• Өнөөдөр 2024-04-20

АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтран ажиллах гэрээ хийж, захиалга өгсөн хүн нь Х.Баттулга байжээ

2021-04-25,   766

         Ардчилсан нам удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын “DCI group” лобби компанитай хамтран ажиллахаар тохиролцсон гэрээ ил болж, дуулиан тариад буй. Энэхүү гэрээг АН-аас УИХ-д сонгогдсон Ц.Туваан тэргүүтэй гишүүд “Бидэнд хамаагүй, бид мэдэхгүй” гэж өөрсдөөсөө бултуулж байгаа. Тэгвэл Ардчилсан намыг төлөөлөн АНУ-ын DCI группт захиалга өгч, гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн шинэ баримтууд буюу цахим шуудангууд ил боллоо. 
 
Тодруулбал, Ардчилсан намын гэрээ байгуулсан АНУ-д төвтэй “DCI group” гэх лобби компанийн ажилтан Райн Грилло “Вашингтон пост” сонинд сурвалжилга бэлтгэдэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээсэн цахим шуудан нь ил болсон байна. Тэрбээр, уг цахим шуудандаа “Чамд санал болгох сонирхолтой нийтлэлийн санаа байна” хэмээн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бичсэн байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь тэрбээр уг цахим шуудандаа “Манай компанийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Х.Баттулга” гэж бичсэн байгаа юм. “DCI group” гэх лобби компанийн ажилтан Райн Грилло Ардчилсан намтай байгуулсан гэрээнийхээ хүрээнд энэ мэтээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн үйл явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байна гэсэн худал, ташаа мэдээллийг гадаадын сэтгүүлчдэд илгээж байсан нь нотлогдоод байгаа юм. Түүнчлэн худал мэдээлэл өгөөд зогсохгүй Ерөнхийлөгчтэй шууд холбогдож ярилцах боломжийг санал болгосон нь “DCI” гэх лобби групптэй Ерөнхийлөгч Х.Баттулга маш итгэлтэй, дотно харилцаж байгааг харуулж байгаа юм. 
          Түүнчлэн Ардчилсан нам АНУ-ын “DCI” гэх лобби групптэй хоёр сарын хугацаатай, 50 мянган ам.долларын гэрээ байгуулахдаа нэг чухал заалт оруулсан нь “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж заажээ. Ингэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг “DCI” лобби компани захиалагчийг бүрэн төлөөлж зохицуулалт хийх бөгөөд 100 мянган ам.доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатай гэжээ. Мөн 100 мянган ам.доллароос дээших үнийн дүнтэй хэвлэл мэдээллийн зардлыг гурав хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байгаа нь асар өндөр төлбөрийг түргэн, шуурхай гаргаж өгч байхаар зөвшөөрчээ. Ийнхүү төлбөрөө төлж, олон улсын хэвлэлүүдээр “хүссэн мэдээллээ гаргах” улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагааг энэхүү гэрээгээр албажуулсан байна. 
 

Ардчилсан нам болон Х.Баттулгатай холбоотой мэдээллийг “DCI” компанийн Дэд ерөнхийлөгч Кэвин Ивэрс болон ахлах ажилтан Райн Грилло, төслийн зохицуулагч Ребэкка Невилл зэрэг хүмүүс хариуцан, олон улсын хэвлэлүүдэд түгээх ажлыг хийсэн нь удаа дараагийн цахим шуудангуудаас харагдаж байгаа юм. Тэдний цахим шуудан Yahoo зэрэг уншигчдад танигдсан сайтууд хүлээн авч, төлбөртэй хэсэгтээ нийтэлсэн бөгөөд нийтлэлийн төгсгөлд уг мэдээллийн эх сурвалж хэмээн өөр холбооснуудыг зааж өгчээ. Тэрхүү холбоосоор нь нэвтэрвэл “PR distribution” гэх төлбөртэйгөөр хэвлэлийн мэдээ түгээдэг агентлагийн веб сайт бий. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэж гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт нь Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд PR distribution болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно” гэсэн тайлбар бичжээ. 

 
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулга нь дээр дурдсанчлан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэхчлэн мушгиж, худал мэдээлэл дурдсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхт байдалд онцгой аюул учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм. 
Түүнчлэн ардчилал, бүрэн эрхт байдал аюулд орсныг аврах хүн нь Х.Баттулга бөгөөд түүнийг 1990 онд Зөвлөлийн систем задрах унасны дараа тайван замаар ардчиллыг авчрах үйл хэрэгт оролцсон. МоАХ-ны үүсгэн байгуулагч, Ардчилсан намын шанг татсан, бараг 20 жил парламентад ажилласан гэхчлэн аврагчийн дүрээр хөөрөгдөн сайшаажээ. 
 
Ил болсон цахим шуудангийн төгсгөлд “Энэхүү материалыг Монголын Ардчилсан намыг төлөөлж DCI фирм түгээж байна” гэдгийг байнга тодотгон бичсэн нь бий.

DCI фирм нь 1996 онд АНУ-ын Вашингтон хотод байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Тус лобби компани Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад хэд хэдэн кампанит ажлуудыг хариуцан ажилласан туршлагатай. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуулийн үеэр тус компани Кэмбриж, Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуулийн үеэр Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой 384 мянган ам.долларын гэрээ байгуулан ажиллаж байсан нь Нью-Йорк таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байв. Энэ асуудлаасаа болж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг тодруулах дотоод сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI group”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр гэх хүн уг ажлаасаа халагдаж байв. 

 
           Дэлхийн нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар худал, ташаа мэдээлэл түгээлгэж, дурын сэтгүүлчтэй шууд харилцаж сэдэв санал болгож, төлбөр мөнгө төлнө гэдэг тийм ч амар ажил биш. Тиймдээ ч Вашингтонд төвтэй лобби групптэй хамтарч, тэдгээр нь төлбөртэйгөөр хэвлэлийн мэдээ түгээдэг компани олж, улмаар уншигчдын итгэлийг алдсан, найдваргүй сайтуудад байршуулсныг баримтууд нотолж байна. Эдгээр баримт мэдээлэл нь АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны веб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй болов уу.
 

АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтран ажиллах гэрээ хийж, захиалга өгсөн хүн нь Х.Баттулга байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188