• Өнөөдөр 2024-04-19

БАРИМТ: ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН ГАЗАР НУТГИЙГ БҮХЭЛД НЬ ЭЗЭМШДЭГ “ЭЙКҮСОРА” ХХК-ААР ХАЛХАВЧИЛСАН БҮЛЭГЛЭЛ

2023-04-30,   2011

     Монголын тал нутгийг уудам л гэцгээдэг. Гэтэл өнөөх уудам нутаг маань уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбай болон хувирч, хүн мал нь хүний газар байгаа мэт хавчигдаж, хөөгддөг боллоо. Хамгийн ноцтой  жишээ нь, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумынхан. Тодруулбал, Шивээговь сумын төвийн иргэд болон малчин өрхүүд нь “Эйкүсора” ХХК-ийн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд амьдарч байна. Тухайлбал, “Эйкүсора” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт MV-020424 дугаартай Хүрэн дух, МV-020423 дугаартай Шивээговь, МV-020421 дугаартай Шивээговь 1, MV-020419 дугаартай Шивээ-1, МV-020420 дугаартай Шивээ-2 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг. Дээрх нүүрсний ашиглалтын таван тусгай зөвшөөрөл нь 36,365 га талбайг хамарч байгаа бөгөөд энэ талбайд Шивээ говь сумын төвийн 2217 өрхийн өмчлөх эрхтэй газар, 131 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрхтэй газар, 62 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар буюу тус сум бүхэлдээ багтаж байгаа юм. Төрж өссөн, ажиллаж, амьдардаг нутаг нь тусгай зөвшөөрөлтэй талбай болоод олгогдчихсоныг Шивээговь сумынхан мянга эсэргүүцээд ч цуцлуулж чадахгүй өдийг хүрч байна.
 
Тэгвэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болгоод авчирсан “Эйкүсора” ХХК-ийн цаана Амалхааны Эрдэнэбат, Амалхааны Бадрах гэх төрсөн ах дүү хоёр байдгийг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. 
     
Тайлбар: "Эйкүсора" ХХК-ийн MV-020424 дугаартай тусгай зөвшөөрөл Шивээговь сумын төвийг хамарч байгаа нь
       Баримт танилцуулахаасаа өмнө, Шивээговь сумын газар нутагт анх яаж А.Эрдэнэбат гэгчид очсон, хожим А.Эрдэнэбат өөрөөсөө хэрхэн бултуулсныг товч танилцуулъя. Өдгөө “Эйкүсора” ХХК-ийн эзэмшиж буй MV-020424 дугаартай Хүрэн дух, МV-020423 дугаартай Шивээговь, МV-020421 дугаартай Шивээговь 1, MV-020419 дугаартай Шивээ-1, МV-020420 дугаартай Шивээ-2 нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг анх Н.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндолгор гэх хоёр иргэн АМГТГ-аас 2004 оны 8, 9, 11-р сард хайгуулын тусгай зөвшөөрөл хэлбэрээр цувуулж авсан. Улмаар сарын дараа буюу 2004 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Амалхааны Эрдэнэбатын “Шинэ шивээ” ХХК-д шилжүүлж өгсөн. Анхнаасаа А.Эрдэнэбат гэгч нь Н.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндолгор гэх хэний ч танихгүй хоёр иргэний нэрийг ашиглаж, тухайн тусгай зөвшөөрлүүдийг гаргуулж авсан гэсэн үг. Хожим нь, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдрөөр далимдуулан А.Эрдэнэбат “Шинэ шивээ” ХХК-ийнхаа нэр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулж чадсан. Тэгмэгцээ тэр өдрөө шахуу “Шинэ шивээ” ХХК-аа таван тусгай зөвшөөрөлтэй нь хамт ХонгКонгод бүртгэлтэй “Cornerstone marketing asia limited” компанийн эзэмшлийн “Эйкүсора” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Ингээд 2016 оноос хойш долоон жил Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэд “Эйкүсора” гэх ХонгКонгийн компанитай л хөөцөлдөж, хана мөргөсөөр өдий хүрч буй. Хэрвээ “Эйкүсора” ХХК нь Монгол хүний нэр дээр байсан бол Шивээговь сумынхны тэмцэл илүү хялбар байх байв. 

    Хамгийн ноцтой нь, “Эйкүсора” ХХК-ийг цаасан дээр эзэмшдэг “Cornerstone marketing asia limited” компанийг судалж үзэхэд ХонгКонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гэхээс өөр мэдээлэл буюу цахим хуудас, албан ёсны хаяг бүртгэл, бизнесийн түүх замнал гээд юу ч алга. Илүү ноцтой нь,  Амалхааны Эрдэнэбат, Амалхааны Бадрах гэх ах дүү хоёр ХонгКонгод бүртгэлтэй цаасан дээрх “Cornerstone marketing asia limited” гэх компаниар халхавч хийж, цаагуураа “Эйкүсора” ХХК-ийг өөрсдөө эзэмшиж байж болзошгүй ноцтой баримтууд байна. 


БАРИМТ 1: “ЭЙКҮСОРА” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДЭЧИНЛХҮНДЭВИЙН ТӨРБОЛДЫН ХУВИЙН КОМПАНИУД АМАЛХААНЫ БАДРАХЫН КОМПАНИУДЫН ХАЯГ ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ БАЙДАГ

    А.Эрдэнэбат “Шинэ шивээ” ХХК-аа таван тусгай зөвшөөрөлтэй талбайтай нь хамт “Эйкүсора” ХХК-д шилжүүлснээс хойш буюу 2015 оноос хойш “Эйкүсора” ХХК болон “Шинэ шивээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  Дэчинлхүндэвийн Төрболд гэх залуу ажиллаж байгаа.  Тэгвэл Дэчинлхүндэвийн Төрболд нь хувьдаа “Лайв эмпайр групп” ХХК, “Мизү клинкер” ХХК, “Шинэ шивээ Юу Си Жи” ХХК-уудыг эзэмшдэг. 
Тайлбар: "Эйкүсора" ХХК болон "Шинэ шивээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Төрболд
Хамгийн ноцтой нь, Д.Төрболдын эзэмшдэг “Лайв эмпайр групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, олимп, 9Б байр, 24 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Гэтэл яг энэ хаяг дээр “Эм Эм Си Си Си” ХХК давхар бүртгэлтэй байдаг. Энэ компанийг “Мизү цемент” ХХК эзэмшдэг. Харин “Мизү цемент” ХХК-ийг Амалхааны Бадрах эзэмшдэг байгаа юм. 
     Мөн Д.Төрболдын эзэмшдэг “Мизү клинкер” ХХК нь “Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, 415 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Гэтэл энэ хаяг дээр мөн л А.Бадрахын “Мизү цемент” ХХК болон “Эйкүсора” ХХК-ийн эзэмшдэг “Шинэ шивээ майнинг” ХХК, Д.Төрболдийн өөрийнх нь эзэмшдэг “Шинэ шивээ Юу Си Жи” ХХК  тус тус давхар бүртгэлтэй байна. Цааш нь судлаад үзвэл, “Эйкүсора” ХХК болон “Шинэ шивээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Төрболд нь А.Эрдэнэбат, А.Бадрах гэх ах дүү хоёрын удирдлага доор, тэдний даалгавраар ажилладаг “цэрэг” нь ажээ. Тиймдээ ч Д.Төрболд өөрийнхөө нэр дээр А.Бадрахын “Мизү” ХХК-ийн доор “Мизү клинкер” ХХК, А.Эрдэнэбатын “Лайв энержи групп” ХХК-ийн доор “Лайв эмпайр групп” ХХК-ийг тус тус салбарлуулан байгуулсан ажээ. 
 
Энэ бол Шивээговь сумын газар нутгийг бүхэлд нь эзэмшдэг “Эйкүсора” ХХК одоог ч А.Эрдэнэбат, А.Бадрах нарын эзэмшилд байгааг батлах эхний баримт. 

БАРИМТ 2: “ЭЙКҮСОРА” ХХК БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХАМТРАН БАЙГУУЛСАН “ЭРДЭНЭС ШИВЭЭ ЭНЕРЖИ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР А.ЭРДЭНЭБАТЫН НАЙЗ, БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Д.ГАЛТБААТАРЫГ ТОМИЛСОН

    Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байх Шивээ овоогийн хүрэн нүүрсний уурхай төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Шивээ овоо” ХК-ийн мэдэлд байдаг. Харин “Шивээ овоо” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайн ойр тойрны бүх талбай дээр дурдсанчлан “Эйкүсора” ХХК-ийн мэдэлд байдаг.
 
Иймд, Засгийн газраас Шивээ овоогийн уурхайг түшиглэн цахилгаан станц барих шийдвэр гарсантай холбоотойгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК “Эйкүсора” ХХК-тай хамтран 2016 оны гуравдугаар сард “Эрдэнэс шивээ энержи” ХХК-ийг байгуулсан. “Эрдэнэс шивээ энержи” ХХК нь “Шивээ овоо” ХХК-ийн Шивээ овоогийн уурхай болон “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн ордуудыг түшиглэн дотоод эрчим хүчнийг хэрэглээг хангах, цаашлаад БНХАУ-ын хойд бүс нутагт эрчим хүч экспортлох 5280 мВт-ын хүчин чадалтай “Шивээ энержи” гэх асар том эрчим хүчний цогцолбор барих төслийг 7.0 тэрбум ам.доллароор хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан. Хамгийн ноцтой нь, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эйкүсора” ХХК хамтран байгуулсан, 7.0 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх “Эрдэнэс шивээ энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Галтбаатар гэгчийг томилсон байдаг 
Тэгвэл “Эрдэнэс шивээ энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Галтбаатар, түүний эхнэр Ё.Байгал болон А.Эрдэнэбат, түүний хуучин эхнэр, одоогийн УИХ-ын гишүүн П. Анужин нар эртний, мөн гэр бүлийн найзууд ажээ. Нэг баримт танилцуулахад, А.Эрдэнэбат, П.Анужин, Д.Галтбаатар, Ё.Байгал нар 2010 оны гуравдугаар сард “Монголын явган аялагчдын холбоо” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд одоог хүртэл хамтран эзэмшиж байна. 
Энэ бол “Эйкүсор” ХХК-ийг А.Эрдэнэбат эзэмшсэн хэвээр байгааг батлах, хамгийн ноцтой нь тэр “Эйкүсора” ХХК-аар дамжуулан Засгийн газартай хамтарч 7.0 тэрбум ам.долларын “Шивээ Энержи” төслийг хэрэгжүүлэх “лобби” хийж, улмаар уг төслийг хяналтдаа байлгахын тулд “Эрдэнэс шивээ энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар өөрийн найз Д.Галтбаатар гэгчийг томилуулсныг харуулах баримт юм. 

БАРИМТ 3: “ЭЙКҮСОРА” ХХК-ИЙН 2018 ОНД БАЙГУУЛСАН ОХИН КОМПАНИ БОЛОХ “ФИНКЛАУД” ХХК-Д А.ЭРДЭНЭБАТЫН ХҮҮ Э.САЙНХҮҮ, НАЙЗ Ё.БАЙГАЛ НАР ХУВЬ ЭЗЭМШДЭГ 

  Шивээговь сумын нутгийг бүхэлд нь эзэмшдэг “Эйкүсора” ХХК 2018 оны тавдугаар сард Ёндонжамцын Байгал, Бат-Оршихын Манлай, Эрдэнэбатын Сайнхүү гэх гурван иргэнтэй хамтран “Финклауд” ХХК гэх охин компани байгуулжээ. Хамгийн ноцтой нь, “Эйкүсора” ХХК-ийн охин компани болж байгуулагдсан “Финклауд” ХХК-ийг хамтран эзэмшигч нар нь А.Эрдэнэбатын хүү болон найз нь байгаа юм. 
Тодруулбал, “Финклауд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэбатын Сайнхүү нь А.Эрдэнэбатын хүү ажээ. Судлаад үзвэл, А.Эрдэнэбатын төрсөн дүү Амалхааны Пүрэвсүрэн нь 2012 онд үүсгэн байгуулсан “Суприм профит” ХХК-аа 2019 онд Э.Сайнхүүд шилжүүлж өгсөн байна. Мөн Э.Сайнхүү нь “Финклауд” ХХК-ийг хамтран эзэмшигч Ё.Байгал болон Батсүрэнгийн Баттулга, Дашийн Ганхолбоо нартай “Гоби стийл групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Д.Ганхолбоо нь А.Эрдэнэбатын төрсөн дүү А.Бадрахын “Мизү” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хамаарал бүхий этгээд нь. Харин Б.Баттулга нь А.Эрдэнэбатын төрсөн дүү А.Пүрэвсүрэнтэй “Хөгжлийн цацрах гэрэл” ХХК-ийг 2007 оноос одоог хүртэл хамтран эзэмшиж байгаа. Сонирхуулахад, Б.Баттулга нь 2017 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. Тухайн үед хувьдаа 6.0 тэрбум төгрөгийн 17 орон сууцтай хэмээн мэдүүлж гайхагдаж байсан. Мөн Б.Баттулга Доржнамжимийн Эрдэнэ гэгчтэй оффшор бүсэд “Сино стар” гэх компани эзэмшдэг нь Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Диваажингийн баримт”-аар ил болж байв. 
Тайлбар: "Эйкүсора" ХХК-тай "Финклауд" ХХК-ийг хамтран эзэмшигч Эрдэнэбатын Сайнхүү
    Харин “Финклауд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ёндонжамцын Байгал нь А.Эрдэнэбатын сайн найз буюу дээр танилцуулсан Эрдэнэс шивээ энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Галтбаатарын эхнэр юм. Мөн А.Эрдэнэбат, П.Анужин, Д.Галтбаатар, Ё.Байгал нар “Монголын явган аялагчдын холбоо” ТББ-ыг 13 жил хамтран эзэмшиж байгааг дээр танилцуулсан. Цаашилбал, Д.Галтбаатар, Ё.Байгал нар “Чойжин темпл” ХХК, “Овоот оперэйшн” ХХК, “Чандмань оперэйшн” ХХК, “Анаэль” ХХК, “Маргац интернэшнл голд” ХХК тэргүүтэй 10 гаруй компанитай. Сонирхуулахад, тэдний компаниудын нэг болох “Чойжин темпл” ХХК-ийн ажиллуулдаг Гэрлэх ёслолын ордны ард, Чойжин ламын сүм музейн дэргэд байрлах “Чойжин темпл” гэх тансаг зэрэглэлийн ресторан нь томчуудын дунд алдартай юм билээ. 
Тайлбар: "Эрдэнэс шивээ энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Галтбаатар, түүний эхнэр "Эйкүсора" ХХК-тай "Финклауд" ХХК-ийг хамтран эзэмшигч Ё.Байгал
 
   Харин “Финклауд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бат-Оршихын Манлай нь "Эрдэнэс шивээ энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Галтбаатарын охин. Г.Анужингийн нөхөр буюу хүргэн нь. Цаашилбал, Б.Манлай нь “Миг даатгал”-ын эзэн Ж.Бат-Орших агсны бага хүү. Б.Манлай хувьдаа “Мизорн” ХХК, “Мөнх даатгал” ХКХ, “Эн Би Ди И” ХХК, “Юбикаб бригада” ХЗХ, “Карвуон” ХХК, “Эм Би Эм экуйпмент” ХКХ, “Рийсэрч энд девелопмент лаб” ХХК, “Ай Си Өү девелопмент” ХХК-уудыг эзэмшдэг. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнтэй “Блокчейн” эко парк” ХХК-ийг хамтран эзэмшдэг ажээ. 
 
Товчхондоо, “Эйкүсора” ХХК-ийн охин компани болох “Финклауд” ХХК-д А.Эрдэнэбатын хүү болон гэр бүлийн найзууд нь хувьцаа эзэмшиж байна. Энэ бол “Эйкүсора” ХХК-ийг одоо ч А.Эрдэнэбат эзэмшиж байгааг харуулах нэг ноцтой баримт юм. 

“ЭЙКҮСОРА” ХХК-ИЙН НУУЦ ЭЗЭН А.ЭРДЭНЭБАТ ГЭЖ ХЭН БЭ БУЮУ “ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧИН”, АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖИЙН ХАМТРАГЧ

      Төгсгөлд нь, “Эйкүсора” ХХК-ийн нууц эзэн Амалхааны Эрдэнэбат гэгчийг товч танилцуулъя. А.Эрдэнэбат нь Улаанбаатар хотод төрж өссөн. Аав Д.Амалхаан нь Сүхбаатар аймгийн харьяат боловч Казак гаралтай. Харин ээж нь Сэлэнгэ аймгийн уугуул. А.Эрдэнэбат 1994 онд Нийслэлийн 13-р сургуулийг төгссөн. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн П.Анужинтай нэг ангид сурч байсан. Дараа нь А.Эрдэнэбат Японд Олон улсын эдийн засагч гэх мэргэжил эзэмшсэн. 2004 онд “Лайв энержи групп” ХХК, “Шинэ шивээ” ХХК-уудыг үүсгэн байгуулж, уул уурхайн бизнест орсон. Хожим нь, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үедээ Сү.Батболдын хүн, У.Хүрэлсүхийн хүн гэх мэтээр хэд хэдэн хүнд харьяалагдаж байсан. 
 
Харин 2010 оноос А.Эрдэнэбатын бизнесийн хамгийн гол хамтрагч нь Асашёорюү Д.Дагвадорж болсон. А.Эрдэнэбат, Д.Дагвадорж хоёрын хоршил хамтрал бүр эртнийх гэдгийг батлах нэг баримт танилцуулъя. Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2010 оны хоёрдугаар сарын 10-нд албан ёсоор зодог тайлж буйгаа нийтэд зарлаж, эх орондоо ирсэн байдаг. Улмаар Д.Дагвадорж зургаан сарын дараа буюу 2010 оны наймдугаар сарын 10-нд “Асашёорюү” ТББ-ыг өөрийн төрсөн ах, одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар, “Лайв энержи групп” ХХК-ийн Ерөнхий захирал Амалхааны Эрдэнэбат, МАХН-ын Нарийн бичгийн дарга, МХЕГ-ын Дэд даргаар ажиллаж байсан Пүрэвжаргалын Ангараг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг хамтран эзэмшигч, Үндэсний хөгжлийн газрын дарга асан Банзрагчийн Баярсайхан нартай хамтран үүсгэн байгуулсан. Өнөөг хүртэл тэд “Асашёорюү” ТББ-ыг хамтран эзэмшиж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар нь Д.Дагвадорж өөрөө ажилладаг. 
     
     Эндээс А.Эрдэнэбат, Д.Дагвадорж хоёрын хоршил хамтрал лавтай 2010 оноос эхлэлтэй гэдэг нь батлагдаж байна. Ойлгомжтойгоор тайлбарлав, А.Эрдэнэбат Японд их сургууль төгссөн учраас тус улсад их элэгтэй. Тиймдээ ч өөрийн уул уурхайн компаниуддаа Японоос хөрөнгө оруулагч хайдаг байж. Харин тухайн үед Японд ид мандаж явсан Д.Дагвадорж түүнд тус улсын бизнесийн томчуудыг зуучилж өгдөг байсан гэх. Ямар сайндаа л, А.Эрдэнэбат 2011 онд “Монгол Японы хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих нийгэмлэг” ТББ-ыг үүсгэн байгуулж байжээ. Хожим нь, Д.Дагвадорж банктай ч болж, харин А.Эрдэнэбатын гадаадаас татсан хөрөнгө оруулалт бүр Д.Дагвадоржийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамждаг болсон ажээ. 
 
Дээрх баримтуудаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг бүхэлд нь буюу сумын төвийг ч, малчдын бэлчээрийг ч тусгай зөвшөөрөлтэй талбай болгон эзэмшиж байгаа "Эйкүсора" ХХК-ийн жинхэнэ эзэн нь Амалхааны Эрдэнэбат буюу хэл амнаас хол байхын тулд ХонкКонг компаниар халхавчилсан нь тодорхой харагдаж байгаа биз ээ. 

БАРИМТ: ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН ГАЗАР НУТГИЙГ БҮХЭЛД НЬ ЭЗЭМШДЭГ “ЭЙКҮСОРА” ХХК-ААР ХАЛХАВЧИЛСАН БҮЛЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 17:03:29
    Зочин: Ард түмнээр нэг тоглох юм даа даан ч дээ тэднийг хаачуулахаа газар олгосон хулгайч нэр мэдэх үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-27 16:48:38
    Зочин: Амалхаан гэж хасаг нэр үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-27 16:48:37
    Зочин: Амалхаан гэж хасаг нэр үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-27 09:45:38
    иргэн: анужингийн нөхөр зальтан............ шинэ шивээ нэрээр ордын бүх талбайг булаасан Хүүкийн хамт гэж их л яригдсан даа.............төр буцааж аваарай...................атг минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188