• Өнөөдөр 2024-04-27

У.ХҮРЭЛСҮХИЙН УТААНЫ ЭСРЭГ ЗАРЦУУЛАХААР БАТЛУУЛСАН 670 ТЭРБУМЫГ САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН Ц.ДАВААЦЭРЭН НАР УТААНД УГААЧИХЛАА

2023-01-08,   1413

      Сайд асан Н.Уртнасан ердөө жилийн өмнө огцорч байлаа. Тэр болон түүний багийнхан ядарсан ард түмэндээ “ял” тулгаж, утааны “хэрэгтэн”-г илрүүлэхээр “Дрон нисгэж “ядуурлын” утаа саагиулсан яндангуудыг илчилж, хатуу чанга хариуцлага тооцож, ял асууж, янданг нь хураана” гэж томорч байгаад огцорч байлаа.

       Өдийгөөс ердөө 365 хоногийн өмнө яндангаас нь хар утаа суунагласан гэр хорооллын борог амьдралтай айл руу Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн хэдэн дарга дайрч ороод, “За, яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна. Чи сайжруулсан түлш авч чадаж байгаа юу. Тэгээд яагаад гэрийн чинь яндангаар хар утаа гараад байгаа юм” гээд л загнаж байсан сан. Зуухныхаа хажууд загнуулж зогссон ядруу эр  “Толгой, шийрээ хурдан болгох гээд шахмал түлш асахгүй байхаар нь ороолтоо хийчихсэн юм аа. Манайд харин мод авах мөнгө байдаггүй ээ. Хурдан ноцоох гээд аргаа барсандаа л хийчихлээ. Түүнээс биш түлээ, нүүрсээ л түлнэ шүү дээ” гэж хэд учирлаж, тэвдэж зогссон сон.  Улаанбаатарыг утаатай болгосон “хэрэгтэн”-ийг барьчихсан аятай Уртаа сайдын багийнхан таахалзаж байсан ч ждалгүй шийдэл нь, шийдвэр нь буруу, ажлаа хийж чадаагүй гэх үндэслэлээр чөлөөлөгдөж байлаа.

          Уртаа сайд суудлаасаа буугаад бүтэн нэг жил өнгөрлөө. Улаанбаатар утаагүй болсон уу гэвэл үгүй. Хаврын хавсаргатай урт өдрүүд, зуны аагим халуун, намрын сэрүүхэн өдөр утаагүй байсан уу гэвэл байсан. Гэхдээ дүн тавиулдаг, идэр есийн хүйтэнд өнөөх л үхлийн хөндий, урд талын машин харагдахгүй шахам бүрхсэн их хар утаатай Улаанбаатар хэвээрээ байна. Бүр дордсон ч байж мэдэх өдрүүд өнгөрч байна. Бид энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

     Нэгдүгээр сарын 2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансарын ШТС, Дарь-Эх рүү салдаг хэсэг. Хоолой хорсож, хахаж цацмаар өтгөн хар утаа. Урдхан талд явган яваа хоёр хүүхдийн гадуур хувцасны өнгө ч харагдахгүй шахам. Хүзүүний ороолт, амны хаалтаа доошуулбал угаартаж мэдэхээр ч нөхцөл байдалтай байлаа. Улсынхаа нийслэлийн А зэрэглэлд, хотын төвөөс ердөө хоёхон км-ийн зайд иргэд нь нэгнийхээ царайг ч харахгүй шахам манарсан, өтгөн хар утаан дунд сүлжилдэцгээх.

У.ХҮРЭЛСҮХИЙН БАТЛУУЛСАН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 2025 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛЖ ДӨНГӨХ ҮҮ

      Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, “Улаанбаатар хотын утаа 50 хувь буурлаа” хэмээн алга ташуулж, тууз хаачилж байлаа. Тэр болон түүний Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг  2025 он хүртэл хэрэгжүүлэхээр батлуулж, 670 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Уг төсөвт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүд, автозам, түхий эд худалдан авах, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар тусгасан байдаг. Гэхдээ Улаанбаатарыг утаагүй болгохоор Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын тусламж авсныг энд дурдах нь зүйтэй. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот утаатай, униартай, угаартай хэвээр байна. У.Хүрэлсүхийн баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байна. Үндсэндээ бол, Улаанбаатарын утаа арилахаасаа өнгөрч, хэд хэдэн алхамаар ухарч, үндсэн түвшиндээ, байсан хязгаараасаа ч даваад улаан шугам руу орчихоод байна. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд төсөвлөсөн 670 орчим тэрбум төгрөг утаанд угаагдаад угаар болчихсон бололтой.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭД УЛААНБААТАРЫН УТАА “ХАМААГҮЙ”

   Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг Уртаа сайдаас үргэлжлүүлэн авсан сайд бол Б.Бат-Эрдэнэ. Үндсэндээ тэр өнгөрсөн өвөл утааны эсрэг ямар ч ажил хийж амжаагүй гэж хэлж болно. Түүнийг сайдын суудалдаа суух, ажилдаа ханцуй шамлан орох, ажилтайгаа танилцах гэсээр байтал урин цаг ирж, хорт утаа уушгинд орох хэмжээнээс багасч, шингэрсэн. Нэг үгээр бол Б.Бат-Эрдэнэ сайдад цаг агаар боломж олгосон гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын сайд нараас чих нь халууцаагүй гурван улирлыг барсан хүн гэвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг л хэлэх байх даа. Харин одоо түүний ажилд нийслэлийн утаа төвөггүйхэн шиг муу дүн тавьж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс утааны эсрэг ямар ажлыг, хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодруулахаар холбогдох гээд чадсангүй. “Хуралтай байгаа тул мессеж бичнэ үү” хэмээн мессеж үлдээгээд, өрөөндөө байсангүй.

Угтаа бол түүнээс өмнөх сайд “Дрон нисгэнэ, хар утаа гаргаж байгаа айлыг хянана, айлуудаар хяналт, шалгалт хийнэ. Сайжруулсан шахмал түлшийг шинжилгээнд хамруулна” гээд оновчтой, оновчгүй олон ажлыг зохион байгуулж, буруудахдаа буруудаж, зөвдөхдөө зөвдөж явлаа. Нэг үгээр бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатарыг утаагүй болгох ажилд гараа ч “дүрсэнгүй” дөн өвлийг хүргэлээ. Тэр утааны талаар цэг, таслал ч тавилгүй сайдын суудалд суугаад жилийн ойтойгоо золголоо. Б.Бат-Эрдэнэ суудалдаа хэвээр, Улаанбаатарын утаа улам л ихэслээ. Өөрчлөдсөн өөр зүйл алга.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ДАВААЦЭРЭН САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ СТАНДАРТ АЛДСАН УУ

       Бид БОАЖЯ-наас гараад “Тавантолгой түлш” ХХК-ийг зорьсон ч мөн л шинэ дарга Ц.Даваацэрэнтэй уулзаж чадсангүй. Хуралтай, завгүй гэсэн хариултыг харуул нь утсаар өгч байна. Сайжруулсан түлш стандартын дагуу орц найрлагаар үйлдвэрлэгдэж байгаа юу,  хатлага, дамжлагад асуудалд гарсан уу, химийн найрлагыг хэзээ дахин шинжлүүлсэн зэрэгт хариулт өгөх хүн алга.

        Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр Ц.Даваацэрэн барьцалдуулагч бодисны хэмжээг багасгаж, сайжруулсан шахмал түлшний стандартыг зөрчсөн байж болзошгүй гэнэ. Мөн үйлдвэрлэсэн түлшээ үйлдвэрийн аргаар хатаагаагүйгээс болж нойтон түлш иргэдийн гар дээр очиж байгаа гэнэ.  

         Өөр нэг эх сурвалжийн хэлснээр Ц.Даваацэрэн сайжруулсан түлш, утаанд анхаарах завгүй хууль хяналтын байгууллагад шалгагдаж, амь наана, там цаана байгаа гэнэ. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн болон тус компанийн ерөнхий нягтлан бодогч н.Билэгдэмбэрэл нарын албан өрөөнд өнгөрсөн намар нэгжлэг хийж, бичиг баримт, бэлэн мөнгө хураан авсан гэх.

Эх сурвалж хэлэхдээ “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нь өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгож, гэрээ хийхгүйгээр таван тэрбум төгрөг өгсөн гэсэн. Түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эл хэрэгт нягтлан бодогч н.Билэгдэмбэрэл оролцсон гэсэн” гэлээ.

        “Тавантолгой түлш” ХХК-ийн дарга нь хууль хяналтын байгууллагад шалгагдаад эзгүй айл шиг, ажил нь тодорхойгүй байгаа бололтой. Ундуй сундуй үйлдвэрийн барилгын хашаанаас хэдэн машин холхилдож, нүүрс тээвэрлэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: НЭР, ХАЯГ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА

        “Тавантолгой түлш” ХХК”-ийнхан барьцалдуулагч бодисны оронд “Улаанбаатар” гурил хэрэглэж байгаад бидэнд баригдсан байдаг. Үүнийгээ тэд туршилтын журам, хил гааль хаалттай учраас орлуулж байна хэмээн тайлбарлаж байсан удаатай. Тэгвэл одоо уг үйлдвэр ямар барьцалдуулагч бодис хэрэглэж байгаа нь тодорхой бус байна.

         Энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад “Барьцалдуулагч бодисыг БНХАУ, ОХУ-аас авдаг байсан. Сүүлийн үед БНХАУ-аас авч байгаа гэсэн. Гэхдээ үйлдвэр, нэр, хаяг, он, сар өдөр нь тодорхойгүй их хэмжээний савалгаатай барьцалдуулагч бодис үйлдвэрт ирж байгаа гэнэ. Чухам хэн, хаанаас оруулж ирж байгааг дарга нар л мэдэж байгаа байх. Угтаа хамгийн сайн барьцалдуулагч бодис ашиглаж, түлшээ үйлдвэрлэх ёстой. Гэтэл жилээс жилд стандарт алдагдаж байна. Үйлдвэрт ажилладаг техник, технологи багассан гэсэн. Өөрөөр хэлбэл, одоо хэрэглээнд гарч байгаа сайжруулсан түлш хүчилгүй, нойтон байна лээ. Ямар ч шаталтгүй учраас асахгүй уугиж, утаа их гаргаж байна” гэлээ.

Б.Алтанзул: Шахмал түлш түлэхэд 25-30 орчим минут уугиж, дутуу шатаж байна

Харин энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзулаас тодрууллаа.

Тэрбээр “Сайжруулсан шахмал түлш агаарыг бохирдуулагч хүчин зүйл мөн. Үүний хольц болох мидлингийн хүхэрлэг хий харилцан адилгүй байна. Шахмал түлшний хүхэрлэг хийг бууруулах, хатаалтын чанарыг сайжруулах, батбэх байдлыг хангах зөвлөмж өгсөн. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний чийглэгийн түвшин буурсан. Түлшийг түлэхэд 25-30 орчим минут уугиж байна. Бид Экологийн цагдаагийн алба зэрэг байгууллагатай хамтран сайжруулсан түлшний шаталтад хяналт тавьж байгаа. Шахмал түлш дутуу шатаж байна. Үүнээс үүдэн агаарын тоосонцор, угаарийн хий нэмэгддэг. Бид шатаах төхөөрөмж буюу зуухыг шинэчлэх ёстой. 25-30 минут уугиулах биш, ядаж таван минут байлгахыг зорих хэрэгтэй. Энэ технологид анхаарч ажиллахыг “Таван толгой түлш” ХХК-д зөвлөж, хамтарч ажиллаж байна" гэлээ.

      Улаанбаатарын хорт утааны түвшин улаан шугамыг хэдийнэ давчихлаа. Ийм байхад түлш үйлдвэрлэж байгаа ХХК-ийнх нь дарга нь таг, салбар хариуцсан сайд нь ч гүдний, амгүй, уушиггүй юм шиг дүлий байна. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажлыг тань хамтрагчид чинь нурааж, нийслэлчүүдийг аюулын хөндий рүү түлхэж, эрүүл мэнд, амь насаар нь хохироож байна.

 

 


У.ХҮРЭЛСҮХИЙН УТААНЫ ЭСРЭГ ЗАРЦУУЛАХААР БАТЛУУЛСАН 670 ТЭРБУМЫГ САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН Ц.ДАВААЦЭРЭН НАР УТААНД УГААЧИХЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:29:16
    баавар: ПОПРОХ ДУРНЫ ХОНГИО БАТ-ЭРДЭНЭ БОЛ БҮТЭХГҮЙ ХҮН БНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 09:54:42
    цахилгааны шинэ эх үүсвэрийг байгуулая: Цахилгааны эх үүсвэрээ нэмж, цахилгаан хангамжийг бат эх үүсвэртэй болгох ажлаа хийх хэрэгтэй. Дараа нь гэр хороололын айлуудад өдөр, шөнийн хөнгөлөлттэй цахилгаанаар хангавал утаа аяндаа алга болно. Сайжруулсан түлшээр хангахад багагүй төсөв зарцуулж байгаа. Цахилгаанаа гэр хороололын айлуудад хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхэд нэг их давсан зардал гарахгүй шүү. САЙН тооцоод үз. Хотын хойт уулуудаар салхины цахилгаан эх үүсвэрийг барих хэрэгтэй. ГАЛ гаргаад утаа багасахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 22:24:25
    зочин: Би хуучнаар Ардчилсан Герман улсад сайжруулсан шахмал түлш ашиглаж байгааг үзэж байсан.Тэнд ямарч удаа, үнэр танар мэдэгддэгүй л юм билээ.Ядаж тэр орноос чаддаг мэргэжилтэнг нь авчраад санхүүжүүлээд заалгачихаж болдоггүй юм байх даа.Технологид нь л байгаа мэдэж цөхөх юмгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 19:09:15
    Biguun : Pop said odoo bolio
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 19:09:13
    Biguun : Pop said odoo bolio
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 10:19:07
    Ман: Манан мафихан манантуулж байна дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 09:35:49
    жүгдэр: энэ даваацэрэн гэгч хаа явсан газраа балаг тарьж явах юм.хүний шунал гэж агуу юм. зориуд тавиад байдаг байх. сул талыг нь ашиглаж хамт мөнгө идээд сүүлд нь шоронруу марш.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188