт аяглах атлаа Ховд дахь бүлэглэлээ хотоос удирдаж дөнгөөд байх. Ангийн найзууд, ах дүү нараас нь бүрдсэн тэр бүлэглэл нь түүнээр тордуулсаар байгаад Ховддоо томдоод, хот хүртэл түрчихлээ. Тэр Ховдод цементийн үйлдвэр барьж байхдаа яг зэрэг Яармагт “Хан төгөл” гэх хачин тансаг харшууд босгосон шигээ Ховдын ч, хотын ч төрийн албыг хамаатан садан, хань хамтрагчдаараа зэрэг “дүүргэх” боллоо. Тендер “тонших”, төсөл хэрэгжүүлэх төдий байсан түүний бүлэглэлийнхэн ингэж төрийн албанд жаалж, тэгээд болоогүй албан тушаал, ашигт малтмалын лицензийн наймаанд хүртэл орооцолддог болсон “шуум” дуулдах болов. 
 
Тэгвэл С.Бямбацогт сайдын бүлэглэлийнхнээс эхний удаад хоёр хүнийг тухайлан танилцуулъя. 

С.БЯМБАЦОГТ САЙДЫН НАГАЦ АХ М.ГАНЗОРИГ ХОВДЫН АРДЫН НАМЫГ УДИРДАЖ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАРЬЖ, ХУВИЙН КОМПАНИАРАА ТЕНДЕР ТҮҮЖ, ХОВДОД “ХААНЧИЛЖ” БАЙНА

         С.Бямбацогт сайдын нагац ах М.Ганзориг гэж Ховдод “хаан” суусан нэг эр байна. Хувь, хувьсгалын хэд хэдэн давхар сэтэртэй, “хаан” байхаас аргагүй нэгэн. Жишээ нь, М.Ганзориг Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэгээд болоогүй Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа. Аймгийн Ардын намын хорооны дарга байна гэдэг нь Ардын нам засаглаж байгаа нөхцөлд Засаг даргын зиндааны албан тушаал гэдгийг тайлбарлах илүүц биз. Мэдээж, М.Ганзоригийн ард С.Бямбацогт бий. Наанадаж л, Ховдын Ардын намынхан хоорондоо хор найруулбал, хотод байгаа С.Бямбацогт мэдэхгүй хоцорно. Тийм ч учраас нагац ахыгаа төрд оруулж, түүнээр дамжуулан аймгийнхаа Ардын намынхныг “атгаж” байгаа гэх үү дээ. 
 
        М.Ганзориг ингэж аймгийнхаа Ардын намынхныг “атгах”-ын сацуу С.Бямбацогтын “Нью прогресс групп”- ХХК-ийн охин компани болох “Ховдын өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн өнгөрсөн хавар Хөгжлийн банкны зээлдэгч гэдгээрээ танигдсан "Вестерн холд" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. "Вестерн холд" ХХК Хөгжлийн банкнаас зээл авч, Ховдод цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлсний дараа М.Ганзориг “Ховдын өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар барилга угсралтын ажлыг нь гардан гүйцэтгэж байгаа. Хотод бид Хөгжлийн банкны зээлийг ид ярьж байхад Ховдод тэр зээлийг ид зарцуулж байсан хүн нь М.Ганзориг гэсэн үг. Өнгөрсөн оны намар С.Бямбацогт УИХ-ын дарга Г.Занданшатарыг Ховдод дагуулан очиж, тэгээд бүр цементийн үйлдвэр барьж байгаа талбайдаа аваачаад нагац ах М.Ганзоригтоо “Алтан гадас” одон өгүүлсэн байна лээ. Нагац ахынхаа асар их хөдөлмөрийг үнэлэх гэсэн сэтгэл нь тэр биз. 
Тайлбар: Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дарга, "Ховдын өргөө" ХХК-ийн захирал М.Ганзориг, хүү Г.Амартүвшингийн хамт
       С.Бямбацогтын нагац ах М.Ганзориг хувьдаа мөн бизнестэй. Тухайлбал, эхнэр Гомбожавын Цэрэнханд нь “Тэгш стандарт” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. “Тэгш стандарт” ХХК нь барилгын материал худалдаалах, хүнсний ногоо тариалах чиглэлтэй мөртлөө Ховд, Говь-алтай, Увс аймагт улсын төсвийн хэрэгжих барилга угсралтын тендерүүдэд оролцдог, шалгардаг болсон. Жишээ нь, Ховд аймгийн Чандмань суманд Эрүүл мэндийн төвийн барилга барих 980 сая төгрөгийн тендер, Говь-Алтай аймгийн Дарви, Дэлгэр, Халиун сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих 1.8 тэрбум төгрөгийн тендерийг тус тус С.Бямбацогтын нагац ах М.Ганзоригийн эхнэр Г.Цэрэнханд “халаасласан” байна. Нөхөр нь аймгийнхаа Ардын намыг удирдаж, эхнэр нь аймгийнхаа тендерүүдийг аваад, арай л дэндүү биш гэж үү. 
 
С.БЯМБАЦОГТЫН НАГАЦ АХ М.НЯМДАВАА ШШГЕГ-ЫН ДАРГА, ГЕНЕРАЛ Д.ЗАГДЖАВТАЙ НИЙЛЖ ХЯТАДУУДАД ЛИЦЕНЗ “ШАХДАГ” ЮМ БИШ БИЗ...
 
        С.Бямбацогт сайдад М.Нямдаваа гэж бас нэг нагац ах бий. М.Нямдаваа нь С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням, С.Баянмөнх, С.Баянчулуун болон төрсөн хүү Б.Билгүүн нартай хамт “Ньюпрогресс групп” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Ньюпрогресс групп”-ийн охин компани “Алтайн зам” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн. М.Нямдаваагийн хүү Н.Ариунбаяр нь “Ньюпрогресс групп”-ийн охин компани “Андын харгуй” ХХК-ийн захирлаар ажиллаж, Дорнод аймаг дахь газар тариаланг нь хариуцдаг. Энэ мэтээр М.Нямдаваа, С.Бямбацогт нарын ажлын болон ах дүүгийн харилцаа дотно. 
 
 
         Нагац ах М.Нямдаваагийнх нь бусад бизнесийг судлаад үзвэл маш ноцтой хэргийн сэжүүр баригдаж байна. Тодруулбал, М.Нямдаваа 2008 оноос хойш өнөөг хүртэл Маналжавын Баатархүү гэгчтэй хамтран “Эй Ти Кэй” ХХК-ийг эзэмшиж байгаа ажээ. Гэтэл Маналжавын Баатархүү нь 2017 оноос эхлэн “Минвеско” ХХК-ийг давхар эзэмшдэг болжээ. Ингэхдээ БНХАУ-ын “Эрчим хүчний нөөц” компани, БНХАУ-ын “Шинэ энергийн үйлдвэрлэлийн хөгжил” компанитай хамтран эзэмшиж эхэлсэн бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Лонжидпилын Сайханцэцэг гэгч ажиллах болжээ. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2019 оноос Ням-Очирын Ариунзаяа гэгчтэй хамтран “Гео зил” ХХК-ийг эзэмшиж эхэлсэн байна. Ноцтой нь, хятадуудын хамааралтай энэ хоёр компани Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд сумын нутагт асар том талбайтай ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатай эзэмшиж буй. Энэ лицензүүд хятадуудад гарт зарагдаж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон.
 
 
        Хамгийн ноцтой нь, “Гео зил” ХХК-ийг хамтран эзэмшигч Ням-Очирын Ариунзаяа нь ШШГЕГ-ын дарга, генерал Д.Загджавын төрсөн дүү Д.Загдсүрэнгийн охин. Мөн “Минвеско” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лонжидпилын Сайханцэцэг нь Д.Загджавын үүсгэн байгуулсан “Монголын хөгжлийн үүд” сангийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм байна. Гэхдээ “Гео зил” ХХК-ийг эзэмшигч Н.Ариунзаяа нь 2019 онд их сургуулиа төгссөн, гадаадад амьдарч байгаад ирсэн, өнгөрөгч зургадугаар сард нэр бүхий гаалийн байцаагчийн хүүтэй гэрлэсэн юм байна. Ингэж харвал, хятадуудын хамааралтай, лицензийн хэрэгт холбогдоод байгаа дээрх компаниудын жинхэнэ эздийг Н.Ариунзаяа гэх эмэгтэйгээр өнгөлөн далдалж байна гэж харагдаж байгаа юм. 
 
     Тэгвэл С.Бямбацогтын нагац ах М.Нямдаваа руу эргэж оръё. Судлаад үзвэл, Н.Ариунзаяагийн ээж буюу генерал Д.Загджавын дүү Д.Загдсүрэнтэй М.Нямдаваа болон түүний эхнэр Г.Мөнхнасан нар гэр бүлийн найзууд ажээ. Мөн М.Нямдаваа, Г.Мөнхнасан, Д.Загджав, Д.Загдсүрэн нар нэг нутаг буюу Ховд аймгийнх гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Энэ холбоо хамаарал болон хятадуудад лиценз “шахдаг” хэргийн тухай дэлгэрэнгүй танилцуулахын тулд Д.Загджавын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан намтар, төрсөн хүүгийнх нь лиценцтэй компаниуд, цаашлаад УИХ-ын гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн ах дүү нарыг ч танилцуулах шаардлага гарч болзошгүй учраас дараагийн дугаартаа дэлгэрүүлэх нь зүйтэй болов уу. 
 
Харин М.Нямдаваагийн тухай нэмж дурдах хоржоонтой нэг баримт байна. 
 
С.БЯМБАЦОГТ САЙД НАГАЦ АХ М.НЯМДАВААГИЙНХАА ХУДЫН ГАРГАСАН ЗУРАГ ТӨСЛӨӨР ДАРХАНЫ ЗАМТАЙ ЗУУРАЛДАЖ ЯВАА ЮУ
 
       Санаандгүй тохиолдол олон байдаг ч С.Бямбацогт сайдад тохиолдсон шиг санаандгүй ховор байх. Тодруулбал, М.Нямдаваагийн хүү Н.Ариунбаярын эхнэрийг Даваагийн Намуун гэдэг. Харин Даваагийн Намууны төрсөн ахыг Даваагийн Чинтүшиг гэдэг. Гэтэл Д.Чинтүшиг нь “Эм Си Пи Си жи ар” ХХК-ийн зургийн инженерээр ажиллаж иржээ. Хоржоонтой нь, “Эм Си Пи Си жи ар” ХХК нь 2017 онд буюу Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км автозамыг шинэчлэх асуудал яригдаж эхлэх үед зураг төслийг нь 3.1 тэрбум төгрөгөөр гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яаманд “шахсан” гэж хэвлэлээр шуугиулж явсан компани. Өөрөөр хэлбэл, С.Бямбацогт сайд нагац ах М.Нямдаваагийнхаа худын гаргасан зураг төслөөр Дархан-Улаанбаатарын автозамтай зууралдаж байгаа болж таарч байна. Хоржоонтой биш гэж үү. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

С.БЯМБАЦОГТ САЙДЫН ХОВДООС ХОТ РУУ ТҮРСЭН БҮЛЭГЛЭЛИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАХ БОЛООГҮЙ ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 17:25:32
    Зочин: Бямбацогт түүний ах дүүсиййн бүлэглэлийг Монголын төр дийлэхгүй гэж үү. Адгийн авлигачид үнэхээр даварч бна. Эднийн шалгаачээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-06 11:24:40
    Зочин: Авилга хулгай луйвар хийсэнн хэнийг ч ямарч өчиггүй буудах эрх хүн бүрт бдаг боо аль хэдийн энэ хүнийг сумгүй болтлоо буудаад алсан бгаа би
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 00:00:49
    Зочин: Энэ хүний шунал хэзээ дуусах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 23:15:02
    Болд: Шаана биз! Ховдын МАН н дарга өөр хүн байдаг.Бямбацогт Ховдоос 4 сонгогдсон хайр татсан хүү шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 20:46:22
    Зочин: Бямбацогт хувийн эрх ашгийнхаа төлөө хужаагийн УЦС бариулах гээд өчнөөн хүмүүсийг болон улсыг хохироож байгаа. Заавал олон дахин нугалсан өртгөөр УЦС барих гээд байгаа бол ойролцоо газар нь хүн амьтангүй, мод багатай, өндөр хүчдлийн шугамтай газар байсаар байхад тэр олон хүнийг золиосонд гаргах гэж хувиа хичээж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 19:26:29
    Х: Нямдорж Бямбацогт Хүрэлбаатар Чойжилсүрэн Дорлигжав гэх мэт алдарт хүмүүсийг хууль хяналт яагаад шалгадаггүй юм бол гайхаад байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 14:50:06
    зочинн: ёозон нүдэт ёроолгүй шуналтай гэж ховдчууд бид хэлээд байсан. одоо дахиж хэзээч сонгохгүй.одоо энэ хүн АТГ шалгагдаж байгаа.удахгүй шорон далан давхар хоёрын нэгэнд зоолттой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188