• Өнөөдөр 2024-04-27

СОНСГОЛ: ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦЫН ДҮҮ, БЭРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙНХЭЭ 7.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН

2023-01-20,   656

    УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор Хөгжлийн банкны зээлдэгч “Изинис эйрвэйз” ХХК-ийн 22.9 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалт, үр дүнг хэлэлцлээ. “Изинис эйрвэйз” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 7.5 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, 1.7 тэрбум төгрөгийн бэлнээр гаргаж, хувьцаа эзэмшигчид нь хувьдаа авсан шинжээчийн дүгнэлт болон “Изинис эйрвэйз” ХХК-ийн 30 хувийг эзэмшигч Э.Золзаяагийн тайлбарыг тоймлон хүргэж байна. 
   “Изинис эйрвэйз” ХХК-ийн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой сонсголд УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нийт есөн гэрч дуудсан. Есөн гэрчийн дөрөв нь “Изинис эйрвес” ХХК-ийн төлөөлөл, тав нь Хөгжлийн банкны төлөөлөл байв. 
 
Тодруулбал, “Изинис эйрвес” ХХК-иас дөрвөн хүн гэрчээр дуудагдсанаас хувьцаа эзэмшигч Э.Золзаяа, Гүйцэтгэх захирал Э.Оюундэлгэр нар биечилж ирсэн бол хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь гадаадад ажиллаж байгаа шалтгаанаар, гүйцэтгэх захирал асан Э.Төгсбуян нь Ангол улсад амьдарч байгаа шалтгаанаар тус тус сонсголд оролцсонгүй. 
 
Харин Хөгжлийн банкнаас гэрчээр таван хүн дуудагдсанаас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан М.Баярмагнай эмнэлэгт хэвтсэн, эрүүл мэндийн шалтгаанаар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус компанийн зээлтэй холбоотойгоор прокурорт мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулж болохгүй үүрэгтэй шалтгаанаар, Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан Ч.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй бол Хөгжлийн банканд ажиллаж байсан Б.Уянга, В.Эрдэнэбаатар нар биечлэн оролцов. 

Мөн нэмэлтээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг гэрчээр дуудав. Учир нь, “Изинис эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцыг хамаатны дүү, мөн Б.Хурцын эхнэр Ү.Сарнаатай “Сарнайх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Изинис эйрвэйз” ХХК-ийн 30 хувийг эзэмшигч Э.Золзаяа нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин,  Б.Хурцын бэр. Өөрөөр хэлбэл, “Изинис эйвэйз” ХХК-ийг эзэмшигч Т.Эрдэнэ, Э.Золзаяа нар хоёулаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаарал бүхий этгээдүүд болж таарч байна. Мөн “Икинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ Б.Хурцын эхнэр Ү.Сарнаагийн “Сарнайх” ХХК руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Гэвч Б.Хурц эл сонсолд оролцсонгүй.

Танилцуулга: “Изинис эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг Т.Эрдэнэ, 30 хувийг Э.Золзаяа эзэмшдэг. Тус компани “Агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих” төслөөр Хөгжлийн банкнаас 2019 онд 12.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 22.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авсан. Одоогоор тус компани үндсэн зээлээ төлж эхлээгүй буюу үлдэгдэл нь 22.9 тэрбум, зээлийн хүүнд 1.9 тэрбум төгрөг төлсөн, төлөх ёстой зээлийн нийт дүн нь 30.5 тэрбум, төлөв нь “Анхаарал хандуулах” ангилалд шилжээд байгаа. 
 
Барьцаа: ХУД-ийн 11-р хороонд байрлах “Будди виста” хотхоны 805-р байрны нэг давхрын үйлчилгээний талбай, ХУД-ийн Буянт-Ухаа гудамжны 127 тоотод байрлах нисэх онгоцны ангар, БЗД-ийн 1-р хороонд байрлах 26-р байр, 2 давхар, 208 тоот орон сууц, СБД-ийн 4-р хороо, 1-р 40, 50 мянгатын 52-40-р байруудыг холбосон барилгын 2 давхар үйлчилгээний төв, ХУД-ийн 15-р хороо, Стадион оргил, 6а байрны 1 тоот үйлчилгээний талбай, ЧД-ийн 1-р хороо, 68-р байр, 12 тоот орон сууц, ХУД-ийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 58-р байр, 1 тоотод байрлах хаус, Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 1-р баг, Өлзийт зөрлөгөөс 1.5 км зайд байрлах 35 га газрын байгууламжийн хамт тус тус барьцаалсан. Барьцаа хөрөнгийн нийт үнийг 23.2 тэрбум төгрөг гэж үнэлсэн. 
 
Шинжээчийн дүгнэлт: “Изинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ “Боинг-В737-700” маркийн нэг ширхэг нисэх онгоц түрээслэн авч, олон улсын чиглэлд нислэг үйлдэж, улмаар агаарын тээврийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг буулгах, импортыг орлуулах, экспортыг дэмжих зорилготой гэж тусгасан. 
 
Гэвч Хөгжлийн банкнаас авсан 22.9 тэрбум төгрөгийн зээлээсээ 7.5 тэрбум төгрөгийн нь зориулалтын бусаар зарцуулж зээл төлсөн, 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдсон. 
 
Тухайлбал, 7.5 тэрбум төгрөгөөр зээл төлсөн тухайд: 
  • 4.2 тэрбум төгрөгөөр Богд банк дахь “Изинис эйрвэйз” ХХК болон “Сарнайх” ХХК-ийн зээлийг хаасан. 
  • 2.1 тэрбум төгрөгөөр Чингис хаан банк дахь “Сарнайх” ХХК-ийн бизнесийн зээлийг хаасан. 
  • 1.0 тэрбум төгрөгийг “Бадрах ойл” ХХК-д шилжүүлж, тус компани цааш нь 852.7 сая төгрөгийн зээлээ хаасан. 
  • 225.9 тэрбум төгрөгийг “Бэллью пропертис” ХХК-д шилжүүлж, орон сууц авсан. 
 
Харин 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр авсан тухайд: 
  • Хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ 325.7 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр бэлнээр авсан. 
  • Хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ 300 сая төгрөгийг “Сарнайх” ХХК-д шилжүүлсэн. 
  • Хувьцаа эзэмшигч Т.Эрдэнийн хамаарал бүхий этгээд Т.Банзрагч 100 сая төгрөг авсан. 
  • Гүйцэтгэх захирал асан Э.Төгсбуян 1.0 тэрбум төгрөг бэлнээр тус тус авсан нь тогтоогдсон. 
 
     Харин “Изинис эйрвэйз” ХХК-ийн 30 хувийг эзэмшигч Э.Золзаяа “Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Жишээ нь, Богд банк руу шилжүүлсэн 4.2 тэрбум, Чингис хаан банк руу шилжүүлсэн 2.1 тэрбум төгрөгийн тайлбарлая. Бид Хөгжлийн банкнаас зээл авахдаа зөвхөн онгоц түрээслэх биш олон зориулалтаар ашиглана гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч авсан зээлийнхээ мөнгөө зарцуулах бүрдээ Хөгжлийн банканд хандаж, ийм зориулалтаар ийм хэмжээний мөнгө гаргамаар байна гэдэг хүсэлтээ илэрхийлээд мөнгөө шилжүүлдэг байсан. Мөн бид Хөгжлийн банкнаас зээл авахдаа Богд банканд зээлтэй гэдгээ анхнаасаа хэлж, Хөгжлийн банкнаас зээл авсныхаа дараа Богд банкны зээлээ төлөх гэж буйгаа ч мэдэгдсэн. Чингис хаан банкны зээлийн тухайд, манай компани Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө эргэлтийн хөрөнгө олохын тулд Чингис хаан банкнаас зээл хүссэн. Гэвч манай “Изинис эйрвэйз” ХХК-д зээл олгохгүй гэсэн тул Т.Эрдэнийн хувь эзэмшдэг “Сарнайх” ХХК-ийн нэр дээр Чингис хаан банкнаас зээл авсан. Нэгэнт “Изинис эйрвэйз” ХХК-ийн өмнөөс “Сарнайх” ХХК-иар зээл авхуулсан байсан тул Хөгжлийн банкнаас зээл авсныхаа дараа зээлийг нь хааж өгсөн. Тиймээс Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэдэг дүгнэлттэй санал нийлүүлэхгүй байна. Бусад зарцуулалтын тухайд би тайлбар хэлж мэдэхгүй байна. Учир нь би “Изинис эйрвэйз” ХХК-ийнхаа санхүүг хариуцдаггүй байсан. Бусдыг нь Т.Эрдэнэ мэднэ” гэлээ. 
 

СОНСГОЛ: ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦЫН ДҮҮ, БЭРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙНХЭЭ 7.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188