• Өнөөдөр 2024-04-20

SOS: ХЯТАДУУДЫН МӨНГӨ УГААХ САЛБАР НЬ МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАН, РАПС БОЛЖЭЭ-II

2022-03-03,   2001

-МОНГОЛЫН ХӨРСӨНД УРГАСАН РАПСЫГ ҮНЭГҮЙ ЭКСПОРТЛОХ “ЭРХИЙН БИЧИГ” ОЛГОСОН ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЖ, ХЯТАДУУДЫН МӨНГӨ УГААЛТЫГ ЗОГСООНО УУ, З.МЭНДСАЙХАН САЙД АА-

              Эргэлт.мн мэдээллийн сайт хятадууд монголчуудын тариалсан, Монголын эрүүл хөрсөнд ургасан рапс буюу тосны ургамлыг дуртай үнээрээ авч, татвар төлөхгүйгээр эх орондоо экспортолж, их хэмжээний мөнгө угааж байж болзошгүй талаар цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Хятадуудын мөнгө олох хэрэгсэл нь Монголын газар тариалан, тэр дундаа рапс болоод 10 гаруй жил болох нь. Учир нь 15 жилийн өмнө 10 мянган га талбайд тариалдаг байсан рапсыг өнөөдөр 88 мянган га талбайд тариалж байна. Энэ бол зөвхөн цаасан дээр бичсэн албаныхны тоо. Угтаа энэ га талбай хоёр дахин нэмэгддэг гэдгийг тариаланчид батлан ярьж байгаа.

         Бид энэ удаагийн дугаарт хятадуудын нийлүүлж буй эх үүсвэр нь тодорхойгүй рапсын үр хөрсийг улаан шороо болгож, хэт алсдаа Монголын газар тариалангийн нутгийг үгүй хийх аюулын харангын бодлого үргэлжилж байж болзошгүй талаар, Монголын хөрсөнд ургасан рапсыг машин машинаар нь урд хөрш рүү тээвэрлэж, хятадуудын гар, хөл болсон ченж нарын даажигнал хэрээс хэтэрч байгааг, тариаланчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлж, урд хөршдөө найр тавьж, татваргүй экспортлох “эрхийн бичиг” олгосон ХХААХҮЯ-ны удирдлагууд, бодлого хэрэгжүүлэгч агентлагууд хэрхэн ажиллаж байгаа талаар хүргэж байна.

ТАРИАЛАНЧИД: ХЯТАДУУДААС АВСАН РАПСЫН ҮРИЙН 20-30 ХУВЬ НЬ УРГАДАГ БОЛСОН

           Манай улсад рапс тариалдаггүй тариаланч гэж үнэндээ алга. Байгаа хэд нь тун цөөн. Олонх нь “Эдийн засагт ашигтай, бордоо шаардалагүй, улаан буудайны хэдэн төгрөг хүлээж, намаржиж, өвөлжиж байснаас бэлэн мөнгөтэй болох боломжтой. Муу талбайд ч тариалсан ургадаг, үр нь олдоц ихтэй” хэмээн ам уралдан магтаж байна, “шар цэцэг”-ийг. Харин зарим нь “Өнөөдөртөө яах вэ, болж байгаа юм аа. Хэт алсдаа бид рапсаа ч тариалах талбайгүй болж мэднэ. Давтан тариалсан талбай нь ямар ч хэрэггүй болж, хөрс доройтож байна. Эх үүсвэр нь тодорхойгүй үр тариалангийн газар нутгийг үгүй хийж болзошгүй. Хятадуудаас авч байгаа үрийн 20-30 хувь нь ургаж байвал их юм болсон. Өвөл авсан үр хавар гэхэд шуудайндаа соёолоод ямар ч хэрэггүй болж байна. Стратегийн гол бүтээгдэхүүнээ хойш тавиад, мөнгө мөнгө гэж гүйлдэх нь алсдаа аюул дагуулна” гэх.  

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР С.ГАНБОЛД: ЧЕНЖ НАР МОНГОЛЧУУДЫН ТАРЬСАН РАПСЫГ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВААД, ХАВАР НЬ ХЯТАД ШУУДАЙНД ХИЙГЭЭД “УРДААС ОРУУЛЖ ИРСЭН ҮР” ГЭЭД ЗАРДАГ

          Бидний холбогдсон 10 гаруй тариаланч нэг утга бүхий зүйл ярьсан учир бид жишээ болгож Хөдөлмөрийн баатар тариаланч С.Ганболдын яриаг хүргэе. Тэрбээр “Улаан буудайнаас илүү рапс тариалах нь элбэг болжээ. Сэлгээний ургамал, эдийн засагт ашигтай. Экспортолж болох учраас тариаланч нарт ч ашигтай. Манайх сүүлийн хоёр жилийн хугацаанд бага талбайд рапс тариалсан. Таван жилийн хугацаанд нэг удаа тариалах ёстой сэлгээний ургамал. Технологийн дагуу, сэлгээгээр тариалаад байвал сөрөг нөлөө гарахгүй болов уу. Харин их хэмжээний масстай ургадаг ургамал учраас ойрхон тариалбал хөрсний элементүүдийг, улаан буудайнд шаардлагатай эрдэс бодисыг үгүй хийх эрсдэлтэй. Технологийн дагуу тариалж чадвал эрсдэл тун бага болов уу. Тариаланчид рапсаа өөрсдөө дур мэдэн урд хөрш рүү гаргах боломжгүй. Хоёр, гуравхан компанид л экспортлох эрх нь байдаг гэсэн. Манай ченж нар хятадуудын мөнгөөр рапс худалдаж аваад, хоёр компанийн нэрээр урд хөрш рүү экспортолдог гэсэн. Рапсын үрийн бодлогыг анхаарах хэрэгтэй болсон. Ченж нар намар болохоор сайн чанарыг рапсыг сая гаруй төгрөгөөр худалдаж аваад, хавар нь хятад шуудайнд хийгээд үр болгож зараад байдаг. Ингэхдээ худалдаж авсан үнэнээсээ 2-3 дахин өндөр төлбөрөөр зардаг. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих хэрэгтэй. Тариаланчид хулхидуулаад байгаа тал бий. Олон дахин тарьсан үр дотооддоо эргэлдээд байхаар ургацын чанар муудна. Өөрөөр хэлбэл, ченж нар Монголын тариаланчдын тариалаад, зарсан рапсыг эргүүлээд шуудайг нь солиод үр болгож зарж байна шүү дээ. Ингэхдээ “Урдаас оруулж ирсэн үр” гэж хэлдэг. Импортоор орж ирсэн гэсэн баталгаа байхгүй, үзүүлэх бичиг баримтгүй л байдаг шүү дээ. Рапсыг газар дээр нь зараад, зөрүүлээд бэлэн мөнгө авдаг болохоор тариаланчид эдийн засгаа бодож, энэ ургамлыг сонирхох болсон. Улаан буудай тариалаад одоо хүртэл борлуулж чадаагүй компаниуд байна шүү дээ. Ингээд бодоод үзэхээр яаж байна” гэв.

ХЯТАДУУДЫН ГАР, ХӨЛ БОЛСОН ДӨРВӨН ЧЕНЖ РАПС ХУДАЛДАЖ АВДАГ

         Тариаланчдаас рапсыг нь хямд үнээр худалдаж авдаг дөрвөн ченж байдаг ажээ. Эл дөрвөн ченж нь хятадуудын мөнгөөр “тоглолт” хийж, тэдний гар, хөл нь болдог гэнэ. Намрын намартаа тариаланчид хятад “эзэн”-тэй дөрвөн ченжийг харуулдаж, арга эвийг нь олж рапсаа аль болох ахиу үнээр зарахыг хичээдэг. Тариаланчдаас авсан рапсаа ченжүүд агуулахад овоолж, хуримтлуулж байгаад хятадуудад хүргэдэг. Өнөөх хятадууд нь эх орон руугаа нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр экспортолж, өндөр үнээр нийлүүлдэг гэх. Тэд намар болохоор дуртай үнээ хэлж, “Авна, авахгүй” хэмээн таахалзаж, хавар болохоор өндөр үнээр үр борлуулж, “Авбал ав, авахгүй бол боль” хэмээн тариаланчдыг арга мухардуулдаг гэнэ. Ингэхдээ бүүр тариаланчдын өөрсдийнх нь тарьсан рапсыг “Урдаас оруулж ирсэн сайн чанарын үр” хэмээн хятад шуудайнд хийн зардаг гэх.

РАПС АВДАГ ЧЕНЖ Б: ТАРИАЛАНЧИД ӨӨСДӨӨ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖГҮЙ

          Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тарьж ургуулсан рапс өнөөдрийг хүртэл тариаланчид болон ченж нарын агуулахад хураалттай байгаа гэнэ. Хил хаалттай учраас рапсаа их хэмжээгээр хурааж, хил нээхийг хоног тоолон хүлээж байгаа гэх. Үндсэндээ цар тахлын хоёр жилийн хугацаанд рапсын бизнес түр зуурын зогсолтод орсон гэсэн үг. Гэхдээ хил нээлээ л бол гэрлийн хурдаар хуримтлуулсан рапсаа машин машинаар ачаад урд хөршийг зориход бэлэн байгаа аж. Бид ченж Б-тэй холбогдож, рапс худалдан авч байгаа талаар тодрууллаа.

-Рапс авч байгаа юу?

           -Одоогийн байдлаар авахгүй байна. Үнэ алга байна. Гэхдээ хилээр чөлөөтэй нэвтрүүлээд эхэлбэл авна. Танайд хэр олон тонн байгаа юм бэ. Бас хаанахын рапс юм бэ. Үрийг нь хаанаас авч тарьсан юм бол.

-Ченж нараас л авсан байлгүй дээ?

         -Тэгвэл удчихсан л юм байна даа.

-Юу гэсэн үг юм бол?

          -Юу гэж тайлбарлаж хэлэхээ мэдэхгүй байна. Хэр олон тонн байгаа вэ гэдгээ мессежээр бичээд үлдээгээрэй. Авч эхэлбэл хамгийн түрүүнд очоод авна.

-Тариаланчид өөрсдөө экспортлох боломж бий юү?

           -Тийм боломж байхгүй. Зөвхөн экспортлох эрхтэй газрууд л экспортолно. Би ч үнэндээ экспортоор гаргах эрх байхгүй. Цааш нь дамлаж зардаг гэсэн үг. Экспортлох эрхтэй хэд хэдэн компани байдаг юм билээ.

-Экспортлоход татвартай юу?

           -Ямар ч татвар байхгүй” гэх товчхон тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган тонн рапсыг хятадууд татваргүйгээр эх орондоо экспортлоход бэлэн болоод байна гэсэн үг.

БАЙР СУУРЬ

Бид рапсын талаар мэргэжлийн хүмүүсээс дараах байр суурийг авсан юм.

Н.БАЯРСҮХ: НЭГ ТАЛБАЙД ОЛОН ЖИЛ, ДАВТАН РАПС ТАРИХ НЬ ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙГ ДОРОЙТУУЛНА

   Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх:

              “Рапсыг ургамлын сэлгээнд оруулж тариалах ёстой. Өөрөөр хэлбэл, буудай тариалаад, дараа жил нь рапс тарьдаг ч юм уу. Ийм маягаар тариалах нь зүйтэй. Гэтэл манай улсын тариаланчид нэг жил өнжөөд, эсвэл жил дараалан нэг талбай дээрээ давтан тариалж байна. Рапсыг нэг талбайд олон жил давтан тариалбал хөрсний үржлийн шим нь буурна. Шинжлэх ухааны үндэслэл нь 4-5 жилийн дараа давтан тарих боломжтой гэж заасан байдаг. Технологийн дагуу тарьж чадахгүй, хөрсөө хайрлахгүй, давтан тариалаад байхаар хөрсний үржил шимийг доройтуулах нь тодорхой шүү дээ. Хүмүүс учрыг нь олохгүй, сэлгээний ургамал гэдгийг нь ойлгохгүй байна. Рапс чинь улаан буудайг бодвол том масс үүсгэж ургадаг. Дэлхийн өндөр хөгжилтэй, газар тариалан хөгжсөн оронд рапсыг тарихдаа заавал бордож тариалдаг. Гэтэл манай тариаланчид бордоо авахаасаа мөнгөө харамлаад хөрснийхөө үржил шимийг дайчилж тариалж байна. Ийм шалтгаанаас болоод рапс тариалсан хөрсний үржил шимийг муутгаж байна. Хэрэв технологийн дагуу, зөв тариалж чадахгүй байна шүү дээ. Олон жил давтан тариалаад эхэлбэл, хөрс дагтаршиж, улаанаараа эргэлдэх нь тодорхой. Жилийн гурван улиралд ажиллаж байгаа тариаланчдын хөдөлмөрийг, эх орныхоо хөрсийг бодсон ч экспортлоход татвартай болгох нь зүйтэй. Үүн дээр албаныхан анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн рапсыг хөрс доройтуулж байна гэж санаа зовохоос илүү тариалж байгаа үрний асуудлыг хөндөх хэрэгтэй. Хятадаас эх үүсвэр нь тодорхойгүй, гарал үүсэл нь хаалттай рапсын үр орж ирдэг нь нууц биш. Ямар сортын, ямар агууламжтай үрийг хөрсөнд суулгаж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Генетикийн өөрчлөлттэй юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхгүй байна шүү дээ. Цэвэр сортын үр байна уу, өөрчлөлттэй, хольцтой үр байна уу гэдгийг нь мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, хил, гаалиараа нэвтрүүлж, тариаланчдынхаа гарт хүргэдэг болох хэрэгтэй” гэв.

О.МӨНХЖАРГАЛ: РАПС ХАМГИЙН САЙН УРГАМАЛ. ХАРИН ЭКСПОРТЛОХДОО ТАТВАРТАЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ

ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор О.МӨНХЖАРГАЛ:

-Рапсыг тариаланчид сүүлийн 10-15 жилийн хугацаанд  эрчимтэйгээр тариалж байна. Энэ нь буруу юм уу, зөв юм уу?

        -Монгол Улсад рапсыг 1980 оноос тэжээлийн чиглэлээр тарьж эхэлсэн байдаг. Харин 1990 оноос Дорнод бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнд рапсыг тосны зориулалтаар тарьж эхэлсэн. 1990 онд Засгийн газар ургамлын тос, элсэн чихэр гэж хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд рапсыг Дорнодод тариалж тос гаргаж авч эхэлсэн. Тэр үед 2000-3000 га талбайд рапс тариад хурааж авсан үрээрээ ургамлын тос хийж байсан юм. Харин Засгийн газар, Ерөнхий сайд солигдож, рапсын тариалалтыг зогсоогоод тосоо импортоор худалдаж авдаг болсон. Хэсэг хугацаанд тариалат зогссон рапсыг 2204 оноос эхэлж тариалсан юм. Одоогийн байдлаар Монгол улсын газар тариалангийн 20-25 хувьд нь рапс тариалж байгаа. Рапс эдийн засгийн үр ашигтай тариа, ашгаа их амархан өгдөг ургамал.  

-Татваргүй экспортолдог юм байна. Монгол Улсын хөрсөнд ургасан рапсыг ямар ч татваргүйгээр урд хөрш рүү экспортолж байна гэхээр танд ямар санагддаг вэ?

         -Татварын асуудал дээр манай улс хатуу бодлого барих ёстой. Энийг бид яам тамгын газартай ярьж байгаа. Үүнийг дагаад замбараагүй байдал үүссэн. Нэр нь тодорхойгүй сортуудыг тариалдаг. Гэхдээ эх үүсвэр нь тодорхойгүй үр тариалах асуудлыг эхнээс нь цэгцэлж байгаа.

-Рапс тарихад ямар сөрөг нөлөөтэй вэ?

          -Ямар ч сөрөг нөлөө байхгүй. Таримлын сэлгээ, эдийн засгийн үр ашигтай таримал, тос гаргаж авдаг. Тариаланчид өөрсдөө технологийн дагуу, зөв тарих ёстой. Рапс их тариад Хөрсний үржил шимийг байхгүй болгодог гэдэг нь нотлогдоогүй. Харин рапс бол буудайн өвчнийг устгадаг. Тиймээс талбайн ариутгагч ургамал гэж нэрлээд байгаа юм. Рапс бол сайн бордоо хэрэгтэй. Сайн сортын үрээр түүхийн эд тарих ёстой. Зөв технологийн дагуу тариалахад ямар ч асуудал гарахгүй. Харин ч эдийн засагт ашигтай, үр өгөөжөө өгдөг ургамал шүү дээ.

-Бодлого барьж байгаа яам нь татвартай болох талаар юу гэж ярьдаг вэ?

             -Татвартай болох ёстой. Одоо яам анхаарч эхлэх байх. Мөн албаныхан 60 мянган га талбайд рапс тариална гэхээр тариаланчид 100 мянган га талбайд тариалдаг нь нууц биш. Учир нь, тариаланчид хувийн өмчийн газартаа ямар хэмжээний тариа тарихаа албаны хүмүүсээр заалгана, тэдний үгэнд орно гэж байхгүй шүү дээ. Харин Монголд тариалаад урд хөрш рүү экспортолж байгааг хязгаарлах нь зүйтэй гэж бодож байна.

            Татвараас булталж, компаниараа бус ченжээр дамжуулж, их хэмжээний бэлэн мөнгөөр рапс худалдаг авдаг. Өөрөө хэлбэл, мөнгө угаах гэмт хэргийг рапсаар дамжуулж үйлдэж байгаа хятадуудын үйлдлийг таслан зогсоож, Монголын хөрс, тариаланч хоёрын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, татваргүй, ганц ч төгрөгийн төлбөргүйгээр урд хөрш рүү экспортлох “Эрхийн бичиг” олгосон шийдвэрийг цуцалж, татвартай болгож өгнө үү, З.Мэндсайхан сайд аа. Газар, газар тариалан гэдэг бол Монгол Улсын үнэт баялаг. Гэтэл хятадууд Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний гэмт хэргийг үйлдэж байна. Газрын хөрсийг доройтуулах техник, технологи, бодлого баримтлан ажиллаж байгаа тэдний эл үйлдлийг, мөн мөнгө угааж байгаа ноцтой гэмт хэргийг нэн даруй таслан зогсооно уу. Сэлгээнд, таван жилд нэг удаа тариалах ёстой ургамлыг жил дарааллан, хүссэн талбайд, хүссэн хэмжээгээр, чанаргүй үрээр тариалж байгааг зогсоох нь зүйтэй. Ингэж байж Монголын хөрсийг хөрсөөр нь хамгаалж үлдэх нь. Хэрэвзээ энэ байдал, өөрөөр хэлбэл, татваргүйгээр экспортлох, чанаргүй үрээр тариалалт хийх байдал олон жил үргэлжилбэл бид улаан буйдаагаа ч тариалах талбайгүй болж мэдэх нь шүү, сайд аа.

Мэргэжлийн хяналтын байгууллага, бодлого хэрэгжүүлэгч агентлаг, яамны мэргэжилтнүүд хяналт, шалгалтын ажлаа чанартай хийнэ үү. Ченж нар нь монголчуудаас намар авсан рапсаа шүүж, цэвэрлээд, хятад бичигтэй шуудайнд хийгээд “Урдаас оруулж ирсэн үр” гээд зарж байна шүү дээ.

 


SOS: ХЯТАДУУДЫН МӨНГӨ УГААХ САЛБАР НЬ МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАН, РАПС БОЛЖЭЭ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 16:53:49
    VENKATA HOSPITAL: Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл [email protected]д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих [email protected] эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл Whatsapp: +19083082601 эсвэл +447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-11 20:37:07
    иргэн: ХААИС доктор Мөнхжаргал маш сайн ургамал гэж батлаад байгаа нь өөрөө монголын минь хөрсийг тамирдуулагч гэсэн үгүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 10:51:23
    zochin: ОХУ-д рапс тарихыг хуулиараа хориглосон!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188