• Өнөөдөр 2024-03-29

ЗХЖШ-ЫН БАРИЛГЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Ц.ГАНБАТЫГ ХУУРАМЧ ГЭРЭЭ ҮЙЛДЭЖ, 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2023-03-10,   1284

      Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбатыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хууль хяналтын байгууллагад хурандаа Ц.Ганбаттай холбоотой маш ноцтой баримт иржээ.

       Эх сурвалжийн мэдээлснээр  “Хурандаа Ц.Ганбат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшиж, хууль зөрчиж байгаа тул шалгах байх. Тэрбээр “Зэвсэгт хүчний анги, салбаруудад баяжуулсан нүүрс түлнэ” хэмээн гэрээ байгуулж, түүхий нүүрснээс тонн тутмыг нь 150.000 төгрөгөөр нэмэгдүүлж, авсан байдаг. Гэвч Зэвсэгт хүчний ангиуд өнөөдрийг хүртэл баяжуулсан нүүрс биш, Багануурын түүхий нүүрс түлсээр байна. Хурандаа Ц.Ганбат нь хийсэн гэрээний үүргээ хүлээхгүй, шаардлага хангахгүй нүүрс нийлүүлж, анги, байгууллагуудыг хохироож, хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байж болзошгүй. Тэрбээр “Монничи кон трейд” ХХК-тай хуурамч гэрээ байгуулж, баяжуулсан болон түүхий нүүрсний зөрүү болох 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан байж болзошгүй байгаа. Ийм учраас хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол хүргүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.

         Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, баяжуулсан нүүрсээр хангана хэмээн худал гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн гэсэн үг.

Ц.ГАНБАТ: НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР НАМАЙГ БХЯ, ЗХЖШ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН

          Бид энэ талаар ЗХЖШ-ын Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбаттай холбогдож, тодрууллаа.

-Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?

          -Хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа мэдээлэл одоохондоо надад ирээгүй байна. Шаардлагатай бол шалгаад үнэн, зөвийг тогтооно биз дээ. Тэр үед нь мэдээлэл өгье.

-Зэвсэгт хүчний анги, салбарууд баяжуулсан нүүрс түлдэг юм уу, түүхий нүүрс түлдэг юм уу?

        -Энэ талаар хэлэх боломжгүй. Мэдээлэл өгөхгүй гэсэн үг. Энэ мэдээллийг өгмөөргүй байна. Ямар учраас асууж байгаагаа хэлнэ үү.

-Таныг баяжуулсан нүүрс нийлүүлнэ гэж өндөр дүнтэй гэрээ байгуулаад, хуурамч бичиг баримт үйлдэж, анги, салбарууддаа түүхий нүүрс нийлүүлсэн гэх мэдээлэл байна?

        -Шалгалтын ажиллагаагаар тодорхой болох биз. Одоогоор намайг хууль хяналтын байгууллагаас шалгаж, дуудсан юм алга. Харин Дотоод хяналт, шалгалтаас шалгаж байгаа. Шалгалтын хариу удахгүй гарах байх. Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб  шалгаж байгаа гэсэн үг.

-Баяжуулсан нүүрс нийлүүлнэ гээд чанарын шаардлага хангахгүй түүхий нүүрс нийлүүлж, 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?

      -Зэвсэгт хүчний анги, салбарууд түүхий, баяжуулсан нүүрс түлэхийг манай хэлтэс буюу Ар талын газрын Барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийнхэн шалгаж, стандарчилал тогтоодог. 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан асуудал байхгүй. Шалгах газар нь шалгаад тогтооно биз.

-Та “Монничи кон трейд” ХХК-тай хуурамч гэрээ байгуулсан юм уу?

         -Энэ компани нээлттэй тендерт материалаа ирүүлээд, шалгарсан компани. Цэргийн ангиудад түлэх нүүрсийг манайхаас тендер зарлаж, шалгаруулдаг. Уг тендерт материалаа өгөөд шалгараад, гэрээгээрээ нүүрсээ нийлүүлдэг гэсэн үг.

ЗХЖШ-ААС ЗАРЛАСАН ДӨРВӨН ТЕНДЕРТ “Монничи кон трейд” ХХК ОРОЛЦОЖ, ШАЛГАРЧ БАЙЖЭЭ

       Зэвсэгт хүчний жанжин штабттай баяжуулсан гэрээ байгуулна хэмээн хуурамч гэрээ үйлдсэн гэх “Монничи кон трейд” ХХК-ийн талаар танилцуулах нь зүйтэй болов уу. Тус компани 2009 оны арванхоёрдугаар сарын 28-нд Япон конейвер засвар, Худалдааны зуучлал, Конвейерийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, худалдаа, Барилгын тусгай зөвшөөрөл, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2809508 регистрийн дугаараар Улаанбаатар, Баянзүрх, 13-р хороо, нарны зам, 82 тоот хаяг дээр А.Бат-Эрдэнэ гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ.

       Тус компани нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан түлшний нүүрс, мод авах 796 сая, 781 сая, 776 сая төгрөгийн тендерт шалгарч, бараа нийлүүлжээ.  Тодруулбал, 2020, 2021, 2022 оны хоёрдугаар сарын 16-нд тендерт шалгарсан баримт нь байгаа юм. Ингэхдээ тус компанийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн” гэх шалтгаанаар шалгаруулж байжээ. Мөн ЗХЖШ-аас 2023 оны нэгдүгээр сарын 31-нд зарласан 2.3 тэрбумаар нүүрс, мод нийлүүлэх тендерт саналаа хүргүүлээд байгаа ажээ.

         Бид энэ талаар “Монничи кон трейд” ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэтэй холбогдож, тодруулах гэсэн боловч утсаа аваагүй юм. Мөн бид Зэвсэгт хүчний зарим анги, байгууллагын удирдлагуудтай холбогдож, түүхий нүүрс түлж байгаа эсэх талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

      Ташрамд дурдахад, Батлан хамгаалахын яамны харьяа салбар хариуцсан хэдэн хурандаа, генералын шунал барагдахгүй бололтой. Генерал цолтой эрхэм нь олон улсын сургалтад ногдуулсан шатахуун хувьдаа шамшигдуулж, зарж борлуулдаг хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа. Тодруулбал, Л.Онцгойбаяр генерал нь ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтаас 101 сая төгрөгийн шатахуун шамшигдуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдоод хууль хяналтын байгууллагад шалгагдаад удаж байгаа юм. Л.Онцгойбаярыг шатахуун дутаасныг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг.

        Өөр нэг хэрэг нь, АТГ-аас өнгөрсөн 2019 оны тавдугаар сард тухайн үеийн ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг авлигын хэргээр шалгаж байлаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ахлагч .. –ийн ээж “Хурандаа Ц.Жавхланбаатар нь миний хүүг “Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хэлээд 3.5 сая төгрөг аваад, залилчихлаа. Энэ асуудлыг шалгаж өгөөд, мөнгийг минь буцааж олгоно уу” гэх утга бүхий өргөдлийг хууль хяналтын байгууллагад өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан үндэслэлээр Эрүүгийн хэргээр үүсгэж, шалгаж эхэлсэн байдаг. Хурандаа Ц.Жавхланбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа ахлагчийн мөнгийг буцааж өгсөн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж, хууль хяналтын байгууллагад “ээрэгдсэн” хурандаа Ц.Жавхланбаатарт яллах дүгнэлт үйлдэх хүсэлт хүргүүлж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд Ц.Жавхланбаатарт залилуулсан гэх 2-3 хохирч гарч ирэн, 10 орчим сая төгрөг нэхэмжилсэн ч байж болзошгүй байгаа аж. Хачирхалтай нь, прокуророос түүнийг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож, генерал цол олгосон байдаг.

 


ЗХЖШ-ЫН БАРИЛГЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Ц.ГАНБАТЫГ ХУУРАМЧ ГЭРЭЭ ҮЙЛДЭЖ, 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188