• Өнөөдөр 2024-03-29

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫГ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХОГИЙН САВАНД 1.2 ТЭРБУМ ХИЙХИЙГ ШААРДСАН ГЭХ Э.АРИУНБАТ ГЭЖ ХЭН БЭ

2022-12-23,   1381

        “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй нийгмээрээ тэмцээд, өнгөрсөн 20 хоногийг хөл, толгойгүй өнгөрүүллээ. Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазарын “Хятадуудтай авлигын хэлцэл хийж буй” гэх бичлэгийг барьцаалж, түүнээс 1.2 тэрбум төгрөг нэхэж, энэ мөнгийг хогийн хар уутанд хийгээд Хөрөнгийн биржийн өмнөх хогийн саванд хийхийг шаардаж, дарамталсан тухай дуулиан нэмэгдэв. Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй нэр холбоотой яваа. Тухайлбал, БНХАУ-ын “Норинко интернейшнл” компанийн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” болон “Нефть дамжуулах хоолой барих” хоёр оффтейк гэрээ одоог хүртэл нууцын зэрэглэлд байгаа.  Улсын нууцаас гаргахгүй байгаа энэ хоёр гэрээ Д.Сумъяабазартай холбоотой гэх үндэслэлүүд бий. 
 
Зарим сэжүүрүүдээс нь сонирхуулбал, Хятадын “Норинко интернейшнл” компанийн Монгол дахь охин компаниуд болох “Тахилт хайрхан транс” ХХК болон “Ти Ти Си Энд Ти” ХХК нь 2019 онд Засгийн газартай 500 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Тавантолгойн ордоос Ханги боомт чиглэлд хатуу хучилттай авто зам барьж, тус замаараа нүүрс зөөж буй.  Энэ гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь тухайн үед Үндэсний хөгжлийн газрын дарга байсан, Д.Сумъяабазарын баруун гар, түүний Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гол хувьцаа эзэмшигч Б.Баярсайхан байсан. Улмаар “Тахилт хайрхан транс” ХХК болон “Ти Ти Си Энд Ти” ХХК-иуд Засгийн газартай гэрээ байгуулсны дараа Тавантолгой ордоос Ханги боомт чиглэлд замаа тавьж эхлэхэд гүйцэтгэгч компаниар нь Д.Сумъяабазарын хадам эгч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны бас нэг хувьцаа эзэмшигч Ч.Маралмаагийн “Пи Си Ди Пи” компани шалгарсан байдаг. Энэ мэтээр Хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үеэсээ Хятадуудтай, тэр тусмаа “Норинко интернейшнл” компанитай, нүүрстэй холбоотой сэжүүрүүд олон бий. 
 
Гэтэл хоёр хоногийн өмнө Э.Ариунбат гэх иргэн Хотын дарга Д.Сумъяабазараас 1.2 тэрбум төгрөг нэхэж, хэрвээ өгөхгүй бол “Хятадуудтай авлигын хэлцэл хийж бичлэгийг чинь цацна” гэж сүрдүүлсэн гэх ноцтой мэдээлэл тарав. Хамгийн гол нь, энэ мэдээллийг Д.Сумъяабазар өөрөө цахим хаягтаа нийтэлж, нийтэд тараасан. Өөрөөс нь 1.2 тэрбум төгрөг нэхэж, дарамталсан хүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах ёстой байтал эсрэгээрээ сошиал сүлжээнд цацсан нь цаанаа өөр зорилготой гэж харагдаж буй. Өөрөөр бол, Д.Сумъяабазар өөрийгөө “нүүрсний хулгайн хэрэгтэй, хятадуудтай огт холбоогүй, тэднээс авлига авч байгаагүй, нэр цэвэр” гэж нийтэд харагдуулахын тулд хуурамч “1.2 тэрбум сүрдүүлэг”-ийн дуулиан гаргаж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ Хотын дарга Д.Сумъяабазарын эл мэдээллийг хуурамч, эсвэл үнэн эсэхийг хууль хяналынхан тогтоох учиртай. 
 
Ямартай ч бид Хотын дарга Д.Сумъяабазарыг бичлэгээр сүрдүүлж, 1.2 тэрбум төгрөг нэхэж, хогийн хар уутанд хийгээд Хөрөнгийн биржийн хогийн саванд хийж үлдээхийг шаардсан гэх Э.Ариунбат гэгчийг судалж үзлээ. Олсон мэдээллээ одоо танилцуулъя. 

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРААС 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭЖ, ДАРАМТАЛСАН ГЭХ Э.АРИУНБАТ НЬ ҮНЭТ ЦААС, ХУВЬЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН БАЙЖЭЭ

     Хотын дарга Д.Сумъяабазарын Хятадуудтай уулзаж буй бичлэгийг барьцаалж, түүнээс 1.2 тэрбум төгрөг нэхэж, дарамталсан гэх Э.Ариунбат гэгч нь Үнэт цаасны зах зээлд ажилладаг, хувьцааны мэргэжилтэн байжээ. 
 
Тодруулбал, Э.Ариунбат нь эхнэр Э.Одонтунгалаг, дүү Э.Ариунжаргал нартайгаа хамтран Үнэт цаас, брокер, дилерийн “АБЖЯ” ХХК-ийг эзэмшиж, удирддаг байжээ. Э.Ариунбатын хувьд өөрөө Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 167 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авчээ. Улмаар “АБЖЯ” ХХК-иараа 2011 оны зургадугаар сарын 30 –ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авч, 2011 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн гишүүн компаниар элссэн. Улмаар хөрөнгийн анхдагч болон хоёрдогч зах зээл дээр гадаад дотоодын үнэт цаасны арилжаа хийж байсан аж.
 
Харин эхнэр Э.Одонтунгалаг нь Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны арваннэгдүгээр сарын 2-ний өдрийн 314 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авчээ. 
 
 

Э.АРИУНБАТ БАРИЛГЫН БИЗНЕС ЭРХЭЛДЭГ, ААВ НЬ БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ДЭД ЗАХИРАЛ БАЙЖЭЭ

    Э.Ариунбат эхнэр, дүүтэйгээ хамтран үнэт цаас, брокер, дилерийн “АБЖЯ” ХХК-иас гадна “Симплекс сольюшнс констракшн” ХХК-ийг эзэмшдэг, энэ компаниараа барилгын бизнес давхар эрхэлдэг байжээ. Тухайлбал, 2013 онд “Сэлбэ эко лайф” гэх хаус хотхон барьсан мэдээлэл байна. Гэхдээ тухайн үедээ зарим захиалагчдаа залилсан гэх хэл аманд орж явсан аж. 
 
Харин Э.Ариунбатын аав Ч.Эрдэнэцогт нь мөн л барилгын салбарынх бөгөөд 2019 он хүртэл “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн дэд захирлаар ажилласан ажээ. 
 

Э.АРИУНБАТЫН ЭХНЭР НЬ 2018 ОНООС ХӨГЖЛИЙН БАНКАНД АУДИТОРООР АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

    Э.Ариунбатын эхнэр Э.Одонтунгалаг нь үнэт цаасны “АБЖЯ” ХХК-иа удирддаг байснаа 2018 оны нэгдүгээр сарын 19-нд Хөгжлийн банкны Аудитор болжээ. Гэхдээ 2020 оноос ажиллахаа больсон аж. 
 
Эндээс харвал, Хотын дарга Д.Сумъяабазараас 1.2 тэрбум төгрөг нэхэж, сүрдүүлсэн гэх Э.Ариунбат нь санхүү, эдийн засаг, хувьцааны өндөр мэдлэгтэй нэгэн болж таарч байна. Ямартай ч Хотын дарга Д.Сумъяабазараас 1.2 тэрбум төгрөг нэхсэн гэх эл хэрэг үнэн үү, эсвэл зохиомол жүжиг үү гэдгийг хууль хяналтын шалгаж тогтоох биз ээ. Хэрвээ бичлэг барьцаалж, 1.2 тэрбум төгрөг нэхсэн нь үнэн бол асуудал өөрөөр эргэнэ. Нэгдүгээрт, Э.Ариунбат хүн дарамталсан хэргээр шалгагдаж, харин Хотын дарга Д.Сумъяабазар Хятадуудтай хэзээ уулзаж, авлига өгч авалцсан эсэхээ АТГ-т албан ёсоор ярих хэрэгтэй болж хувирна. Энэ хэргийн тухай бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.  
 

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫГ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХОГИЙН САВАНД 1.2 ТЭРБУМ ХИЙХИЙГ ШААРДСАН ГЭХ Э.АРИУНБАТ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-23 12:12:37
    өгөө: Сумьяабазар жаахан мөнгө л нэхсэн бн өгчихүүл хэл амгүй юм бишүү ккк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188